
Саяхны нэгэн өдөр найзтайгаа дэлгүүр хэсэж, хувцас сонгоход нь туслах уйтгартай, бас ч гэж хариуцлагатай ажилд тохоогдлоо. Цэцэгтэй, эрээн даашинзанд “ховсдуулсан” найз минь ямархуу харагдаж байгааг байн байн асуун, толины өмнө эргэлдэнэ. Өнөөх нь зохиж байна гэж жигтэйхэн. Үзэсгэлэнтэй харагдаж буйг нь хэдэнтээ хэлсэн ч “Одоо үнэнийг хэлээрэй. Үнэхээр зохиж байна уу. Хэрвээ чи миний оронд байсан бол авах уу” гэж утгагүй зүйл асуун, намайг хардав. Хамгийн хачирхалтай нь юу гээч. Тэрбээр удаан эргэлзсэний эцэст даашинзнаас татгалзсан. Бодвол “Зохиж байна” гэж хэлсэн үгэнд минь итгээгүй бололтой.
Хэн нэгэн сэтгэлээсээ хэлсэн үг, хийсэн үйлдэлд эргэлзэж, харддаг хүн олширчээ. Хамгийн сайн найз минь надад эргэлзэхэд хүргэсэн энэ явдал хэзээ ч эргэцүүлж байгаагүй хардах сэтгэлийн тухай бодолд автуулж, хэдэн өдөр шаналгасан юм.
Бодоод байх нь ээ, бид өөрсдийн гэм дутагдлыг үргэлж зөвтгөн, эерүүлж иржээ. Хайртай бол хартай, хор шартай хүн өсөж дэвждэг л гэнэ. Ингэж муу бүхнээ өөгшүүлэхээ боль л доо. Хүмүүс бие биенээ хардаж сэрдсэнээр хагаралдаж, хөндийрсөн гэж дуулснаас сайн сайханд хүрч, хожсоныг мэдэхгүй юм. Хар далд санаанаас болж хэчнээн хос салж, найзууд хөндийрч, гэмгүй нэгнийг шархлуулж, өвтгөсөн бол. “Хий хоосон хардуулж байснаас...” гэх үгийг ойр дотнынхноосоо нэг бус удаа сонсож байлаа. Ямар их өвдсөн болоод ингэж хэлэх вэ дээ. Үнэхээр аймшигтай. Энэ муухай “эмгэг”-ээс болоод үнэн, сайхан зүйлс биднээс алсрах вий гэж эмээнэ. Ямар сайндаа л “Аливааг хар далд санаагаар утах гэж яаралгүй, байгаагаар нь хүлээн авч бай” хэмээн өөртөө захидаг болсон. Хүмүүсийг эрт үхэлд хүргэдэг шалтгаануудын дотор хардалт дээгүүр “давхидаг” болохыг анагаахын ухаанд тогтоосон гэх. Магадгүй монголчуудын дундаж наслалт 60-аас хэтэрдэггүй нь хардах “толбо”-ны балаг ч юм бил үү.