Энэтхэг охин 15, малай охин 13, харин тай охин 17-той. Тэднийг хулгайлжээ. Охидыг Малайзын хөдөө тосгонд аваачиж, гадуураа өндөр хашаатай зуслангийн байшинд хорьсон байна. Гурав хоног өнгөрөхөд тэднийг жимснээс өөр зүйлээр хооллосонгүй. Ингээд тай охин тэргүүлж тэд оргох оролдлого хийжээ.
“Тартар эхлээд байшингаас гарч, хойноос нь Фариса бид хоёр дагаж гарсан. Гэвч өндөр хашааг давах болоход бид гурав аргагүй хүчин мөхөстсөн. Хашаа бараг гурван метр өндөр байсан учраас бид гурав бие бие дээрээ давхралдаад ч давж чадаагүй. Энэ үеэр харуулууд ирж биднийг чирч гулдчан буцааж оруулсан.
Маргааш нь Фариса бид хоёрыг хүчээр машинд суулган авч явсан. Тэр цагаас хойш би дотнын найз Тартарыгаа дахиж хэзээ ч хараагүй. Одоо эрх чөлөөтэй болсон ч би бол янхан. Надад биеэ үнэлэхээс өөрөөр амьдрах зам байхгүй” хэмээн 13 насандаа хүний наймааны золиос болсон, одоо 19 настай малай охин ярьжээ.
Лина охин найман настай. Куала Лумпурын Бернамад өссөн. Тэр үеийнхэнтэйгээ тоглож наадан, сурч боловсорч, цагийг бусдын адил өнгөрүүлдэг байсан ч нэг л өдөр түүний амьдрал азгүйгээр эргэсэн юм.
Аав нь түүнийг гэмт хэргийн бүлэглэлийнхэнд худалдчихжээ. Лина жинхэнэ хар дарсан зүүд шиг өдөр хоногуудыг өнгөрүүлэх болов. Наймхан настай балчир охин ах, аав, заримдаа бүр өвөө шигээ хүмүүсийн хэрэгцээг хангаж өдөр хоногийг өнгөрүүлэх нь дэндүү өрөвдөлтэй.
Түүнийгээ хэвийн амьдрал мэтээр ойлгож өссөн бяцхан охин хүүхдийн эрхийн талаар сонсож дуулаа ч үгүй. Бид Лина шиг охидын талаар юу ч мэдэхгүй.
Зүүн Өмнөд Ази. Тэр дундаа Малайз, Тайландад хүүхдүүдийг хүний наймааны золиос болгосон ийм жишээг хангалттай олныг дурдаж болно. Эдгээр улсад бага насны охид, тэр ч бүү хэл хөвгүүдийг хүний наймааны зорилгоор хулгайлах гэмт хэрэг газар авчээ.
Зарим тохиолдолд ядуу эцэг эхчүүд Линагийн аав шиг хүүхдээ гэмт хэргийн бүлэглэлүүдэд зарах нь түгээмэл аж. Малайз, Тайландаас гадна Филиппин, Камбож улсад энэ төрлийн гэмт хэрэг хэрээс хэтэрсэн.
Эдгээр улсын өнцөг булан бүрт бага насны хүүхдүүдийг хүний наймааны зорилгоор хулгайлах гэмт хэрэг цаг ямагт гардаг.
Хүний наймааны хохирогч болсон охид бүсгүйчүүд өсөж, эрх чөлөөтэй болсныхоо дараа Канад, Герман, Япон, АНУ зэрэг хүний эрхийг дээдэлдэг өндөр хөгжилтэй орнуудаас орогнол хүсэх тохиолдол цөөнгүй.
Ингэж эрх чөлөөтэй болсон охидын нэг Жозалин “Намайг 12 настай байхад хулгайлсан. Би өдөрт доод тал нь таваас зургаан хүнд үйлчилдэг байлаа. Эхэндээ энэ бүхэн надад хар дарсан зүүд шиг л санагдаж байв. Олон удаа оргох гэж оролдсон ч баригдаад, буцаад тэр аймшигт газарт авааччихна.
