Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдөг гэсэн үг бий. Энэ үг одоо хууль сахиулах буюу цагдаа, шүүхийн шийдвэр, тахарын албаныханд биелэлээ олж байх шиг. 2012 оны сонгуулийн үр дүнд АН Засгийн эрхийг авч, улмаар Х.Тэмүүжин Хууль зүйн сайдын сэнтийд суухдаа цагдаагийн байгууллага хэмээх эр хар чулууг байрнаас нь хөдөлгөчихсөн. Цагдаа, хуулийн байгууллагад шинэчлэл хийх ёстой байсан уу гэвэл ард түмэн ч, тус салбарт ажиллаж буй жирийн цагдаагаас эхлээд офицер, дарга нар бүгд л “тийм” гэж нэгэн дуугаар хариулах байсан цаг. Харин шинэчлэлийг эхлүүлэхдээ сайд нь ч тэр, хариуцсан яамны мэргэжилтнүүд ч буруу замаар орчихов. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж үг бий. Түүний адилаар ямар ч судалгаагүй, алба хаагчдаас санал авсан гэх боловч анх оруулж байсан саналаас нь тэс өөр хууль баталсан нь хууль сахиулах салбарт, тэр дундаа энэ салбартаа нэлээд жин дарах алба хаагчдын нүдэнд Х.Тэмүүжин алиалагч болж харагдах болсон. Тэрбээр Хууль зүйн сайдаар томилогдсоноосоо хойш Цагдаагийн албаны хуульд өөрчлөлт оруулан замын цагдааг устгаж, цагдаа нарын хувцас формыг өөрчилж, шинэчлэл хийсэн. Мөн Тахарын албаны хууль санаачлан батлуулж, 600 шахам хүнтэй бие даасан агентлаг байгуулав. Гэвч энэ нь өдгөө Үндсэн хуультай зөрчилдөөд байгааг хэн ч анзаарахгүй байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр хууль сахиулах байгууллагын алба хаагчид болон Чингэлтэй дүүргийн иргэдэд зориулан барьж байсан эмнэлгийн зориулалтыг үзэгний үзүүрээр өөрчлөн, яам, харьяа агентлагийнхнаа суулгах шинэ ордон болгохоор санаархав. Ингээд үнэтэй цайтай тоног төхөөрөмжийг ч эвдрэхийг үл тоон өөрийн санаархлаа хэрэгжүүлж эхэлсэн ч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр нэг л өдөр Н.Алтанхуягийн тэргүүлсэн, Х.Тэмүүжингийн “эрхэлсэн” Засгийн газрыг унагалаа.
Засгийн газарт уг нь залгамж халаа гэгч юм байх ёстойсон. Харамсалтай нь Н.Алтанхуягийнхад ч, Ч.Сайханбилэгийнхэд ч залгамж халаа гэдэг үгийг ойшоодог хүн үгүй бололтой. Хэрэв байсан бол Х.Тэмүүжингийн “эрхэлж” байхад түүнийг нь цуцлах шийдвэр гаргах боломж Засгийн газарт байсан л баймаар. Даанч тэгээгүй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр улсын өч төчнөөн хөрөнгөөр авсан асар үнэтэй тоног төхөөрөмж эвдэрсний дараа, барилга байшингийнх нь доор шорон маягийн өрөө тасалгаа бэлтгэснийх нь эцэст буцаагаад эмнэлэг болгох шийдвэрийг Хууль зүйн одоогийн сайд Д.Дорлигжав гаргаж, засах зардлыг төсвөөс гаргуулахаар болов. Түүгээр ч зогсохгүй, Х.Тэмүүжингийн санаачлан өргөн барьсан хэд хэдэн хуулийг Д.Дорлигжав татан авч, нэр зүсийг нь өөрчлөн УИХ-д өргөн мэдүүлснийх нь зарим хэлэлцэх шатандаа орчихсон. Түүнээс гадна цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчилж, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар гэх зэрэг нэртэй ажиллах болсон бүтцийг өөрчлөн буцаагаад, Мөрдөн байцаах газар (МБГ), Эрүүгийн цагдаагийн газар (ЭЦГ)-ыг байгуулав. Д.Дорлигжавын энэ өөрчлөлт, бүтцэд цагдаагийн байгууллагын алба хаагчид ам сайтай байв.
