Ор, сандалгүй, будаг нь халцарсан, дээвэр нь шарласан жижиг өрөөнд ээжүүд хүүхдээ хөхүүлэх цагаа хүлээн сууна. Харин нөгөө талд 6-7 хүүхэд нэг сувилагчид ногдож, гуравхан эмч 20 гаруй хүүхдийн дунд гүйнэ. Энэ бол өнөөгийн ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн нүүр царай.
Улс орон даяар Улаанбурхан өвчний тархалт гамшгийн хэмжээнд хүрч, зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд 15540 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр тусч, 61 хүн нас барснаас 59 нь 0-5 насны бага насны хүүхдүүд байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд зөвхөн дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө ХӨСҮТ-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гурван хүүхэд нас барлаа хэмээн тус төвд хүүхэд нь хэвтэж эмчлүүлж байгаа эцэг эхчүүд хэлж байгаа аж. Үүнээс гадна “Mommy Central” буюу ээжүүдийн фэйсбүүк группт ээжүүд ой хүрээгүй бяцхан үрсээ улаанбурхан өвчний улмаас алдаж байгаагаа бичсээр байна.
ЭМСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын хэлснээр 2016 он гарсаар Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 16270 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор тус өвчний халдвар тархсан энэ үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь энддэг гэсэн судалгаа байдаг аж. Мөн тэрээр энэ он гарсаар ХӨСҮТ-д Улаанбурханаар өвчилсөн 13515 хүнийг эмчлээд байгаа бөгөөд үүнээс 1431 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлээд байгаа талаар мэдэгдлээ.
Тодруулбал, улаанбурхан өвчнөөр 59 хүүхэд энджээ. Нас баралтын 50 орчим хувь нь хөдөө орон нутгийнх байсан бөгөөд эндсэн хүүхдүүдийн дийлэнх нь 0-8 сартай буюу вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд байгаа аж. Мөн нийт эндсэн хүүхдүүдийн 70 орчим хувь нь архаг суурь өвчтэй болон хавсарсан /тураал, бронхит, цус багадалт, рахит, төрөлхийн дархлаа муу/ өвчтэй байжээ. Энэ талаар ХӨСҮТ-ын Яаралтай тусламжийн их эмч Д.Нямлхагвааас тодрууллаа.
-ХӨСҮТ-д яг одоогийн байдлаар хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа вэ?
-Энэ сарын 15-ны өдрийн хамгийн сүүлийн мэдээгээр улаанбурхан өвчний оноштой 341 хүн хэвтэн эмчлүүлж байна.
-Голдуу ямар шинж тэмдэг илэрч байна вэ. Өрх, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд оношилж чадахгүй, өвчний байдлыг хүндрүүлж, сэхээнд ороход хүргэж байна хэмээн эмчлүүлж байгаа эцэг эхчүүд мэдээлж байна. Энэ хэр үнэний хувьтай вэ?
-Ихэвчлэн 9 сар хүртэлх хүүхдүүд урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаж чадалгүй халдвар тээж байна. Гол илэрдэг зовиур гэвэл өндөр хэмээр халуурна. 3-5 хоног халуурч байгаад биеэр тууралт гарна. Хүүхдүүдийн биеийн онцлогоос шалтгаалан огт халуурахгүй хэрнээ гэнэт тууралт гарах тохиолдол ч бий. Тууралттайгаа зэрэгцээд нүд нуухтах, улайх, нулимс гоожих, нус гоожих, хуурай ханиалгах зэрэг зовиур илэрнэ. Зарим нь их хэмжээний шингэн алдана. Хүндэрсэн тохиолдолд шээс нь ховорддог. Халуурч, тууралт гарахаас өмнөх үед эцэг эхчүүд их төөрөлддөг. Өрх, дүүргийн нэгдсэн эмнэлгээр ханиад хүрчлээ, хоолой нь өвдчихлөө гээд гэрээр эмчилгээ аваад бүр хүндрүүлчихдэг. Тэрнээс биш улаанбурхнаар өвчилсөн хүүхэд бүр хүндэрч байгаа хэрэг биш.
-Хоёрхон жилийн өмнө манайх Улаанбурхангүй боллоо хэмээн зарлаж байсан. Гэтэл ямар шалтгаанаар дахин дэгдсэн юм бэ?
-Халдварт өвчин бүрт дэгдэлтийн үе гэж бий. 10-12 жил тутамд дэгдэж, буурдаг циклтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн улсад ямар нэгэн халдварт өвчин гаралгүй 8-12 жил болоход тухайн өвчний халдваргүй орон боллоо гэсэн батламж олгодог. Тэрнээс биш манайх улаанбурхан өвчний голомтыг бүрэн устгасан хэрэг биш.
-Хүүхдэд 9 сараас эхлэн урьдчилан сэргийлэх вакциныг хийдэг. Үүнээс өмнө хийх боломж байхгүй юу. Нярайн биед ямар нөлөө үзүүлэх вэ?
