Колумбын иргэн Педро Алонсо Лопес гэгч гаж донтон харгис үйлдлээрээ Гиннесийн номонд орсон гэж байгаа. 1970-аад онд Өмнөд Африкийн Кавказ гэж хэлж болох Андын нуруунд түүний үйлдсэн хэрэг зард гарсан муу үйлт Оросын Чикатилогоос давж гарсан гэж хэлж болохоор. Гэтэл насаар нь шоронгийн хадаас болгож баймаар түүнийг хоригдох хугацаа нь дуусахаар суллаад л явуулчихсан байна.
Педро Алонсо Лопесийн хүүхэд нас тун хэцүү төдийгүй маш аймшигтай байжээ. Эцэг нь Колумбын консерватив намын зүтгэлтэн байгаад хүүгээ хорвоод мэндлэхээс хагас жилийн өмнө 1948 оны дөрөвдүгээр сарын 4-нд алагдсан байна. Ээж Белинда Кастанеда нь биеэ үнэлж амьдралаа залгуулдаг, арван гурван хүүхдийнхээ нүдэн дээр гэртээ захиалагчдадаа “үйлчилчихдэг” нэгэн байв. Тиймээс эр, эм хүмүүс ор хөнжил дотроо чухам юу хийдгийг Лопес хар багаасаа мэддэг болсон байв. Белиндаг нэг удаа гэртээ орж ирэхэд найман настай хүү Педро нь долоон настай дүү охиныхоо дээр гарчихсан байсан нь гайхмаар зүйл биш байлаа. Гэлээ ч харсан зүйл нь ээжийг нь галзууруулах дөхсөн тул хүүгээ гэрээсээ хөөж гаргаад дахиж үүгээр битгий үзэгдээрэй гэж хэлсэн байна. Педро хэдэн долоо хоног угаадасны нүх бараадан, хог хаягдлаар амь зогоон, эргээд ир гэхийг нь хүлээн байсан ч ээж нь ингэхийн оронд автобусанд суулгаад 200 миль зайд байх нийслэл Богота хот руу явуулжээ. Педро хүү энд ирээд гуйлга гуйж, өдөр хоног өнгөрөөж байтал нэг танихгүй хүн тааралдаад гэртээ аваачсан байна. Тэгтэл тэр нь хормойн гаж донтой этгээд байсан бөгөөд хүү түүний энэ талын бүхий л хүслийг хангагч болох нь тэр. Тэр мунаг эр хүүд мөнгө төлөхийн оронд өөр гаж донтнуудад хөлсөөр “хэрэглүүлнэ”.
12 нас хүрсэн хойноо Педро энэ тамлагчийн гараас мултарч зочид буудлууд орчмоор мөн л гуйлга хийж явах болжээ. Хүүг нэг гэр бүлийн номлогч хоёр америк хүн ивээлдээ авч, угааж арчиж, хувцаслаад өнчин хүүхдүүдийн сургуульд оруулав. Гэвч сурахыг тэрбээр зорилгоо болгосонгүй, олж авсан муу зуршлаа сэргээн ахлах ангийн сурагчдад “үйлчилгээ” үзүүлэх болсон байна. Явсаар түүний үйлчлүүлэгчдийн тоонд арай л сургуулийн захирал нь орсонгүй. Энэ явдал даамжирсаар эцэстээ мань хүү сургуулийнхаа кассыг ухчихаад зугтаж одох нь тэр.
Олсон мөнгө нь олон хонолгүй дуусав. Гэхдээ Лопес гудамжинд амьдарч дөнгөөд байв. Хүүхэд байхдаа гуйлга гуйж явсан бол сүүлдээ хулгай, дээрэм хийж сураад насанд хүрээд ирэх үедээ машин хулгайлдаг залуусын бүлэгт элслээ. Тэд хулгайлсан машинаа задалж, сэлбэг болгон зарна. Педро өөрийг нь зовоож байсан бэлгийн гаж донтны тухай нөхдөдөө яривал түүнийг “эргэхийг” тэд санал болгов. Хөгшин завхай эр амь насыг нь өршөөхийг залуу “азарган чононуудаас” гуйсан ч тэд түүнийг хэдэн өдрийн турш элдвээр тамлаж байгаад эцэст нь амьдаар нь арьсыг нь хуулсан аж. Өөрийг нь түрээсээр ашиглаж байсан бусад завхай эрчүүд нь хаана байдгийг Педро түүнээс мэдэж авчээ. Удалгүй тэднийг бүгдийг нь хөгшин шалигийн адилаар элдэвлэхдээ өш хонзонгоо авахын “амт шимт”-ийг Педро ёстой нэг мэдэрчээ. Хачирхалтай нь түүний энэ учирлалыг шүүх үндэслэлтэй гэж үзээд таван хүн алсан Педрод ердөө долоон жил шоронд хорих ял өгөв.
