
Дэчин овогт Д.БУХБАТ
Буддын гүн ухаан эхлэн судлаач, бэлтгэл хурандаа
МЭӨ VI-V зуунд бүтээгдсэн Бурхан багшийн сургаал нь “Би”-д баримтлах үзэл болон ертөнцийн гаднах хүчинд итгэх итгэлээс ангид цорын ганц үзэл болохынхоо хувьд, Бурхан багшийн өөрийнх нь тодорхойлсончлон аливаа үзэл сургаалуудаас огт өөр, жирийн хүмүүс тэр болгон ойлгож ухаарах боломжгүй үлэмж дээдийн онол болох нь эдүгээ хүртэлх 2500 гаруй жилийн туршид тогтоогдон батлагдсаар иржээ. Тиймээс Бурхан багшийн сургаалыг бүрэн эзэмшиж гэгээрэлд хүрсэн будда нарын тоог хүн төрөлхтний тоотой харьцуулахад саяны нэгд нь ч хүрэхгүй гэсэн тооцоо байдаг.
Үнэндээ хүн төрөлхтөн өнөөдөр үлэмж их мэдээлэлтэй болсноос бус, оюун ухааны хүч чадамжаараа Будда, Сократ, Платоны үеэс төдийлөн их давуу биш байгаа нь дээрх тоо тооцооноос харагдана. А.Эйнштейнээс хойших үеийн аугаа эрдэмтэн Стивeн В.Хокинг 1980- аад оны дундуур туурвисан бүтээлдээ “Орчлон ертөнцийн талаарх эцсийн онол байхгүй. Харин орчлон ертөнцийг улам нарийн тодорхойлох онолуудын төгсгөлгүй дараалал л байна” гэсэн бол 2550 орчим жилийн өмнө бүтээгдсэн Буддын их гүн ухаанд “Энэ ертөнцийн танин мэдвэл зохих зүйлд хязгаар үгүй, үүний зэрэгцээ хүний танин мэдэх боломжид ч бас хязгаар үгүй” гэсэн билээ.
Ер нь хүний амьдрахуйд, Буддын гүн ухааны үүднээс тайлбарлагддаггүй нэг ч юм, үзэгдэл байдаггүй хэмээн үздэг бөгөөд чухамхүү энэ утгаар нь ч өнөөгийн өндөр хөгжилтэй улс орнуудын хүн зон буддын гүн ухааныг илүүтэй шимтэн судалдаг болоод байгаа хэрэг байх. Бурхан багш сургаал номлолоо хүмүүст хүргэж ойлгуулах боломжийн талаар тухайн үедээ нэлээд эргэлзэж байсны эцэст, усны мандлын доор болон дээр, бүр түүнээс ч дээш гарч ургасан лянхуа цэцгийн адил хүмүүс хоорондоо харилцан адилгүй учраас юутай ч тэдэнд тайлбарлан таниулъя хэмээн шийдэж, анхны таван шавьдаа номоо айлдсан тухай цадиг түүх байдаг.
Харин дундад зууны үеийн будда нар Бурхан багшийн сургаалд тулгуурлан хийсэн тайлбар бүтээлүүддээ үнэн буюу гэгээрэлд, хоосон чанарыг таньж мэдэрсэн билгүүн ухаанаар хүрэхээс гадна, түүнд хүрэх янз бүрийн зам байгаа хэмээн айлдсан байдаг. Ер нь аливаа далд ертөнцийг судлах үндсэн арга нь тэдгээрийг төгс судалсан субъект болон түүний сургаал номлол, тэдний хамт олонд нь итгэх итгэл байхаас ч өөр аргагүй байх. Тиймээс “Миний сургаалыг, зөвхөн түүнд сүсэглэн итгэсэн хүн л хүлээн авч чадна” хэмээн Бурхан багш айлдсан биз ээ. Мөн энэ үүднээс ч Японы анхны Үндсэн хуульд “Япон хүн өдөрт гурван удаа чухаг дээд гуравт итгэл одуулан мөргөх ёстой” гэсэн заалт байсан болов уу. Түүнчлэн хайр нигүүлсэл, сонгодог хөгжим, яруу найргийг гүнзгий мэдэрч, гүнд нь орон, чин сэтгэлээсээ итгэж бишрэх замаар үнэнд хүрч болно хэмээн мөн дээрх будда нар бас сургасан байдаг юм.
