
Онцгой байдлын алба гэж онцгой байгууллага манай улсад бий. Хүний төлөө, аврал эрсэн хүмүүст туслах зорилготой алба. Үүнийгээ ч хийж хэрэгжүүлсээр ирсэн. Улс орон, иргэдийн аюулгүй байдлын төлөө олон аавын хөвгүүд тангараг өргөж, түүндээ ч үнэнч байж амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй тохиолдол цөөнгүй бий. Энэ бүгдийнхээ төлөө тэд төрөөс юу ч нэхдэггүй. Дорнодын түймэрт амиа алдсан аврагчийн ар гэрийнхэн төр түшилцэж буй хүмүүсээс “Цагаан морийг нь (Цэргийн хүндэт медаль) өгүүлчих боломж юу байдаг бол” хэмээн асууж буй нь үүний нэг жишээ. Төр даанч улсынхаа төлөө гавьяа байгуулсан хүмүүст цол нэхэн шагнахаа болиод удаж буй болохоор хүсэлтийг биелүүлэх боломжгүй юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байгаа ийм олон залуусын гавьяаг үгүйсгэх гэсэнгүй. Харин татвар төлөгчдийн мөнгөөр авсан зүйлийг зүй бусаар зарцуулж, ашиг олж байгаа үйлдлийн талаар дуугүй өнгөрч боломгүй санагдана.
ЦЭРГИЙН ЦОЛЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ БОЛОВ
УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар Батлан хамгаалах бодлогын үндсийг шинэчилж, түүндээ Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэх бөгөөд эдгээр нь цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, цэргийн алба хаагчийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан.
Цэргийн байгууллагын цол, дүрэмт хувцас, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг зөвхөн цэргийн албан хаагч хэрэглэдэг, нэр хүндтэй байх ёстой. Харамсалтай нь, сүүлийн үед цол олгож буй байдал цэргийн цолны нэр хүндийг шавартай хутгах болов. Шалгуур хангаагүй хүмүүст, танил тал, ар өврийн хаалга, сайд дарга нарын хүн гээд хамаа замбараагүйгээр цол олгох явдал Онцгой байдлын байгууллагад ердийн үзэгдэл.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар сарын 8-ны 181 дүгээр зарлигаар цэргийн цол олгох журмыг шинэчлэн баталж, мөрдөж ажиллахыг БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-ын удирдлагад даалгасан байгаа. Уг журамд зааснаар хурандаа цолыг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа, ажилдаа мэргэшсэн байдал, ажлын үзүүлэлт гэх мэт олон шаардлагыг харгалзаж, зөвхөн ЗХЖШ-ын дарга олгохоор заажээ. Гэтэл зөрчил дутагдал гаргаж ажлаасаа чөлөөлөгдөж байсан, цэргийн алба хаах нас нь хэтэрсэн гэх мэтийн олон хүнд ОБЕГ-ын дарга нь өнгөрсөн шинэ жилээр хурандаа цол олгосон байна. Тэр ч байтугай өөртөө байхгүй эрх эдэлж, чөлөөндөө гараад 10-20 жил болсон хүмүүст бэлтгэл хурандаа цол олгосон байх юм.
Аймгуудын Онцгой байдлын газар хэлтэст энэ салбарын мэдлэг тун хомс нөхөд очоод дарга нь болчих явдал бишгүй. Тэдний заримыг намын харьяалал, улстөрчдийн захиалгаар томилдог болсныг ОБЕГ-т ажилладаг мэргэжлийн хүмүүс ихэд буруушаадаг юм. Тухайлбал, Архангай аймгийн Онцгой байдлын газрын даргаар нэг яруу найрагч эр ажиллаж байсан ч удаа дараа ажлаа цалгардуулснаас чөлөөлөгдсөн гэнэ. Түүний оронд улсын начин Д.Пэрэнлэйдоржийг томилж, тэр даруйд нь ахмад цол олгожээ. Уг албан тушаалд түүнийг томилуулахыг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, сайд эрхэм ОБЕГ-ын удирдлагад санал болгосныг нь биелүүлсэн гэх албан бус мэдээлэл бий. Д.Пэрэнлэйдоржийн хувьд цэргийн цолоор тоглож байгаа нэгэн. Анх хил хамгаалах байгууллагад ахлагч цолтой ажиллаж байгаад Монгол цэргийн музейн менежерийн ажилд 2014 оны үед ороод жил дараалан цол нэмж, дэслэгч, ахлах дэслэгч болсон аж. Өдгөө Архангай аймгийн ОБГ-ын дарга, ахмад. Энэ мэтийн жишээ ОБЕГ-ын харьяа анги салбарууд, Дархан-Уул, Говь-Алтай аймаг гээд тоочвол урт жагсаалт болно. Удирдах албан тушаалтнаар тогтохгүй, жирийн алба хаагчдынх нь дунд мэргэжлийн бус хүмүүс ажиллаж буй жишээ олон. Аврах байгууллагын эмчийн орон тоонд эрх зүйч мэргэжилтэй хүн ажиллаж байгаа гэж бодохоор яалтай ч билээ. Таныг аврахаар цагаан халаад өмсөж чагнуур зүүсэн эрх зүйч очоод яаж ч чадахгүй бүлтэгнэж зогсох нь энүүхэнд байна.