-Өнгөрсөн жил улаанбурхны дэгдэлт эхэлсэнтэй холбоотойгоор 6 сартайгаас хойш бүх хүүхдүүдэд хийж тархалтыг бууруулж байсан.
-Тэгвэл энэ жил яагаад тийм арга хэмжээ авч болоогүй юм бэ?
-Бодлого тодорхойлогч нар тэгэх шаардлагагүй гэж үзсэн байх. Нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна.
-Урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдчихаад байхад яагаад дахин тусаад байгаа юм бол?
-2 тохиолдол бий. Нэгдүгээрт, 9 сартайдаа вакцин хийлгэхэд 21-28 хоногийн дараа дархлаа тогтдог. Харин дархлаа тогтож амжаагүй байхад халдвар тээж буй хүнтэй харьцсан тохиолдолд тусах өндөр магадлалтай. Хоёрдугаарт, вакцин хүүхдийн биеийн онцлогоос хамаарч 100 хувь хамгаалж чадахгүй тохиолдол байна.Заавал хоёр удаа хийлгэж байж бүрэн хамгаалах чадвар суудаг гэсэн үг.
-Вакцинаас гадна өөр ямар урьдчилан сэргийлэх ажлуудыг хийсэн бэ?
-Одоохондоо вакцинаас өөр 100 хувь хамгаалдаг арга байхгүй. Эмч бүр эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийг өгч байгаа боловч эцэг эхчүүд хэтэрхий хайхрамжгүй хандаж байна. Олон хүн цугласан газар хүүхдүүдээ авч явж, амны хаалт огт хэрэглэхгүй юм.

Үүний дараа ХӨСҮТ-ын Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эх байрлаж байгаа 9 дүгээр тасгийг зорьсон юм. Тэнд ороход ээжүүд хүүхдийнхээ хооллох цагийг хүлээн сууж байсан бөгөөд цөөн хором ярилцаж чадлаа.
Ээж А.Уянга - “Танай хүүхэд хүн гэж хэлэхээргүй шингэнтэй ирсэн шүү” гэж эмч хэлсэн
-Хүүхэд тань хэдэн сартай вэ. ХӨСҮТ-д эмчлүүлэхээр ирээд хэд хонож байна вэ?
-Хүүхэд маань таван сартай. Вакцинаа хийлгэж чадаагүй. ХӨСҮТ-д эмчлүүлэхээр ирээд найм хонож байна.
-Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Ирсэнээс хойш хүүхдийн минь бие нэг удаа огцом муудсан. Тэгээд амьсгалын аппарат залгаад 4-5 хоносны дараа аппаратнаасаа гарсан. Одоо эмч нар биеийн байдал тогтвортой байна гэж үзэж байгаа гэсэн. Анх хатгаа туссан гээд Зүүн хараагаас ирж ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан ч тэндээ хоёр хоног шингэн алдаад, сэхээнд орж байсан.
-Анх ямар шинж тэмдэг илэрсэн бэ?
-Миний хүүхдийг хүнд хэлбэрийн ханиад туссан байна гээд ЭХЭМҮТ зогсолтгүй эм тариа хийсний дүнд бүтэн хоёр өдөр шингэн алдаад, бүх эрдэс бодисоо баасаараа гаргачихсан байсан. Үүнээс болоод гар хөл нь бүгд хөрөөд, дархлаа нь 0 хувь болтол нь уначихаад байхад эмч, сувилагч нар нь юу ч хийлгүй, гараа хумхиад суугаад байсан. Сэхээн амьдруулах тасгийн эмч нь “Танай хүүхэд хүн гэж хэлэхээргүй шингэнтэй ирсэн шүү” гэж хэлсэн. Ийм болгочихоод хүүхдийг буцаад амьсгалын тасаг руу нь оруулаад, улаанбурхны нян тээлгээд явуулчихаж байгаа юм. Шингэнээ бүрэн алдчихсан, уургийн дутагдалтай, цус багадалттай, хоёр уушгиндаа хатгаатай хүүхэд ХӨСҮТ-д ирээд яаж тэсэх юм бэ. Тэгээд уушиг нь муудаад, амьсгалын аппаратанд орсны дараа нөгөө дархлаа дэмжих үнэтэй тариаг нь 5 удаа тариулсан.
-Ямар тариа юм бэ?
-Солонгосын Эмона Глобулин гэдэг тариа байдаг. Бид нар бүх эмнэлгийн аптекуудаар хайж үзсэн ч олоогүй. Зөвхөн Эм импексийнхэн оруулж ирдэг юм билээ. Хэсэг хугацаанд тасраад, өчигдрөөс дахин оруулж ирж байгаа гэсэн ч гааль дээр гацсан сурагтай байна. Тэгээд дам хүнээс 290 мянга, 280 мянга, 330 мянган төгрөгөөр худалдаж авсан. Уг нь Эм импексийнхэн 181.500 төгрөг, Солонгостоо 30 мянган вонноор худалдаалагддаг гэсэн.
