
Оюун-Эрдэнэ. Оюун ухаан бол эрдэнэ, баялаг гэсэн утгатай ийм нэгэн нэртэй гурван хүнийг онцлон “Нэр нэгтийн чих нэг” буландаа урилаа. Нэрэндээ эзэн болж яваа, оюунлаг зочдыг маань хүмүүс андахгүй. Тэд ч гэсэн нэгнээ сайн мэддэг юм билээ. 2012 онд Оюун-Эрдэнэ нэртэй 40 гаруй хүн нэгдэн, клуб байгуулснаас хойш үргэлж холбоотой яваа тэд энэ тэрийг хуучлангаа тун удахгүй эхлүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар ч ярилцаж, тохироод авлаа. Ижил нэртэй, оюутан дүү нарынхаа сурах хүсэл, эрмэлзлийг дэмжин, сургалтын төлбөрт нь дэм болох хүмүүнлэгийн сан байгуулах ажилд нь олон Оюун-Эрдэнэ нэгдээсэй гэж хүсэж буйгаа “Өнөөдөр” сониноор дамжуулсныг амидай нарт нь дуулгая.
Энэ бүсгүйг хаана ч явсан уул, ус, нутгийн онгод, савдаг үргэлж ивээдэг гэдэгт би итгэдэг. Эх орон, газар шороондоо эзний ёсоор хандан, хайрлаж, түүний төлөө үзэл бодол, үзэг юугаан хурцалж чаддаг учраас тэр. Тиймдээ ч “Өнөөдөр”-ийн сэтгүүлч, тоймч Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ хэмээх жижигхэн биетэй, том сэтгэлтэй энэ бүсгүй сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын эзэн болсон. Тэрбээр Бал эрхлэгчийн үйлсийг үргэлжлүүлэн “Хөшөөтийг хөшигний ард нуух сонирхол”, “Далай ээж дахин цаазын тавцанд” цуврал нийтлэлээ бичихдээ багагүй дарамт, саадтай учирсан ч ухраагүй.
Нэгэн айлын эзэгтэй, хөөрхөн охины ээж Оюука маань “Зоригийг хийморь дагадаг” гэдэг үгэнд дуртай. Шударга үнэний манаанд зогсдог хэвлэл мэдээллийнхнй төлөөлөл болсон ийм нэгэн бүсгүйг УИХ-аас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилсон юм.
Санаа сайн бол заяа сайн. Энэ бол Лхагвагийн Оюун-Эрдэнийн хэлэх дуртай үг. Сурагч байхаасаа л цээл сайхан хоолойгоороо олонд танигдсан тэрбээр үеийнхэндээ “хөөрхөн” хэмээн “цоллуулж” явсан гавьяат жүжигчин, дуучин Д.Хоролсүрэнгийн отгон охин, их эмч мэргэжилтэй. Өдгөө нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Сургалт, гадаад харилцааны албаны даргын алба хашихын зэрэгцээ хүмүүсийн эрүүл амьдралд нэмэр болох сэтгэлээр амьд усны чанарын шинжилгээ хийдэг юм билээ. “ТВ 5” телевизийн “Эрүүл амьдарцгаая” нэвтрүүлгээр үзэгчидтэй үе үе уулздаг Л.Оюун-Эрдэнэ хоёр сайхан хүүтэй.
Хүүхэд байхдаа даамны тэмцээнд байнга түрүүлдэг, хүүхэлдэйн киноны баатруудыг зурдаг хообийтой байсан энэ бүсгүй шүлэг бичих дуртай гэсэн. Манай нэг зочин, алаг нүдэн Л.Оюун-Эрдэнэ амидай нарынхаа клубийн ахлагч гэж байгаа.
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “Алсын хараа” анхны номынхоо эхний хуудсанд “Таван нас хүртлээ хэлд ороогүй, төрөлхийн ноомой хүүгийнхээ төлөө амьдралаа зориулсан хайрт өвөө С.Лувсаннамсрай таныхаа цаглашгүй ачлалыг хүндэтгэж энэхүү номоороо сэтгэлийн суварга бүтээлээ” гэж бичжээ. Хүний ачийг үргэлж санаж явах нь бас нэгэн ачлал, сайн чанар гэдэг. Өнөөдрийн нэг зочин маань ийм хүн аж.
