Уулнаас баахан ургаа мод булгалан авчирч, Улаанбаатарын гудамжийг өөд татахаар нийслэлийн удирдлагууд ханцуй шамлаж байна. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас 2015 оны тавдугаар сарын 8-нд “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил” нэртэй, НТ-БО/2015/09 дугаартай тендер зарлажээ. Ирэх зургадугаар сарын 8-нд нээх энэхүү тендерийн хүрээнд уулнаас дор хаяж гурван метрээс дээш өндөр баахан ургаа мод авчран Нисэх, Яармагийн авто зам дагуу суулгах аж. Онгоцноос буусан гадаадынханд хотын төв хүрэх зам зуурт нь “Улаанбаатар ямар сайхан ногоон хот вэ” гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд энэ хавийн зам толигор, модод нь өндөр, байшин барилга нь өнгөлөг байх шаардлагатай. Ийм болгох гэж оролдоод бүтэлгүйтсэний гэрч болох хатсан модтой хоосон төмөр хашаа Яармагийн зам дагуу олон жил сүг сүүдэр шиг ёрдойсон доо. 2006 онд УИХ-ын сонгууль болно. Тэр үед “Бид утааг ингэж багасгасан” хэмээн нүдэнд харагдаж, уушгинд мэдрэгдэхээр баримттай ярьж чадвал сонгогчдоос өндөр үнэлгээ авна гэдгийг нийслэлийн одоогийн удирдлагууд хэдийнээ тооцоолчихоод мэрийхээрээ мэрийж байна. Сайн хэрэг. Үр дүн гарвал бүгд хожно.

Ирэх жил бас АСЕМ-ын уулзалт Улаанбаатарт болно. Гялтайх ногоон модгүй шалдан Улаанбаатараа түүнээс өмнө амжиж ногоон модон хүрэмтэй болгох гээд нийслэлийн удирдлагууд том моддын эрэлд харайхаараа харайжээ. Харайгаад буусан газар нь Тужийн нарс. Цагтаа гамин цэргүүдийг энэ ойгоос олж устгах гэж ардын журамт цэргүүдийн үйлээ үзэж байсан ширэнгэ бугын эвэр, самар жимс түүгчид, хулгайн анчдын балгаар дэгдсэн түймэр, хууль бусаар мод бэлтгэгчдийн уршгаар өвгөн буурлын ооч шиг армаг тармаг төгөл болж хувирсан. Үүнийг нөхөн сэргээх гэж байгальд элэгтэй хүн бүр энд эрвийх дэрвийхээрээ мод тарьсан. Үр дүн ч гарсан. Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн тарьсан мод хэрэггүй болох цаг ирдэг аж. Учир нь Тужийн нарсны нэг хэсэг нь байгалийн жамаараа төлжин ургасан бол зарим газрыг нь хүний гараар нөхөн сэргээсэн. Ийм таримал ойн моддын заримыг сугалан хаяж, сийрэгжүүлэхгүй бол модод нарс, салхи, ус чийг, үржил шимээ булаацалдаад ургаж чаддаггүй гэнэ.
Тиймээс таримал ойн зарим модыг сугалж хаях шаардлагатай болжээ. Хайран юмыг анхнаас нь зайтай тарихгүй яасан юм бэ гэж халаглах хүн олон гарах биз. Жижигхэн намхан суулгацыг том мод шиг хол хол тарьж болохгүй гэнэ. Тэгвэл бас л ургадаггүй юм байх. Ийм нэгэн хачирхмаар тайлбараар халхавчлаад Тужийн нарсыг тужид нь хот руу зөөж эхэлжээ. Энд 2004 оноос хойш хүний гараар тарьсан 10-12 настай модод 15.000 га талбайд ургаж байна. Нэг га талбайд 6000 мод тарьсан учраас хоорондоо их шигүү, заримыг нь сугалж тайрч хаях шаардлагатай болоод байгаа гэнэ ээ. Улаанбаатарт мод хэрэгтэй. 500 мянган хүнтэй хотын нэг хүнд зургаан ам метр талбайтай ногоон байгууламж шаардлагатай байдаг бол өнөөгийн Улаанбаатарын нэг иргэнд 24 ам метр ногоон цэцэрлэг байвал уушги эрүүл байх боломжтой. Гэтэл эдүгээ нэг хүнд 3.2 ам метр ногоон талбай ногдож байгаа нь дэндүү чамлалттай үзүүлэлт юм. Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын айлуудад сайжруулсан зуух тараасан. Үүний үр дүн гарсан эсэхийг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын захиалгаар “Сошиал импакт” байгууллага судалж, дүнгээ 2015 оны нэгдүгээр сарын 28-нд танилцуулсан юм.
