
“Газар доорх ертөнц” гэдэг киног Холливудынхан манай “танкчдад” зориулан хийсэн юм шиг санагддаг юм, надад. “Танк” гэдэг нь траншейнд өгсөн тэдний нэр. Жирийн хүмүүсээс тэс өөр амьдралаар аж төрдөг тэдний үг хэл, үйл хөдлөл нь эгээ л харь гаригийнх мэт. Бидэнтэй зэрэгцэн хүмүүн бусын гэмээр хүмүүс амьдарч байна. Аймшигтай нь ийм хүн санаанд багтамгүй олноороо. Өнгөрсөн намар зөвхөн “Нарантуул” худалдааны төв орчмоос “танк”-инд амьдардаг 150 гаруй хүн бүртгэгджээ. Тэдний 30 гаруй хувь нь эмэгтэй.
Бид энэ удаагийн сурвалжилгаараа газар доорх амьдралыг уншигчдадаа танилцуулахаар зорилоо. Тэд 22.00 цагаас нааш “гэр”-тээ харьдаггүй юм байна. “Танк”-индаа байхад нь олж очих санаатай хайгаад аргаа ядахдаа “Нарантуул”-ын “Мангасын ам”-наас эрлээ үргэлжлүүллээ. Энд тэнд хэсэг бүлгээрээ бөөгнөрөх тэд ихэвчлэн хараалын үгээр хашгичин хэрэлдээд ч байх шиг, ярилцаад ч байх шиг. Тэд “танк” дотроо нэг, хоёроороо ханьсан амьдардаг гэнэ. Тэр олон эвгүй төрхтэй хүмүүсийн дундаас нэг эмэгтэй сурвалжлагч, ганц зурагчинтайгаа хамтран нэг гэрийн хоёрыг салгаж авна гэдэг бэрх даваа аж. Нэлээд удаан хүлээсний эцэст чонын арьс зарахаар яваа бололтой хоёр хүн нүдэллээ.
Нөгөө олон хүнээсээ салахыг нь хүлээж, дагаж явсаар арай гэж булан тойронгуут нь зарах гэж буй арьсыг нь сонирхож буй дүр эсгэв. Тэд баярлаж байна гэж жигтэйхэн. Ингээд бид нөгөө хоёртоо “Тэрүүхэн буланд хүлээж байя. Араас хүрээд ир” гээд холдон явав. Хүлээгээд л байлаа. Удаан хүлээлгэсэн тэдний нэгнийх нь нүүр цусанд будагджээ. Нөгөө арьсаа бас нэг “гороочин”-д дээрэмдүүлчихэж, хөөрхий. Шил, лааз түүдэг хүмүүс өөрсдийгөө “гороочин” гэж нэрлэдэг аж. Ингээд уулзаж, хэсэг ярилцсаныхаа дараа тэдний “танк” руу явахаар болов. “Явдаг жорлон” гэмээр үнэртэй тэднийг машиндаа суулгаад явах бэрх байлаа.
.jpg)
Тэднийг Д.Б, Б.Б гэдэг. 45, 46 настай ч 60 хол гарсан гэмээр харагдах ажээ. 84 дүгээр сургуулийн хашаан дотор, зүүн урд буланд нь байдаг траншейнд 10 гаруй жил амьдарч байгаа аж. Сургуулийн хүүхдүүдтэй зэрэгцэн ийм хүмүүс амьдарч байна гээд та бодоод үз дээ.
Траншейн доторх үнэрийг нь үгээр илэрхийлэх хэцүү. Зогсох боломжгүй зайд яалт ч үгүй мөлхөх нь холгүй явна. Түүн дотор тогоо, шанага, архи, ундааны хагархай шил, лааз, хуучин хувцас, цаасны тасархай гээд битүү хог. Ямар ч л байсан тэр их хог “танк”-ны шалан дээр гишгүүлээгүй юм даа, биднийг. Үргэлж явган сууж байсан болохоор хаана байгаа нь мэдэгдэхгүй өтгөн ялгадасны үнэр хамар цоргиулна. Бас доторх хана, халуун, хүйтэн усны хоолойн дээгүүр эрхий хуруун чинээ том жоом хаа сайгүй гүйлдээд сүнс зайлуулчих дөхөх юм.
