Амьдралын мод булгарч унахаа хүрвэл амархан. Гагцхүү ямар ч хуй салхийг тэсээд гарах сэтгэлийн тэнхээ, итгэлийн хүч, хүн хүнээ хайрлах ухаан, хайрынхаа өмнө хүлээх хариуцлага энэ бүхэн цогцолж гэмээнэ амьдралын мод он удаан жил бат бөх оршин байх боломжтойг энэ айлаас мэдэрлээ. Ё.Эрдэнэсүх хэмээх бүсгүй газар дээр ганц хүүтэй. Амьдралынх нь нар болсон хүү Э.Алтансүх нь 27-хон насандаа бөөрний дутагдалд орсныг мэдсэн тэр өдрөөс хойш түүний хувьд тэнгэр бүрхээд, гурван жилийг үджээ. Гэхдээ “нялх” хүү нь амьдралын төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө өдөр бүр ямар их тэвчээр, ухаан зааж буйг хараад эхийн дотор жаахан цэлмэдэг гэнэ. “Ганц хүүгээ эрүүл саруул болгохоос нааш үхэх нь бүү хэл өвдөх ч эрх надад байхгүй” хэмээн тэр хоолой зангируулан ярьж сууна.
Хоногт 200 грамм шингэн юм уух нормтой, өөрийнх нь хэлснээр бөөр орлуулах аппаратнаас “уяатай нохой шиг” мөнхийн хамааралтай амьдарч буйг нь эс тооцвол Э.Алтансүх бидэнтэй адилхан, 30 настай жирийн л нэг залуу. Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан гээд зүгээр суухыг хүсдэггүй, амьдралын хором мөч бүрийн үнэ цэнийг мэддэгээрээ магадгүй биднээс олон талаар давуу ч байж мэдэх юм. Түүнийг юунд ч үл бууж өгөх эрчим хүчээр цэнэглэдэг хамгийн том нар нь түүний хүү Буман-Эрдэнэ. Мөн цэл залуугаараа хорвоогийн эрээн бараантай нүүр тулж, турьхан биедээ ахдам тэвчээрээр амьдралыг даван туулж яваа гэргий Д.Анхжаргал нь.
“Өмнөх амьдралаа одоогийнхтой эргэцүүлээд бодохоор би хоёр амьдарч байгаа юм шиг санагддаг. Сонин юм шүү” гээд даруухан инээмсэглэх энэ залуугийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол.
08.10 цаг. Хотын гудамж, зам талбайг хаврын цас нэвсийтэл дарсан өглөөгүүр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг Э.Алтансүхийнх рүү очиж явахдаа “Энэ цас хамаг ажил баллачих вий дээ. Цаснаас болоод гол баатар маань гэрээсээ ч гарч чадахгүй юм биш байгаа” хэмээн битүүхэн эмээж байлаа. Гэвч би буруу боджээ. Тэр биднийг Б.Сарандаваагийн сүмийн урд машинтайгаа ирчихсэн тосож авав. Тэднийх нэлээд өндөрлөг газарт, хашаа байшинд амьдардаг аж. Хашаандаа хүнсний жижгэвтэр мухлагтай, бас Дундад Ази үүлдрийн хоньч гэгдэх нэг нохойтой юм. Хадам ах нь түүнд хэд хоногийн өмнө энэ нохойг бэлэглэсэн гэнэ. Долоон сартай гэхэд бие хаа томтой, дуу шуу ихтэй, сүр хүчийг үзүүлсэн энэ амьтанд гэрийн эзэн өөрөө үүр барьж өгчээ.

08.40 цаг. Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн ахлах “Алимхан” бүлэгт явдаг А.Буман-Эрдэнэ “албандаа” явахаар ээж, аавтайгаа гарцгаалаа. Ээж нь энэ өдөр биднээс болж ажлаасаа хоцорсон тул хүүг цэцэрлэгт нь хүргэх үүрэг аавд ногджээ. Алтансүхийг аппаратанд орох өдөр хүүг өглөө ээж нь хүргэж өгөөд, орой эмээ нь цэцэрлэгээс нь авдаг гэсэн. А.Буман-Эрдэнэ томоотой, хэрсүү хүүхэд аж. Тэр аавдаа зориулж нас уртасгах тарни уншдаг, бас эмээтэйгээ сүү, цайныхаа дээжийг өргөн залбирдаг гэнэ лээ.
