
Нар шатаах мэт халуунаар төөнөсөн бүгчим өдөр хүмүүс автобусанд “бүүвэйлэгдэн” явав. Цонхон талын сандал дээр суусан нэгэн хүү нам унтсан харагдана. Өвөр дээр нь өөрөөс нь том “гахай” (цүнх) байна. Хөлс нь бас бурзайжээ. Бодвол хэн нэгний зараалаар яваа биз гэж таамаглав. Хичээлээ хийж байгаад унтчихдаг дүүг минь санагдуулсан тэр хүүг хараад хайр хүрч, бас өрөвдлөө.
Автобус дараагийн буудал дээр зогсоход 50 орчим насны эмэгтэй орж ирээд, суудал хайж ийш тийш харснаа өнөөх хүүгийн дэргэд очиж зогслоо. Тэгснээ нойрмоглон, нозоорч яваа хүүг сэрээх гэсэн юм шиг хоолойгоо засан, биеэрээ нудрав. Санаатай, санамсаргүй аль нь болохыг мэдэхгүй ч хүүгийн хөл дээр гишгэчихэв. Тэрбээр ийн “хичээсний” эцэст хүүг сэрээчихлээ. Хамгийн зэвүүн нь өнөөх эмэгтэй хүүг угз татан босгоод суудалд нь тухлав.
“Настай хүмүүс автобусанд сандал олох гэж өчнөөн арга сүвэгчилдэг” гэж найз маань хошигносон нь үнэн бололтой. Сандлаа булаалгасан хүү нүдээ нухан зогсох үед автобус түр “амарч” нэгэн эмээ орж ирэв. Түүнээс архины үнэр сэнхийв. Жолооч “Тэр цагаан малгайтай хүн картаа уншуулаарай” гэхэд нөгөөх эмээ “Настай хүн хүндэлсэнгүй. Надад чам шиг хүү бий” гэж бараг 20-иод минут загнан, гомдсон дүр эсгэсээр мөнгө төлсөнгүй. Жолооч ч залхав бололтой түүнийг тааваар нь орхив. Ашгүй нам гүм боллоо гэж бодтол нэгэн согтуу өвөө “Хөөрхөн халиун дөлгөөн шүү...” гээд л дуулж гарав.
Нийтийн унаанд явж үзээгүй хүмүүст энэ явдал галзуу санагдах ч бидний хувьд ердийн л үзэгдэл. Би лав ийм “хүмүүжилгүй” настнуудтай зөндөө л таардаг. Гэхдээ согтуу, дээрэлхүү, танхай гурав автобусанд нэгэн зэрэг аягласан нь ямар муухай харагдсан гээч. Тэд “Бид ийм байгаагүй” гэж өнөөгийн залуусыг шүүмжилдэг хэрнээ яаж үлгэрлээд байгаа юм бэ.
Өндөр насаараа түрээ барин бусдыг дээрэлхэж, тавьтаргүй аашилж болно гэж үү. Дунд сургуулийн балчраас эхлээд залуучууд үг, үйлдлээс нь үлгэрлэдэг гэдгийг мартсан юм уу. Туулсан зам, туршлага арвин буурайн үгийг сөрөхийг цээрлэдэг сайхан уламжлал бидэнд бий. Гэвч ийм бүдүүлэг эмээ, өвөө нарыг яаж ч хүндлэх билээ.