
Гэртээ хүүхдээ асрангаа сар бүр цалин авч болох уу. Хоёр жил биш, гурван жил хүүхдээ асарч болох уу. Олон хүүхэдтэй ээжүүдээс төр засагт хандаж тавьдаг олон хүсэлтийн нэг нь энэ юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг Монгол ардын нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Өөрөөр хэлбэл, нийгмийн захиалга, санал хүсэлтэд үндэслэсэн учраас энэ хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой. Бага насны гурван хүүхдээ асарч, ажилгүй суугаа Дулмаа шиг олон ээж бий. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр тэд цалинтай болж, өрхийнх нь орлого бага ч атугай нэмэгдэх юм. Энэ хөтөлбөр зөвхөн залуу ээжүүдэд хамаатай бус. Найман хүүхэд төрүүлж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн Долгор гуай шиг одонтой ээжүүдэд ч мөн хамаарна.
Иргэн Хорлоо улсад 15 жил ажиллажээ. Тэр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн боловч бүрэн тэтгэвэр авч чадахгүйд хүрээд буй. Түүн шиг ажилласан жил нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох босгонд хүрэхгүй байвал төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилтэй дүйцүүлэн тооцох заалтыг Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө оруулжээ.
Энэ заалтыг хуульд оруулбал мөн ч олон ээжид нэмэр болно доо. Зах зээлийн шуурганд тодорхой ажилгүй болж, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Хорлоо шиг олон ээж тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ажилласан жил нь хүрээгүй, бүрэн тэтгэвэр авах шаардлага хангаагүй гэх мэт нэлээд бэрхшээлтэй тулгардаг. Ээжүүдэд учирдаг ийм олон асуудлыг цогцоор нь шийдэх санаачилгыг Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө ийнхүү дэвшүүлээд байна.
Нөгөө талаар жилд дунджаар 80 мянган эх төрж буй гэнэ. 2015 оны байдлаар 91.700 эх гэртээ хүүхдээ асарч байгаа гэсэн статистик мэдээ бий. Энэ үзүүлэлтээс харвал 0-2 насны хүүхэдтэй 240 мянган эхээс 38 хувь нь буюу гурван эх тутмын нэг нь хүүхдээ асраад ажил эрхлэхгүй байна. Гэртээ хүүхдээ асарч байгаа ийм ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх гарцыг Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө багтаасан аж.
Тухайлбал, хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох юм байна. 70 хүртэл хувийн тэтгэмж авдаг одоогийн тогтолцоог өөрчилж цалингаа бүтэн, тэтгэмжээ 100 хувь авах боломж олгох аж. Түүнчлэн хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлэх гэнэ. Ингэснээр ажил хийнэ гэлгүйгээр хүүхдээ харангаа сар бүр гар дээрээ цалин авах юм байна.
Үүний зэрэгцээ бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн, осол эндэгдлийн түвшинг хоёр дахин бууруулах зорилтыг МАН хөтөлбөртөө тусгажээ. Судалгаанаас үзэхэд түлэгдсэн нийт хүүхдийн 75.3 хувь нь 7-24 сартай хүүхдүүд гэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдээ хараа хяналтгүй орхих, аюулгүй байдлыг нь хангаагүйгээс сүүлийн жилүүдэд халуун тогоо, ус, галд түлэгдэн, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэж байгаа.
Иймд хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг сайжруулахын тулд төр бодлогоор эхчүүд, гэр бүлийн тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүрэгтэй. Энэ ч шаардлагын үүднээс Монгол ардын нам “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, “Байгууллагын цэцэрлэг”-ийг татварын бодлогоор дэмжиж, гурав хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон, орлого багатай өрхүүдийг төрөөс дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох юм байна.