Хүүгээ цэцэрлэгт нь хүргэж ирээд манай хүн худаг руу усанд явах болов. Урд өдөр нь тэд өдөржин эмнэлгээр явж, яаралтай шинжилгээнүүд өгсөн тул орой худаг хаахаас өмнө гэртээ амжиж ирээгүй юм байна. Худаг тэднийхээс 300 орчим метр зайтай. “Ийм ажил хийж болдог юм уу” хэмээн дэмий л санаа зовоод асуутал Э.Алтансүх “Боломжийнхоо хэрээр хөдөлж л байхгүй бол зүрх ачаалал даахгүй болж, хамаг бие хавагнаад эхэлдэг юм билээ. Тэгээд ч бүхнийг ээж, эхнэр хоёрынхоо нуруун дээр үүрүүлэх эвгүй байдаг” гэв.
Гэрийн эзэн хүний боддог л бодол. Ээж нь өнгөрсөн зун шатан дээрээс халтирч унан гар, мөрөө хүнд гэмтээгээд, одоо хүртэл гүйцэд эдгэрээгүй байгаа тул тэгэхээс ч аргагүй.

10.45 цаг. Бөөр орлуулах аппаратанд нэг удаа ороход дөрвөн цаг болдог учраас эмнэлэг рүү хоол бэлдэж авч явдаг юм байна. Эхнэрийнхээ татаж бэлтгэсэн махаар Э.Алтансүх ээжтэйгээ элбэн, 30 минутын дотор дөрвөлжин хуушуур хийчихэв.
Ээж Ё.Эрдэнэсүх нь Архангай аймгийн Өндөр-Улаан суманд нийгмийн халамжийн ажилтан байсан тул хот, аймаг, хөдөөгүүр байнга явдаг, тэр тоолонд хүү нь гэрийнхээ бүх ажлыг амжуулдаг байсан гэнэ. 1995-1996 онд “Халтар царайт” кино монголчуудыг хуйлруулж байхад зусланд гарсан айлуудын хүмүүс орой болохоор тэднийд зурагт үзэхээр ирдэг байж л дээ. Тэр тоолонд үнээ сааж таардаг хүү ичсэндээ “Ээж ээ, хүмүүс ирж байна шүү дээ. Би яах юм бэ” гэж босож ирээд ээждээ байнга зэмлүүлдэг байж. Тэр үнээ саан, цагаан идээгээ боловсруулж, янз бүрийн өнгө, хэлбэр дүрстэй тавгийн ааруул ч төвөггүй хийж сурчээ.
Өндөр-Улаан сум үхэр сүргийнхээ тоогоор улсад олон жил тэргүүлж буй, цагаан идээ боловсруулах арга технологи нь ч гайхагддаг тул ээж, хүү хоёр сүүлдээ бизнесийн санаа болгож, хот, хөдөөгийн хооронд хүн, ачаа тээвэрлэж эхэлсэн байна. Хоёр дээд сургууль дүүргэх хугацаандаа дунд нь чөлөө л гарвал тээвэрт явдаг сэргэлэн, хөдөлгөөнтэй оюутан байжээ, тэр.

Харин 2012 оны арванхоёрдугаар сард амралтаараа хөдөө гэртээ харьж, хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг тэмдэглэчихээд, маргааш нь аймгийн эмнэлэгт үзүүлэхдээ бөөрний архаг дутагдалд орсноо мэдсэн гэнэ. “Бие тавгүйрхэж даараад, амархан ядраад байхад нь эмнэлэгт үзүүлэх тухай бодохгүй яваад л байсан. Хүн ер нь залуу, хөгшин гэлтгүй биеэ хайрлаж гамнах ёстой юм билээ” гэхэд нь “Цаг хугацааг буцааж болдог бол...” хэмээн өмнөөс нь эрхгүй бодов.