Харамсалтай нь сайдынхаа баталснаас ЦЕГ-ын дарга нь арай өөрөөр, ЭЦГ-т мөрдөн байцаах чиг үүрэгтэй алба, МБГ-т эрүүгийн алба байгуулсан нь бас л сайд, газрын дарга хоёрын дунд үл ойлголцол төрүүлчих шиг болсныг цагдаагийн олон алба хаагч хэлж буй. Энэ бүхэнд улсын маань ядарсан төсөв үр ашиггүй урсаж байгааг энэ улстөрчид ер нь мэддэг болов уу. Хамгийн наад зах нь УМБГ, ЭЦГ гэсэн хаягийг ЗБГХТГ болгож солиход тодорхой хэмжээний хөрөнгө зарлагадана. Буцаагаад ЗБГХТГ гэснийг МБГ, ЭЦГ гэсэн хаягаар солиход хөөрхөн хэдэн төгрөг урсаад явчихна. Үүнээс улбаалаад албан бланкийн толгой нь хүртэл өөрчлөгдсөн. МБГ-ын мөрдөн байцаагч эрүүгийн нэг хэрэг шалгахын тулд хамгийн эхлээд арилжааны 21 банк, улсын бүртгэлийн алба, хил, гааль гээд 30-аад байгууллагад албан тоот илгээж лавлагаа авдаг юм билээ. Тэгэхээр жилд цагдаагийн байгууллага 10 мянган хэрэг шалгадаг. Хэргийн холбогдогч тус бүрт нь албан тоот төлөвлөж явуулдаг гээд тооцохоор хаягийн өөрчлөлтөөс улбаалаад асар их хөрөнгө үргүй зарлагадаж байна гэсэн үг. Дээрээс нь Х.Тэмүүжингийн батлуулсан цагдаагийн ажилтнуудын өдөр тутмын ажлын хувцас буюу олноо “Жигмэд Тогмид”, “Загасчны” гэж нэрлэгдэх болсон дүрэмт хувцсыг хээрийн хувцас болгож, оронд нь өдөр тутмын шинэ хувцас цагдаа нарт өмсгөхөөр шийдсэн нь бас л нөгөө элгээрээ хэвтсэн төсөвт маань нэрмээс болох нь тодорхой.
Хуучин өмсөж байсан өдөр тутмын хувцсыг буцааж өмсөж болно гэж буй ч зарим нь шинэ хувцастай болоод тэрийгээ гарлагадчихсан, хөдөө байдаг ах, дүү хамаатан садандаа өгчихсөн, түүгээр ч зогсохгүй “хуучин хувцас минь баяртай” гээд шатаасан тохиолдол ч байгаа. Шинэ хувцсыг бүх алба хаагчдад олгоно гэж төсвийг нь батлуулж авсан байдаг. Гэтэл өнөөдөр тийм хувцсаар хангагдаагүй цагдаа захаас аван бий. Туркэд захиалж оёулсан, “чанартай, биед эвтэйхэн” хувцасныхаа барааг харчих гэсэн хүмүүс олон байсан ч авч чадалгүй байсаар шинэ ч үгүй, хуучин ч үгүй болох нь. Уг хувцсыг үнэхээр Туркэд захиалж оёулсан эсэх нь ч эргэлзээтэй, чанаргүй гэдгийг өдөр замын хөдөлгөөн зохицуулдаг, эргүүлд явдаг анхан шатны нэгжийн олон алба хаагч хэлнэ. Ийм хувцсанд төсөвлөсөн мөнгө харин хэний гараар оров оо? Уг нь цагдаагийн байгууллагын шинэчлэлийг анхнаасаа үндэслэл судалгаатай хийсэн, сэтгэлийн хөөрлөө дарсан бол даржин төсвөө хэмнэчих, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж, машинаа сайжруулчих боломж байсан. Х.Тэмүүжин сайд цагдаагийн байгууллагын данхайсан удирдах аппаратыг өөрчлөх “гоё зүйл”-ээ амьдралд хэрэгжүүлэх ч боломж байв.
