
Хэн нэгний хувьд хүн удирдаж, ажиллуулах нь ёстой л “там” мэт бол бусдыг жолоодох авьяас, ухаантай зарим нэгэнд энэ нь жинхэнэ “диваажин” байж мэдэх. Удирдан залуурдах, дагуулан хөтлөх авьяас гэдэг зүйл тэгэхээр төрөлхийн зан чанар, байгалийн өгөгдөл байх. “Нэг өдөр” булангийн зочин маань тийм авьяастай нэгэн.
УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын ажлын нэг өдрийг сурвалжилж, наадмын нээлт, хаалтын ёслолын ажил хэр явж байгааг “шалгах”-аар тохирч, зургадугаар сарын 24-нд уулзах болов. Тэрбээр “Тэр өдрийн ажил нэлээд эрт эхэлнэ” гэж сануулж байсан ч шөнө дөлөөр “нар мандаж”, ажил буцална гэж үнэндээ санасангүй.
03.00 цаг
Хүмүүс ид нойрсож байх үед найруулагч залуутай уулзахаар Төв талбайд ирлээ. Баярын жагсаал болж байна уу гэж андуурахаар хөл хөдөлгөөнтэй, монгол дээл хувцастай хүмүүс холхиж харагдана. Учрыг лавлахад, дууны клипний зураг авч буй гэнэ. ҮДБЭЧ, УДЭТ, ХЦДБЧ-ынхан, рок попынхон гэхчилэн урлаг соёлын салбарын 250 хүн энэ шөнө нойроо хугаслан наадамд өнгө нэмэх нэгэн бүтээл төрүүлэхээр “дуншиж” буй нь энэ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг энэ жил Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар дэглэн тавих болсон. Энэ хүрээнд тэрбээр олон зүйл бодож, төлөвлөсний нэг нь наадмын сүлд дуу юм билээ. Монгол наадам түүхэндээ анх удаа өөрийн гэсэн сүлд дуутай болж, түүнийг дүрсжүүлж буйг харах сайхан байлаа. Л.Балхжав, Ш.Гүрбазарын онгод юугаар хөглөгдсөн тэрхүү бүтээлийн найруулгыг Б.Чинбат хийж байгаа аж. Эл бүтээлийг тун удахгүй зурагтаар цацаж, олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.
Н.Наранбаатар найруулагч эл ажлын явцыг ерөнхийд нь ажиглаад, дараагийн зургийг хаана авахыг тодруулж, уран бүтээлчдэд амжилт хүслээ. “Аливаа баяр, ёслолын үеэр урлагийнхан маань унтаж амрах завгүй энэ мэтээр зүтгэдэг, үнэхээр бахархмаар, баатарлаг хүмүүс” хэмээсэн тэрбээр өглөө эрт хотоос гарах ажилтай тул түр ч гэсэн нүдний хор гаргахаар явлаа. Бид “маргааш” өглөө Драмын театрын үүдэнд уулзахаар дахин болзоод салсан бол түүний ажлыг УДЭТ-ын жүжигчин, Н.Наранбаатарын багийн ерөнхий менежер О.Гэрэлсүх нугалахаар үлдэв.

07.00 цаг
Зочин маань “болзоондоо” хэдийнэ ирчихсэн, биднийг хүлээж байв. Хотоос 50 км алсад байрлах Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд очиж, наадмын нээлт, хаалтын ёслолд оролцох цэргийн алба хаагчдын бэлтгэл, сургуулилалтын явцтай танилцахаар ийнхүү эртлэн хөдөлсөн юм.
