УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын даргаас хүсэлт тавьсны дагуу Оюутолгойн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд гишүүдийн асуултад дараах хариулт өгсөн юм.
Л.Энх-Амгалан: -Нэмж шаардагдах 4.2 тэрбум ам.долларыг яг далд уурхайн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах уу. Яагаад Дубайд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм бэ?
Ч.Сайханбилэг: -Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг тэр чигтээ уурхайн хөрөнгө оруулалтад зориулна. Хэлэлцээ сүүлийн гурван сар маш эрчимтэй өрнөсөн. Бид Өмнөговь аймаг, Лондон, Улаанбаатар, Сингапурт хэлэлцээ хийсэн. Хамгийн сүүлийн хэлэлцээг Дубайд хийсэн юм. Монголд зурна гэвэл “Рио Тинто”-гийн төлөөлөгчдийн ажил болон бусад шалтгаанаас болж дахин хоёр долоо хоног алдах байсан. Тиймээс Дубайд гарын үсэг зурсан. Дубайд хэлэлцээ хийж, эцсийн үр дүнд хүрсэн нь зөв болсон. Учир нь Дубай бол олон улсын санхүүгийн төв. Энэ утгаараа дэлхийд эерэг мэдээ болж очно. Дубайд гарын үсэг зурснаар Монголын тал ямар нэг буулт хийгээгүй.
О.Баасанхүү: -Та хүрээд ирсэн нь яамай даа. Арабаар яваад алга болчихлоо гэж санаа зовж байсан юм. Монголын 05.00, Арабын 01.00 цагт гэрээ хийснийг нь сонсоод санаа зовж байлаа. Далд уурхайн ТЭЗҮ-ийг батлаагүй байхад яагаад энэ төлөвлөгөөг баталсан юм бэ. Далд уурхайн ТЭЗҮ-ийг хэзээ батлах вэ. ТЭЗҮ батлаагүй байхад энэ төлөвлөгөө хэрэгжих боломжтой юу. ҮАБЗ таны Дубай явах асуудлаар хуралдсан юм уу. Зардлын хэтрэлтийг яагаад хүлээн зөвшөөрөв. Та ер нь аль улсын талд ажиллаад байна вэ. Засгийн газрыг төлөөлж хэн гарын үсэг зурав. Сая гарын үсэг зурсан баримт бичгээ эх хувиар нь тарааж өгөхгүй яасан юм бэ. Өнөөдөр бидэнд товчилсон материал өгч, доромжлох хэрэггүй.
УИХ-ын дарга З.Энхболд: -О.Баасанхүү гишүүн та тараасан материал уншив уу. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зураагүй учраас Засгийн газрыг төлөөлж сайд нар гарын үсэг зурахгүй. Гарын үсэг зурсан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар энд сууж байна. Гишүүд юуны тухай ярихаа мэдэх ёстой.
Ч.Сайханбилэг: -Ч.Сайханбилэгийг доромжилж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдыг доромжлоод яах вэ. Та төрөө, өөрийгөө доромжилж байна. Оюутолгойг улс төрийн асуудал болгохоо больё гэж дахин дахин хэлмээр байна. ҮАБЗ-өөр энэ удаагийн айлчлалыг журмын дагуу хэлэлцсэн. Би зөвхөн Оюутолгойн асуудлаар Дубай яваагүй. Тус улсад амжилттай айлчилсан. АНЭУ-тай эдийн засаг, бизнесийн чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан. Би Монгол Улсын талд ажиллаж байгаа. Нуусан юм юу ч байхгүй.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: -ТЭЗҮ өөрчлөгдөж болдог. ТЭЗҮ-ийг Эрдэс, баялгийн зөвлөл хүлээж аваагүй нь гурван бүлэг асуудалтай холбоотой байсан. Тодруулбал, Оюунтолгойн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө хайлуулагчийн нийт татвар нэрийн дор гурван тэрбум орчим ам.долларыг BHP компанид шилжүүлэн өгөх тухай ярьж байсан. Үүнийг Монголын тал зөвшөөрөхгүй байсаар өнгөрсөн сард хийсэн хэлэлцээрийн явцад нэг тийш болгож шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, нөөц ашигласны төлбөр тооцдог аргачлалыг өөр маягаар тусгаж ирсэн. Олборлолтоос жил хагасын өмнөөс тусгай аргаар зарим нэг зардлыг хасаж тооцож ирсэн нь Монголын тал жил бүр 10 гаруй сая ам.долларын алдагдал хүлээхэд хүргэж байсан. Үүнийг ч манай тал зөвшөөрөөгүй. Гуравдугаарт, хэд хэдэн татварыг хоёр янзаар ойлгож ирсэн нь мөн жил бүр үйл ажиллагааны зардлаас хамааран 10-20 сая ам.долларын зардал гарахад нөлөөлж байсан. Сая гарын үсэг зурсан бичиг баримтын дагуу ТЭЗҮ-ийн зарчмыг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, дээр нэрлэсэн маргаантай асуудлуудыг бүгдийг нь нөхөж, зарчмын өөрчлөлтүүдийг тусгаж Эрдэс, баялгийн зөвлөлд өгнө. Техник, технологийн хувьд том өөрчлөлт ороогүй. Зөвлөл наадмаас өмнө шийдвэрлэх байх.
