Дэлхий ертөнцийг гайхуулсан гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн талаар маш олон нийтлэл, сурвалжлага, тэр байтугай кино, ном зохиол бий. Гэхдээ тэрхүү хэргүүдийн ихэнх нь алаан хядаантай холбогдсон байдаг. Харин бидний одоо өгүүлэх хэрэг бол түүхэнд тохиолдсон хамгийн “хүнлэг” гэмт хэрэг хэмээн тэмдэглэгдсэн юм.
“Зэр зэвсэг, үзэн ядалт, харгис хэрцгий зүйл хэрэггүй” (Sans armes, ni haine, ni violence) гэсэн уриатай дээрмийн бүлэг өнгөрсөн зууны далаад онд Францын цагдаа нарыг сандаргаж, нэг талаас нь уурыг нь барж, нөгөө талаас гайхашруулж байлаа. Францын “Сосьете Женераль” банкийг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн 40 жилийн дотор элдэв домог яриа, цуурхлаар чимэглэгдсээр, нэг л мэдэхэд XX зууны агуу хэргүүдийн тоонд орсон байлаа.
Тэр байтугай банк дээрэмдсэн олон хэргээс хамгийн зоригтой, шүүх, цагдааг басаж, өдөөн хатгасан хэрэг байлаа гэж цагдаа нар тэмдэглэсэн байдаг. Банк ухаад, их хэмжээний мөнгөтэй болсон дээрэмчид хурдхан зугтахын оронд баяраа тэмдэглэн, банкин дотор архи уугаад сууж байсан гэхээр аргагүй л зоригтой залуус энэ хэргийг үйлджээ. Ингээд адал явдалт зохиолын баатар болоход ч буруудахгүй, “хүнлэг” дээрэмчдийн үйлдсэн хэргийг эргэн санацгаая.

Францын “Сосьете Женераль” банкийг дээрэмдсэн хэргийг гэрэл зурагчин Альберт Спажиари зохион байгуулсан гэж үздэг. Армийн офицер байсан тэрбээр цэргийн албанаас халагдсан хойноо Ницца хотод гэрэл зургийн ажил эрхэлж байлаа.
Цалин хөлс хангалтгүй байсан уу, ажил хэрэг нь амжилттай яваагүй юу ямар ч гэсэн Альберт гэрэл зургийн хортой зууралдаж сууснаас хөнгөхөн аргаар баяжих замыг илүүд сонгосон юм. Хамсаатан хайгаад ч байх хэрэг байсангүй. Цэргийн алба хамтдаа хааж, жаргал зовлонгоо цугтаа туулсан армийн найзууд түүнд хангалттай байлаа.
Тусгай албаныхны мэдээлэл олох, нууц хадгалах авьяас чадварыг бүрэн эзэмшсэн эрчүүд “Зэр зэвсэг, үзэн ядалт, харгис хэрцгий зүйл хэрэггүй” бүлэгт нэгдэн оржээ. Тийм болохоор л дээрмийн бүлгээс цагдаа нарт ганцхан Альберт л баригдаж, бусдынх нь сураг ч олдоогүй байна. Альберт ч дараа нь оргож чадсан гэхээр жинхэнэ мэргэжлийн бүлэг байсан нь тодорхой.
Дээрэмчид “Сосьете Женераль” банкны хадгаламжийн өрөө хотын ус сувгийн газраас холгүй байдгийг олж мэджээ. Найман метрийн хонгил ухахад л хүрчихнэ гэсэн үг. Гэхдээ нэг метр өргөнтэй бетон ханыг цоолж, тусгай хамгаалалтын төмөр шугамуудыг таслах шаардлагатай байв. Газар шорооны ажил их биш ч банктай ойрхон тул сонор сэрэмжтэй байхгүй бол болохгүй.
Ингээд тэд банкны дохиоллын системийг чимээ шуугиан, доргилтод бага багаар дасган, дуугарахгүй болгох арга сэдлээ. Дээрэмчид банкны хананд сэрүүлэг тавьж туршихад, шөнө дундуур сэрүүлэг ажилласан ч дохиолол чимээгүй хэвээр байлаа. Ажлаа эхлэх цаг болжээ. Хоёр сарын дараа болох Бастилийн цамхгийг эзлэн авсны баярын өдрүүдэд “Сосьете Женераль” банкны хувь заяаг шийдвэрлэхээр тогтлоо. 1976 оны долдугаар сарын 18.
Ямар ч өө сэв, алдаа мадаггүй, дээрмийн ажиллагаа явагдсан ч энэ нь дээрэмчдэд хангалттай санагдсангүй. Амжилтандаа итгэлтэй байсан тэд банкинд архи, даруулгаа барин орж, Бастилийн цамхгийг эзэлсэн баярыг баяжсан баяртайгаа хамтад нь тэмдэглэжээ. Хэргийн газарт очсон цагдаа нарын яриагаар бол шоуны дараа үлдсэн хоосон шил, хоол ундны үлдэгдлийг харахад томоохон хэмжээний найр болсон шинжтэй байсан гэнэ.
Өрөөний ханыг банкны нууц хайрцагнаас олдсон орон нутгийн алдарт оддын эротик зургаар чимж, ёстой л жинхэнэ баяр болсон байжээ. Харин цагдаа нарт тэд “Зэр зэвсэг, үзэн ядалт, харгис хэрцгий зүйл хэрэггүй” (Sans armes, ni haine, ni violence) гэсэн гарын үсгээ үлдээсэн нь дараа нь тэдний нэрийн хуудас болсон юм. “Хүнлэг” дээрэмчид 50 сая франк (одоогийн ханшаар 30 сая евро) бэлнээр аваад, гэр гэртээ харьсан байна.