11.20 цаг. Хуушуураа хайрч дуусаад, эмнэлэг рүү авч явах юмаа ч зэхэж бэлэн болголоо. 500 граммын саванд буцалсан ус дундуур хийж авав. Өглөөнөөс хойш ажаад байхад Э.Алтансүхийн аяга дүүрэн цайтай байгаад байх юм. Уухгүй байгаа юм уу гэхээр хааяа нэг балгаад байх шиг. Бага юм уух ёстой гээд хориод эхэлбэл ам нь бүр ч их цангаад байх шиг санагддаг учраас аягаа дүүрэн цайтай байлгаж сэтгэлээ засаж буй нь тэр гэнэ.
Эмчилгээнд явахаас нь өмнө мухлагт нь орж, “хэрэгт дурламаар” байгаагаа түүнд хэллээ. Зай талбай багатай, цөөвтөр бараатай ч гэсэн дулаахан, цэвэрхэн, тохилог, бүх зүйл нь эмх цэгцтэй юм. Мөнгөний хайрцагт 1000, 500, 100, 50-тын дэвсгэртийг ангилж хийснийг нь харахад л Э.Алтансүх няхуур нямбай хүн гэдэг нь илт. Хэдийгээр өвчтэй байсан ч ТҮЦ-ийнхээ дотоод заслыг залуу өөрөө гардаж хийсэн гэнэ. Зун, намрын цагт гайгүй орлоготой байдаг мухлаг нь энэ өвөл үйлчлүүлэгч (сургуулийн хүүхдүүд) тун цөөн байжээ.

Тиймээс хоосон лангуу дэмий сахиж суухгүйн тулд гэртээ хонх тавиулсан аж. Тэдний мухлагийн урдхан талд хүүхдийн тоглоомын багашаархан талбай байх юм. Хоёр жилийн өмнө энд ойр хавийн айлууд хогоо хаяж, угаадас асгадаг байсныг болиулж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах санаачилгыг Алтансүх ээжтэйгээ анх гаргаж, хорооны нийгмийн ажилтандаа төсөл хүртэл бичиж өгчээ.
Гэвч тэдний бичиж өгсөн төслийг сүүлд тендер зарлан, нэгэн компаниар дамжуулан хэрэгжүүлэхдээ санасанд нь хүртэл хийгээгүй гэнэ. Сагсан бөмбөгийн самбар нь хүртэл намдчихсан, стандарт бус болсон учраас зунаас өмнө тэр өөрөө дахиж засах бодолтой явна.

12.40 цаг. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирээд, машины зогсоол хайж 20-иод минут болсны эцэст Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хашаанд байрлуулахаар болов. Гемодиализын I тасгийн үүдэнд бөөр орлуулах аппаратанд орохоор ирцгээсэн өдрийн ээлжийн өвчтөнүүд дуу шуу болон уулзацгаах аж. “Хүүе ээ, сайн уу. Сонин сайхан юу байна даа”, “Уржигдар хариад таны бие гайгүй болсон уу. Минийх тэгээд...” гэх нь хэзээний ах дүү, найз нөхөдтэйгөө уулзаж байгаа юм шиг дотно гэж жигтэйхэн.
Бөөр орлуулах аппаратанд орж байхад товчлуур дарсан юм шиг гэнэт өлсөхөөс эхлээд цусны даралт унах, кальци дутагдвал шөрмөс нь айхтар татаж сандаргах, заримдаа учиргүй цангаж, хааяа чихэр идмээр санагдах үе бишгүй гэнэ. Тиймээс зарим овсгоотой хүн нь гэртээ мантуун бууз, пирожки хийж авчраад бусдадаа зардаг бол өөр нэг нь иштэй чихэр худалдах зэргээр тэрүүхэндээ бизнес хийчихдэг гэсэн. Харин манай хүн гэрээсээ тогтмол хоол хийж авчрахын зэрэгцээ цүнхэндээ ганц хоёр чихэр байнга авч явдаг юм билээ.