Ийм маягаар хоёроос гурван жил өнгөрөхөд би бодит амьдралтайгаа эвлэрч, дасан зохицож эхэлсэн. Ингээд 20 хүртлээ секс боол хийсэн дээ. Нэг өдөр цагдаа нар ирж миний байсан газрын бүх охиныг сулласан.
Цагдаа нарын олж өгсөн өмгөөлөгч надад Канадын элчингээс туслалцаа хүсэхийг зөвлөсөн юм. Ингэж би эрх чөлөөтэй болсон ч миний зүрх сэтгэлээс тэр аймшигт газар өнгөрүүлсэн хэцүү өдрүүдийн тухай дурсамж хэзээ ч салахгүй” хэмээн сурвалжлагчид ярьжээ.
Зөвхөн Малайзад 2012-2014 онд бага насны хүүхдийг хүний наймааны зорилгоор хулгайлсан 118 тохиолдол бүртгэгджээ. Харин Азийн бусад орныг оролцуулаад 1843 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харин Тайландад 2012-2014 онд хүүхэд хулгайлсан буюу худалдаж авсан тохиолдол Малайзаас хоёр дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Эндээс “Яагаад заавал хүүхдүүд гэж” гэдэг асуулт урган гарч ирнэ.
Хариулт нь тун энгийн. Бага насны хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй сул дорой, ямар эрхтэйгээ ч мэдэхгүй. Тиймээс 18-аас доош насны хүүхдүүдийг хүний наймааны зорилгоор ашиглах нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хувьд хамгийн ашигтай бизнес.
Ялангуяа бага насны охидыг хулгайлж, хүний наймаанд ашиглах нь Зүүн Өмнөд Азид эртнээс дэлгэрсэн бохир ажил. Энэ төрлийн гэмт хэрэг дэлхийд ашиг орлогоороо хар тамхины наймаа, зэвсгийн худалдааны дараа гуравдугаарт орж байна.
Зөвхөн Малайзын гэмт хэргийн ертөнцөд 48 их наяд ам.доллар энэ наймаанд эргэлддэг гэсэн судалгаа бий. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын судалгаагаар тус улсад 2.7 сая охин хүний наймааны хохирогч болж буй аж.
Чоу Китийн нэрэмжит сангийн судлаач, доктор Хартин Зайнудины хэлснээр хүүхэд байхаасаа бэлгийн мөлжлөгт өртөж, биеэ үнэлэлт амьдралынх нь хэвшил болж өсөж торнисон охидын дийлэнх нь эрх чөлөөтэй болсон хойноо ч энэ замаасаа гарч чаддаггүй гэнэ.
Тэд бусад хүүхдийн адил өрөвдүүлж хайрлуулах, аав ээжийн хайр халамж гэж юу байдгийг үзэлгүй өсдөг. Ийм эмэгтэйчүүд эрх чөлөөтэй болж чадсан ч үлдсэн амьдрал нь гэрэл гэгээгүй болж хувирна. Тэд бол секс хүүхэлдэй.
Тэдний ирээдүйг жаахан хүүхэд байхад нь гэмт хэргийн бүлэглэлүүд хулгайлж орхисон. Цөөнгүй нь азтай тохиолдлоор эрх чөлөөтэй болсон ч хэвийн амьдралд дасаж чадалгүй амиа хорлохыг оролддог аж.
Зарим тохиолдолд бэлгийн мөлжлөгт өртөж байгаа охид бүсгүйчүүдийг нэг улсаас нөгөө рүү хил дамнуулан биеийг нь үнэлүүлэх тохиолдол байдаг. Боссууд нь тэднийг эрэгтэйчүүдийн шорон, хууль бусаар баяжсан нууцлаг баячуудын тансаг харш гээд хаа сайгүй зөөвөрлөх нь ч бий.
