Шарлотта Лотхен, ханхүү Николай Павлович хоёр сүй тавьсныг Оросын эзэн хаан I Александр, Пруссийн хаан III Вильгельм нар зарлаж байснаас хойш 200 жил өнгөрчээ. Хоёр залуугийн үүсгэсэн гэр бүл багагүй зовлон туулсан аж. Өрх гэрээ бүрэн бүтэн байлгахын тулд Пруссийн хааны охин Шарлотта үнэн алдартны шашинд орж, Александра Федоровна гэдэг овог нэртэйгээр хатан хааны дүрд тоглохоос аргагүй болсон төдийгүй нөхрийнхөө хатуу гарыг тэвчиж, бүсгүйчүүдтэй байнга орооцолдож явдгийг нь хүлцэхээс өөр замгүй болсон байна.
Шарлотта 1798 онд III Вильгельм, түүний хатан Луиза нарын гэрт мэндэлжээ. Оросын ирээдүйн хатан хааны ээж тухайн үеийнхээ хөөрхөн хүүхнүүдийн нэг байж, Наполеон болон Оросын Александр хааны харцанд өртөж явсан аж. Бие хаа нь хүүхний шинж орж байсан Шарлоттаг Оросын эзэн хаан эрхэмсэг ноён Николай Павловичийн ахтай суулгахаар сүй тавьснаа 1815 оны арваннэгдүгээр сарын эхээр зарлажээ. Энэ хосыг тэр үедээ Европт хамгийн сайхан нь гэж үзэж байлаа. Энэ хэлхээ холбоо юуны урьд Орос-Германы нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэж байсан ч тэдний харилцаа эхнээсээ л гойд элгэмсүү дотно байв.
Оросын хаан Александрын суудлыг Константин нь залгамжилна гэж үзэж байснаас тэд хааны сэнтийд санаархаж байсангүй. 1816 онд нижгэр хурим хийлээ. Шарлотта үнэн алдартны шашинтан болж, эрхэмсэг хатагтай Александра Федоровна гэгдэх болов. Ирээдүйд I Николай хаан болох байсан хүний хатныг ордныхон халуун дотно хүлээн авч, хэцүү ааштайгаараа нэрд гарсан, бэлэвсэн хадам эх Мария Федоровна ч бэрээ дотно хүлээж авчээ.
Василий Андреевич Жуковский Шарлоттад орос хэл заана. Цаашдаа энэ хоёр их дотно нөхөрлөсөн юм. Алдар цуут Александр Сергеевич Пушкин энэ бүсгүйн үзэсгэлэн гоод ихэд автаж шүлгийн мөрүүдээ ч зориулж явжээ. Энэ гэр бүлд анхны хүүхэд нь 1818 онд мэндлэв. Хүүхдээ төрүүлэхээр Александра Федоровна Петербургээс Москвад ирлээ. Ийнхүү эцгийнхээ үйлсийг дуусгаж, хамжлагат ёсыг халсан ирээдүйн II Александр хаан төржээ. I Александр хааныг насан эцэслэсний дараа энэ айлын амьдралын хүнд үе тохиосон байна.
Хаан суудлаа дүү Николайдаа үлдээхээр гэрээслэв. Тийм учраас хаан болж, эцэг шигээ амь эрсдэхээс сүнсээ зайлтал айж байсан Константин хаан суудлаас холдов. Хаан ширээ залгамжлах том хүү Варшаваас Петербургэд буцаж ирэхээс татгалзсан нь Орос орны байдал “булингартай” байснаас үүдэлтэй байв.
1825 оны арванхоёрдугаар сарын 14-нд Сенатын талбай дээр декабристуудын бослого дэгдлээ. Николай, Александра Федоровна хоёрт тохиосон хамгийн аймшигтай өдрийн нэг энэ байв. Эзэн хааны титэм төдийгүй амь нас нь ч сүйдэж болохыг тэд ухаарч байжээ. Хатны мэдрэлд согог сууж, нүүр ам нь татвалздаг болов. Николай ч энэ бослогоос хойш зан ааш нь хувирч, зөрүүд, харгис догшин болж, улмаар хатнаасаа хөндийрч эхэлсэн байна. Түүхчдийн дурсамжаас үзвэл декабристуудыг өршөөхийг нөхрөөсөө хүссэн ч Николай эрс татгалзаж, энэ хүмүүс хүүхдүүдийг нь хороох гэж байсныг хатандаа сануулжээ.