Төрийн албаны дарга нарын орон тоог багасгах бодлого Засгийн газраас баримталж байхад Шадар сайдынх нь шууд удирдлага дор ажилладаг ОБЕГ даргынхаа тоог нэмж байгааг юу гэж ойлгох вэ. Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны 387 дугаар тогтоолоор агентлагуудын орон тооны дээд хязгаарыг тогтоосон. Уг тогтоолд ОБЕГ нь 105 албан хаагч, нэг дэд даргатайгаар ажиллахаар тусгасан байна. Гэтэл өнгөрсөн онд нэг дэд дарга, энэ он гарсаар дахиад нэг даргын орон тоо гаргаж нийт гурван дэд даргатай ажиллаж байгаа юм.
Засгийн газар, Сангийн яамнаас тогтоогоод өгсөн орон тоо, цалингийн сан нь нэмэгдээгүй ч даргын орон тоо нэмэгджээ. Ингэхээр ард иргэдийг авран хамгаалах аврагч, гал сөнөөгчийн орон тоо хасагдана гэсэн үг.
ДУНД ТУШААЛЫН ОФИЦЕР НЬ КОМПАНИ БАЙГУУЛЖ, ГАЛ СӨНӨӨГЧДИЙН ХУВЦСЫГ ЗАРЖ БАЙНА
Онцгой байдлын албаны удирдлага нэг бус удаа АТГ-т шалгуулж, прокурор, шүүхэд очиж байв. П.Даш генерал, тус салбарын сайд асан С.Отгонбаяр гээд эрх мэдэл албан тушаалын хэрэгт холбогдож байсан нэг бус хүн бий. “Нарсанд” суугаа ОБЕГ-ын мэргэжилтэн ч байдаг. Ингээд бодохоор Онцгой байдлын байгууллага гэж мөнгөжих, татвар төлөгчдийн хөрөнгөөс завших “саалийн үнээ” гэхэд хилсдэхгүй нь. Барилгын техникийн нөхцөл олгохын тулд аж ахуйн нэгжүүдээс мөнгө сэгсэрнэ. Гал унтраах хэрэгсэлтэй байхыг шаардаж, түүнийг нь авах гэхээр өөрсдийн халаасны компанийг заадаг гэх гомдол бишгүй л сонсогддог.
Уг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль бий. Уг хуулийн холбогдох заалтуудыг зөрчин Онцгой байдлын байгууллагын дунд тушаалын офицерууд компанийн захирлаар ажилладаг тохиолдол ч бас буй аж. Улаанбаатар төмөр замын дэргэд Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба гэж байдаг. Тус албанд галын аюулгүй байдлыг хангах бараа нийлүүлэхээр “Онцгой импекс” компанийн захирал Т.Отгон-Эрдэнэ гэрээ байгуулжээ. Галд тэсвэртэй хос хувцас (өмд, цамц), гутал, нүүрний хамгаалалттай каскан малгай тус бүр 40-ийг Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба авах болсон аж. Харин нийлүүлэгч компанийн захирал Т.Отгон-Эрдэнэ нь онцгой байдлын албаны хошууч цолтой нэгэн байх юм. Хэрэв өдгөө тус албанд ажиллаж буй бол АТГ-ынхан хууль зөрчсөн, эсэхийг нягтлах хэрэгтэй болов уу.
Галд тэсвэртэй хувцсыг Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд зарж байхын оронд хувцас, хангалт муутай анги салбарууддаа өгсөн нь дээр биш үү. Хэдэн жилийн өмнө Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гал сөнөөгчид түймэрт өртөн нас барсан харамсалтай явдал гарч байв. Орон нутгийн анги салбаруудын хувцас, хангалт тааруухан байснаас ийм харамсалтай явдал болсон байж болох. Хэрэв гал сөнөөгчид тухайн үед галд тэсвэртэй хувцас, гуталтай ажиллаж байсан бол амиа алдахгүй л байсан шүү дээ гэх гал сөнөөгч, аврагч олон.
Түүнээс гадна саяхан онцгой байдлын салбаруудад аврах ажилд зориулсан “тусгайлан тоноглосон” хэмээн “Газель” маркийн автомашинууд нийлүүлсэн гэнэ. Гэвч аврах ангиудад очсон уг загварын автомашинд тоноглосон зүйл юу ч үгүй байгаад алба хаагчид нь гайхширч сууна. Нэг бүрийг нь 60 гаруй сая төгрөгөөр нийлүүлсэн гэх уг машин нь зах зээлд 20 гаруй сая төгрөгийн үнэтэй байгаа нь Онцгой байдлын албаны удирдах албан тушаалтнууд дээр, доргүй мөнгө завшихаар очдог юм биш биз гэх хардлага төрүүлж байна.