Тээвэрлэх явцад азтай бөгөөд сэргэлэн охид оргодог ч ихэнх нь зугатаж чадалгүй баригддаг. Баригдсан охидыг шийтгэн эрэмдэг болтол нь зодож, тамлаж, амийг нь хөнөөсөн тохиолдол ч нэг бус аж.
Багаасаа бэлгийн мөлжлөгт өртсөн охид том болоод өөрийг нь хянадаг боссын хараа хяналтаас гарч бие даан биеэ үнэлж яваад гэр бүлтэй болж, эрх чөлөөт амьдралд шилжсэн тохиолдол мэр сэр бий.
Ингэж эрх чөлөөтэй болсон эмэгтэй төрүүлсэн хүүхдээ тээршааж, хүний наймаачдад худалдсан тохиолдол хүртэл гарчээ. Ингэснээр удам дамжсан биеэ үнэлэгчид бий болж байгаа юм. Малайз, Тайландад эмэгтэйчүүдийг бага насны хүүхэдтэй нь хамт худалдах буюу хулгайлах нь элбэг.
Хүүхэд нь эмэгтэй байвал гэмт хэргийн бүлэглэлийнхэнд тун таатай боломж. Үүнтэй адил хүний наймаанд өртсөн эмэгтэйгээс төрсөн хүүхдийг эрэгтэй бол гадаад руу өөр наймаачдад зардаг. Эмэгтэй бол том болохоор нь биеийг нь үнэлүүлэх зорилгоор ашиглах тохиолдол олон.
Зүүн Өмнөд Азийн хүний наймаа, хүүхдийн хулгайн 75-80 хувийг эмэгтэйчүүдийн наймаа болон хулгай эзэлдэг. Худалдагдсан охидын цөөхнийг нь тариалангийн талбай дээр ажиллуулах, хүүхэдгүй хосуудад зарагдах зэрэг азтай ч гэмээр хувь тавилан хүлээдэг бол ихэнхийг нь секс боол болох гунигт хувь тавилан угтана.
Гэмт хэрэгтнүүдийн дунд “Эмэгтэй хүүхэд 13 нас хүрсэн л бол секс боол болгон ашиглаж болно” гэсэн яриа хүртэл байдаг. Өөр нэг ноцтой асуудал нь хүний наймааны хохирогч болсон охидын цөөнгүй хувийг хар тамхинд хүчээр оруулдаг явдал. Тэд зовлон гунигаа мартахын тулд сайн дураараа хар тамхи хэрэглэх тохиолдол ч цөөнгүй.
Зүүн Өмнөд Азид бага насны хүүхдүүдийг, ялангуяа эрэгтэй хүүхдийг хүний наймаанаас гадна хар ажилд ашиглах зорилгоор хулгайлдаг. Мафийнхан зөвхөн Малайз, Тайланд, Филиппин, Камбожоор тогтохгүй Хятад, Вьетнам, Узебкстанаас хүртэл насанд хүрээгүй хүүхдүүд хулгайлна.
Тэднийг ядуу мужуудын тариалангийн талбайд ажиллуулдаг аж. Золгүй охид, хөвгүүд өглөөнөөс орой болтол будаа хураах, улаан лооль түүх, байцаа зулгаах зэрэг хар бор ажил хийж, аяга цагаан будаагаар өл залгуулж, өдөр хоногийг өнгөрүүлнэ.
Секс боолуудаас ялгаатай нь тэдэнд оргож зугатах боломж бараг гарахгүй. Хууль бус хөдөлмөр эрхлүүлдэг тариалангийн талбайнууд чанд хатуу харуул хамгаалалттайн зэрэгцээ алс буйд нутаг тул оргосон ч төрөлх гэрээ олж үл чадна.