Тухайлбал, дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийг 2-3 хувааж байснаас орон тоог нь нэмээд, нэг хэлтэст хэчнээн алба хаагч ногдох стандартыг нь мөрдөөд явчихсан бол албан тушаалын олон дээд офицерт хөрөнгө зарцуулахгүй, нэг хурандаагийн хувцасны зардлаар зургаан ахлагчаа хувцаслаад ажиллуулах боломж байсан шүү дээ. Тахарын алба гэгч Үндсэн хуультайгаа зөрчилдөөд байгаа байгууллагыг анхнаас нь нүсэр бүтэцтэй байгуулахынхаа оронд цагдаагаасаа ч хүн татаад, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаасаа ч аваад аль нэгнийх нь (шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд байгуулсан нь илүү оновчтой болов уу) харьяанд байгуулсан бол тарчиг төсөв маань хэмнэгдэх байсныг олон хүн хэлж байгаа. Яагаад Үндсэн хуультай зөрчилдөөд байна вэ гэхээр нэгдүгээр зүйлд “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тодорхойлсон байгаа. Гэтэл Тахарын албаны алба хаагчид өнөөдөр гараагүй хуулийг хүлээн ажиллаж буй. Уг нь Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдвал тахар ч, цагдаа ч ялгаагүй эрх зүйн орчин нь сайжрах байсан. Харамсалтай нь ийм хууль батлагдаагүй. Тиймээс өнөөдөр тахар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж, ажилласан хугацааны нэмэгдэл, цолны мөнгө энэ тэр гээд цалин, урамшуулал авч чадахгүй, тусгай үүрэг гүйцэтгэж байгаад гэмтэж бэртвэл халамж авахгүй, зөвхөн үндсэн цалингаараа л шар нар, бор хоногийг өнгөрүүлж байгаа.
Шүүгчийн аюулгүй байдал, гэрч, хохирогч, хүсвэл сэтгүүлч биднийг ч хамгаалах үүрэгтэй энэ байгууллага уг нь хэрэгтэй. Гэхдээ жижигхэн, бие биеэ таньдаг шахуу Монголд маань арай л тохирохгүй агентлаг, аль нэг байгууллагын дэргэд газар, хэлтсийн статустай байх ёстой гэдгийг олон хүн хэлдэг. Нэгэнт УИХ хуулийг нь батлаад энэ агентлагийг байгуулсан болохоор одоо юм яриад яахав. Эрх баригчид шийдвэрээ гаргах үе ирчихээд байгаа. Харин Тахарын албанд бас л их төсөв зарлагадсаныг дурдахгүй өнгөрч боломгүй. Хуучнаар МБГ-ын, “нурах аюултай” хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргачихсан модон байшинг шинэ агентлагаа оруулахын тулд тухайн үеийн Хууль зүйн сайд засаж, нүүр царайг нь тордох төсөв баталсан. Үүний дагуу үүдний хэсгийг нь гантигдсан гэх мэтээр үргүй төсөв их урсгасан.
Тэр мөнгөөр уг модон байшинг нь нурааж хүрэх байсан гэж хардах хүн бий. Хэрэв ингэж л үрж зарах байсан юм бол гурван давхар уг байшинг нураагаад оронд нь зураг төсөл нь бэлэн болчихсон 7-8 давхар барилгыг нь барьж хоёр давхрыг нь авсан бол төсөв үргүй урсахгүй л байсан болов уу. Энэ бүхнээс харахад Х.Тэмүүжин шинэчлэл нэрээр хуулийн байгууллагыг самарсан. Үүнийг Д.Дорлигжав засаж буй нь өс хонзонгоо авч байгаа мэт харагдавч цаанаа цагдаагийн байгууллагынхны талархлыг хүлээж байгаа юм. Гэхдээ л өс хонзонгийн төлөөсөнд улсын маань даржин төсөв үргүй урсаж байгааг хаана хаанаа анхаарч, төсвийг үрэлгэн зарцуулах шийдвэр гаргагчид хариуцлага тооцож, төлүүлэх арга зам олмоор санагдана.
Г.РАВЖАА