Окинава арал япончуудын хувьд Номхон далайн сувд Хавайн арал л гэсэн үг. Токио, Осака зэрэг том хотынхон зав зай, зардал мөнгөндөө баригдаад, алс холын Хавайгаас илүү нутгийнхаа арлыг сонгох нь олонтаа. Окинава арлынхан ирсэн гийчдээ сонин содон зоогоор дайлах дуртай.
Наймаалжны хөл, гахайн махан сашими хараад гадаадын жуулчид татгалзах ч тэд “Заавал ид. Урт удаан наслахын гол нууц бол энэ хоол” хэмээн шахна. Окинаваг зорих санаатай байгаа хүмүүст хэлэхэд, энэ арал бол та бүхний төсөөлөн боддог Япон орон биш. Мужийн төв Наха хотод гэрэл зураг болсон зар сурталчилгааны самбар, шахцалдан алхах хүмүүс, хурдан галт тэрэг, метро аль нь ч байхгүй.
Өглөөхөн Токиод байхад гар дааран, бээлий хайж явсан бол гуравхан цаг нисээд л халуун орны наран шарлагын газарт ирсэн байх аж. Ажилдаа яарсан, ижилхэн костюмтай эрчүүдийн оронд богино өмд, майк угласан, үнэн сэтгэлээсээ инээсэн хүмүүс харагдах нь ажил хэрэгч Япон орны жаргал, зовлон манай аралд огт хамаагүй гэж хэлж буй мэт л санагдана.

Окинава бол Японы хамгийн “Ази” муж. Токиод ажил хэргийн уулзалтаас хоцорвол амиа хорлоход бэлэн бол энд хоцрох жирийн л үзэгдэл. Хүмүүс нь ч хүйтэн ихэмсэг хотынхныг бодвол найрсаг, илэн далангүй зантай. Наха хотын гол гудамж болох Кокүсайд орой үдшийн цагаар ёстой л есөн шидийн хүн цуглана. Чөлөөгөөр хуарангаасаа гарсан америк цэрэг бүсгүйчүүдийг өдөн суух бол Бээжингийн жуулчид Тайваний аялагчидтай эв найрамдалтай гэгч нь хамтдаа ууж суух аж.
Уух архи гэвэл Окинавагийн “Авамори”. Японд төдийгүй Ази тивд алдартай, 60 градусын хатуу энэ архийг Окинавад ирсэн хүн болгон худалдаж авдаг. Ер нь бол Кокүсай гудамж Японых гэхээсээ Зүүн өмнөд Азийн аль нэг орны цэнгээний газар мэт л санагдана. Окинавачууд царай зүс, хэл яриа жирийн япончуудаас өөр. Яагаад өөр байгааг тайлбарлахад амархан. Японы эзэн хаан Мэйжи 1879 онд л Окинаваг мэдэлдээ авсан байдаг.
Түүнээс өмнө Окинава 500 жилийн турш Рюкю улсын нэгэн хэсэг байсан юм. Япон улс гадаадаас 200 жил хэртэй харилцаагаа тасалж, хилээ хаасан байх үед Окинава Хятад, Солонгос, Филиппин улстай худалдаа хийж, цэцэглэн хөгжиж байлаа. Гэвч Японы бүрэлдхүүнд багтсанаасаа хойш тус арал Японы хамгийн хоцрогдсон муж болж, хэл яриа, уламжлал нь шахагдан, гадуурхагдаж эхэлсэн юм.
Окинавачууд Хавай, Өмнөд Америк, Токиод ажил хайн, нүүдэллэж, арлын хүн ам эрс цөөрсөн. Гэсэн ч окинавачууд өөрсдийн гэсэн бахархалтай. Тэд “Бид юуны өмнө окинава хүн. Харин дараа нь Японы иргэн гэж хэлж болох юм” гэж ярьцгаадаг. Окинава арлын уламжлалт баярын нэг нь олс татах тэмцээн.
Жирийн биш, 40 тонн жинтэй, 200 метр урт олс. Олс татагчдын тэмцээний аварга тодорсны дараа үзэгчид хайч, хутга, сүх хүртэл гаргаж ирэн, олсыг огтлон булаацалдаж авцгаадаг. Учир нь энэ олс гэрт аз жаргал авчирдаг гэж үздэг байна. Аяллын гол үзмэрийн нэг Сүри цайз хурц сүр жавхлантай, ихэмсэг. Энэ бол сүүлд баригдсан цайз бөгөөд жинхэнэ Сури цайзыг “Ган хар салхи” устгаж орхижээ. Окинавачууд “Ган хар салхи” хэмээн дэлхийн II дайны үеэр америкчуудын Окинавад хийсэн довтолгоог нэрлэдэг байна.
1945 оны 4-6 дугаар сард болсон арлын төлөөх тулаанд 12 мянган америк, 107 мянган япон цэрэг, 100 мянган Окинавагийн иргэн амь үрэгджээ. Энэ дайны талаарх дурсгалын зүйл олон. Японы тэнгисийн цэргийн штаб байрлаж байсан газар дорх нуувч тэдний нэг. 1945 оны зургадугаар сарын 13-нд адмирал Минорү Ота энд бөмбөг дэлбэлэн, амиа хорложээ.
Нуувчны хананд тэрхүү бөмбөгний хэлтэрхий туссан ул мөр харагдах бөгөөд ширээн дээр амьд цэцэг тавин, хүндэтгэл үзүүлжээ. Энэ нуувчаас илүү гунигтай газар бол Чибичири хэмээх агуй. Америкийн цэрэг довтлон орж ирэхэд, энэ агуйд окинавачууд хоргодож байв. Америкчууд баривчлагдсан хүмүүсийг яргалан, хүчинддэг гэсэн яриа газар авсан байсан тул хэн нь ч америк яргачдад бууж өгөхийг хүссэнгүй.