Шоронд ямар дэг журам үйлчилдгийг эхний өдрүүдэд нь л хоёр бадируун эр хүчирхийлэн эзэмдэхэд Педро мэдэж авлаа. Маргааш нь “амтлаг Педро”-гийн талаар шорон даяараа дуулсан байв. Эсэргүүцэл үзүүлэх гээд ямар ч нэмэргүй байсан тул Педро өшөөгөө авахаар шийдлээ. Ган төмөр халбагыг үрж, хялгас үлээхэд хяргахаар болтол нь ирлэж байгаад өөрийг нь хүчирхийлсэн дөрвөн хоригдлыг хоёр долоо хоногийн дотор “зүйл дуусгав”. Үүнийхээ төлөө хоёр жил л нэмүүлжээ. Гэлээ ч хугацаагаа дуусгалгүй суллагдав.
Лопес өршөөлгүй энэ хорвоотой чадлын хэрээр тэмцэлдэх хүслээр дүүрэн буцалсан амьтан шоронгоос гарч ирлээ. Тэгэхдээ өөрөөсөө хүч чадлаар дорой охид, хүүнүүдээр өшөө хорслоо тайлах болсон байна. Колумб орноосоо гарч, хүн ам нь итгэмтгий, улбагар индианчууд олонтой Перу улсын уулархаг нутагт хүрч очив. Тэгээд зээлийн газраар нь явж байхдаа ямар ч гэм хоргүй, тэгсэн хэрнээ гоо үзэсгэлэн нь харцнаас нь нэвт гэрэлтэх охид, хүүхнүүдийг нь онцлон ажна. Тэдэнд жижиг толь юм уу, уруулын будаг мэт юухан хээхэн өгч хуураад хамт явбал дахиад өгнө гэж амална. Тэгээд эзэнгүй болсон хуучин байшингийн нуранги дотор авчирч байгаад хүчиндэнэ. Хүслээ хангасны дараа тамлаж зовооно.
“Би тэдний хувьд хамгийн эхнийх нь эр хүн байх ёстой. Бас надаас хойш тэд эр хүнтэй учрах ёсгүй. Миний хүсэл энэ. Би тэднийг гэрэл гэгээтэй үед нүд рүү нь харж байгаад алах ёстой. Хүн үхэж байгааг харахаар надад баяр баясал төрдөг юм. Намайг юу хэлээд байгааг хүн алж үзсэн хүн л ойлгоно”.
Европоос ирсэн, англи, герман, швед жуулчдын хүүхдүүдийг алах нь түүнд ихээхэн таашаал төрүүлдэг байв. Гэтэл гадаадын хүмүүс хүүхдүүдээ хараа хяналтаасаа гаргана гэж байхгүй. Тийм болохоор аргагүйн эрхэнд перу тариачин бүсгүйчүүдийг золиос болгон сонгож авна. Лопес алсан хүмүүсээ булах нүхийг урьдчилаад бэлтгэчихдэг байв.
