
Биокомбинат, Шувуун фабрик орчим өрнөдөг хайрга, дайрганы төлөөх “дайн” эхэлчихэж. “Уламжлал ёсоор” буюу жилийн жилд л өрнөдөг уг “дайны” хөлд тэндхийн газар танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, иргэд малаа бэлчээх газаргүй болсон. Үүгээр зогсохгүй, өдгөө амьсгалах агааргүй болоход ч ойрхон байна. Өмнө нь малаа бэлчээж, айлуудын зуслан болдог байсан газрууд өдгөө энхэл донхол нүх, карьерт “хувилжээ”. Хайрга ачсан том оврын машинууд зогсоо зайгүй холхиж, тоос шороо босгож буйгаас иргэд амьсгалын замын өвчтэй болж байгаа гэнэ. “Уг нь зам дагаад хөгжил гэдэг. Гэтэл бидний хувьд зам дагаад сүйрэл болчихлоо. Өдөр, шөнөгүй улаан тоосон дунд бас дуу чимээ ихтэй орчинд амьдарч байна. Компаниуд ухсан нүхэндээ хотоос барилгын хог авчирч хийн, гүний ус бохирдуулах боллоо” гэж нутгийн иргэн Б.Дашдорж хэлсэн юм.
Туул тосгон буюу бидний хэлж заншсан Био, Шувуун фабрик орчмоос улаанбаатарчуудын хүнсний ногооны ихэнх хувийг хангадаг. Бас тэнд эмийн үйлдвэрийн тариалангийн талбай ч бий атал хажууханд нь улаан тоос манаргаж, газрыг нь ухаж буй хэрэг. Бас хөрсийг нь бохирдуулж байгаа. Тэндээс хайрга, дайрга олборлож буй 68 компани бий бөгөөд “Ил тод байдал сан” төрийн бус байгууллагынхан нэрсийг нь гаргаад зогсохгүй, анх удаа газрын зурагт тэмдэглэжээ.
Туул гол дагуу хайрга, дайрга олборлогч компаниуд (хэсэгчлэн харуулав). Хан-Уул дүүргийн XIII хорооны газар нутаг.
Хайрга олборлогч компаниудын үйл ажиллагааг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж, төрийн холбогдох байгууллагуудад хандсаар ирсэн ч асуудал шийдэгдсэнгүй. Харин ч сэндийчсэн газрын талбай тэлж, карьерууд нэмэгдсээр өдий хүрчээ. Хэрээс хэтэрсэн шуналтай, нэг газар ухчихаад нөхөн сэргээх ч үгүй дараагийнх руу дайрдаг хэд хэдэн компани бий гэнэ. Тэдний нэг болох “Боржигоны тал” суурьшлын бүсэд халдаж, айлуудын хаяанаас ердөө хоёр метр зайнаас хайрга авдаг юм байх. “Айлын хашааг өндөр үнэ хүргэн худалдаж аваад газрыг нь ухаж байна” гэж иргэд ярьсан.
Бид хэд хэдэн компанийн ухаж буй талбайд очсон ч тэнд манаачаас нь өөр хүн байсангүй. Компанийнхаа захирлыг мэдэхгүй, эсвэл мэдэхгүй царайлж байж ч магадгүй манаачид “Энд ажиллаад удаагүй” гэх аж. Хаа сайгүй том оврын машин үзэгдэх ч хаана ямар компани хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус. Бас нөхөн сэргээх нэрээр ухаж буй талбайнхаа хажуугийн талбайд хэдэн нүцгэн мөчир суулгачихсан. Ургаж буй, эсэх нь эргэлзээтэй уг мөчир айлын шоовдор хүүхэд шиг харагдах нь өрөвдөлтэй.
Багагүй хугацаанд үргэлжилсэн хайрга, дайрганы “дайны” хөлд Бөхөг гол өртөж, амь нь тасарчихаж. Карьерууд тус голыг “залгичихсан” байна. Туулд цутгаж, сэлбэдэг 20 орчим гол байдаг гэдэг. Түүний нэг нь болох Бөхөг өдгөө танигдах аргагүй болсон, тийм гол байсан гэдэг нь мартагдахад тулжээ. Туул тосгоны газар нутгаар гурав салаалан урсдаг байсан голдирол нь эвдэрч, хатсан аж. Уг нь бороо орсны дараа өмнө нь гол урсаж асан шуудууг дагаад ус ирдэг ч компаниудын ухаж орхисон карьерт ороод тасардаг байна. Компаниуд ийн хуримтлуулсан усаараа хайргаа зайлж, хот руу ачаад, “угаасан” гэх нэрээр өндөр үнэ хүргэж зардаг тухай нутгийн иргэд ярьж байсан юм. Иргэн Ж.Үүрийнжин “Бөхөг голын хөндий Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт хамаардаг. Хайрга, дайрга олборлоод байгаа энэ газар Хан-Уул дүүрэг, Алтанбулаг сум хоёрын заагт оршиж байна. 2000 онд Бөхөгийн ус машины хамар давдаг байлаа. Туулыг тэжээдэг Бөхөг, Түргэн гэж хоёр гол бий. Одоо хоёулаа ширгэсэн” гэв.