Зарим нэгний хувьд болчимгүй, гэнэн зангаа ч гээгүй 20 гаруй насандаа олны итгэлийг үүрсэн ажил, алба гүйцэтгэж, тэр хэрээр ухаажиж, төлөвшиж, хөгжиж ирсэн энэ залууг би азтай, одтой, зөв хүн гэнэ. Өвөөгийн амины хүү өнөөдөр хоёр хүүгийн аав болсон. “Өөрийн бодол өөртөө зөв” гэж өрөөлийг, өөрийгөө ч зоригжуулан урагшилж буй монгол залуучуудын нэгэн төлөөлөл. “Амьдралаа зөв авч явахад надад илүү зүйл хэрэггүй” хэмээсэн Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч мэргэжилтэй, урлаг, утга зохиолд хорхойтой. Тэрбээр “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулагч гэдгийг уншигчид маань мэдэх буй за.
Хүн өөрөө хичээгээд, зөв сайхан явбал хүссэндээ хүрдэг гэдэгт итгэж, энэ зарчмыг эрхэмлэдгээрээ сэтгүүлч, улстөрч, эмч гурван Оюун-Эрдэнэ адил аж. Үүнээс гадна “Өнөөдөр”-ийн асуултад хэрхэн хариулснаар нь тэдний адил болон ялгаатай талыг та тунгаана биз ээ. Манай зочид:
-Та амьдрал болон хүний үнэ цэнэ, мөн чанарыг юу гэж ойлгодог вэ?
-Тавилан, зурлага гэдэгт итгэдэг үү?
-Та хэдэн нүдтэй вэ?
-Миний эрх чинийхээр, чинийх минийхээр хязгаарлагдана гэдгийг ухаж ойлговол байгалийн шүтэлцээ, хууль мэт. Ингээд бодохоор язгуур үндсээрээ хувь хүний эрх чөлөө гэж байдаггүй мэт санагдана. Таныхаар бол хүний эрх чөлөө гэж юу вэ. Бид эрх чөлөөтэй амьдарч чадаж байна уу?
-Та бахархлынхаа тухай хуваалцана уу?
-Хүн заавал мундаг, дээд боловсролтой байх ёстой гэсэн сэтгэлгээ яагаад ч юм бэ бидэнд амь бөхтэй суусан. Уг нь монгол ахуй бол амьдралын ухааныг эрхэмлэдэг. Ардын ухаан ч гэдэг шүү дээ. Энэ талаарх таны бодлыг сонсъё.
-Долоо хэмжиж нэг огтол гэдэг. Та шийдвэр гаргахдаа яадаг вэ. Хэмждэг үү, өөрийн зөнд итгэдэг үү?
-Та дотоод хүнтэйгээ хэр зөрчилддөг вэ?
-Баярлаж, гунихдаа Та яадаг вэ?
-Та зорилгоо хөтөлдөг үү, хөтлөгддөг үү? гэсэн асуултуудад ийнхүү хариуллаа.
Лхагвагийн ОЮУН-ЭРДЭНЭ: Харах нүднээс мэдрэх мэлмий нь илүү чухал
-Амьдрал бол тэмцэл, зорилго гэж боддог. Тэмцлийн дараа ялалт ирэх нь ойлгомжтой. Хүн хүнээрээ байгаасай. Тэр бол хүний мөн чанар гэж боддог. Гэхдээ энэ нь гадаад үзэмж, элдэв боловсролын тухай биш. Хүн дотоод сэтгэлдээ хүнлэг байх чанар юм. Санаа бодол зөв явбал сайхан амьдрал ирнэ гэдэгтэй би санал нийлдэг.
-Итгэдэг. Хувь хүний амьдралд төрсөн он, сар, өдөр чухал гэдэг. Мөн амьсгал хураасан цаг хугацаагаар нь бурхан болоочийн сүнс хаачихыг хэлдэг шүү дээ. Тэгэхээр би далд ертөнц, хувь тавилан гэдэг зүйлд маш их итгэдэг.
-Миний хувьд харах нүднээс мэдрэх мэлмий нь илүү чухал гэж боддог. Ертөнцийг зөвхөн хараад явах биш, аливааг мэдрэх тэр чухал зүйлээ хүмүүс илүү хөгжүүлээсэй гэж хүсдэг. Би гурав дахь мэлмийгээ нээхийн төлөө зорьж явна.
-Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан орнуудтай харьцуулахад бид үнэхээр эрх чөлөөтэй амьдарч байна. Гэхдээ өнөөдөр нийгэмд хүмүүсийн эрх чөлөө арай хэтрээд байна уу гэж боддог. Наад захын хүндлэх, мэндлэх ёсоо мэдэхгүй болж. Энэ нь өөрийгөө л бодож, хүнийг дээдлэх хүндлэл байхгүй болсонтой холбоотой юм болов уу. Хүн дураараа байж болно. Гэхдээ аливаа зүйлд, гэр бүл дотор ч хязгаар байдгийг санаж, бусдыг хүндлэх нь чухал.