Энэ зууханд шатаасан нэг кг нүүрс тутмаас ялгарах нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ын 65 хувь, угаарын хий (СО2)-н 16 хувь нь багасчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага агаарын бохирдлыг дөрвөн гол үзүүлэлтээр хэмждэг. 2012-2014 оны өвлийн агаар дахь бохирдлын хэмжээг 2011-2012 оныхтой харьцуулахад хүхэрлэг хий, азотын давхар исэл, том ширхэгт тоосонцрын хэмжээ буурсан бол хүний эрүүл мэндэд хамгийн хортой нь болох нарийн ширхэгт тоосонцор багасаагүй. Нарийн ширхэгт тоосонцрыг багасгадаг ганц эрлэг нь мод ургамал. Монголчууд мод хангалттай суулгаж байна. Нэг сая мод тарих хөдөлгөөн өрнүүлж, 2010 оноос хойш хүчилтөрөгчийн долоон сая “үйлдвэр” байгуулсан гэх ч тооноос чанарт шилжиж чадаагүйн харгайгаар өнөөдөр өнөө моднуудын дийлэнх нь хувхайрч, хогийн цэгт хаягджээ. 2011 онд нийслэлийн ЗДТГ, ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Газар зүйн хүрээлэн хамтран, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ногоон байгууламжийн тооллого хийсэн байдаг. Тухайн үед 724.804 ширхэг мод, сөөг ургаж байсны 56.6 хувь нь 1-5 настай, сүүлийн жилүүдэд тарьсан нялх бут байжээ. 61-ээс дээш настай мод, сөөг дөнгөж 1943 ширхэг байсан нь монголчууд зам өргөсгөх, барилга байгууламж барихдаа мод, сөөгөө суга татан хаяж, устгаж ирсний гэрч юм.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт 20 см-ээс нэг метр өндөртэй шилмүүст мод суулгахыг нийслэлийн БОНХГ-ынхан эрмэлзэж байгаа. Ийм мод 10 метр өндөр болж, хотын гудамжийг гоётлоо удна хэмээн нийслэлийн удирдлагууд чамлаж, Улаанбаатарыг бушуухан ногооруулж, сонгогчдын саналыг авахаар улайрч байна. Орой төрсөн хүүхдээр өглөө гал түлүүлэх гэж зүтгэж байгаатай утга нэг энэ санаагаа тэд “Өмнөд Солонгос хотуудаа богино хугацаанд ногооруулсан туршлагатай, тэдний технологийг нутагшуулна” хэмээн тайлбарлаж байна. Жилдээ 2000-3000 мм хур тунадас унадаг, мод сөөг 200-210 хоног ургадаг, ургамлын хувьд диваажин болсон Солонгосыг жилдээ 300-400 мм хур хурмаст гялайвал их юм болдог, ургамал ердөө 90-100 хоног амьд байдаг Монголтой харьцуулна гэдэг явуургүй санаа. Үр суулгачихвал өөрөө ургачихдаг тэр диваажинд модоо хэлбэржүүлнэ, эрлийзжүүлээд гоё мод гаргаж авна гэсэн л ойлголт байхаас биш бидэн шиг суулгасан тарьцаа арчилна, ургуулна гэх зовлон үгүй. Солонгост таримал ойгоос мод шилжүүлэн суулгадаг аргаар Монголд уулнаас мод зөөж яагаад ч болохгүй.
Монголд тохирсон арга л олохгүй бол ойгоос хотод ирж нойрссон моддын булш л нэмэгдэнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Явуугийн цэцэрлэг гээд байгалийн ойгоос авчирсан мод сайхан ургаж байгаа газар бий. Гэхдээ I, X хороолол, “Гандантэгчэнлин” хийдийн өмнөх цэцэрлэг гээд ойн моддын булш болсон газар бас бийг мартаж болохгүй. Зөв технологи дээр нэмэх нь арчилгаа, бас дахин арчилгаа гэсэн дүрмийг мөрдөөгүйн балаг Тужийн нарснаас авчирсан моддыг тойрно гэж найдъя. Улаанбаатарын гудамжийг том моддоор чимнэ гэдэг зөв санаа ч уулнаас биш таримал ойгоос, мод үржүүлгийн талбайгаас авчирвал хотын хортой нөхцөлд дасан зохицох чадвар нь арай дээр байх нь дамжиггүй. Шилмүүст модыг гурваас дээш өндөр болтол ургуулсан үржүүлгийн газар Монголд алга.
Байгаа нь ийм мод олон тоогоор тарьж чадалгүй, амьсгаатай төдий байсаар өдий хүрчээ. Тиймээс мод үржүүлгийн газраас том нарс, гацуур авах найдвар үгүй. Нийслэлд эдүгээ 6000 ширхэг том мод шаардлагатай байгаа аж. Энэ олон модыг өнөө хавраас эхлээд Тужийн нарснаас авчирна. Тэгвэл жижиг суулгац тариад 8-12 жил арчилж, хамгаалж байж ургуулах их хэмжээний мөнгө хэмнэнэ хэмээн нийслэлийнхэн хэдийнэ тооны машин цохижээ. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар “Хотоо өсгөлүүн модоор өөд нь татъя” хэмээн улаанбаатарчуудад ухуулга сурталчилгаа хийж байна. Хотоо хатсан 6000 модоор гутаачихгүй, Тужийн нарснаас ийм олон мод дэмий тайрчихгүй л бол Улаанбаатарт ургасан, Тужийн нарсанд ургасан ялгаагүй л монгол хүний амьсгалах агаарыг цэвэрлэж, цэнхэр гаригт цэнгэг амьсгал бэлэглэх юм даа гэж л бодохоос.
Х.БОЛОРМАА