Спортод үзүүлдэг ололт амжилт ямагт материаллаг өгөөж, алдар хүнд дагуулсаар иржээ. Ёс суртахуун нь одоогийнхоос эрс өөр “шударга өрсөлдөх” гэдэг ойлголт нь “ялахын тулд юу ч хийж болно” гэх агуулгыг илэрхийлж байсан хүн төрөлхтний соёл иргэншлийн эхлэл үед тамирчид ялалт байгуулахын төлөө боломжит бүх арга хэрэгсэл ашиглаж ирснийг ичгүүртэй юм гэж үзэж байсангүй. Тэр цагаас хойш олон мянган жил өнгөрсөн ч байдал төдийлөн өөрчлөгдөөгүй аж.
АНУ-ын Пенсильванийн их сургуулийн профессор, бие бялдар сэргээх үйлчилгээтэй бодисын үүсэл, хөгжлийн түүхийг судалдаг Чарльз Йезалисын үзэж буйгаар бол эртний Олимпийн тамирчид тусгай ургамлын хандыг дарстай хамт уудаг, эртний Грект тэр болгон идээд байдаггүй байсан махыг, тэр дундаа зүрх хэрэглэдэг байжээ. Хүн төрөлхтөн хэзээ ч цэвэр спорттой байгаагүй гэж энэ судлаач үздэг. Спортын өөр нэг түүхч, “Хөлсний үнэр: Грекийн тамирчид, олимпийн тоглолт ба соёл” ном бичсэн Уильям Блейк Тирфел ч мөн ийм бодолтой бөгөөд “Тамирчид хирсний эвэр тус болно гэж л үзвэл түүнийг нунтаг болтол нь нүдээд л хэрэглэж орхино” гэж хэлсэн байна. Түүхэн баримтаас үзвэл эртний Египетэд илжигний туурайг нүдэж хэрэглэдэг, далайн гахайн үрийн шингэнийг уудаг байж.Ромын тулаанчид (гладиаторууд) сэргээш хэрэглэхээс цэрэвдэггүй, стрихнин хэрэглэдэг байв. Түүнийг бага тунгаар хэрэглэхэд хүч тамир оруулдаг аж. Тэрэг хөллөөд уралдуулдаг моринд ч сэргээш өгөхөөс буцдаггүй байлаа. Хурдыг нь нэмэгдүүлэхийн тулд бага зэрэг халаах үйлчилгээтэй зөгийн балтай ус ч өгдөг байв.
Америкийн The Hastings Center гэдэг судалгааны хүрээлэнгийн профессор Томас Морри “Спортод мансууруулах бодисын үзүүлдэг албадлагын хүч” хэмээх өгүүлэлдээ “Хүч тамир нэмэгдүүлдэг эм бэлдмэлийг орчин үед хэрэглэх болсон нь XIX зууны эцсээс эхтэй” гэж бичсэн байна. “XIX зууны сүүлчээр Европ, Америкт түгээмэл хэрэглэж байсан “Мариани” дарсыг “тамирчдын ундаа” гэж нэрлэж байсан. Түүнийг Францын дугуйчид хэрэглэдэг, түүгээр ч барахгүй лакроссын багийнхан ч уудаг байжээ. Кока, кокаиныг ч их өргөн хэрэглэдэг, эдгээр нь биеийн хүч их зарцуулснаас үүдэлтэй ядаргааг гаргадаг, өег болгодог үйлчилгээтэй юм.1904 онд Сент-Луис хотод болсон олимпод британи гаралтай, Америкийн холын зайд гүйгч Том Хикс барианд хоёрт оржээ. Гэтэл түрүүлсэн хүн нь замынхаа нэлээд хэсгийг машинаар туулсан байснаас Хикс алтан медаль авсан гэдэг. Хожим нь дасгалжуулагч Шарль Люкийнх нь ярьснаар бол Хикс сэргээшийн туслалцаатайгаар хоёрт орсон юм билээ. Барианд ороход долоон милл (11 километр) үлдээд байх үед Хикс ухаан алдаж ойчсон аж. Тэгэхлээр дасгалжуулагч нь нэг миллиграмм стрихнинийн сульфат гэдэг тариа хийгээд, нэг балга коньяк өгчихсөн байна. Хикс цааш нь гүйсэн ч гурван километр яваад цуцахаар нь дахиад тариа хийчихэж. Хикс арай гэж барианд ороод, даруй эмнэлэгт хүргэгдсэн аж.