Ингээд л агуйд байсан бүх хүн амиа хорлосон юм. Эхчүүд өөрийнхөө хүүхдийг алахгүй гэсэн дээ, хүүхдүүдээ хоорондоо солилцож байгаад амь насыг нь хөнөөж байсан гэдэг. Агуйн бүдэг гэрэлд хүүхдүүдийн уйлах царай хальт харагдаад өнгөрөх мэт эвгүй сэтгэгдэл төрнө. Дэлхийн хоёрдугаар дайны дараа америкчууд Окинаваг 1972 он хүртэл эзэгнэсэн юм.
Одоо Окинавад 50 мянган америк цэрэг бий. Америкийн цэргийн баазыг байрлуулсных нь төлөө Токиогоос Окинавад их хэмжээний хөрөнгө оруулдаг.
Энд тэнд нисдэг тэрэг унах юм уу, чөлөөгөөр гарсан согтуу цэрэг ямар нэг хэрэг өдүүлэх бүрт окинавачууд цэргийн баазыг хаая хэмээн жагсаал, хөдөлгөөн өрнүүлнэ. Окинава урт настнуудаараа алдартай ч тоо нь жил ирэх тусам буурсаар байгаа бурууг америкчуудад чихэх хүн олон.
Урт настнуудын нууцыг олон жил судалж байгаа эрдэмтэн Макото Сүзүки “Арлынхан америк хоол идэж, дассаны улмаас богино наслах болсон” хэмээн ярьж байна. Макото Сүзүкигийн судалгаагаар окинавачууд өөр оронд амьдрахаараа урт насалдаггүй аж. Тэгэхээр арлынхны урт наслалтад генийн хүчин зүйл гол үүрэггүй, харин агаар ус, цэвэр хоол хүнс, амьдралын хэв маяг, өөдрөг сэтгэл зүй нөлөөлдөг нь тогтоогджээ.
Окинавачууд хэзээ ч цадталаа иддэггүй, ходоод 80 хувь дүүрэхэд болно гэж үздэг. Ингэснээр ходоод сунахгүй, таргалахгүй ач холбогдолтой гэнэ. Окинавагийн 100 настнуудын 85 хувь нь эмэгтэйчүүд. Учир нь тэд эрчүүдээс илүү уламжлалаа сахидаг байна. Макото Сүзүки Окинавагийн ахмадууд хэрхэн амьдарч байгааг судалжээ. Тосгоны хөгшчүүл бараг үхэн үхтлээ л тарианыхаа талбай дээр ажиллаж байсан төдийгүй чөлөөт цагаараа икэбана, нэхмэлийн дугуйланд явж, зарим нь бүр ная гарсан хойноо каратэ, холын зайн гүйлтээр хичээллэж байжээ.
Спортоор хичээллэдэггүй бусад нь явган явж, зугаалж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог нь тэдний урт наслахын гол нууц гэж Сүзүки тайлбарлаж байна. “Бид тайван амгалан, өөдрөг ард түмэн. Энэ зан чанарыг маань бусад улс ашиглаж, хуурч мэхэлдэг ч бид хэзээ ч зангаа өөрчлөхгүй” гэж тэд ярьдаг. Окинавад Огими хэмээх бяцхан арал бий.
Энд 17-хон хүн амьдардгийн хамгийн ахмад нь 92 настай эмээ. Ямар ч эмч, сувилагч байхгүй ч хэн нь ч арлаасаа явах бодолгүй, төрсөн нутагтаа ясаа тавих гэсэн хүсэл мөрөөдөл нь монголчуудтай төстэй. Фүнаүки бол Окинавагийн хамгийн захад байдаг жижигхэн тосгон. 42 хүнтэй уг тосгоны төв зам нь энэ хавийнхаа цорын ганц асфальтан хучлагатай зам.
Цагт 25 км.цагаас дээш хурдтай явахыг энд хориглодог. Фүнаүкид зочид буудал байхгүй ч хөлсний байр бий. Окинавагийн зарим тосгонд дан хөгшчүүл үлдсэн тул Засгийн газраас сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргажээ. Гэвч сургуулиа хаалгахгүйн тулд ахмадууд Токио зэрэг том хотын асрамжийн газрын хүүхдүүдийг үрчлэн авдаг болоод байгаа аж. Энэ тосгоны цорын ганц сургууль бага ангийн нэг, дунд сургуулийн хоёр, нийт гурван сурагчтай.
Гэхдээ 10 багш, тогооч, сувилагч нартай. Арлынхан сургуулийн насны хүүхэд ганцхан байлаа ч сургууль ажилласаар байх болно гэж ярьцгаана. Тосгоны хамгийн ахмад хүн болох Сабүра өвөө 100 настай. Ганцаараа амьдардаг энэ хөгшин насаараа авамори архи ууж, тамхи татжээ. 60 градусын хатуу авамори архи уугаад, тамхи татдаг хүн 100 наслана гэхээр Окинава арал үнэхээр л агаар ус, хоол хүнс нь цэвэр газар аж.
Окинавачууд нас барсан хүнийг оршуулаад хоёр жилийн дараа авснаас нь гарган, ясыг нь авамори архиар угаагаад, гэр бүлийнх нь бунханд дахин оршуулдаг байна. Бунхан нь газарт булсан яст мэлхийний хуяг мэт хэлбэртэй, 2-3 метр урттай. Яст мэлхийний хуяг шиг хэлбэртэй нь эхийн хэвлийг дүрсэлсэн хэрэг. Бид эхийн хэвлийгээс төрсөн, буцаад эндээ орно гэсэн утгатай аж.
М.СУГАР-ЭРДЭНЭ