Сири, Туркийн залгаа хилийн дэргэд Оросын Су-24 онгоцыг Туркийн Агаарын цэргийн хүчин сөнөөсөн нь яалт ч үгүй улс төрийн үр дагавартай олон улсын ноцтой үйл явдал. Тэгэхдээ энэ нь олон улсын харилцаанд урьд өмнө нь тохиолдож байгаагүй асуудал биш. Иймэрхүү үйл явдал түүнд хамааралтай улсуудын улс төр, эдийн засгийн харилцаанд ямагт ихээхэн сөрөг үр дагавар үзүүлсээр ирсэн. Түүгээр ч барахгүй цэргийн сөргөлдөөн үүсгэх ч магадлалтай байдгийг түүхэн туршлага харуулдаг.Хүйтэн дайны эхний жилүүдэд ийм явдлыг төдийлөн тоодоггүй байсан тал бий. 1950-1970 онд АНУ-ын Зэвсэгт хүчний 20 шахам нисэх онгоц, нисдэг тэргийг ЗХУ устгасан байдаг. Солонгосын болон Вьетнамын дайны үед ЗХУ-ын Агаараас эсэргүүцэн хамгаалах хийгээд Агаарын цэргийн хүчний дайчдын устгасан нисдэг аппаратыг үүнд оруулдаггүй. Оруулбал хэдэн зуугаар тоологдоно.
Америкийн онгоцыг Зөвлөлтийн хил зөрчсөн гарцаагүй тохиолдолд устгаж байсны зэрэгцээ тодорхой бус нөхцөл байдалд сөнөөсөн явдал ч байдаг. АНУ-ын холбоотон Швед, Ираны онгоцыг ч устгаж л байв. Ингэж байхдаа ЗХУ тагнуулын нислэг хийхээс түдгэлздэг байсан болохоор өөрөө энэ мэт хохирол амсаж байсангүй.Харин Солонгосын дайны үед Америкийн онгоцууд эндүүрэн Япон тэнгисийн тэнгэрт Зөвлөлтийн бөмбөгдөгчид рүү довтолж байсан тохиолдол бий. Мөн 1950 онд нислэг зохицуулах ажиллагааны алдаанаас болж Приморьт онгоцны буудалд цохилт өгч байсан удаа ч байдаг. 1970-аад онд хүйтэн дайн ид байхад ч энэ мэт тохиолдол ховор байсан хэрнээ Өмнөд Солонгосын зорчигч тээврийн онгоцыг 1978, 1983 онд ЗХУ сөнөөчихөж л байв.1986 оны наймдугаар сарын 4-нд Афган-Пакистаны хил дээр Оросын Су-25 дайрагч онгоц руу Пакистаны F-16 бөмбөгдөгч онгоц довтолсон юм. Оросын онгоцонд хожим нь Дэд Ерөнхийлөгч болсон Александр Руцкой сууж явсан бөгөөд олзлогдож, Пакистаны тал удалгүй түүнийг Орост эргүүлж өгсөн. Туркээс ялгаатай нь Пакистан НАТО-гийн гишүүн биш байв.
Ийм явдал хүйтэн дайны гадна талд тохиолдож л байлаа. 1992 онд Перугийн Агаарын цэргийн хүчин Номхон далайн тэнгэрт Америкийн цэргийн тээврийн С-130 онгоц руу довтолж багийн гишүүдийг нь устгасан байдаг. 1996 онд Кубийн Агаарын цэргийн хүчин Америкийн хүний эрхийг хамгаалах Brothers of the Rescue байгууллагын онгоц руу буудсан тохиолдол бий. 2001 оны дөрөвдүгээр сард Америкийн тагнуулын EP-3, Хятадын бөмбөгдөгч онгоц хоёр Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд мөргөлдсөн удаа байдаг. Эцэст нь Хятадын J-8II онгоцны жолооч Ван Вэй амиа алдаж, гэмтсэн EP-3 онгоцыг Хятадын бааз дээр буулгаж багийнхныг нь баривчилсан. Хятадын талийгаач нисгэгч үндэсний баатар болж, Америкийн нисгэгчдийг эх оронд нь хүлээлгэж өгсөн юм.
Иймэрхүү явдал дандаа улс төрийн нарийн төвөгтэй харилцааны үр дүн байдаг. Талуудын хооронд итгэл алдарсны улмаас, холбоо харилцааны дутагдалтай байдлаас үүдэн гардаг. Тэгсэн хэрнээ агаарын байлдааны үед зэвсэг хэрэглэх шийдвэрийг улстөрчид биш офицерууд тухайн агшинд газар дээр нь гаргадаг учиртай. Оросын Су-24 онгоцыг Сирид сөнөөсөн саяны явдлыг зориудын өдөөн хатгалга гэж үзэх үү, тохиолдлын явдал юм уу эмгэнэлтэй эндүүрэл, алдаа байсан гэж тооцох уу гэдэгт одоогоор өгөх хариулт алга байна. Хэвлэлд мэдээлж буйгаас үзвэл Су-24 онгоцыг сөнөөснөөс үл хамааран эрчим хүчний салбарт Оростой сайн харилцаагаа хадгалж үлдэнэ гэдэгт найдаж буйгаа Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Берат Албайрак илэрхийлсэн байна. Оростой харилцаа хүйтэрнэ гэж эмээхгүй байхыг тэрбээр иргэддээ уриалсан аж. Тэгвэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путин онгоц руу нь довтолсон явдлыг “алан хядагчидтай амь нэгтэй хүмүүс нуруу руу хутга шаалаа” гэж үзэж буй бөгөөд энэ үйлдэл Москва, Анкарагийн хоорондын харилцаанд хамгийн ноцтой үр дагавар үлдээнэ гэж хэлсэн байна. Оросын талаас Турк руу жуулчид явуулахыг хориглох шийдвэр гаргалаа.
Туркийн хийн хэрэгцээний 57 хувийг Оросын “Газпром” нийлүүлж байдаг юм. Улс төрийн хямралын цар хүрээ нь ойрын өдрүүдэд өрнөх дипломат үйл ажиллагаа хэр амжилт олохоос хамаарч таарна. Хамгийн гол нь Москва, Анкара хоёул нөхцөл байдлыг хяналтаасаа гаргахгүй байх нь туйлаас чухал.