13.30 цаг. Өглөөний ээлжийн хүмүүсийг аппаратанд ороод гарсны дараа инженер техникийн ажилтнууд тоног төхөөрөмжөө ариутгаж, угсарч залгахад багагүй цаг ордог аж. Энэ хооронд хувцсаа сольж, жингээ үзүүлж амжсан өвчтөнүүд тус тусынх нь нэрийг бичиж өлгөсөн орон дээр очицгоов. Э.Алтансүх энэ өдөр 65.2 кг жинтэй байсан бөгөөд “Дөрвөн кг хасна” гэж тэмдэглүүлэхээр нь нэг л итгэж өгөхгүй гайхлаа.
Дөрвөн цагийн дотор дөрвөн кг юм гадагшлуулна гэхээр хүний биеийн анатомид ямар их өөрчлөлт гарах нь ойлгомжтой. Түүний эхнэр “Манай хүн зарим өдөр аппаратанд ороод ирэхээрээ их баяр баясгалантай болчихдог. Хааяа уцаартай болчихоод ирнэ. Заримдаа дуулсаар орж ирдэг” гэсэн нь ийм учиртай байж.

Э.Алтансүхийг хүлээх зуураа Улсын I төв эмнэлгийн Гемодиализын тасгийн их эмч М.Бөхчулуунтай уулзлаа. Эднийд өдгөө 172 өвчтөн 29 аппаратанд гурван ээлжээр ордог бөгөөд тэднээс 116 нь долоо хоногт гурван удаа бөөр орлуулах эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай аж. Одоо ашиглаж буй 29 аппаратных нь 70-80 хувийг шинэчлэх шаардлагатай гэхээр Монголд энэ өвчний тархалт ямар их, эмчилгээний асуудал нь хэр байгааг бэлхнээ харуулна. “Бөөрний дутагдалд орсноо мэдээд эрэгтэйчүүд сэтгэлээр унаж, дорхноо бие нь мууддаг. Харин эмэгтэйчүүд өөр. Тэднийг сэтгэлээр унахад хүргэдэг зүйл нь өвчин биш, ихэнхдээ гэр бүлийнхэн нь байдаг. Эхнэрээ, найз охиноо бөөрний дутагдалд орсныг мэдэнгүүтээ хаяад явдаг эрчүүд ч олон бий. Тиймээс энэ өвчтөнүүдэд, ар гэрийнхэнд нь сэтгэлийн дэм өгөх сэтгэлзүйч, нийгмийн ажилтан манайд зайлшгүй хэрэгтэй. Олон улсын жишигт ч тийм байдаг” хэмээн тэрбээр ярилаа.
Манай нийтлэлийн баатрын хувьд хоол унд, хөдөлгөөн, амралтаа зохицуулж, биеэ харьцангуй танагтай авч яваад байгаа учраас оны өмнөхөн эмч нар нь түүнд учирлаж хэлснээр долоо хоногт хоёр удаа аппаратанд ордог болжээ. Зүй нь бол 24 цагийн турш ажиллах ёстой бөөрийг долоо хоногт 12 цаг ажиллуулж байгаад найман цаг болгох нь Э.Алтансүхийн биед сөрөг нөлөөтэй ч өөрөөс нь хүнд өвчтэй хүмүүст цагаа “бэлэглэхээс” татгалзах аргагүйг тэр сайн мэднэ.
Хоёр жилийн өмнө Өмнөд Солонгост бөөр солиулах хагалгаанд орох гэж яваад, гурван сар болохдоо үүнийг яс махандаа тултал ухаарчээ. Мөнгөгүй л бол дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэсэн зарчим үйлчилдэг хүний нутагт сүүлийн нэг сар нь долоо хоногт ганц удаа аппаратанд ордог болоход хордлого нь нэмэгдсээр Монголд ирээд шууд сэхээнд орсон юм билээ.
17.40 цаг. Э.Алтансүх аппаратны өрөөнөөс гарч ирлээ. Жин нь 61.1 кг болсон гэнэ. Бүтэн дөрвөн кг хасагдчихаад байхад гаднаас нь харахад мэдэгдэх юм юу ч алга. Харин нэлээд ядарсан шинжтэй байлаа. Хувцас солих өрөөнөөс гарч ирэхийг нь хүлээх зуураа “Нөгөө яриад байсан шиг нь учиргүй дуулаад ч юм уу, уйлаад, эсвэл инээгээд унавал яана” гэж бас болгоомжиллоо. Тэгсэн ямар нэгэн ноцтой өөрчлөлт мэдэгдсэнгүй. Манай хүн авчирсан зургаан хуушуурынхаа гурвыг аппаратанд орж байхдаа, үлдсэнийг нь гарч ирээд идсэн гэнэ.
