СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн, тус сургуулийн багш, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар Шведийн Угсаатны зүйн музейд зочлоод иржээ. Тэнд манай соёлын эд өлгийн олон зүйл хадгалагдаж байгаа аж. Энэ тухай С.Соронзолболдоос тодрууллаа.
-Шведийн Угсаатны зүйн музейд манай улсын эд өлгийн зүйлсийг хадгалж байгааг хэзээ мэдсэн бэ?
-Манай сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газарт ажиллаж байсан Энхнаран энэ тухай бидэнд хэлсэн.
-Тус музейд Монголоос очсон үзмэр ойролцоогоор хэчнээн байна вэ?
-Үзмэрийнх нь 60 гаруй хувь Монголынх гэсэн. Үзмэр үзэхийн тулд урьдчилж зөвшөөрөл авдаг юм билээ. Бид түүнийг нь мэдэхгүй шууд очсон болохоор цөөн хэдийг нь харсан.
Тэдгээрийн дунд нэлээд эртний “Очроор огтлогч” судар байсан. Уйгаржин үсгээр бичсэн уг судрын урт нь нэг метр, 50 орчим сантиметр зузаан, 400-гаад хуудастай. Бидний мэдэхгүй өвөрмөц хийцтэй хуур, ятга, бүрээ байна лээ.
Хэд хэдэн бурхны баримал байсан. Мөн 100 гаруй ардын дуу байна. Манай ястан бүрийн алдартай дуунууд байж магадгүй. Чингис хаан, Хасар зэрэг түүхэн баатрыг магтсан дуу цөөнгүй байгаа.
Дуунуудыг дижитал хэлбэрт шилжүүлж байгаа гэсэн. Бидэнд 66 дуу өгсөн. Ноотолж, үг, аяыг нь боловсруулаад ард түмэндээ удахгүй сонордуулна.
-Үзмэрүүдийг тус улсад хэрхэн аваачсан юм бол?
-1920-иод оны сүүлчээр Шведийн судлаач Свен Хедин, Хеннинг Хаслунд нар ӨМӨЗО болон манай улсаар аялж байхдаа худалдаж авсан юм билээ. Заримыг нь хүмүүс бэлэглэсэн гэсэн.
-Та нараас өмнө манай улсаас судлаачид очсон гэнэ үү?
-Үгүй. Польш улсад докторын зэрэг хамгаалж байгаа нэг өвөрмонгол хүн судалгаа хийж болох талаар лавлаж захидал бичсэн гэсэн. Биднийг судалгаа хийвэл дэмжинэ гэдгээ музейн захирал хэлсэн.
Бид энэ талаар Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд З.Алтайд дуулгасан. Ойрын хугацаанд судалгаа хийх төсөл боловсруулаад танилцуул гэж байна лээ.
П.ТУНГАЛАГ