-Хамгийн агуу гентэй монгол хүн гэж хэлүүлж буйгаараа бахархдаг. Өнөөдөр дэлхийд монгол хүн сайн бүхний манлайд явж чадаж байна.
-Миний хувьд хүн бүхэн дээд боловсролтой байх албагүй гэж боддог. Иргэн бүр нь дээд боловсролтой байснаар улс хөгжинө гэдэгтэй санал нийлэхгүй. Дээд боловсролд гол учир нь байгаа юм биш. Хүний сэтгэлээс их зүйл шалтгаална.
-Ер нь мэдрэхүйдээ захирагддаг шүү. Би аливаа зүйлийн үр дүнг урьдчилаад мэдэрчихсэн байдаг. Тийм учраас эцсийн мөчид шийдвэрээ маш хурдан гаргадаг.
-Өмнө нь энэ талаар огт мэддэггүй байж. Бид амьдралын явцад хүлээцтэй, тэвчээртэй байх, уучлах ухаан гэхчлэн маш олон зүйлд суралцсаар байдаг. Тэр бүхнийг судлаад явахад эцсийн дүнд дотоод ертөнц рүүгээ өөрийн эрхгүй ордог. Би сүүлийн хоёр жил гаруй яг энэ талаар, дотоод мөн чанарын тухай уншиж, судалж, дээдийн ном сонсож байна. Сайхан багштай болсон. Дотоод хүн гэдэг нь миний бодлоор далд ертөнцийг хэлж байгаа юм болов уу. Тэр ертөнцийг сонсож, мэдэрснээр хүн аливаад илүү мэдрэмжтэй болдог. Тиймээс би дотоод хүнтэйгээ огт зөрчилддөггүй.
-Би дуугаа хураачихдаг юм, баярласан ч, гунигласан ч. Ер нь нэлээд дотогшоо хүн. Гэхдээ хүн их сонин шүү дээ. Намайг гаднаас нь харсан хүн их нээлттэй гэж боддог. Харин дотнын хэдхэн найз минь намайг “Чи их хаалттай” гэдэг. Сүүлийн үед аливаа баяр, гунигаа хуваалцах нь зүйтэй гэдэгтэй санал нийлэх болсон. Хэдийгээр миний л асуудал боловч, хэн нэгэнд дуулгаж, хуваалцана гэдэг нь нэг талаас цаад хүнээ хүндэлж байгаа хэрэг гэдгийг ойлгосон.
-Би өөртөө туйлын зорилго тавиагүй. Ямар ч байсан эмч мэргэжил сонгосных хүн ардад хэрэгтэй зүйл хүргэх нь зүйтэй гэсэн санаа дэвшүүлээд, түүнийхээ төлөө явж байна. Энэ бол туйлын зорилго минь биш. Ер нь, нэг зүйлийн төлөө хэтэрхий туйлшрах нь хүний сэтгэлийг эвддэг. Тийм учраас магадгүй хүрэхгүй том зорилго тавьчихаад, шаналж, шантарч, айдаст автаж явсны оронд алхам алхмаар урагшилсан нь дээр гэж боддог.
Дэшигрэнцэнгийн ОЮУН-ЭРДЭНЭ: Эрсдэл нь боломжоосоо илүү биш бол шийдвэр гаргахдаа зоригтой шүү
-Хүн болж төрсөн нь өөрөө амьдралын үнэ цэнэ гэж боддог. Тиймээс хүн үнэ цэнээ мэддэг, мэдэрч амьдрах ёстой. Харин амьдралын мөн чанар бол хүн чанар юм уу даа.
-Хүн бүрт өөрийн явах зам мөр, хувь тавиланг нь зурж оноосон байдаг гэж боддог. Хэдэн зууны өмнөөс ам дамжин өнөөдрийг хүрсэн бурхны сургаал, номлолд хүртэл үүнтэй холбоотой зүйл олон. Ийм нэгэн түүх байдаг даа. “Үгээгүй хоосон нэг залуу өглөө бүр бурханд залбирч баян чинээлэг болгож өгөхийг гуйдаг байж. Бурхан багш түүнд туслахаар нэг өглөө замд нь богц дүүрэн алт тавьжээ. Гэтэл залуу богцны өмнө ирэнгүүтээ “За, насаараа газар шагайсаар үгээгүй хоосон явлаа. Бурхан ч тусалсангүй. Одоо хоосон ч гэсэн тэнгэр харж явъя” гээд алтан дээгүүр алхаад гарчихжээ. Үүнтэй адил хүн бүрт ногдсон хувь тавилан, үйлийн үр, зураг төөрөг байдагт итгэдэг.