З.Энхболд: -ТЭЗҮ тойрч гурван жил маргасны эцэст сая л дуусаж байна. Энэ бол ТУЗ дээрх маргаан. Одоо компанийн түвшинд санал нэгдсэн учраас дараагийн шатанд орж буй юм байна.
О.Содбилэг: -Таныг өнгөрсөн жилийн аравдугаар сард “Рио Тинто”- гийн захирлын гал тогооны өрөөнд тав хоног хэлэлцээ хийж, энэ төлөвлөгөөний гаргалгааг хийсэн, тэр захирлынх нь есөн настай охин дээрх шийдвэрт нөлөөлсөн гэж гаднын хэвлэлд мэдээлсэн. Энэ ямар учиртай юм бэ. Шууд өгөөж нь Монголд хэзээнээс мэдэгдэж эхлэх вэ?
Ч.Сайханбилэг: -Хэлэлцээрийг айлын гал тогоонд хийдэггүй. Есөн настай хүүхэд бүр ч оролцдоггүй юм. Ийм уянгын халилтай юманд итгэж болохгүй. “Рио Тинто”-гийн зэсийн группийн захирал Жан-Себастиан Жак ярилцлагадаа энэ тухай хэлсэн юм шиг байна лээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Лондонд болсон хэлэлцээрийн үеэр Жан-Себастиан Жак гэртээ оройн хоолонд урьсан. Аав нь монгол хүмүүстэй ажиллаж байгаа болохоор есөн настай охин Одри нь хичээлдээ манай улсын тухай танилцуулга бэлтгэж байсан юм билээ. Тиймээс охины хүсэлтээр хамт зургаа авахуулж, хийж буй ажлынх нь буланд гарын үсгээ зурсан юм. Дараа нь Ерөнхий сайд болсныхоо дараа Улаанбаатарт болсон хэлэлцээрийн үеэр Жан-Себастиан Жак болон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш нарыг ч мөн гэртээ оройн хоолонд урьсан. Энэ чинь хүн ёсны харилцаа шүү дээ. Айлын тал тавдугаар сар хэдийнэ гарчихсан учраас шахаж 200-300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухай ярьж байгаа. Бид үүнийг шахаж энэ онд 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулаач гэсэн. Цаашид манай улсад жилд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирэх ёстой. Ер нь монгол хэлэнд profit, benefit гэдгийг хольж яриад байдаг. Эхнийх нь бодит татвар төлөлт, шууд хөрөнгө оруулалтыг хэлж байгаа бол хоёр дахь нь хөрөнгө оруулалт дагасан үр өгөөжийг тодотгодог.
С.Ганбаатар: -Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ээ, та нэрээ бодож ажиллаарай. Танд сайхан, билэгтэй байхыг бэлгэдэж гоё нэр өгсөн шүү дээ. Энд ямар ч хувийн асуудал байхгүй. Дээрх төлөвлөгөөтэй холбоотойгоор хоёр талаас ямар нэг маргаан үүсвэл арбитрын шүүх дээр очихгүй гэж хэлж чадах уу. Маргааныг арбитрын шүүх хүлээж авбал энэ нь хөрөнгө оруулалтын гэрээ болж таарна шүү. Энд гэрээний заалтууд орсон байна. Онцолбол, 4.4-т 2010-2014 оны буюу таван жилийн тайланг тохиролцоогоор хүлээн зөвшөөрсөн байна. Ямар ч гүйлгээ хийгээгүй байхад тохиролцдоггүй юм. Мөн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бидний 34 хувьд нөлөөлнө. Үүнээс гадна зургаан тэрбум ам.долларын өр тавьсан байна. Яагаад гэвэл энд investment буюу хөрөнгө оруулалт гэж үг алга. Энэ зээлийг бид ч авч байгаа юм биш. Үүгээр “Рио Тинто” өмнө авсан өр, зээлээ төлнө. Бидний газар нутаг, лицензийг барьцаанд тавьсан байна. Д.Ганболд оо, чи түрүүнд шал худлаа ярьсан шүү.