Наадамчин олныг хурдан морь, хүчит бөх, мэргэн харваачдаас дутахгүй догдлуулж, сэтгэл, оюуныг нь баясган цэнгээдэг зүйл бол яах аргагүй Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулдаг нээлт, хаалтын арга хэмжээ байдаг шүү дээ. Энэ утгаараа Наранбаатар найруулагч ямар шинэ санаагаар наадамчдад бэлэг барих бол гэсэн хүлээлт олны дунд бий. Энэ талаар түүнээс асуухад “Дэндүү эрт долоон булчирхайгаа тооччихоор хүмүүсийн сонирхол буурч мэднэ. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө энэ жил наадам ямар онцлогтой болов гэдгийг дүгнэж, дурссан нь дээр” гэсэн. Ямартай ч зам зуурт түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Юуны өмнө Н.Наранбаатарын бүрдүүлсэн, зургаан найруулагчтай, ерөнхий менежер, продюсер нарын чиглүүлэн зохион байгуулах 30 гаруй хүнтэй багийнхан энэ жил нээлт, хаалтын ёслолыг Монголын түүхийн дөрвөн чухал үйл явдалтай холбон, театрчилсан тоглолт хэлбэрээр дэглэн тавихаар зорьж байгаа аж. Аль болох улиг болсон зүйлсийг давтахгүйгээр, нүсэр биш төсвөөр ажлаа гүйцэтгэх нь бас нэгэн зорилго гэсэн. Нөхцөл байдал ч тэгж шаардаж буй.
Ер нь олон нийтийг хамруулсан, аливаа том арга хэмжээ зохион байгуулахад хүний арга эвийг олж, гуйж, “царайчлахаас” эхлээд хоол, хүнс, шатахуун түлш базаах гэхчилэн ажил “биш” асуудалтай алхам бүртээ тулдаг. Яг үнэндээ бол үндсэн ажлын гол дагуул болсон, “аж ахуйн” гэсэн тодотголтой энэ мэт “жижиг сажиг” зүйл хамгийн чухал байдгийг зовлонг нь үүрч, мэдэрсэн хүмүүс л ойлгоно. Н.Наранбаатар ч тэр л замаар явж буйгаа хэлээд сайхан сэтгэлээр дэмжиж, тусалж байгаа бүх хүнд талархлаа илэрхийлснийг дамжуулъя.

08.40 цаг
Зорьсон газартаа ирлээ. Хурандаа С.Дашзэвэг, бүжиг дэглээч Г.Ган-Очир нар найруулагч “генерал”-ыг угтан авч, ажлын явцаа танилцуулав. Энэ жилийн бас нэгэн онцлог, бахархам зүйл нь энхийг сахиулах хүчнийхэн нээлт, хаалтын ёслолын тоглолтод оролцох явдал юм билээ.
17 өдрийн турш “цэргүүдтэй ноцолдож”, эндхийн “өрлөг жанжин” болсон Г.Ган-Очирын хоолой сөөчихөж. 400 офицер, ахлагч, 40-өөд морьтныг жолоодож, үйл хөдөлгөөн бүрийг нь зааж, сургах амаргүй ажил нугалж байгаа болохоор арга ч үгүй биз.
“...Хүннүгийн үеийн цэргийн тактикийг харуулсан үзүүлбэр...Шанью орж ирлээ...Зэвний хэлбэр гоё гарч байна уу...Чинбаа Чингисийн үеийн хөгжмөө бичээд бараг дууссан гэсэн. Дараа нь сансар, Богдын хэсэгт орно гэж байна лээ...Хубилай хааны усан онгоц тэндээс ирж явна...За, одоо Монголын нэг өдрийн зураглал өрнөж байна...Энд зай багатай учраас цэргүүдийн хүрээ хумигдсан байгаа шүү, Цэнгэлдэхэд бол өөр...” гэх мэтээр Г.Ган-Очир тайлбарлахад зохиолоо хэдийнэ сэтгэлдээ ургуулчихсан ерөнхий найруулагч толгой дохингоо зарим зүйлийг тодруулав.