-Аав, ээжээс заяасан хоёр усан нүдээ л бодитоор нь мэдэрч ашигладаг болохоор одоохондоо үүнийгээ мэлмий гэж ойлгодог. Харин мэдрэхүйн мэлмий гэгддэг гурав дахь нүдний талаар сонсож л байснаас мэдэрч амжаагүй байна.
-Хүн бүр эрх чөлөөг өөрийнхөөрөө ойлгодог. Миний хувьд, сэтгэлийн эрх чөлөө бол миний эрх чөлөө юм. Сэтгэлээрээ эрх чөлөөтэй хүн хаана ч, хэзээ ч бүрэн эрх чөлөөтэй амьдарч чадна.
-Би өөрөөрөө, аав, ээжээрээ, өвөг дээдсээрээ бахархдаг. Би гэдэг хүн өвөг дээдсийнхээ үргэлжлэл учраас хэзээ ч уулзаж, учирч үзээгүй ч, элэг зүрх, дотоод мэдрэхүйд минь байнга мэдрэгдэн оршдог монгол нутаг, өвөг дээдсийнхээ түүх, омогшлоор үргэлж бахархахыг хүсдэг.
-“Толгойгоороо хоолоо олж идэж чадахгүй бол гараа ажиллуул” гэж миний аав биднийг хүмүүжүүлсэн. “Тархиа ажиллуулаад, дээд боловсролтой болж чадахгүй бол гараа ажиллуулаад сайн цэвэрлэгч хий” гэсэн үг л дээ. Ер нь ямар ч ажлыг хийсэн шиг хийж чаддаг байхад дээд боловсролтой, боловсролгүй амьдрах боломж бий. Хамгийн гол нь амьдрах ухаанаа л олоод, түүнийгээ дээд түвшинд тултал хийж чаддаг байхад хүн бүхэн дээд боловсролтой болох ямар хэрэгтэй юм бэ.
-Өөрийн бодол өөртөө л зөв. Шийдвэр гаргахын тулд хамгийн түрүүнд ямар эрсдэл байж болохыг бодно. Тэр эрсдэл нь боломжоосоо илүү биш л бол шийдвэр гаргахдаа зоригтой шүү. Айхтар нарийн хэмжиж, огтолдоггүй.
-Би өөрөө хүлээцтэй, тэвчээртэй, хэр баргийн зүйлийг тоодоггүй хүн л дээ. Тийм болохоор дотоод хүнтэйгээ ч, бусадтай ч зөрчилдөөд байдаггүй.
-Баярлах, гуних бүхэн минь миний нүдэнд шууд тодордог. Нүднээс минь бүхнийг харж болно гэж ойр дотнынхон маань хэлдэг. Гэхдээ баярлах, гуниглахаа ил гаргаж, хөөрч догдолж, гутарч чаддаггүй. Ер нь баяр, гунигийг дотоод хүн минь л илүү хүлээж авдаг.
-Би том зорилго тавиад түүндээ хүрэх гэж чардайж чармайгаад л байхыг хүсдэггүй. Харин өөрт болон бусдад тохиосон боломж бүрийг алдалгүй барьж аваад, түүнийхээ төлөө зүтгэж үр дүнг нь үзэхийг зорьдог. Боломж бүхэн л миний зорилго юм уу даа.
Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ: Миний бурхан бол өвөө минь
-Амьдралыг би цаг хугацааны дунд үлдэх өв гэж ойлгодог. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн энэ дэлхий дээр эх орон, аав, ээж, үр хүүхдийнхээ хувьд хэн болж үлдэх ул мөр нь амьдралын мөн чанар юм.
-Би өөрийн ирээдүйг хэн нэгэн мэддэг, хардаг хүнээс асууж, тодорхойлъё гэж боддоггүй. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн үгэнд дуртай. Маргаашийн амжилт бол өнөөдрийн гарч байгаа миний цаг хугацаа гэж ойлгодог.
-Би гурван нүдтэй. Цогт эрдэнэтэйгээ танилцчихсан шүү. Хүний оюун санааг давхарласан, нүдэнд үл үзэгдэх билгийн мэлмийг цогт эрдэнэ гэдэг юм билээ. Ордны дааман хаалга, хаан сэнтийн түшлэг дээр, мөн энгэрийн тольтод тэрхүү мэлмийг дүрсэлдэг байж. Өвөө маань “Манжууд монголчуудын оюуны мэлмийг согтоох далд утгаар сархад өргөхдөө духандаа хүргэдэг ёс бий болгосон” гэдэг байсан.
