
“УИХ-ын гишүүн Д.Арвин, дуучин С.Жавхлан, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нараас хэнийг нь сонгоно оо” гэж би анх бичиж байгаа юм биш л дээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн зарласнаас хойш ийм нэг яриа “яваад” л байгаа. Зарим нь бүр биднийг “Яагаад ингэж дорд үзэж, доромжилно вэ” гэж бухимдах. Дээрх эрхмүүд өрсөлдөж буй Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрог уг нь 13 нэр дэвшигчтэй. Гэвч урлаг, соёлын цөөнгүй төлөөлөл нэг дор, ийн “оноолт таарсан” нь онцгой харагдаад байх талтай. Ер нь л улс төрийн талбарт сонгочих хүн алга гэж битүүхэн хэлээд байгаа юм даг уу даа. Улс төрийн “уралдаан” атал урлагийнхан хэд хэдээрээ цохиж яваа нь “Тоон дотор үсэг” гэдэгтэй адил утга илэрхийлж мэднэ.
“Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ” гэчихмээр байхад гал гарсан өрсөлдөөнтэй, “Аль ч төрд хэрэгтэй хүмүүс дээ” гэж бодмоор өрсөлдөгчтэй тойргууд аль ч сонгуулийн үед байдаг.
Ингээд бодох нь ээ, арга ядсан үед “Аль нь ч биш” гэсэн сонголт саналын хуудсанд байдаггүй нь харамсалтай. Төрд илгээхэд шаардлага хангасан, хүндлэл хүлээсэн, хүсэмжит “фигур” үгүй тохиолдолд би яагаад хүсээгүй, хэрэггүй гэж бодсон нөхрийн төлөө санал өгөх ёстой гэж. Тэгж цаг, заваа гарздаж байснаас санал хураалтад оролцохгүй байсан нь дээр гэж ч бодох шиг. Үл бүтэх нөхөр гэдгийг нь мэдсээр байж, сонголтгүйн улмаас түүний төлөө өгсөн санал л нөгөөх хүнийг төрд гаргаж, балаг тариулбал өөртөө болон өрөөл, үе удам, улс орондоо нүгэл хурааж буй хэрэг биш гэж үү. Магадгүй иймэрхүү сонголтгүй болсон нөхдийн бодол хийгээд үйлдэл нь жил ирэх тусам сонгуульд оролцогчдын ирц, идэвхийг бууруулж байж мэдэх.
Гэвч сонгох, сонгогдох нь ардчилсан нийгэмд амьдарч буй хүн бүхний эрх. Төр улсаа байгуулах их ажилд оруулж буй хувь нэмэр, үүрэг хариуцлага. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцоорой, манайхаан. Төгөлдөр хүмүүсийн дундаас сонголт хийх үе тун удахгүй ирнэ гэж найдъя.