“Нацагдоржийн хэсгийг чи яаж шийдэв...Нөгөө тэмээ, хувцас хэрэгслээ хэзээ авах вэ” гэж асуутал ерөнхий бүжиг дэглээч эр “генерал”-ынхаа үгийг тасалж “За, хаан бугуйвч, хатан сүйхийн хэлбэр харагдаж байна уу” гээд нүд нь гялалзав. Гэр бүл бол нийгэм, улс эх орны үндэс болсон үнэт зүйл гэдгийг харуулахыг зорьсон нэгэн чухал санааг наадмын тоглолтоор дамжуулан үзүүлэхээр зохиолдоо тусгасан тухайгаа Н.Наранбаатар тайлбарласан. Энэ санаагаа хаан бугуйвч, хатан сүйхээр илэрхийлэх аж.
Энэ мэтээр нээлт, хаалтын тоглолт зургаан хэсгээс бүрдэх бөгөөд бэлтгэл сургуулилалт нэлээд жигдэрч байгааг харсан Н.Наранбаатар энхийг сахиулагчдад талархал илэрхийлж, Суданд гүйцэтгэх ажиллагаанд нь амжилт хүсээд “Та бүхэнтэй хамтдаа сайхан түүх бүтээж буйдаа бахархаж байна. “Бид чадна” гэсэн эрмэлзэл, эрч хүчээр дүүрэн байгаарай. Төрийн наадамдаа оролцож, сүлд хийморио сэргээсэн та бүхний ажил үйлс үргэлж босоо байх болтугай” хэмээн ерөөлөө.
Дашрамд, Монголын 850 энхийг сахиулагч долдугаар сарын 25-нд Өмнөд Суданыг зорино. Тэд бол дэлхийн халуун цэгт энхийг сахиулах монгол хөвгүүн билээ.
09.20 цаг
Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд бэлтгэл базааж буй морьтнууд болон Г.Ган-Очирын туслах “цэргүүд” ерөнхий найруулагчид ажлаа тайлагнан, зовлон, жаргалаа ярив. Морьд хэдийгээр сургуультай ч чанга дуу чимээнд үргэж, цочих асуудал үргэлж гардаг аж. Тиймээс арга хэмжээнд оролцуулах морьд тийм нөхцөл байдал болон нүүрэндээ багтай дайчдад дасаж, цочроо нь гарсан гэдгийг “Хан Монгол” морин циркийн тэргүүн Ш.Цогтхүү “Том амжилт” гэж онцолсон.

10.30 цаг
“Нэг өдөр”-ийн баатар маань С.Дашзэвэг хурандаагийн хээрийн “өрөө”-нд түр саатаж, хооллонгоо мөн л ажил ярилаа. Түүний гар утас цаг үргэлж хангинана. Тэр бүрт наадмын бэлтгэлтэй холбоотой яриа, хэлцэл өрнөж, ажил урагшлах аж. Энд нэг “нууц” задрав. Наадамчин олонд гэнэтийн бэлэг болгох үүднээс нууцыг чандлан хадгалахыг хүсэвч хэл минь загатнаад болдоггүй ээ. Тиймээс “далай, тулга, усан оргилуур” гэсэн түлхүүр үгээр гижигдээд орхиё.
Өдөр 13.00 цагт БСШУЯ-нд хуралтай учраас Н.Наранбаатар хотын зүг жолоо мушгилаа.

12.50 цаг
Хотын төв зам дээр нэлээд түгжрэхэд зочин маань “Замын хөдөлгөөнд оролцож байж нэг гартаа тамхи, нөгөөд нь утас барьчихдаг хүмүүсийг би ер ойлгодоггүй юм. Манайхан ер нь эрх чөлөө гэдгийг хэтрүүлээд байх шиг” хэмээн хажууд явах жолоочийг хараад “бухимдав”.