Ницца хотын дарга мэдэлдээ байсан бүх цагдааг хөл дээр нь босгон, түгшүүр зарлахдаа дээрэмчдийн авьяас чадварыг үнэлж байгаагаа хэлэхээ мартсангүй. Асар их хөрөнгө мөнгө зарж, мөрдсөний дүнд Францын цагдаа нар толгойлогч Альберт Спажиариг баривчилж чадлаа. Ойрхи Дорнодод аялаад ирсэн түүнийг Ницца хотын онгоцны буудлаас баривчлахад хэргийн эзэн гэдгээ огт хүлээгээгүй ч түүнийг гэмт хэргийн бүлгийн толгойлогч хэмээн яллахаар болжээ.
Гэвч “хүнлэг” дээрэмчид толгойлогчоо аврахын тулд дахиад л олны гайхал төрүүлсэн алхам хийсэн юм. Гайхал төрүүлсэн гэхээсээ илүү оргохын тулд хүн төрөлхтний хэрэглэсэн хамгийн энгийн арга хэмээн нэрлэвээс зохилтой. Шүүх хурал дээр Альберт өөрийн гэм буруугүйг баталсан баримт бичиг байгаа гэж шүүгчид хэлжээ. Баримтан дээр тэрбээр учрыг нь олохын аргагүй хэдэн зүйл бичсэн байсан аж.
Шүүгч нар нууц бичгийг тайлан унших гэж оролдож байх хооронд Альберт зүгээр л цонхоор үсрэн, машин дээр бууж, урьдчилан бэлтгэсэн мотоцикльд суун, ор сураггүй алга болсон байна. Дараа нь дээрэмчид тэрхүү машины эзэнд дээврээ зас хэмээн 5000 франкийн нөхөн төлбөр илгээсэн байв. Түүний талаар Аргентинд баян тансаг амьдарч байна, 1989 онд өмөн үү өвчнөөр нас барсан, Ниццад оршуулсан гэсэн олон цуурхал гарч байсан ч харин хамсаатнуудынх нь нэр ус, зүс царайны талаар ямар ч мэдээлэл байсангүй. Гэхдээ түүх ингээд дууссангүй.
2010 онд Францад Амиго хэмээх зохиолчийн бичсэн “Сосьете Женераль” банкны хэргийн талаарх ном гарч, зохиогч нь уг хэргийг Альберт Спажиари биш өөрөө үйлдсэн гэж батлан бичсэн байв. Мэдээж цагдаа нар зүгээр суусангүй, шалгалаа. Амиго гэдэг нь Жак Кассандри хэмээх бизнес эрхлэгч байсан бөгөөд хэрэгт огт холбогдолгүй этгээд байжээ.
Альбертыг шоронгоос оргоход түүнд улстөрчид, армийн томчууд, үндсэрхэг үзэлтнүүд тусалсан хэмээн мэргэжилтнүүд сэжиглэж байв. Тэр байтугай мото спортын алдарт тамирчин Кристина Эстрозиг түүний зугатсан мотоциклийг жолоодож явсан гэж хүртэл буруутгаж байлаа. Шүүхээс Альберт Спажиариг бүх насаар нь хорих ялаар эчнээ шийтгэж, дэлхий даяар эрэн сурвалжилж эхэлсэн. 2000 онд АНУ-ын ТТГ-ын мэдээнд түүнийг Чилийн нууц цагдаагийн газарт ажиллаж байгаа хэмээн дурдсан байдаг.
Харин Италийн цагдаагийн газраас Альбертыг 1989 оны зургадугаар сард Италид нас барсан, түүний цогцсыг Францад нууцаар авчирч, ээжийнх нь гэрийн өмнө тавьсан байсан гэж баталдаг. Тэр ч байтугай Альбертын эхнэр Эмилия нөхрийнхөө цогцсыг хонины махан дунд нууж, нутагт нь аваачсан гэж хэлж байгаа.
Ганц ч хүний хамраас цус гаргаагүй гэх “хүнлэг” дээрэмчдийн талаар хэд хэдэн ном гарч, Канад, Франц, Их Британи, Чехт уран сайхны кино хийгдэн, “Зууны гэмт хэрэг” хэмээн цоллосон ч үнэндээ тэднийг амьд, үхсэн эсэхийг албан ёсоор тогтоогоогүй л байна. Хэдэн хүнтэй бүлэг байсан, ямар этгээдүүд багтсан, өөр ямар хэрэг үйлдсэн гэх нь байтугай баривчлагдсан ганц хүн нь ч хаа байгаа нь мэдэгдэхгүй, ийм л нэгэн хавтаст хэрэг одоо болтол хаагдаагүй хэвээр.
Тухайн үедээ асар их хөрөнгө байсан 50 сая франкийн хувь заяа ч тодорхойгүй. Одоо хэрэгтнүүдийг илрүүлэн баривчиллаа ч гэмт хэргийг хөөн мөрдөх хугацаа хэдийнэ дууссан тул ял оноох ч боломжгүй. Хэрэгт холбогдох аюулгүй болсон ч амаа үнэнчээр хамхисаар байгаа “хүнлэг” дээрэмчид хэн байсан бэ гэдэг одоо ч хүн бүхний анхаарлын төвд байсан хэвээр байна.
М.СУГАР-ЭРДЭНЭ