XXI зууны монголчууд бид Бурхан буддагийн сургаалд итгэж бишрэхийн зэрэгцээ тэдгээрийн онолын үндсийг гүнзгий судалж ухаарах, тунгаан бясалгах, ажил амьдралдаа мөрдлөг болгох цаг нэгэнт болжээ. Энэ талаар “Жавзандамба хутагт” төвийн тэргүүн, гавж Д.Нямсамбуу “Ном, тарнийг мянган удаа уншуулж адис авснаас, түүний утгыг нэг удаа боловч ойлгож бясалгасан нь дээр. Бурхан будда нарын сургаал номлолыг мянган удаа ойлгож ухаарснаас нэг удаа хэрэгжүүлсэн нь дээр” хэмээн айлдсаныг онцлон санууштай. Бурхан буюу үнэнд хүрэх найман зөв зам мөрийн тухай сургаалын тавдугаарт дурдагдсан “Зөв амьдрах арга” буюу “Үнэхээр амьдрал”-ын тухай ойлголтыг “Үзэшгүй муухайгаар амьдрахгүй байх” хэмээн тайлбарладаг. Үүнийг би эхэндээ, Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүмүүс шиг амьдарч болохгүй гэсэн санаа байх хэмээн төсөөлдөг байсан бол сүүлийн жилүүдэд бодоод байх нь ээ УИХ-ын зарим гишүүн шиг амьдарч болохгүй гэсэн санаа юм болов уу хэмээн бодох болсноо нуух юун. Харин ядуу зүдүү амьдрал бол буддист утгаараа, тийм ч арчаагүй муухай амьдрал биш бололтой.
Засаг, төрийн дээд удирдлагад байгаа хүмүүс, эдийн засгийн өндөр мэдлэгтэй байхаас гадна гүн ухааны зохих боловсрол сэтгэлгээтэй байх шаардлагатайг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай сануулаад байгаа. Харин минийхээр бол тэдэнд юуны түрүүнд “шунал тачаалаас ангид байх”-д суурилсан буддын их гүн ухааны мэдлэг, туршлага илүүтэй чухал юм шиг санагдана. Ер нь бүх хүнд Буддын их гүн ухааны мэдлэг туршлага нэн хэрэгцээтэй болж байгааг харгалзан, ерөнхий боловсролын сургуулиудад шагшабад (ёс суртахуун)-ын үндэс болон бясалгалын анхан шатны хичээл, их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт ч Буддын их гүн ухааны агуулга мөн чанарын талаарх сэдвийг оруулж, судлуулмаар байна. Мэдээж энэ их гүн ухааныг шашин гэдэг утгаар нь авч үзэх хэрэггүй байх. Ер нь ч мянга гаруй жилийн өмнө санскрит хэлнээс манайд шууд утгаараа орж ирсэн сашана гэдэг үг нь сургаал, үнэн үг гэсэн утгатай гэдэг юм билээ.
Намайг Хойд Африкийн болон Баруун Азийн Египет, Изриал зэрэг Ислам, Иудей, Христийн шашинтай улсаар явж байхад хүн амынх нь харьцангуй цөөнх буюу нэлээд боловсролтой хэсэг нь л шашныхаа сургаал номлолыг зохих төвшинд судалж ухаарсны үндсэн дээр шашнаа чин санаанаасаа шүтдэг болох нь анзаарагдсан юм. Гэтэл монголчууд бид үлэмж өндөр төвшний сургаалд тулгуурласан уламжлалт шашныхаа, суурь сургаалынх нь агуулга, мөн чанарыг огтхон ч судалж мэдэхгүйгээр, бараг л бүгдээрээ шахам битүү харанхуйгаар бишрэн шүтэж буйг мухар сүсэг гэхэд ч багадмаар. Хамгийн ойрын жишээ хэлэхэд бид уншиж байгаа маанийнхаа утгыг ч тэр болгон мэддэггүй. Тэгэх мөртлөө тийм ч ном уншуулчихлаа, ийм ч бурхан тахил залчихлаа гэх бөгөөд харь хэлээр туурвисан тэдгээр номын утга агуулга, бурхан тахилынхаа мөн чанар, ач холбогдлыг огтхон ч мэдэж ухаардаггүйг ямар сүсэг бишрэл гэх вэ.