Аливаа ажил тэр дундаа мөнгө, санхүүтэй холбоотой зүйлд үнийн өсөлт нөлөөлөхөөс эхлээд төлөвлөөгүй зардал, гэнэтийн тохиолдлууд гардаг. Тиймээс наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны төсвийн талаар зам зуураа яриа өрнүүллээ. Тэгээд ч энэ асуудлыг тойрсон худал, үнэн нь мэдэгдэхгүй зүйл олон нийтийн дунд байдаг. Жил бүр л энэ талаар ярьж, “идлээ уулаа” гэж хардаж, хүний хөдөлмөрийг үгүйсгэж, харлуулах явдал гарсаар ирсэн шүү дээ.
Түүний багийнхан эл ажлыг 750 орчим сая төгрөгт багтааж хийхээр тендертээ тусгасан юм байна. Засаг, төр үүнээс 550 саяыг нь төсөвлөж өгсөн гэнэ. Гэхдээ одоогийн байдлаар 365 сая төгрөгийг олгосон учраас үлдсэнийг нь бор зүрхээрээ “босгож”, хамгийн чухал ажлыг нугалж буй “зараал” продюсер Б.Отгонбатынхаа чихнээс хонх уяж, бараг цаг тутамд “Мөнгө ол” гэсэн үүрэг өгч байгаа талаараа зочин маань ярьсан.

13.20 цаг
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны Соёл, урлагийн салбар хорооны хурал БСШУЯ-ны 111 тоот танхимд эхэллээ. Наадмаар зохион байгуулах ажлын хэсгийнхэн төлөвлөгөө, хөтөлбөрөө батлаад, дор бүрнээ тулгарч буй асуудлаа хэлэлцэх явцдаа ам зөрөлдөв. Үүнээс болж хурлыг хаалттай хийхээр шийдэж, биднийг танхимаас гаргалаа.
Ажлаас болж маргах, тэр ч бүү хэл бага зэрэг муудалцах тохиолдол бишгүй л гардаг. Гэтэл ийм зүйлээс болж “хориг” арга хэмжээ авсан нь тун таагүй санагдсан шүү.
15.10 цаг
Хурал тарлаа. Ямартай ч үл ойлголцлын зангилааг тайлж, Наадам зохион байгуулах үндэсний хороонд хэн, хэзээ ажлаа хянуулж, шалгуулахаа тохирчээ. “Хуралд суухаар л миний бие гэнэт өвдөөд эхэлдэг юм. Их хачин” гэсээр гарч ирсэн найруулагч маань долдугаар сарын 6, 8-нд эхний болон эцсийн хяналтад орох хуваарьт багтсанаа дуулгасан.
Засгийн газрын IX байрнаас гараад бид УДЭТ руу явлаа. Театрын ерөнхий зураач, Н.Наранбаатарын нэг “өрлөг жанжин” Г.Ганхуяг тэнд хүлээж буй.
15.30 цаг
Наадмын чухал ажлуудын нэгийг нугалж буй “генерал”, өнөөдрийн зочин маань хэлэн дээрээ жаахан “юм” тавихаар театрын цайны газарт ороод, ердөө таван минут болж байтал хавтастай бичиг барьсан бүсгүй инээмсэглэсээр ирлээ. 10 гаруй хуудас материалыг уншаад, дүгнээд, өглөө гэхэд бэлэн болгох үүрэг авсан Н.Наранбаатар “Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулж, УДЭТ санаачлаад, БСШУЯ, МЗЭ-тэй хамтран нэг уралдаан зарласан. Жүжгийн зохиолчдын шинэ үеийг бойжуулан, хөгжүүлэх, их зохиолчийн уран бүтээлийг сурталчлах зорилготой, тэргүүн байр нь 10 сая төгрөгийн шагналтай эл уралдаанд 35 бүтээл ирүүлсэнтэй 11 шүүгч танилцаж, ид уншиж байна” гэлээ. Уралдааны нэг шүүгчийн хувьд тэрбээр зохиолуудыг уншиж дуусгахаар наадмын их ажлын хажуугаар цаг нартай уралдаж байгаа аж. Хэд хоногийн өмнө ганц шөнийн дотор 22 бүтээлийг нь уншиж, дуусгасан найруулагч залуу маань үлдсэн 13-тай нь энэ шөнө “ноцолдоод”, дүнгээ гаргаад маргааш (зургадугаар сарын 25) өглөө гэхэд саналаа шүүгчдийн комисст хүлээлгэн өгөх ёстой юм билээ. Энэ мэтээр түүний ажил буцлах юм.