Ийм хувь тавилантай хүүхдүүд насанд хүрсэн хойноо нэгэнт очих газаргүй тул энэ газартаа үүрд үлдэж, аяга цагаан будааны төлөө насаараа хөдөлмөрлөдөг нь хамгийн эмгэнэлтэй. Хулгайлагдсан хүүхдүүдийг бөөнөөр нь ажиллуулдаг өөр нэг газар бол Тайландын загасны аж ахуйнууд.
Ази тивийг загасаар хангадаг Тайландын загасны аж ахуй эрт үеэс өнөөдрийг хүртэл гар аргаар загас олборлож буй. Энэ хүнд хүчир ажлыг хулгайлагдах буюу зарагдаж ирсэн бага насны хүүхдүүд гүйцэтгэдэг.
Тэднийг мөн л өдрийн аяга будаагаар ажиллуулах бөгөөд өдөржин далайн эрэгт завин дээр өнждөгөөс болж тэдгээр хүүхдийн зарим нь далайн бам өвчтэй болдог нь харамсалтай.
Олон улсын зүгээс Малайз, Тайландын эрх баригчдад улс оронд нь газар авсан хүүхдийн хулгайтай тэмцэхийг удаа дараа анхааруулж, шаардсаар иржээ. Үр дүнд нь сүүлийн жилүүдэд эдгээр улсын эрх баригчид хүүхдийн хулгай, хүний наймаатай эрчимтэй тэмцэж буй юм.
Тус хоёр улсын эрх баригчид юуны өмнө хүн хулгайлах болон хүчээр биеийг нь үнэлүүлэхийн эсрэг хуульдаа гар хүрч, гэмт хэрэгтнүүдэд оноох ял шийтгэлийг чангатгасан байна. Тайландад Боолчлолын эсрэг хуулийг 1951 онд баталсан бол Малайзад үүнээс арай хожуу уг хуулийг хэрэгжүүлж эхэлжээ.
2015 онд Тайландын цагдаа секс гэмт хэргийн 100 гаруй тохиолдлыг илрүүлэн шалгаж байгааг Өрнөдийн хүний эрхийг хамгаалагч байгууллагууд чамлалттай тоо хэмээн голжээ.
Харин Малайзын эрх баригчид хүний наймаатай хийх тэмцэлд эртнээс хөшүүн хойрго хандсан хэмээн шүүмжлүүлсээр ирсэн ч тус улсын цагдаа өнгөрөгч онд хүний наймааны 100 орчим гэмт хэргийн мөрөөр орсон байна.
Судалгаагаар 2014 оноос хойш эдгээр улсад хүний наймааны гэмт хэрэг бага боловч буурсан гэсэн тооцоо гарчээ. Энэ хоёр улсын эрх баригчдаас Тайландынхыг энэ чиглэлээр илүү идэвх гаргаж ажиллаж байгаа хэмээн хүний эрхийг хамгаалагчид дүгнэжээ.
Хууль хяналтын байгууллагуудын хувьд ч мөн адил Тайландын цагдаа Малайзынхаас илүү идэвхтэй ажилладаг аж.
Яг одоо таныг үүнийг уншиж суух мөчид дээрх орнуудын хаа нэгтэй эхийн хайр, эцгийн халамжаар дутаж, өрөвдөх сэтгэлгүй “хүн араатнуудын” бохир бизнесийн золиос болсон охид, хөвгүүд нулимсаа барьж ядан зовлон шаналалаа тэсвэрлэж буй. Тэд хөөр баяртай мөч, аз жаргалтай инээд гэж юу байдгийг мэдэхгүй.
Хүний эрх, эрх чөлөө, хүүхдийн эрх гэж юуг хэлдгийг сонсоогүй. Учир нь тэдний гэрэлт ирээдүйг хүйтэн цуст гэмт хэрэгтнүүд хулгайлж орхисон юм.
Б.ТҮВШИНБАЯР