Манай зурагчин бид хоёр тэр жоомноос айж, үсрэхэд ч бэлэн сууцгааж байв. Харин манай хоёр баатар нөгөө жоомнуудыг хөл рүү нь авираад ирэнгүүт пялхийтэл алгаараа цохиод алчихна. Аливаа юмнаас сэжиглэнэ гэдгийг тэд мэдэхгүй. Хогийн цэгээс хоол түүж идэж байгаа хүн нэг муу жоомноос сэжиглэнэ ч гэж юу байх вэ дээ, нээрээ.
.jpg)
Б.Б нь Баянзүрх дүүрэгт албан ёсны хаягтай ч тэндээ амьдрахаа болиод удаж буй. Эхнэр нь 1994 онд өвчнөөр өөд болжээ. Түүнээс хойш эр хүний физиологийн шаардлагаа хангахын (тэр ингэж тайлбарласан) тулд хэд хэдэн хүнтэй салж, нийлж явсан. 20 настай хүүтэй. 1998 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид зургаан сар саатуулагдаад, тэнсэн харгалзах ял шийтгүүлжээ.
Элэгний хорт хавдартай болсон гэдгээ жил гаруйн өмнө мэдсэн гэнэ. “Архиа уусан ч, уугаагүй ч үхнэ. Хүмүүсийн хэлж буйгаар харин ч уухаа больчихвол бүүр хурдан талийна гэсэн. Архиа ууж байгаад үхнэ ээ, яадаг юм” гэж ярих түүний гэдэс жирэмсэн эмэгтэйнх шиг юм. Б.Б-гийн хэлж буйгаар ар гэр нь тийм ч ядарсан айл биш гэнэ. “Гороочин” болохоосоо өмнө тун чиг сайхан амьдарч байжээ. Уул уурхайн бульдозорчин мэргэжилтэй.
Төв аймгийн Заамар сумын уурхайд түүнийг ажиллаж байхад “Алтан Дорнод Монгол” компани уурхайг нь худалдаж авчээ. Үүнээс хойш ажилгүй болсон юм байх. Тэрбээр “Яагаад архичин болсноо ах нь ерөөсөө мэддэггүй юм. Нэг л мэдсэн “Нарантуул”-ын хүн болсон байсан. Бодвол архиныхаа халуунд л гарч ирсэн байх аа даа” гэж ярьж байв.
Д.Б нь Дархан-Уул аймгийн харьяат. Гэхдээ Монгол Улсын иргэн гэдгийг батлах бичиг баримт түүнд үгүй. Эцэг, эх нь амьд сэрүүн, төрсөн нутагт нь ганц хүүтэй нь хамт амьдардаг ажээ. Жилдээ ганц удаа Цагаан сараар л аав, ээждээ очиж золгодог гэнэ. Гэхдээ энэ жил очоогүй. Харин ээж нь саяхан ирээд буцжээ. Ингэхдээ түүнтэй уулзаж, усанд оруулан, хувцсыг нь сольж өгөөд явсан байна. 45 настай хүн шүү дээ, тэр уг нь. Цагтаа хоёр өрөө орон сууцанд эхнэр, хүүтэйгээ амьдарч байсан гэнэ. Түүний эхнэр элэгний өвчнөөр 1990 онд нас баржээ. Цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явсан эр гэж өөрийгөө танилцуулж байв.
Бас болоогүй, Монголын номер нэг, халаасны супер хулгайч байсан юм байх. Одоо гар хөл нь салга, хараа нь ч гүйцэхээ больсон тул халаасны хулгай хийхээ больжээ. Эхнэрээ өөд болсны дараа өөр нэг эмэгтэйтэй дурлалын гурвалжин үүсгээд, түүнээсээ болж ял хүртэл сонсож явсан гэж тэр ярьсан. Түүнийг санамсар болгоомжгүйгээр бусдыг хөнөөсөн хэмээн шүүх яллажээ. Ялаа эдэлж дуусгаад наранд гарч ирснийхээ дараа ганзагын наймаа хийж, под хийтэл амьдарч байсан гэнэ. Дөрөвдүгээр ангийн боловсролтой, Япон, Хонконг, Орос, Хятадын хооронд наймаа үсэргэж явсан юм байх.
