
“АСЕМ-ын зочид Их тэнгэрээс уруудаж явахдаа юу гэж бодох бол” гэсэн сэтгэгдэлтэй зураг цахим хуудсаар түгсээр байна. Арай ядан ургаж буй модыг услах, бордох зай үлдээгүй асфальтаар битүү хуччихсан нь олон хүний дургүйцлийг төрүүлэх нь мэдээж. “Тэдний юу гэж бодох хэнд хамаа байна вэ. Хэдэн сайхан мод, байгаль минь. Бид л хохирч үлдэнэ шүү дээ” хэмээн халагласан сэтгэгдэл олон ч “Тэр инженер ухаантай хүнийг нь цаазлах хэрэгтэй” гэж бухимдсан нь ч цөөнгүй. Харин зарим нь “Зүгээр л мөнгө завших арга. Зам тавихаа тооцоолгүй мод тарьсан байх. Мөнгө л завших юм” гэсэн байв. Ийнхүү тус зургийг олон нийтийн сүлжээгээр түгээсээр байсан тул дугуйн зам тавьсан байгууллага алдаагаа зассан юм. Гэхдээ тэдний “Хотоо ногоон байгууламжтай болгох нэрийдлээр мөнгө зувчуулдаг” гэдэг нь үнэний ортой.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо анх удаа зохион байгуулж буй учир бүгд л нийслэл хотынхоо өнгө төрхөд нэлээд анхаарал хандуулж буй. Тийм ч учраас хаа сайгүй тохижилтын ажил хийж, цэцэг, мод тарьж байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн баасан гаригт “Чингис хаан” нисэх буудлаас хотын төв явах зам дагуу мод тарьж эхэлсэн. Хэрэв өнгөрсөн жилүүдэд тарьсан модоо арчилж байсан бол өнөөдөр тэдний гишүү, навч нь сагсайчихсан нүд баясгаж байх байв. Гэвч мөнгө зарлагадаж тарьсан модны хэд нь ургаж, хэд нь үхэж байгааг хянадаг тогтолцоо алга. 2012 оноос хойш жилд 2-5 тэрбум төгрөгийг ногоон байгууламжийн ажилд төсөвлөж буй. Үүний тал орчмоор нь мод тарьдаг гэсэн тооцоо гарчээ. Гэвч зарцуулсан мөнгөний тал нь хувхай мод болсон гэхэд хилсдэхгүй.
.jpg)
Нийслэлийн ногоон байгууламжийг хүн амын тоонд нь хуваахад нэг хүнд ногдох тогтоосон стандартад хүрдэггүй. Тиймээс дэлхийн стандартад нийцүүлэхийн тулд гоёлын болон энгийн мод, цэцэг өчнөөнөөр нь суулгаж, ногоон байгууламж бүхий амрах талбайг ч олноор байгуулж байгаа. Ингэхдээ тарьж буй модоо уулнаас авчирдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхэндээ Сэлэнгэ аймгаас мод тайрч авчирдаг байсан бол өдгөө Богд уул, Төв аймаг зэрэг нийслэлтэй ойр газраас зөөдөг болсон гэнэ. Хэрэв цаашид хотоо энэ маягаар ногооруулбал байгалиа сүйтгэх болно гэдгийг хэлж байна. Энэ талаар “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралт “АСЕМ-ын уулзалт ч гэлтгүй өнгөрсөн жилүүдэд бид модоо буруу тарьж ирсэн. Ууланд жамаараа ургаж байгаа модыг суга татаж аваад тарьчихдаг. Ингэж үндсийг нь тасалчихаар яаж ургах юм бэ. Дээрээс нь багахан хар шороо асгахаар ургана гэж байхгүй шүү дээ. Бид сүүлийн арав орчим жил уулын модыг ухаж, хотод авчирч суулгасан. Дийлэнх нь хувхайрчихаад байна. Үүнийг мэргэжлийн хүмүүсээр, технологийн дагуу хийвэл ургана” гэсэн юм.