1828 онд Николай, Александра Федоровна хоёр Берлинд очив. Хатны 30 насны ойг энд тэмдэглэлээ. “Цагаан сарнай” гэж нэрлэсэн нүсэр баяр европчуудын сэтгэлд үлдсэн байна. Александра Федоровнаг ийн нэрлэжээ. Олныг хамарсан багт наадам 1930-аад онд газар авч байв. Дээд зиндааныхан ийм юман дээр өөрийгөө илүү чөлөөтэй байлгаж, хайр сэтгэлийн элдэв явдал ч үүсгэдэг байлаа. Олон хүүхэд төрүүлсэн нь Александра Федоровнагийн эрүүл мэндийг элээж хороож байжээ. 1932 онд эмч нар түүнийг энгэр зөрүүлэхийг хориглосноос I Николай хаан ч хатандаа ойртохгүй байхыг хичээх болж.
Байн байн болдог наадам цэнгээний үеэр хаан эмэгтэй хүнтэй учрахгүй өнгөрөх нь ховор болжээ. Үүнийгээ хатнаасаа нуух хэрнээ Александра Федоровнагийн үнэнч, эсэхийг сүрхий тандана. Түүгээр ч барахгүй албан ёсны арга хэмжээний үеэр хатантайгаа бүжиглэх хүмүүсийн нэрсийг тэрбээр өөрөө баталдаг байв. Тэгэхдээ нэг хүний нэрийг тухайн жилдээ нэгээс илүү удаа үл оруулна. Александр Трубецкой ванг хатан хаан шохоорхох янзтай болж байсныг хаан тэр дор нь тасалж нөгөө ванг нь хилийн чанад руу илгээж орхисон байна.
Ордныхоо охид хүүхнүүдэд ихээхэн анхаарал хандуулах болсон I Николай эцэгтэй нь дотно явсан эмэгтэйн төрөл садангийн Варвара Нелидова гэдэг бүсгүйд эрхгүй татагдав. Гэтэл тэр эмэгтэй нь Александра Федоровнагийн ойрын шадар байсан юмсанж. Нөхөр нь өөрчлөгдөөд байгааг эмэгтэй хүн анзаарахгүй байна гэж яаж байх вэ дээ, хатан нь үймээн шуугиан дэгдээж гарах нь тэр. 1845 онд Александра Федоровна Италийг зорихдоо Варвара Нелидоваг дагуулаад явжээ. I Николай хаан хоёр долоо хоноод тэсэлгүй тэдний араас явав. Тэд бий болсон байдлыг Неапол хотноо илэн далангүй ярилцаж, бүх асуудлыг цайруулаад Петербургэд гурвуул буцаж ирлээ.
1853 онд Крымийн дайн эхэллээ. Англи-Францын десантыг Петербургийн ойролцоо буулгах талаар идэвхтэй ярилцах болов. Холбоотнууд нь урвасан нь хааны сэтгэлийг айхтар шархдуулж, улмаар салхинд цохиулснаас I Николай 1855 оны гуравдугаар сарын 2-нд өвчний улмаас тэнгэрт халив. Сүүлийн өдрүүдэд түүний орны дэргэд Александра Федоровна л сууж байлаа. Энэ эмгэнэлт явдлын үед Варваря Нелидова хааны унтлагын өрөөнд тун ойрхон байсан ч ёс зүйг баримтлан түүнийг ойртуулахгүй байжээ.
Эзэн хаан нууц амрагтаа 200 мянган рубль үлдээсэн байв. Нелидова түүнийг буяны өргөлд зориулж өөрөө гар хоосон үлджээ. Ийм үед Александра Федоровна өрсөлдөгчөө уучилж, түүнийг ордондоо ажилд оруулсан байна. I Николай хааныхаа дурсгалыг хүндэтгэж, энэ хоёр эмэгтэй өөд болтлоо сайн нөхөд явсан гэдэг. Гайхалтай байгаа биз.
Петербургийн чийглэг уур амьсгал эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлснөөс болж, хатан хаан үлдсэн амьдралаа хилийн чанадад өнгөрүүлжээ. Тэрбээр 1860 оны аравдугаар сарын 20-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Варвара Нелидова түүнээс хойш 37 жил амьдраад найз бүсгүйнхээ гуч хүүг Оросын сүүлчийн эзэн хааны ширээнд залрахыг үзээд амьсгал хураасан аж.
Р.ЖАРГАЛАНТ