Ингэж байтал нэг л өдөр наймаа нь бүтэлгүйтэн “шатжээ”. Эхнэрээ алдан, бизнес нь дампуурсан Д.Б дахин амьдрал босголгүй, архин далайд шумбан орсон хэмээн тэрбээр ярив. Биедээ ямар нэг шархгүй байхаа больсон тэрбээр хамгийн сүүлд зүүн гарын бугалгандаа хоёр удаа хутгалуулсан байлаа. Хаана, хэзээ, хэнд ингэж хутгалуулснаа огт санадаггүй аж. Нэг тасарч унаад боссон чинь ийм шарх авсан байжээ. Хутга гарынх нь судсанд таарч, нэлээд хүнд гэмтэн, цус алдсан байсан гэнэ. Бидэнтэй уулзсан өдөр түүний шарх хувилж, идээлсэн байв.
Ямар ч бичиг баримтгүй болохоор төрөөс өгдөг халамжийг Д.Б хүртэж байсан удаагүй. Сонгуульд ч оролцож байгаагүй гэнэ. Тэрбээр “Би өнөө жил ч санал өгөхгүй байх аа. Тэгэхдээ би өгвөл Гүндалайд өгнө. Тэр хүн таван мантуун бууз өгнө гэчихээд ганц пирошки өгсөн л дөө. Гэхдээ яах вэ, бусдыгаа бодвол бид мэтэд нь хоол, унд өгөөд байна. За бусад баячууд бол өөрсдөө л улам хөлжиж байгаа шүү дээ. Та нар бод доо, Монголд одоо АСЕМ-ын чуулга уулзалт болно гэж хүмүүс яриад байгаа. Шал хэрэггүй юм.
Хэрвээ тийм юм болбол Монголд дайн гарна. Хойд Солонгосчууд шууд наашаа дайраад л ороод ирнэ дээ. Тэгээд тэднийг орж ирэнгүүт урдаас хужаа, хойноос оросууд ирнэ. Ингээд л Монгол өнгөрөө” гэж үзмэрч аятай ярив. Таван мантуун буузнаас саналаа худалдаж буй түүнд Монгол Улсын ирээдүй хамаатай гэж итгэлтгүй л болов уу.
Тэд 04.00 цагаас хойш бие нь өвдөж, архи нь бодогдоод нойр нь хүрдэггүй гэнэ. Ингээд “танк”-наасаа гарч “харьяаллынхаа” хэдэн баарыг эргэнэ. Урд шөнө нь бааранд байсан хүмүүс үүдэнд нь хугас шил архи, ууж байсан шар айргаа орхиод явчихсан байдаг. Түүнийг ууж дотроо засаад гороогоо түүж эхэлнэ. Гороо түүгээд өдөрт 5000-7000 төгрөг олдог ч түүнийгээ архинд зарцуулаад таардаг. Тэд “Мөнхжин од” компанид үйлдвэрлэсэн “Найрсаг” хэмээх архи уудаг аж. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн эхээр түүнийх нь үнэ 1500 төгрөгөөр нэмэгдэж, “гороочид”-ыг маш их хямрааж байгааг хоёр баатар маань ам уралдан халаглацгаах юм. Дараа нь 10.00 цагт христийн сүмд очиж үнэгүй хоол иднэ. 12.30 цагт “Дулмаалин” хийдэд очиж мөн л халуун хоол зооглодог.
Үгүй мөн амар амьдрал шүү. Тэд ерөөс ганц л зорилготой. Түүнийг нь өөгшүүлж, амар хялбараар амьдрах нөхцөл бүрдүүлж өгч байгаа буяны элдэв байгууллага, сүм хийдүүд тусламжийн гараа арай л өөр аргаар хүргэж баймаар. Тэгэхгүй бол “Зөвхөн архиа л уухаа бод” гэж буйтай агаар нэг туслалцаа үзүүлэх нь ийм хүн дүрстнүүдийн тоог улам л нэмнэ. Учир нь тэд хоол, хувцас, дулаан байр, үр хүүхэд гээд санаа зовох зүйлгүй ёстой л хообийгоороо амьдарч байна. Энэ их буяны үйлс нь ийм “танк”-чдын тоог нэмэхгүй гэж үү. Үнэгүй хооллож, хувцаслахын оронд хар бор ажил ч болов хийлгээд, түүндээ тохирсон хөлс өгдөг байх нь арай л дээр баймаар. Ажиллаж чадахгүй бол болино л биз.