Нэг жүжиг нь дунджаар 10 үзэгдэлтэй гэхээр 35 бүтээл хэчнээн хуудас материал болохыг “цээжний машинаараа” тооцоолж үзлээ. “Өнөөдрийн ажил дуусах яагаа ч үгүй байдаг. Тэгэхээр хэдэн цагаас эхлэн үлдсэн 13 жүжгийг “үзэж” дуусгах юм бол доо, энэ залуу. Урд шөнө зураг авах ажилтай гээд хугас нойртой хоносон гэж байгаа”. Ингэж бодтол толгойн үс минь босох шиг болов.
Ер нь шинэ уран бүтээл эхлүүлсэн үед энэ мэтээр нойртой, нойргүй өнжих нь хэвийн үзэгдэл хэмээн ярих энэ хүн зургаан хүүхэдтэй. Тэр хэрээр ачаалал, хариуцлага нэмэгдэж, хором бүр үнэтэй байгаа. “Хүүхдүүдийн амралт эхэлчихсэн энэ үед би жаахан амьсгаа авдаг. Хүүхэд зөөдөг ажил бас “чанга” шүү” гэж ярих энэ залууг сайн аав, бахархмаар хань гэдгийг найз нөхөд, ойр дотнынхон нь ярьдаг юм билээ. Бүр “Хайр Пара” ч гэсэн хоч бий аж. Харин өөрөө болохоор “Би эхнэртээ агуу хайрыг өгч чадахгүй байгаа шүү дээ. Яг Квазимото шиг хайрынхаа төлөө өндрөөс үсрэх хүн тун ховор” хэмээсэн.
Бид хооллох зуураа албан ажлыг ард “хаяад” хайр, энэрлийн тухай яриа өрнүүллээ. Тэрбээр америк маягийн хайр, суртал, амьдралын хэв маягт дургүй гэнэ. Байгальтайгаа шүтэлцээтэй монголчуудын философид огт нийцэхгүй, зарим талдаа өөрийн үзлийг хэт тулгасан шинжтэй байдаг учраас тэр аж. Аав нь үг хэлсний төлөө хүүхэд нь цагдаа дууддаг хачин сэтгэлгээгээ “хүний эрх” гэж тайлбарладаг, түүнийгээ дэлхий нийтэд түгээх гэсэн америк үзэл бидэнд үнэхээр нийцэхгүй гэдэгтэй би ч санал нэгдэнэ.
“Аавын суран бүсэнд хийморь шингэсэн байдаг гэж монголчууд ярьдаг нь учиртай” хэмээсэн тэрбээр нэг хүүхэд нь буруу зүйл хийвэл бүгдэд нь алганы амт үзүүлж, буруу, зөвийг дэнслүүлдэг тухайгаа хуучлав. Өөр хэн нэгэн байсан бол ингэж илэн далангүй, худалгүй ярьж чадах байсан болов уу.

16.20 цаг
Театрын ерөнхий зураачийн өрөөнд уран бүтээлийн эх зураг, наадмын нээлт, хаалтын тоглолтын жижиг загвар зэрэг олон сайхан зүйл байна. Тэр дундаас бөмбөрцгийн зураг анхаарал татлаа. Н.Наранбаатарын тайлбарласнаар нээлт, хаалтын үйл ажиллагааны хамгийн чухал холбоос нь асар том бөмбөрцөг байх бөгөөд “Монголчуудаас дэлхий их хамаардаг байсан” гэсэн санааны илэрхийлэл гэсэн. Нарийн ширийнийг нь эрт тайлалгүй энэ тухай ингээд цэглэе. Миний төсөөллөөр бол Афины олимпын үеийн театрчилсан тоглолт шиг сайхан зүйлийг наадмаар үзэх болов уу.