-Сэхээний тасагт амьсгалын аппарат хүрэлцэхгүй байгаа гэсэн?
-ХӨСҮТ-д ердөө гуравхан амьсгалын аппарат байдаг. Дээрээс нь зүрхний цохилт, амьсгалыг нь хэмждэг аппаратууд нь маш муу. 90-ээд оны Пентиум-4 компьютер шиг ажиллахаасаа ажиллахгүй нь их. Эмч нар нь аргаа бараад чагнуур эсвэл жижиг аппаратаар үздэг гэсэн. Улсын хэмжээний Халдварт өвчин судлалын үндэсний төв гэчихээд нурж унах гэж байгаа балгас шиг байртай, дээвэр нь шарласан, ханын шохой нь хууларч унасан, хаалга үүд нь гацсан байдалтай байна. Ийм газар ажиллаж байгаа эмч, сувилагч нар нь чадахаараа хичээж ажиллаж байгаа боловч хүрэлцээ хэтэрхий муу байна. 7-8 хүүхдэд 1 сувилагч ногдож, 20 гаруй хүүхдийг 3-хан эмч үзэж байна гэхээр ямар байх нь ойлгомжтой биз дээ.
Ээж У.М- Өдөр бүр 2-3 хүүхэд эндэж байна
-Энд ирээд долоо хоног болж байна. Анх ирэхдээ энгийн тасагт хэвтэж, эмчлүүлж байсан ч гурав хоногийн өмнө эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн. Эх нялхаст хэвтэж байгаад энд ирсэн. Ер нь энд байгаа бүх хүүхдүүд Эх нялхасаас халдвар тээж ирсэн юм шиг байна лээ. Зөв оношилж чадахгүй байж хэрэгтэй хэрэггүй эм тариа тарьж, хүүхдийн дархлааг бууруулж хаячихаад бид эмчилж чадахгүй юм байна гээд ХӨСҮТ рүү шилжүүлчихдэг юм билээ.
Шинж тэмдгийн хувьд гэнэт өндөр хэмээр халуураад л, биен дээгүүр нь жижиг тууралтууд гараад эхэлсэн. Энд голомт дээр нь байхгүй байгаа хүмүүс энд юу болж байгааг мэдэхгүй. Миний хүүхэд эрчимт эмчилгээний тасаг руу шилжээгүй байсан бол би ч бас мэдэхгүй л өнгөрөх байсан. Өдөр бүр 2-3 хүүхэд эндэж байна. Тэд нар дандаа вакциндаа хамрагдаж чадаагүй дандаа 0-9 сартай хүүхдүүд. Ярихаас ч сэтгэл өвдмөөр. Хамтдаа хүүхдүүдээ хөхүүлэх цагаа хүлээж сууж байсан ээж хэдхэн цагийн дараа хүүхдийнхээ цогцсыг тэврээд гараад ирэх шиг аймшигтай зүйл байдаггүй юм билээ. Саяхан нэг ээж хүүхдийнхээ хэвтэж байсан орон дээр очиж хэвтээд “Би явмааргүй байна шүү дээ” гээд уйлж байсан. Өдөр хоногийг иймэрхүү байдалтай л өнгөрөөж байна. Хүний хүүхэд ингээд явчихаж байгаа юм чинь миний хүүхэд ч бас явчихаж магадгүй гэж бодохоор л унтаж чадахгүй юм. Тэр үнэтэй дархлаа дэмжих тариа гэгчийг нь авч тариулах гэхээр арай болоогүй байна гээд тариулахгүй юм. Заавал эмчилгээнийхээ эцсийн шатанд оруулж байж тариулах шаардлага байгаа юм уу? Гайгүй байгаа дээр нь тэр тариаг нь олоод тарьчихаж болдоггүй юм болов уу. Олдлоо гэхэд зах зээлийнхээ үнээс 3-4 дахин их үнээр олдож байсан. Төр засаг биднийг хайхрахгүй байна.
Өнөөдөр бодит байдал иймэрхүү байна. Сайдгүй олон сар явсан Эрүүл мэндийн салбар дампуурч, ард иргэд нь олноороо өвчилж, эмч, эмнэлгийн ажилтнууд толгой өндийх завгүй ажиллаж байна. Яам нь эзэнгүй ч бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд нь байж шуурхай нөхцөл байдалд ялангуяа багачуудын амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд улс орон даяар анхаарлаа хандуулж онцгой арга хэмжээ авах цаг болсныг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн гадаа хүүхдийнхээ бүлээн сүүг барин зогсож байгаа ЭЦЭГ, хүүхдээ хөхүүлэх цагийг тэсэн ядаж хүлээж суугаа ЭХ, амьдрахын төлөө амь тэмцэн цохилж буй БЯЦХАН ЗҮРХ сануулж буй.
Г.ЖАРГАЛМАА