Усаа ч бараг дуусгасан тул очоод шингэн юм уухгүй байхыг хичээх ёстой болжээ. Цангасан үед нэг суурин дээр хоёр, гурван аяга цай хөнтөрчихдөг бидний хувьд өдөрт 200 грамм шингэн уух норм арай л чанга сонсогдсон. Гэвч өвдөхгүй байхын тулд, гол нь амьд явахын төлөө энэ байтугайг тэсэх хэрэгтэй гэдгийг ухаарсан хүмүүсийн хувьд тийм биш аж.
Ингээд эхнэрээ ажлаас нь авахаар Зуун айлыг зорих замд нь бид БНСУ руу эмчилгээнд явсан тухай нь хөөрөлдлөө. Э.Алтансүхийн ээжийн талынхан их олуулаа боловч түүнийх шиг нэгдүгээр бүлгийн цустай хүн тэдэн дунд байгаагүй гэнэ. Гэхдээ өөр бүлгийн цустай ч эд, эсийн нийцлийн шинжилгээгээр бөөр нь тохирох магадлалтай эсэхийг шинжлэх, тийм байлаа гэхэд хагалгаа хийх боломж Солонгост л байжээ. Тиймээс нэг нагац ах нь түүнд бөөрөө өгөхөөр тус улсад очсон ч Э.Алтансүхийн шинжилгээнд антибоди буюу гаднын биетийг эсэргүүцэх чадварынх нь үзүүлэлт хэт өндөр гараад байсан тул эхний донорын оролдлого бүтэлгүйтсэн байна.
Антибоди нь 1000 гаруй үзүүлэлттэй гарсан өвчтөнтэй анх удаа таарсан солонгос эмч нар цус тохируулах аппаратны эмчилгээнд түүнийг 30 гаруй удаа оруулж, эцэст нь хүний биеийн дархлааг дэмжиж байдаг эрхтэн болох дэлүүг нь авсан ч хагалгаа хийхэд тохиромжтой үе буюу 18 руу ойртуулж чадаагүй гэдэг. Нэг удаа ороход сая орчим төгрөг зарцуулдаг цус тохируулах аппаратны эмчилгээнд жирийн хүн бол таван удаа ороход л гаднын биетийг эсэргүүцэх чадвар нь илт буурдаг юм байна. Гэтэл манай хүнийх буудаггүй.
Ямар сайндаа л эмч нар нь түүнийг “Бөөр нь өвдөөгүй бол чулуу шиг биетэй болох шахжээ” хэмээн цаашлуулж байх вэ дээ. Антибоди нь буурахыг хүлээн, түүнийг эмнэлэгт байх зуур энд эхнэр, хамаатан садангууд нь дахин донорын эрэлд гарчээ. Азаар холын садангийнх нь нэг залуугийн бөөр тохирно гэсэн оноштойгоор Солонгост очсон ч тэндхийн шинжилгээгээр өнөөх нь элэгний уйланхайтай гарснаар найдвар тасарч, мөнгө нь дуусаж, эх орондоо ирэхээс аргагүй болов.
“Хүний нутагт зөвхөн эмчилгээ, шинжилгээ, ор хоногийн мөнгөнд гэхэд л 80 гаруй сая төгрөг зарцуулсан. Зүв зүгээр байсан дэлүүг минь мэс засал хийж авчихаад эцэст нь эмчилгээний төлбөр дээр арав орчим сая төгрөг нэмээд биччихсэн байсан. Гэтэл зорьж очсон хагалгаандаа ч орж чадалгүй харих гэж байгаа хэрнээ би баярласан. Монголд намайг эхнэр, хүү, элгэн садан, эх нутгийнхан минь хүлээж байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй яардаг юм билээ” гээд тэр уртаар санаа алдав.