-Гоё асуулт байна. Миний эрх чөлөө хэн нэгний хамрын үзүүрээр хязгаарлагдана гэдэг бол хүний нийгэмд хамаатай. Адгууслаг нийгэмд өөр шүү дээ. Дуртай амьтнаа барьж идэж болно. Тэгэхээр энэ хоёрын хоорондох ганц ялгаа нь хууль байхгүй юу. Хуулийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдах тусам хүн төрөлхтөн адгууслаг шинжиндээ орно. Нийгэм хувь хүний, эдийн засгийн эрх чөлөө, хуулийн засаглал гэсэн тулгын гурван чулуун дээр оршиж байгаа. Эдгээрийг салгаж ойлгох боломжгүй. Хуулийн засаглал бага байх тусам нөгөө хоёрынх нь эрх чөлөө хязгаарлагдана гэсэн үг. Хувь хүний эрх чөлөөний тухайд бол бидэнд тэр зүйл байгаа. Гэхдээ тун өнгөц. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Хүн аюулгүй, тайван орчинд амьдрах эрхтэй” гэж заасан. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот агаарын бохирдлоороо, үүний улмаас өвчилсөн хүүхдийн тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Энэ бол бидний эрхийг зөрчиж байгаа хэрэг.
-Миний бахархал бол өвөө минь. Бага байхад аав, ээж хоёр минь салсан учраас өвөө намайг өсгөсөн. Таван нас хүртлээ би хэлд ороогүй гэдэг. Миний өвөө өөд болсон ч одоо хүртэл зүрх сэтгэлд минь амьдарсаар байгаа. Тэр хүн миний загвар, миний бурхан.
-Миний бодлоор хүн хосолмол байх ёстой. “Дээд боловсролтой л бол сайн хүн” гэсэн үзүүлэлт ер нь байхгүй шүү дээ. Хамгийн гол нь монгол хүн байх ёстой. Тэгээд дээд боловсролтой бол бүр сайн. Цаашлаад гадаадад өндөр боловсрол эзэмшсэн бол улам сайн. Хөрвөх чадвар бүхий монгол хүн улсынхаа хөгжлийн гарц гэдэгт би итгэдэг. Тухайн хүнийг чадах газарт нь ажиллуулах нь бас их чухал.
-Би айхтар хэмжээд л суугаад байх дургүй. Огтлохоосоо өмнө бодох нь гарцаагүй. Тэгээд шийдэмгий байх ёстой. Амьдрал гэдэг долоо хэмжээд л азнаад байх урт аялал биш шүү дээ. Тиймээс ганц хоёр удаа эргэцүүлээд, сэтгэлээ дагаж шийддэг. Алдаа нь ч, оноо нь ч миний амьдралын цаг хугацаа, миний үлдээх өв гэдэгт итгэдэг. Эргээд харахад миний бүх амьдрал дандаа эрсдэлтэй шийдвэр байдаг.
-Дотоод хүнтэйгээ зөрчилдөхгүйн тулд долоо хоног бүр тэмдэглэл хөтөлдөг. “Алсын хараа” номоо өдрийн тэмдэглэлээсээ үүдэн бичсэн. Дараагийн ном минь ч адил. Нүдэнд харагдахгүй газарт ч би өөртөө сэтгэл хангалуун байх ёстой шүү дээ. Тэгэхийн тулд дотор байгаа хүнтэйгээ үргэлж ярьдаг. Түүнийг гаргаж, бөөцийлөхийн тулд ном бичдэг. Би бас шүлэг бичдэг. Гэхдээ энэ тухай хүмүүс мэдэхгүй. Энэ нь дотоод хүнтэйгээ ярьж байгаа нэг хэлбэр.
-Анхдагч нь өндөг үү, тахиа юу гэдэг шиг асуулт байна даа. Зорилго минь хөтлөх үе бий. Заримдаа зорилгоо би тодорхойлох үе ч гарна. Тэгэхээр энэ бол нэг зоосны хоёр тал.
-Баярлахдаа ганцаараа, гуниглахдаа олуулаа байхыг хүсдэг. Өнөөг хүртэл би төрсөн өдрөө олуул тэмдэглэж байгаагүй. Тэр өдөр би ууланд алхах дуртай. Бас би хүний баярт очих дуртай биш. Харин хэн нэгэн найзад минь хэцүү асуудал тулгарсан үед хамтдаа байхыг хичээдэг. Найзууд минь ч бас тэгээсэй гэж хүсдэг. Магадгүй энэ бол өвөөгөөсөө авсан хүмүүжил байх.