DPA (Deutsche Presse-Agentur) 24 цагаар тасралтгүй ажиллан, герман, англи, испани, араб хэлээр өдөрт 800 мэдээ, сурвалжлага, 1000 гэрэл зураг, 10 инфографик болон аудио, видео бичлэг бэлтгэн, дэлхийн 100 оронд нийлүүлдэг. Эдний нэг сэтгүүлч энэ ажлаа хийхийн тулд 2-4 дэлгэц ашигладаг
“Чи алдаа гаргажээ” гэж хэлээд өгөх байгууллагатай байх нь зүгээр шүү” хэмээн Германы өдөр тутмын сонинуудын хамгийн жижиг нь болох “Taz.die tageszeitung” (taz нь амьтны мөр гэсэн утгатай герман үг) сонины нийтлэлч, гадаад харилцааны ажилтан Гоби Сол хэлээд инээмсэглэв.
1979 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй, долоо хоногт зургаан дугаар гаргадаг, өдөрт 60 мянган хувь хэвлэгддэг энэ сонины сэтгүүлчид алдах нь тун цөөн ч буцалж буй цай шиг даргисан үйл явдал дунд, үргэлж бусдаас түрүүлж уншигчдадаа шинэ, содон мэдээлэл хүргэхээр яарч явахад эндүүрч ташаарах зүйл гарахгүй гэж омойтох боломж ерөөс үгүй.
Хүн бүрт эрх чөлөөтэй байхыг уриалдаг энэ сонины сэтгүүлчид ч бас алддаг ажээ. Түүнээс нь нэгийг дурдъя. Германы нэгэн жижиг тосгонд гадаад хүүхэд живжээ.
Неонацист үзэлтэн олонтой тэр тосгонд гадаад хүүхэд амиа алдсан нь санамсаргүй тохиол биш гэж “Taz”-ынхан хардаж, түүндээ хөтлөгдөөд мэдээгээ биччихэж. Гэтэл тэр хүүхдэд золгүй явдал тохиолдсон байжээ.
Сонины энэ алдааг уншигч нь олж хараад Хэвлэлийн зөвлөлд гомдол гаргаснаар “Taz” хамгийн хүнд шийтгэл хүртжээ. Тэр нь “Taz” сонин ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн ёс зүйн кодыг зөрчжээ” гэж нэр устай нь олон нийтэд зарлах.

Их ч бай, бага ч бай шийтгэлд дуртай хэн ч байхгүй. Тэр тусмаа олны өмнө нэрээ саараар цоллуулах нь хэвлэл мэдээлэл гэх эмзэг салбарт хүсмээр юм биш билээ. Гэвч алдаа гаргасан л бол засаж залруулах нь зүй.
Тиймээс ч сэтгүүл зүйд алдаагаа мэдсэн даруйдаа засах зарчим үйлчилдэг. Мэдээгүй алдааг засах боломжгүй учраас тэр.
Сэтгүүл зүйн бүтээл олны нүдэн дээр ил байдаг учраас сэтгүүлч өөрөө алдаагаа мэдээгүй байсан ч түүнийг нь олж хараад хэлээд өгөх хүн хэдэн мянгаараа, хүн ам олонтой оронд бол хэдэн саяараа бий гэсэн үг.
Хэлээд байхад засахгүй эсвэл “Энэ бол алдаа биш” гэж хариулбал заргаа шүүлгэх газар нь Германд бол Хэвлэлийн зөвлөл. Германы уншигчид сэтгүүлчдийн алдааг шүүхэд “ховлох”-оо болиод бараг 60 жил болж байна.
Учир нь эрх зүйгээр хязгаарлаж болохгүй юм энэ орчлонд зөндөө байдгийн нэг нь ёс зүй. Энэ бол эрх зүйгээс асар өргөн, хамгийн эртний ойлголт учраас сэтгүүлчийг ёс зүйн алдаа гаргалаа гэж шүүхэд өгч, ял тулгах нь исламын шашинт зарим орон эмэгтэйчүүдийг гивлүүр зүүсэнгүй хэмээн цаазалж буйтай агаар нэг хэрэг юм.
Тийм ч учраас хэвлэлийн олон жилийн түүхтэй орнууд сэтгүүлчдийн алдааг шүүхээр биш, өөрийнх нь зохицуулалтын байгууллагаар шүүлгэж хэвшчээ. Тэдний нэг нь Герман.
Сонин эрхлэгчдийн холбоо, Сэтгүүл эрхлэгчдийн холбоо, Сэтгүүлчдийн холбоо, Сэтгүүлчдийн эвлэл гэсэн дөрвөн ТББ нийлж байгуулсан Германы Хэвлэлийн зөвлөл иргэд, байгууллагуудаас ирсэн сэтгүүлчийн ёс зүйн талаарх гомдлыг жилд дөрвөн удаа хуралдан, хэлэлцдэг.
2015 оны сүүлчийн хурал нь арванхоёрдугаар сарын 2-нд боллоо. “Дойче Вилле” академийн санхүүжилтээр энэ хуралд Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл сууж, туршлага судалсан юм. Тус зөвлөл ганцхан өдөрт 104 гомдол хэлэлцэж, шийдвэрлэв.