Үүнээс гадна бүх нийтээрээ мод тарих өдрийн хүрээнд суулгасан модоо эзэд нь эргэж тойрдоггүй нь хувхай модод нэмэгдэх шалтгаан болоод байгаа ажээ. Нийслэл хотод 2014 оноос эзэнтэй мод тарьж эхэлсэн. Тухайн үед санаачлагчид нь “Мод тариад зөнд нь орхидог байдал одоо үгүй боллоо. Модыг коджуулсан. Тухайн модыг тарьсан хүн ургаж буй, эсэхийг интернэтээр хянах боломжтой. Хэрэв ургалт нь муу байвал арчилгаа, тордолгооны компанид мэдэгдэж, модоо аврах боломжтой” гэж байсан. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан эзэнтэй модод арай ядан ургаж байна. Тус хүрээлэнгийн хамгаалагч “Сайн дураараа ирж мод усалж байгаа хүнийг хараагүй. “Улаанбаатар” нэгтгэлийн машин л ирж усалдаг. Өнгөрсөн жил жигтэйхэн үнэтэй баар кодтой мод олныг тарьсан. Баар код нь хаанаа ч байгаа юм бүү мэд. Бусдаасаа ялгарахгүй л юм билээ” гэв. Энэ жил ч мөн адил тарьсан моддыг эзэнтэй болгосон. Гэвч хариуцаж авсан эзэн нь үл тоовол ах моддынхоо араас орох байх. Энэ мэтээр мод буруу тарьж, тарьсан модоо арчлаагүй, олон жилийн өмнө тарьж ургуулсныгаа барилга барих, зам тавих гээд хөрөөдөөд халчихсан учраас нийслэлд том мод ховор аж. Тиймээс нийслэлийн Засаг дарга захирамж гарган, 500 сая төгрөгөөр том мод тарихаар шийдвэрлэжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ мөнгөөр 1000 гаруй мод авч, гол гудамжуудад байрлуулах гэнэ.
Энэ талаар “Улаанбаатар” нэгтгэлийн дарга Б.Ганзоригоос тодрууллаа.
-АСЕМ-ын уулзалтын хүрээнд нэгтгэл хэдэн мод тарих бол?
-Манайх АСЕМ-ын уулзалтын хүрээнд мод тариагүй. Өмнөх жилүүдийнх шигээ төлөвлөгөөний дагуу мод тарьж байгаа. Манай байгууллага энэ ажил хоёр тэрбум 450 сая төгрөгөөр мод, цэцэг, зүлэг тарих төлөвлөгөөтэй. Мод тарих ажил эхэлчихсэн. Энэ долоо хоногт зүлгээ суулгаж эхэлнэ.
-Зөвхөн мод тарихад хэдэн төгрөг зарцуулах вэ?
-162 сая төгрөгөөр нь цэцэг тарина. Ерөнхийдөө хоёр тэрбум орчим төгрөгөөр мод тарихаар төлөвлөсөн. Төсөвлөсөн хөрөнгөөр нэг сая гаруй бут, сөөг тарина.
-Ургаа мод сугалж авчраад суулгаж байна гэдэг үнэн үү?
-Бид дотоодын мод үржүүлгийн газруудаас суулгац нийлүүлэх тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан. Тэднийг хаанаас суулгацаа авдгийг мэдэхгүй. Бид нийлүүлсэн суулгацын үндэс, нас зэргийг нь шалгаж авдаг. Би “Улаанбаатар” нэгтгэлийн даргаар томилогдоод удаагүй байна. Намайг томилогдохоос өмнө “Хятадаас суулгац авч байна. Уулын модыг тайрлаа” гэх гомдол гарсан юм билээ. Энэ бүгдийг нийслэлийн Засаг даргад уламжилсан. Гэхдээ тендерт шалгарсан компаниуд нийлүүлэх ёстой суулгацаа тоо ёсоор нь нийлүүлж чадахгүй гэсэн яриа бол бий. Надад одоогоор албан ёсоор, бичгээр саналаа ирүүлээгүй байна.
-Зарим гудамжинд ууланд ургаж байсан мод авчирч байрлуулсан байна гэсэн.
-Тэр манайхаас тусдаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар хариуцаж байгаа. Нийт төсөв нь 500 сая төгрөг гэсэн гэв.
Түүний ярьж буйгаар бол тендерт шалгарсан компаниуд суулгацаа хаанаас авчирдгийг хэлж мэдэхгүй аж. Тоо ёсоор л нийлүүлж байвал тухайн компани руу мөнгийг нь шилжүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, ногоон байгууламжтай холбоотой нэгдсэн зохицуулалт байхгүй. Төсөв захиран зарцуулдаг байгууллага мөнгөө хуваарилж, түүнийх нь дагуу хариуцсан байгууллагууд ажлаа хийнэ. Хачирхалтай нь нийслэл хэдэн модтойг хэн ч мэдэхгүй. Ямартай ч АСЕМ-ын уулзалтын хүрээнд 500 сая төгрөгөөр 1000 гаруй ургаа мод үндсээр нь сугалж саванд суулгаад зам дээр тавина гэсэн. Үүнээс тооцоолоод үзвэл нэг модны амийг 50-500 мянган төгрөгөөр таслаад, оршуулдаг байх нь.