Богд зонховын “Бодь мөрийн зэрэг” хэмээх бүтээлд хамаг амьтныг хорвоогийн зовлон зүдгүүрээс ангижруулах үйлсэд энэ насныхаа амьдралыг зориулахаар андгай тавьж, сахил санваар хүртсэн, төгс гэгээрэлд тэмүүлэгчид буюу номлол заагч багш нар маань шавийн гурван алдааг цээрлэж, өөрийгөө өвчтөн хэмээн төсөөлсөн хэнд ч болов Бурхан буддагийн сургаал номлолыг хичээнгүйлэн заах үүрэгтэйг тодорхой өгүүлдэг боловч, манайд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүдийн чухам аль дуган, дацан, өрөө танхимд нь жирийн сүсэгтэн олонд ном сургаал заадаг, сургалтын ямар журам систем үйлчилдгийг ч өнөө хүртэл төдийлөн ойлгохгүй яваадаа хүлцэл өчье. Багшгүйгээр үнэнд хүрэх ямар ч боломжгүйг Буддын олон ном, тайлбарт өгүүлсэн байдаг бөгөөд харин жинхэнэ гүрү багштайгаа учрах тухай асуудал бол тусдаа байх. Буддын гүн ухаанд багшаас шавьд үгээр илэрхийлэн дамжуулах боломжгүй, зөвхөн багшийн соронзон хүч, багш шавийн энергийн харилцаагаар дамжиж эзэмшихүйц, тийм өндөр төвшний агуулга (контент)-ууд нэлээд байдаг хэмээн үздэг юм билээ.
Нөгөө талаас олон түмнийг тодорхой төвшинд гэгээрүүлэх үүргийг чухам ямар байгууллага, хүмүүс хүлээдэг болох нь тодорхойгүй байна. Харин Монгол Улсад бурхны шашны тав дахь удаагийн дэлгэрэлтийн үе буюу 1990 оноос хойших хугацаанд Бурхан Буддагийн сургаал номлолын талаар болон Богд зонховын зохиол бүтээл, Далай багш болоод сүүлийн үеийн будда нарын айлдвар, тайлбаруудыг орчуулан, кирилл бичигт хөрвүүлэн хэвлүүлж байгаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон орчуулагч П.Бадрал тэргүүтэй мэргэд-гүүш нарт гүн талархал илэрхийлье.
Үүнтэй холбогдуулан зориуд тэмдэглэхэд, эхлэн суралцагсдад зайлшгүй хэрэгцээтэй байгаа “Буддын гүн ухааны үг хэллэгийн тайлбар толь”-ийг орчин үеийн хэл сэтгэхүйд нийцүүлэн, нэн даруй боловсруулж гаргах шаардлагатай байна. Мэдээж шашны ихэс дээдсийнхээ мэлмий гийснийх нь түүхэн ойг тэмдэглэх, бүтээл туурвилыг нь судалж сурталчлах, хойд дүрийг нь тодруулах, шашин соёлын наадам хийх нь тодорхой ач холбогдолтой байх. Харин үүнийхээ зэрэгцээ харьцангуй өндөр боловролтой болчихсон ард түмнээ зохих ёсоор гэгээрүүлж, мухар сүсгээс нь ангижруулах талаар бүх түвшинд анхаарууштай байна.
Юуны өмнө Буддын гүн ухаан нь ертөнцийг, хүний оршихуйн талаас нь ямар нэгэн гажилтгүйгээр яг байгаагаар нь олж харсан онч хараа, зөв ухамсарлахуй юм. Цэвэр танин мэдэхүйн утгаараа ч Буддын гүн ухаан нь манай ертөнцийн хамгийн ууган шинжлэх ухаан мөн бөгөөд судалгааны үндсэн зүйл нь далд ертөнц, хүний дотоод мөн чанар билээ.