“Эм, мансууруулах бодисын тэнхээ оруулах үйлчилгээ” гэдэг ном бичсэн Марк Голд, “Герион, кокаиныг зөвхөн жороор өгдөг болсон 1920-иод он болтол стрихнин, герион, кокаин, кофейн (бүгд сэргээх, хүч тамир оруулах үйлчилгээтэй)-ийг тамирчид төдийгүй дасгалжуулагчид өргөн хэрэглэдэг байв” гэж өгүүлсэн байдаг.
Сэргээш хэрэглэхийг хориглосон олон улсын спортын анхны байгууллага нь Хөнгөн атлетикийн холбоо юм. Тус холбоо 1928 онд өөрийн дүрмэндээ “Дундаас дээш түвшний хөнгөн атлетикийн тэмцээнд амжилтаа ахиулахад нөлөөлдөг ердийн хэрэгсэл болдог аливаа өдөөгчийг хэрэглэх нь сэргээш юм. Дээр дурдсан эм, бэлдмэлийг санаатайгаар хэрэглэсэн юм уу, хэрэглэхэд тусалсан хэнийг ч аливаа тэмцээнээс хасах эсвэл тус холбооноос зохион байгуулсан хөнгөн атлетикийн уралдаан тэмцээд цаашид оролцохыг нь хориглоно” гэсэн заалт оруулсан байна. Энэ дүрмийг баримтлаагүй бол ямар ч тамирчныг тоглуулахгүй гэсэн үг юм. 1945-1967 оны хооронд хоёр үйл явц түгээмэл болсон нь спортынхон сэргээш хэрэглэх нь нэмэгдэж, түүний эсрэг арга хэмжээ ч өргөжсөн явдал юм. Дэлхийн II дайны жилүүдэд Америк, Англи, Герман, Японы армиуд цэргүүдээ хангадаг байсан мэдрэлийн системд нөлөөлдөг амфетамин гэдэг бодис анхны, хамгийн үр нөлөөтэй сэргээш гэгдэж байв. Түүнийг 50-иад оноос спортынхон хэрэглэх болжээ. Энэ бодис эцэж цуцахаас сэргийлдэг үйлчилгээтэй юм.
Америкийн эмч Жон Восли Зиглер 1958 онд Америкийн хүнд атлетикийн тамирчдын багтай хамт Австрийн Вена хотод очсон аж. Тэнд Зөвлөлтийн шигшээ багийн эмчтэй танилцжээ. Тэд архи, дарс ч хэрэглэдэг байсан бөгөөд орос эмч “чи тамирчдадаа юу өгдөг вэ” гэж хэд хэдэн удаа асуухад нь Зиглер юу гээд байгааг нь сайн ойлгосонгүй. Тэгээд уг асуултыг өөрт нь сөргүүлэн тавихаар шийдэж “Чи харин юу өгдөг юм бэ” гэвэл Зөвлөлтийн шигшээ багийн эмч тамирчид нь тестостеронтой болсон гэж хариулжээ.Зиглер Америктаа буцаж очоод энэ бодисыг өөрийн бие дээр болон тамирчдадаа туршиж үзэв. Нэг талаас булчингийн хэмжээ хөөж томорч байв. Нөгөө талаас сөрөг нөлөө ч байж. Тэгэхлээр нь тестостерон шиг эерэг нөлөөтэй хэрнээ дагалдах сөрөг үр дагаваргүй байлгахын тулд нийлэгжүүлснээр сэргээх үйлчилгээтэй анхны стероид бий болгосон нь Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарт эрүүл ахуйн хяналт тавих газраас эерэг үнэлгээ авсан байна. Хожим нь Зиглер өөрийн нээлтэд ихэд харамсан, “амьдралынхаа энэ бүлгийг бүхэлд нь дахин бичихсэн” гэж хэлж байжээ.