18.35 цаг. “За, яав. Бие нь гайгүй биз дээ” гэсээр эхнэр нь машинд орж ирлээ. Ханийнхаа ядрангуй царайг хараад машинаа тэр жолоодохоор болов. Э.Алтансүх өвдөхгүй байгаад, хааяа бас хүүтэйгээ хамт ингээд ажлаас тосоход нь бүсгүй эгэл амьдралын аз жаргалыг мэдэрдэг гэсэн. Д.Анхжаргалыг би сүүлийн гурван жилийн турш байнгын “онц байдалд” ажиллаж, амьдарч буй бүсгүй юм уу даа гэж бодсон. “Ямар нэгэн юм болохоо байлаа” гэвэл хаана ч, хэзээ ч бэлэн байх ёстой онцгой байдлын аврагч шиг түүний амьдралыг ажлын газрынхан нь ихэд ойлгож дэмждэг гэнэ.
Гэрт нь ирэхэд эмээ, ач хүү хоёр халуу дүүгчихсэн, цай, хоол болсоор угтлаа. “Манайх л өвчтэй хүнтэй айл гээд урвайж унжийгаад байхыг хүсдэггүй. Хамгийн гол нь хүү, бэр хоёр маань сэтгэлийн тэнхээтэй учраас амьдралд бууж өгөлгүй тэмцэж байгаа эднийгээ харахаар надад сайхан байдаг юм. Эд маань “Одоо ямар ч боломж байхгүй” гээд буруу хараад хэвтчихвэл би сэтгэлээрээ сөнөчихнө” хэмээн Ё.Эрдэнэсүх эгч дотроо уудлав. Удтал хайсны эцэст хүүд нь бөөрөө өгөх донор саяхан олдож, бүх шинжилгээний хариу нь нааштай гарсанд баярлах ч дараагийн бэрхшээл сорилтын өмнө одоо тэд иржээ.

Зүрх нь ачаалал даах чадвар сайтай байгаа дээр нь хүүгээ амжиж хагалгаанд оруулахын тулд энэ хашаа, байшинг нь зарах гэсэн боловч бичиг баримтын зөрчилтэй гээд дүүргийн Газрын албаныхан хөдөлж өгөхгүй байгаа гэнэ. Нэг үеэ бодоход Монголд бөөр шилжүүлэн суулгадаг болсны дээр хагалгааны зардлын 80 шахам хувийг даатгалаас санхүүжүүлж байгаа нь сайхан хэрэг. Гэхдээ л тэр ганц хүүгийнхээ сайн сайхны төлөө хэмээн насаараа зүтгэж хураасан бүхнээ Солонгост эмчилгээнд явахад нь үрээд дуусгажээ.
Хүүг нь гадагшаа эмчилгээнд явахад нутаг орныхон нь эрвийх дэрвийхээрээ тусалж тав, арван төгрөгнөөс эхлээд төлөг, борлонгоо барьж өгцгөөсөн гэдэг. Энэ удаа ч бас нутгийнх нь, нэг голд тоглож өссөн найз нь түүний хүүд бөөрөө өгөхөөр далай шиг сэтгэл гаргажээ. Ийм сайхан сэтгэлийн хариуд Э.Алтансүхийгээ эрүүл болгоод нутгийн зон олныхоо ачийг хариулах сан гэж энэ эх чин зүрхний угаас хүсэж буй.
20.00 цаг. Энэ хүрээд бид залуугаа орхилоо. Одоо тэр амрах хэрэгтэй. Хүүтэйгээ ч шагайгаар тоглох тэнхэлгүй болтлоо ядарсан харагдав. Биднийг үдэж өгөхөөр үүдэнд гарч ирэхэд нь түүнээс “Чи эдгэрснийхээ дараа хамгийн түрүүнд юу хийх вэ” гэхэд “Хөдөө нутагтаа очоод, ээжийнхээ гэрт юу ч бодохгүй арав хоног сайхан амармаар байна” гэлээ. Тийм ээ, аппарат гэдэг үгийг мартаад нутагтаа сэтгэл амар очих өдөр мөдхөн чамд ирнэ гэдэгт итгэж байна. Тэгээд хоёр биш, гурав амьдраарай.
Л.ГАНЧИМЭГ