Ер нь XXI зууны зохих боловсролтой иргэн хүн үйлийн үр, хойд насны талаар зөв ойлголттой болоогүй байгаа нь дэндүү харамсалтай. Чухам эндээс л өнөөгийн нийгмийн хамаг алдаа, муу муухай бүхэн урган гарч байна. Энэ талаарх буддист үзлийг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс цухас тайлбарлаваас, Термодинамикийн нэгдүгээр хуулийн хоёр, гуравдугаар заалтын дагуу хүмүүнд байдаг таван цогцын бөөгнөрөл болох энерги нь устаж алга болохгүй учраас цаашид үргэлжлэн оршиж, нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжин, дараагийн шинэ төрлийг олдог ажээ. Үүнийг л хойд нас гэдэг бөгөөд харин сүнс гэх нь төдийлөн оновчгүй, угаас Буддын гүн ухаан нь хүнд өөрт нь сүнс, би, эго буюу атман гэх зүйл огт үгүй болохыг бат нот нотолдог юм. Гагцхүү эндээс хувь хүн энэ насандаа чухам ямар энерги (мэдээлэл)-ийг хураах болоод боловсруулж түгээх нь чухал болох, тэдгээрийн чухам аль нь танд ач тустай болоод хортой болох гэх мэтчилэн бусад олон асуудал урган гардаг болохоор үлэмж сэхээлэг эрхэм та, өөрөө судалж ухаарах нь дээр биз ээ.
Харин Бурхан Будда нарын сургаал номлолыг зөвхөн сахил санваар хүртсэн лам хуврагууд л сурч судалж хэрэгжүүлдэг, жирийн иргэнд хамаагүй зүйл мэтээр ойлгож болохгүй байх. XI зууны үед Төвд орноо заларч, шашны шинэчлэл хийсэн Энэтхэгийн аугаа их хутагт Адиша богд “Сэтгэл ариусгах долоон утга” буюу хожим “Билгүүн ухааны шастир” хэмээх нэрээр дэлхий дахинаа алдаршсан агуу бүтээлээ “Чамаас өөр энэ номд сав болчих шавь Цастын оронд алга даа” хэмээн өөрийнхөө лам хувраг биш шавь болох Бромдон гэгээнд өгсөн тухай түүх байдаг. Тэр ч байтугаа Бурхан багшийн шадар найман шавь ч гэргийтнүүд байсан гэх яриа байдаг юм билээ. Иймд манай орны бурхны шашны хийдүүд сүсэгтэн олонд зориулж, тогтсон тарифаар ном уншихынхаа зэрэгцээ мөн тусгай хөтөлбөрөөр Буддын гүн ухааны хичээл сургалтыг өөрийн дацан хийддээ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулдаг байх нь зүйтэй хэмээн бодогдоно.
Нөгөө талаас өнөө цагийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч ертөнцийн оюун ухааны дээд оргил болсон Бурхан Буддагийн гүн ухааны чиг баримжаатай сан бол юуны түрүүнд гэмт хэрэг, хэрүүл тэмцэл, золгүй явдал, ослын талаарх мэдээ, аллага хядлага сурталчилсан кино болон ахуйн хүрээний зовлон, зодоон, өшөө хорсол харуулсан солонгос цувралд ихэнх цаг, талбайгаа зарцуулахгүй сэн билээ.
Өнгөрсөн онд Чингис хааны одон хүртсэн эрдэмтэн Т.Намсрай шагнал авсныхаа дараа нийтэд уншсан лекцийнхээ үед “Бидний амьдарч байгаа энэ ертөнц үндсэндээ гэрэл болоод цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон. Цаашид ч энэ болон бусад хүчин зүйлийн нөлөөн доор орших болно” хэмээн тодорхойлсон нь Буддын гүн ухааны “шүтэн барилдахуйн онол”- д тулгуурласан бодит дүгнэлт болов уу хэмээн яах аргагүй бодогдсон шүү. Ер нь ч Буддын гүн ухаан, шинжлэх ухаан хоёр судалгааны олон зүйл дээр улам ойртож, гар гараасаа барилцана гэдэгт би эргэлздэггүй юм.