Ч.Сайханбилэг: -С.Ганбаатар гишүүн ээ, та бас нэрээ бодоорой. Өнөөдрийг хүртэл та Монголын төлөө баатар шиг явсан. Одоо ажлаа бодох хэрэгтэй. Энэ бол талуудын гарын үсэг зурсан албан ёсны баримт бичиг мөн.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: -4.2 тэрбум ам.долларын зээлийг “Рио-Тинто” компани баталгаа гарган “Оюутолгой”-д авч өгч байгаа. Үүнийг эхний ээлжинд 2012-2015 онд буюу далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогссон үед зарцуулсан нэмэлт санхүүжилтийг “Оюутолгой” эргэн төлнө. Гэхдээ үүнийг эргүүлэн бүхлээр нь далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна. Энэхүү санхүүжилтийг долоон жилийн турш “Тurquoise Hills Resourses” компани хариуцахаар тохирсон. Санхүүжилтийн өртгийг өмнө нь хувь нийлүүлэгчдийн гэрээгээр тохирч байснаар тооцсон. Ирээдүйд зардлаа хэтрүүлбэл “Тurquoise Hills Resourses”, “Рио Тинто” хариуцахаар төлөвлөгөөнд тохирсон. Энэхүү бүтээн байгуулалтыг хийж буй “Оюутолгой” компани өөрт байгаа тодорхой хөрөнгийг барьцаалсан. Энэ бол олон улсын зарчим.
Д.Тэрбишдагва: -Ерөнхий сайд, та их эмзэглэж байх шиг байна. Хоёр тэрбум ам.долларын зөрчлөөс хэд нь улсын дансанд орж ирэхээр болсон юм бэ.
Ч.Сайханбилэг: -Би эмзэглээгүй ээ. Өнөө маргаашгүй татварын маргаанаас үүдэлтэй 30 сая ам.доллар орж ирэх ёстой. Мөн роялтийн таван хувийн татвар төлөхгүй, хойш тавьсан байсан 10 сая ам.долларыг нөгөө тал ойрын хугацаанд төлнө. Энэ мэтээр хөрөнгө оруулалтууд орж ирнэ.
Ц.Даваасүрэн: -Ерөнхий сайд тэвдэж, бухимдаад байх шиг байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулаагүй гээд байгаа хэрнээ менежментийн зардлыг яаж 6-3 хувь болгож бууруулсан юм бэ. Таны хэлж байгаа шиг 54 хувийн өгөөж харагдахгүй бол ямар хариуцлага хүлээх вэ. Зарим хүн толгойгоо тавьдаг юм. Өнөөдрийг хүртэл бид тэр хүний толгойг аваагүй байна. Би чам шиг эх орноо худалдаагүй шүү, Ч.Сайханбилэг ээ.
Ч.Сайханбилэг: -Миний эмоциор оролдох яах вэ. Эх орноороо оролдмооргүй байна. Одоо та яг яах гээд байгаа юм бэ. Ам.долларын ханшийг тавьж туух гээ юү. Хөрөнгө оруулалтын хэмжээгээ буулгах гээд байгаа юм уу. Том төслүүдээ хөдөлгөхүй яах юм бэ. Хөрөнгө оруулалтын гэрээнд менежментийн үйлчилгээний төлбөрийг гурван хувь байлгаж байгаад бүтээн байгуулалт дуусангуут зургаан хувь руу оруулахаар заасан. Бид дахин долоон жилийн турш гурван хувьд барих тохиролцоог хэлэлцээрийн явцад хийж чадсан. Тийм учраас энэ бол Монголын талд орж байгаа ашиг. Ер нь энэ тоог Ц.Даваасүрэн гишүүн бид хоёр тооцож гаргадаг ч юм биш. “Оюутолгой” төсөл хэрэгжсэнээр Монгол хожно. Би үүнийг хаана ч хэлнэ, хамгаална. Та цаашид үргэлжлэх үйл явцыг сайн хараарай.
Д.Ганхуяг: -Далд уурхайн бүтээн байгуулалтад менежментийн төлбөр төлөх тухай заалт ТЭЗҮ-д байхгүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан нь ч ойлгомжгүй байдаг. Энэхүү төслийг дагаж орж ирэх бэлэн мөнгөний урсгалын харьцаа 53:47 байгаа. Манайд орох 53 хувийн гуравны нэг хувийг ногдол ашиг бүрдүүлнэ. Үлдсэн нь татвар, төлбөр, хураамжаас бүрдэх учиртай. Энд ямар татварыг илүүтэй ярьж байна гэсэн үг вэ?
