Танзани, Кени, Угандын хил залгаа нутагт оршдог Мгинго аралд 131 хүн амьдардаг аж. Нутаг дэвсгэрийн маргаантай байдаг эл аралд 1991 оноос өмнө хүн амьдардаггүй байсан учир нь догшин савдаг Калелетай холбоотой гэнэ. Кибебе, Тембо хэмээх хоёр загасчин савдагт 300 кг загасаар өргөл барьж, тэндхийг “чөлөөлөн”, гэр бүлийнхнээ нүүлгэн авчирч, суурьшсанаар арал эзэнтэй болсон түүхэй. Түүнээс хойш Уганда, Кени, Танзаниас 60 гаруй хүн ирж, тэдэнтэй хаяа нийлэн амьдрах болсон бөгөөд өөрийн гэсэн хууль баталж, эвтэй найртай байсаар өдгөө 131-үүл аж. Энэ тоо 2009 оноос хойш өөрчлөгдөөгүй. Учир нь тэндхийн журам дүрмээр бол арал дээр 131-ээс илүү хүн амьдрахыг хориглодог юм байна.
Арлынхны гол амьжиргаа загасчлал. Айл бүр өдөртөө 200 доллараас буухгүй орлоготой байдаг нь хар тивийнхэн дундаа хамгийн өндөрт тооцогдох хөлс. Зэргэлдээх орнуудад нь ийм хэмжээний мөнгийг 2-3 сар хөдөлмөрлөж байж олдог учраас тэр.
Ийм өгөөжтэй газрыг Уганда, Кени улсууд нэг биш удаа булаалдан, маргаан дэгдээж байсан ч, ямар ч зөвшилцөлд хүрч чадаагүй учраас тус арлынхныг “харахгүй” байхаас өөр аргагүй. Аль ч улсынх нь хууль үйлчлэхгүй учраас Мгинго арлынханд хэн ч, юу ч хэлж чадахгүй. Тиймээс тэд өөрсдийгөө дэлхийн диваажингийнхан хэмээж, азтайд тооцдог гэнэ. Гэхдээ диваажингийнхан хил залгаа улсуудын нутагт амьдарч байгаагаа ухамсарлан, яриа зөвшилцлийн хүрээнд орлогынхоо 60 хувийг тэдгээр оронд тушаадаг байхаар зохицуулалт хийжээ. Эс бөгөөс хууль бус загасчид тэднийг шоглох гээд байдаг гэнэ. Энэ мэт арга хэмжээ авснаар хөрш орнуудынхаа “ах” нараар нөмөр нөөлөг хийх болосн байна.
Арлынхныг Нэгдлийн таван гишүүн болон анх тэнд суурьшсан “эзэд” удирддаг аж. Удирдах гишүүдийг 30 хүрсэн эрчүүдийн дундаас шалгаруулж, нийтийн санал хураалт явуулдаг гэнэ.
Дэлхийн газрын зурагт хүн ам хамгийн шигүү суурьсан арал хэмээн тэмдэглэгдсэн эл арал 18.000 ам метр талбайтай бөгөөд хэд хэдэн баар, эмийн сан, гоо сайхны төв, мөн нийтийн дөрвөн байртай под хийсэн “улс” ажээ. Арал дээр очсон “харийн” хүн тэндээс хоногтоо багтаж явах учиртай. Тийм хуультай гэсэн үг. Загасчны эхнэр, хүүхнүүд эх газрынхнаас ялгаа юу байх вэ, хааяа биеэ үнэлчихдэг гэнэ. Тэгсэн ч нөхрүүд, найз залуу нь хэрүүл маргаан үүсгээд сүйд болоод байхгүй, аль болох эвийг эрхэмлэнэ. Эс бөгөөд арлаас хөөгдөх аюултай. Тэдний хувьд хөөгдөх гэдэг нь цаазын ялаас өөрцгүй зүйл юм байна.
1991 оноос хойш зургаан хүн “ялын дээд хэмжээ” авч байжээ. Тэд бүгд хулгай хийсэн учраас арлыг орхиход хүрсэн гэнэ. Ер нь жижиг гэлтгүй зөрчил, хэрэг гаргавал диваажингийн үүдийг цаанаас нь хаах том нүгэл болдог учраас оршин суугчид нь хуулиа дээдлэн амьдардаг.
Өөр нэгэн сонирхолтой зүйл гэвэл, Мгингогоос ердөө 200 метр зайд өөр нэгэн арал арал бий.
Тэр нь Усинго. Тэнд хүн амьдардаггүй. Учир нь Тук хэмээх догшин савдагтай, дээрээс нь Мгингогоос хөөгдсөн гэх Калеле ч тэнд хоргодож буй гээд тийш зүглэдэг ч үгүй гэнэ. Хоёр савдгийг хөөчихөөр чадалтай шидтэн одоогоор гарч ирээгүй байгаа учраас тэр том арлыг мөрөөдөн харахаас хэтэрдэггүй байна. Тэр ч бүү хэл, Кени, Угандагийн цэргүүд ч Усингод очих боломжгүй. Яагаад гэхээр мөн л улс хоорондын маргаантай нутаг дэвсгэрт хамаардаг арал аж.