Зарим гомдол 100 гаруй хуудастай. Ийм олон гомдлыг ганцхан өдөрт шийдвэрлэнэ гэдэг яалт ч үгүй туршлага заасан, яггүй ажил аж. Германы өөр өөр хотуудаас Берлинд цуглаж, хуралддаг тэд гомдол бүртэй нэг бүрчлэн танилцаад, дотроо шийдвэрээ гаргачихсан ирдэг.
Тиймээс хурал дээр бүх зүйл товч бөгөөд тодорхой өрнөнө. Гишүүд Хэвлэлийн зөвлөлийн ажлыг сайн дураар, ямар ч цалин хөлсгүйгээр хийдэг юм байна.
Тэглээ гээд тэд худалдагдахгүй. Өөрийн хоолоо олж иддэг салбараа цэвэр ариун байлгахын төлөө энэ ажлыг сайн дураар, итгэл үнэмшлээрээ хийж байгаа учраас хэн нэгний талд үйлчилнэ гэсэн ойлголт тэдэнд үгүй.
Харин Германы Засгийн газраас Хэвлэлийн зөвлөлд хараат бус ажиллахад нь зориулж, жил бүр 80 мянган дойч марк өгдөг.
Хэвлэлийн зөвлөл байгуулагдсанаар шүүхэд ирдэг байсан нэхэмжлэл харьцангуй цөөрч, ард иргэд үнэн зөв мэдээлэл олж авах боломж өмнөхөөсөө нэмэгдэж байгаа тул Засгийн газар нь жил бүрийн төсөвтөө Хэвлэлийн зөвлөлд зориулан мөнгө суулгаж хэвшчээ.
Энэ нь Хэвлэлийн зөвлөлийн жилийн нийт төсвийн 40 хувийг бүрдүүлдэг бол үлдсэн 60 хувийг Сэтгүүлчдийн холбоо, Сэтгүүлчдийн эвлэл, Сонин эрхлэгчдийн холбоо, Сэтгүүл эрхлэгчдийн холбоо гаргадаг юм байна.
Дашрамд дурдахад, Монголд ийм зөвлөл байгуулагдаад бүтэн жил болох гэж байна. Энэ бол яг л Германых шиг сайн дурын байгууллага. 60 жилийн түүхтэй Германы Хэвлэлийн зөвлөл Монголын сэтгүүлчдэд өөрийн зохицуулалтын байгууллага байгуулж, асуудлаа тогоон дотроо шийдэхэд нь тусалж байгаа юм.
Германы Хэвлэлийн зөвлөл 2013 онд 1700 гомдол хүлээж авсан бол дараа жил нь 2009, энэ оны эхний арваннэгэн сард 2200 гомдол иржээ. “Germanwings”-ын онгоцны осол, дүрвэгсэд гэх мэт олны анхаарал татсан сэдэвт нийтлэл, сурвалжлагын мөрөөр олон хүн хандаж буйгаас гомдлын тоо ийн нэмэгдэж байгаа аж.
“Germanwings”-тэй холбоотой нийтлэл, сурвалжлага, мэдээний талаар 430 гомдол ирсний 18 нь үндэслэлтэй байж. Ёс зүйн ноцтой алдаа гаргасан хоёр редакцын нэрийг олон нийтэд зарлаж, долоон редакцад сануулга өгч, ест нь алдаа гаргасныг нь мэдэгджээ.
Тус зөвлөл 60 жилийн түүхэндээ гурван удаа шүүхэд дуудагджээ. 1959 онд Хенри гэдэг алдартай сэтгүүлч өөрийг нь алдаа гаргасныг олон нийтэд зарлаж, эдийн засагт нь хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Хэвлэлийн зөвлөлийг анх шүүхэд өгчээ. Дараа нь 2005 онд хоёр удаа шүүхэд очсон байна.
Гэсэн ч шүүх “Хэвлэлийн зөвлөлийн шийдвэрийг олон хүн хэлэлцэж байж гаргадаг. Сэтгүүлчдэд болоод редакцуудад хохирол учруулах гэж биш, ёс зүйн алдааг нь засах зорилгоор шийдвэр гаргадаг. Шийдвэр нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн өрсөлдөх чадварт нөлөөлөөгүй” гэсэн шийдвэр гаргажээ.
Энэ бол Германы шүүх нь Хэвлэлийн зөвлөл гэдэг нөгөө” шүүх”-ийнхээ зорилго, үйл ажиллагааг ойлгож, хүндэтгэсний илрэл юм. Үнэхээр ч Хэвлэлийн зөвлөлийн шийдвэрийг найман хүн нийлж гаргадаг.
Зарим тохиолдолд 16 хүн хамтарч шийдвэр гаргах нь бий. Үүнийг нэг, хоёрхон толгойгоор дүгнэсэн шийдвэртэй харьцуулах аргагүй шүү дээ.
Энэ орны иргэд нь үүнийг мэддэг учраас гомдлоо Хэвлэлийн зөвлөлөөр шийдүүлдэг, сэтгүүлчид, хэвлэлийн эзэд өөрийнх нь сониныг буруутгасан шийдвэрийг нь ч сониндоо нийтэлдэг юм билээ.
Энэ бол соёл. “Намайг буруутгасан юм чинь Хэвлэлийн зөвлөлийн шийдвэрийг сониндоо мэдээлэхгүй” гэж адрахгүй хүлцэнэ гэдэг ухаан шүү.
Х.БОЛОРМАА