Б.Бямбасайхан: -Менежментийн төлбөрийг хамгийн зөвөөр хэлбэл далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах зургаан тэрбум ам.доллараас авах гурван хувь гэсэн үг. Энэ бол хувь нийлүүлэгчдийн гэрээнд байгаа заалт. Хөрөнгө оруулалтын гэрээнд менежментийн төлбөрийн хэмжээг заагаагүй. Өнөөдрийн тооцоогоор хэлэхэд ногдол ашгаас нийт орлогын 22-24, ААНОАТ 30-32, нөөц ашигласны төлбөр 20, бусад татвар 17-18 хувийн орлого бүрдүүлэхээр байгаа.
Л.Цог: -Уг нь зээл авах ёсгүй. Гэвч зээл авахдаа чухам юугаа барьцаанд тавьсан юм бэ?
Ч.Сайханбилэг: -Ер нь анхнаасаа зээл авах тухай ярьсан шүү дээ. Зээл авахгүй бол ордын ил байгаа 20 хувийг л ашиглана гэсэн үг. Цааш хөгжихгүй. Оюутолгойн орд гурван лицензтэй. Зөвхөн нэгийг нь барьцаа болгон хэрэглэж байгаа. Гэхдээ хоёр талаас барьцаа гаргаж байгааг ойлгох хэрэгтэй. Монголын тал лиценз тавьж байгаа бол нөгөө тал бүх данс, төлбөрийн чадвараа барьцаалж буй юм. Ийм ашигтай төслийн барьцааг тавьж туух тухай ойлголт байхгүй.
Б.Бямбасайхан: -Зээлийн барьцаанд Засгийн газар ямар нэгэн баталгаа гаргаагүй. “Оюутолгой” компани өөрт байгаа хөрөнгө буюу лиценз ирээдүйд олох орлогоо барьцаанд тавьсан. Үүнээс гадна “Рио Тинто” компани балансаараа баталгаа гаргаснаар 4.2 тэрбум ам.долларыг 15 банкнаас авах нөхцөл бүрдсэн.
Д.Ганболд: -Бид барьцааны талаар олон талаас нь ярилцсан. Ямар ч банкнаас зээл авахад барьцаа тавьдаг. Зээл хүсэгчийн төсөл муу, тааруухан намтартай байх тусам банкнаас илүү баталгаатай барьцаа шаарддаг. Монгол Улсын рейтинг сүүлийн хэдэн жил өсөж яваад энэ мэт маргаанаас болж унах тусам барьцааны шаардлага улам чангарч байсан. Харин ч гурван лицензийг хамт тавих тухай ярьж байсныг бид нэг болгосон. Барьцааг тавьж туух тухай ойлголт байхгүй.
Ц.Батцэрэг: -Зардлын зөрүүг янз янзаар тайлбарлаж байгаа нь ямар учиртай юм бэ?
Ч.Сайханбилэг: -Зардлын хэтрэлтийг олон улсын аудитын компани 900 орчим сая, манай аудитын байгууллага 1.4 тэрбум ам.доллараар тооцсон. Хэдийгээр анхны ТЭЗҮ-ээс хэтэрсэн ч бодитой орчихсон зардлыг хүссэн, хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байсан. Ингээд 1.2 тэрбум орчим ам.долларын удирдлагын үйлчилгээний зардлыг төлж, бусдыг нь төлөхөөргүй болсон.
Д.Ганболд: -Аль аль талдаа буулт хийсэн. Манай татварын байгууллагаас 130 сая ам.долларын торгууль тавьсан. Үүнийг маргаан таслах Зөвлөлөөр хэлэлцэж 30 сая ам.доллар болгосон. “Оюутолгой” энэ 30 сая ам.долларыг хүлээн зөвшөөрөөгүй байсан шүү дээ. Магадгүй энэ маргаан олон улсын арбитрын шүүхэд очсон бол хэн ялахыг мэдэхгүй байна. Гэхдээ бид дээрх 30 сая ам.долларыг төлүүлэхээр болсон. Зардлаа хэтрүүлэх нь аль ч компанийн хувьд хүсэх зүйл биш. Гэхдээ энэ бол гэмт хэрэг биш. Зардлаа хэтрүүлэхээс аргагүй байсныг зохих бичиг баримт, бусад зүйлээр нотолсон учраас манай тал дургүй байсан ч хүлээн зөвшөөрсөн.
Б.НОМИН