Сэргээшийн анхны золиос нь Данийн дугуйчин Кнут Йенссен болов. Тэрбээр 1960 оны наймдугаар сарын 26-нд Ромын олимпод оролцож, 100 километрийн уралдаанд явж байх замдаа унаж амиа алдсан байна. Задлан шинжилгээ хийхэд түүний цуснаас амфетамин илэрсэн аж. 1967 оны долдугаар сарын 13-нд Английн дугуйчин Томми Симпсон алдарт “Тур де Франс”-д оролцож яваад нас барлаа. Тэрбээр амфетаминыг коньякаар даруулан, их хэмжээгээр хэрэглэж хүч тамираа сэлбэдэг байв. Эцсийн эцэст организм нь ажиллахаа болиход хүрсэн аж. Симпсоны үхлийн дараа спортынхон сэргээшийн эсрэг эрчимтэй тэмцэх болов. Олон улсын олимпийн хороо (ОУОХ) сэргээштэй тэмцэх эмнэлгийн комисс байгууллаа.
1968 оны олимпийн тоглолтын үеэр сэргээш хэрэглэсэн, эсэхийг анх удаа хянаж үзсэн төдийгүй ийм тохиолдол илэрснээс мөн анх удаа зарим тамирчныг тоглолтод оролцох эрхийг нь хассан байна. 1975 онд ОУОХ сэргээшийг хориотой эм, бэлдмэлийн жагсаалтад оруулав.Сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тул Канадын ойрын зайн гүйгч Бен Жонсон 1988 оны есдүгээр сарын 27-нд Сөүлийн олимпоос авсан алтан медалиа хураалгав. Цай руу нь хэн нэгэн хориотой эм бэлдмэл хийсэн байна гэж Жонсон учирласан ч зохион байгуулагчид түүнд итгэлгүй, уралдаан тэмцээнд оролцох эрхийг нь хоёр жилээр хоригложээ. 2012 онд Америкийн дугуйчин Ланс Армстронг “Тур де Франс”-аас авсан долоон алтан медалиа хураалгав.Коммунист эвсэл задран унаснаар социалист дэглэмийн үйлдэж байсан таагүй олон явдал ил болжээ. “Зүүн Германы усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 20 жилийн турш үлэмж давамгайлж байсан нь түүнийг дасгалжуулж байсан 20 орчим хүн сэргээшийг тамирчдадаа системтэй хэрэглүүлж байсантай нь холбоотой байв. Тэд хэргээ хүлээснээр коммунист дэглэмтэй орнуудын удирдлага сэргээшийг улсынхаа шилдэг тамирчдыг бэлтгэх хөтөлбөрийн гол хэсэг болгож байсны нотолгоо боллоо. Гэхдээ ОУОХ болон спортын холбоод тухайн тамирчин хэргээ хүлээгээгүй нөхцөлд тамирчдадаа хариуцлага хүлээлгэдэггүйгээс ийм хэл аманд орсон хүмүүс медалиа ч, тогтоосон дээд амжилтаа ч алдалгүй хадгалсаар байдаг юм” гэж “New Yourk Times” сонины олон улсын тоймч Майкл Яновский бичсэн байна.
1994 онд Хирошимад болсон Азийн тоглолт дээр Хятадын 11 тамирчин, түүний дотор долоон сэлэгч сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тул 23 алтан медалийнхаа есийг нь буцааж өгч байв. Шударга спортын төлөө тэмцэгчид 2002 онд нэгэн хүчирхэг зэвсэгтэй болсон нь нийлэгжсэн сэргээшийн найрлагыг хүний шээснээс илрүүлэх Америкийн эрдэмтэн Дон Кэтлинийн боловсруулсан тест юм. Үүнээс өмнө нийлэгжсэн сэргээш хэрэглэсэн тамирчид гэм зэмгүй өнгөрдөг байв. 2009-2013 онд Зүүн Германд сэргээшийг “төрийн түвшинд” хэрэглэж байсан талаар Өрнөдийн хэвлэлд олонтаа бичиж байлаа. Өнгөрсөн сард Америкийн “Newsweek” сэтгүүлд бичсэнээр бол 1964-1988 онд 17 сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан энэ улс зөвхөн зуны олимпоос 454 медаль авсан байх юм.