Биокомбинат, Шувуун фабрик орчим 108 булаг байсан гэж ярьдаг. Түүнээс хэд нь ширгэснийг бид байтугай тэндхийн иргэд өөрсдөө ч мэддэггүй аж. Энд тэнд газрыг нь сэндийчээд булаг усны эхийг дарчихсан нь харагддаг ч хэд нь өдгөө амьд байгаа талаарх мэдээлэл байхгүй. Үүнийг анхаарч, санаа зовох төрийн байгууллага алга гэнэ. “Туул голыг ухсанаас ус нь тасарч байна. Миний санахаар бол голын эргээс 500 метрээс хол ухах ёстой байх. Гэтэл энд дураараа ч юм уу, эсвэл цаад газраас нь зөвшөөрөл олгочихдог ч юм уу, голын эргийг нь, бүр дотор нь орчихсон ухаж байна. Ингэхээр чинь Туул яаж урсах вэ. Хаа сайгүй жижиг нуур цөөрөм тогтчихсон, түүнд нь мал төдийгүй хүн унаж үхэх юм” гэж нутгийн малчин Н.Диваа хэлсэн юм.
Хэд хэдэн төрийн бус байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь” төслийн хүрээнд Туул гол өдгөө ямар байдалтай байна, хайрга, дайрга олборлож буй компаниудаас болж хэр их хохирол учирсан, ямар компаниуд байгаа зэрэг мэдээллийг олон нийтэд түгээхээр ажиллаж буй юм билээ. Энэ талаар “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаа “Хууль бус лиценз олгосны улмаас уул уурхайн үйл ажиллагаа замбараагүй явагдаж, ус гол бохирдож, нөөц нь багассан. Нутгийн иргэдийн эрх ашиг ч зөрчигдөж байна. Тиймээс төрийн бус зургаан байгууллага хамтран уг асуудалд төр, засгийн анхаарлыг хандуулах, иргэдийг идэвхжүүлж, чадавхжуулах чиглэлээр ажиллаж буй. Өнгөрсөн онд БОНХАЖЯ, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан ч асуудал шийдэгдээгүй. Тиймээс бид 365 иргэний өргөдлийг нэгтгэн, Өргөдлийн байнгын хороонд хандан, газар дээр нь ирж үзээд, энэ асуудлыг УИХ-ын хэмжээнд хэлэлцэж шийдэх хүсэлт гаргасан. Харамсалтай нь, тухайн үед дарга нь байсан О.Баасанхүү гишүүн хүсэлтийг минь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг шийд гэж шилжүүлсэн. Хотын захиргаа энэ асуудлыг шийдэж чадахгүй. Уг нь лиценз авахаар өргөдөл гаргасан аж ахуйн нэгжүүдийн нэр ил байх ёстой. Мөн зөвшөөрөл өгөх, эсэхийг шийдсэн хурлын шийдвэр ч ил тод байх шаардлагатай. Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын хүрээнд уул уурхайн жинхэнэ ашгийг хүртдэг, далд эзнийг ил тод болгох тухай асуудлыг бид ярьж буй. Эзэн нь төрд алба хашдаг, эрх мэдлээ ашиглаад ийм олборлолт явуулдаг байвал олон нийт мэдэх эрхтэй. Хариуцлага тооцох боломж гарч ирнэ. Үүний төлөө л бид ажиллаж байна” гэсэн юм.
Хайрга, дайрга дагасан шуналаас болж Туул тосгоны иргэд, тэндхийн гол ус, газар үгүйрч дуусах нь. Баталгаа хэрэгтэй бол Бөхөгийг хар, Түргэнийг хар. Араас нь “явахад” бэлэн байгаа Туулынхаа одоогийн байдлыг ч хар. Газрыг хэвлийг ухаж сэндийчээд, улаан тоосон дунд хөсөр хаягдаж буй Биокомбинат, Шувуун фабрикт очоод үз. Бодит байдлаас илүү баталгаа хаана байх вэ. Ил харагдаад байгаа хэрнээ л шийдэгдэж байгаагүй, бас жинхэнэ эзэн нь олдож, хариуцлага хүлээж үзээгүй энэ явдал хэзээ дуусах вэ.