Охид, хүүхнүүд сэжигтэйгээр алга болоод байгаад сэтгэл нь зовсон нутгийн тариачин бүсгүйчүүд тэднийг худалдахын тулд мафийнхан хулгайлаад байна гэж үзэж байв. Гэнэн зарим нь тэднийг удахгүй буцаад ирнэ гэж бодно. Ганцхан 1978 онд л гэхэд яргачин Лопес 100 гаруй перу эмэгтэйн амийг хөнөөсөн байна. Тэрбээр нэг удаа айхтар алдаа хийжээ. Индианчууд түүнийг барьж аваад өөрсдийн шийтгэлийг хүлээлгэв. Тэд түүнийг эзэнгүй газар аваачаад гарыг нь хүлж, зөвхөн толгойг нь ил үлдээн их биеийг нь элсэнд булж орхисон аж. Тэгээд толгой руу нь чихрийн шүүс асгачихаад хүлээгээд байв. Удалгүй түмэн шоргоолж шавж, Лопес гарцаагүй үхдэг дээрээ тулаад байтал Америкийн нөгөө номлогч эмэгтэй ирж, цагдаагийн байгууллагад өгч, хуулийн дагуу шийдүүл хэмээн ятгажээ. Эцэст нь түүнийг элснээс гаргаж, гарынх нь хүлээсийг тайлалгүй жийп машиныхаа “хонины хонхорт” хийчихэв. Тэгээд алуурчныг шоронд орсондоо гэж индианчууд бодож байсан чинь номлогч эмэгтэй түүнийг Колумбын хил дээр аваачаад хилчдэд өгчихсөн байв. Лопесийг гурав хоног саатуулаад хүссэн зүгт нь явуулчихжээ.
Колумб эмэгтэйг алахыг Лопес нүгэл гэж үзэх тул Эквадор улсад очсон байна. Тэрбээр хожим нь ярихдаа “Эквадор хүүхнүүд бусдаас илүү эелдэг, итгэмтгий, гэм хоргүй нь миний сэтгэлд ихэд нийцсэн” гэсэн байдаг. Эндхийн хүүхнүүдийн ийм хүний зөнгөөр байдаг нь гаж донтныг долоо хоногт дунджаар гурвыг алах боломж олгосон аж. Цогцсуудыг Лопес нэгэн том нүхэнд хийдэг байв. Гэтэл 1979 онд Эквадорын Амбато хотын орчимд болсон үер дөрвөн эмэгтэйн шарилыг ил гаргаж орхисон байна. Үүнээс гурав хоногийн дараа мөнөөх Лопес зах дээрээс 10 настай Мария охиныг ээлжит золиосоо болгон сонгож, гараас нь барьж авав. Охиныг нь нэг танихгүй хүн аваад явж байхыг ээж нь харчихаад хашгирч гаралгүй яах вэ дээ. Гаж донтныг хүмүүс барьж, зодож нүдэж байгаад цагдаа нарын гарт өглөө.
Тэр дөрвөн охиныг Лопес алсан эсэхийг нягтлах зорилгоор түүний хоригдож буй өрөөнд мөн гаж донтон ламын дүрээр мөрдөгч Гонсалесийг оруулжээ. Лопес олон зуун эмэгтэйн амь хөнөөснөө сарын дараа л хамт “хоригдож буй” хүндээ ярьсан байна. Хожим нь тэрбээр зөвхөн Эквадорт алсан 53 хүний цогцсыг булсан газартаа цагдаа нарыг аваачсан аж.
1980 онд Лопес 110 аллага үйлдсэнээ хүлээжээ. Тэгвэл түүнийг Перу, Эквадор, Колумбад 7-20 насны 350 гаруй охид, хүүхнийг алсан хэрэгт оролцсон гэж цагдаагийн байгууллага үзэж байв. 1980 онд Эквадорын шүүх Лопест дээд ялаа өгч, 20 жил хорих шийдвэр гаргалаа. 18 жил болгоод түүнийг хугацаанаас нь өмнө суллав. Гэвч цагаачлалын хууль зөрчсөн хэргээр тэр дор нь эргүүлэн баривчилж, Колумбын эрх баригчдад хүлээлгэж өглөө. Түүнийг хоёр жил сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эмнэлэгт хэвтүүлжээ. Тэгээд л эмнэлгээс гаргаад явуулчихаж. Лопес сураггүй болжээ.
Зарим эх сурвалжуудын гэрчилж буйгаар бол Лопесийг эмнэлгээс гаргасан нэрээр хулгайлж, дараа нь маш нууц байдалд цаазалсан гэж үздэг. Латин Америкт мафийн бүтэц, үйл ажиллагаа хүчтэй байдаг болохоор гаж донтныг цаазалсан гэх энэ таамаг нэлээд үндэслэлтэй байх магадлалтай.
“Мир криминала” сэтгүүлээс авлаа