“Өрлөг жанжин” Г.Ганхуяг ерөнхий найруулагчаа дагуулаад оёдлын өрөө рүү явж байхдаа “Нөгөө уул болгох даавууны өнгө зөрөөд байна. Таны хүссэн нь алга, орлуулж болох өнгийг одоо үзүүлнэ” гэв.
Энд тэндгүй даавуу хөглөрсөн эл өрөө сэтгэлд нэг л дулаахан. Чухамхүү энд ажилладаг уран гартнууд эртний монголчуудын дээл, хувцас, гоёлыг орчин цагийнхны мэлмийд бодитоор хүргэдэг юм. Наадмаар эдний урласан бүтээлээр дамжуулан бид эх түүхээрээ аялна.

16.50 цаг
Н.Наранбаатар, Г.Ганхуяг хоёр Драмын театраас холгүй байрлах CGM студийг зорилоо. Наадмын нээлт, хаалтын тоглолтын үед таван метр өндөр, 14 м өргөн лэд дэлгэц ашиглах юм байна. Тиймээс техникийн үзүүлэлт, дүрсний нягтаршил зэрэг бас бус асуудлаа ярилцахаар уулзалт товложээ. Студийн хаалгаар дөнгөж ормогц зураач залуугийн гар утас дуугарав. Тэрбээр “Найруулагч аа, нөгөө улаан дээлнүүдийн сураг гарлаа. Нэг айлд байгаа гэнэ. Ямааны мах халуун дээрээ, яг одоо очиж авахгүй бол энэ хүнийг дахиад олохгүй шүү” гээд эргээд чавхдав.
Учрыг нь лавлах нь ээ, Төрийн шагналт Д.Сосорбарам тэр жил наадмын нээлт, хаалтын тоглолт найруулахдаа оёулсан 1000 дээлийн нэг хэсгийг энэ удаа ашиглахаар орон нутгийн театруудаас авчруулсан нь замдаа “төөрч, тэнээд” сүйд болсныг олж авч буй нь энэ юм байна.
Ерөнхий найруулагч ийм аахар шаахар ажилд хүртэл өөрөө гүйдэг байх нь. Уг нь иймэрхүү ажилд явах хүн байгаа ч өмнөх шөнө нь клипний зургийн ажилд оролцсон уран бүтээлчид, театрын ажилтнууд бүгд холбогдох боломжгүй болсон учраас өөрөө гүйхээс аргагүйд хүрснээ тэрбээр учирлав.
17.30 цаг
Замд түгжирч явсаар нэгдүгээр хороололд хүрлээ. Нэгэн бүсгүй машинаасаа хайрцагтай зүйл гаргаж өгсөн нь олон хоног эрэл сурал болсон дээл аж. Гэхдээ тооцоолсноос бараг 50 нь дутуу байна. Үлдсэнийг нь оёулахаас өөр аргагүй болсон талаар ярилцсаар нөгөө хоёр маань эргээд театр руу явлаа.
Ажил тарах цагаар хотын авто замууд “хахдаг жамтай”. Ийм үед гар утас гэдэг зүйл ажил амжуулах хамгийн сайн туслах болдог шүү дээ. “Генерал” ийш тийш нь утас цохиж, ажлаа тохирсоор явлаа. Хөгжмийн зохиолч Чинбаттай 20.30 цагт уулзахаар тохирч байна. Тэрбээр наадмын нээлт, хаалтын тоглолтын түүхэн үеүдтэй холбоотой хөгжмийг бичиж байгаа юм.
18.20 цаг
“Генерал, өрлөг жанжин” хоёр эргээд CGM студид ирж, ажлаа хэлэлцлээ. Тэдний яриагаар бол наадмын нээлт, хаалтын тоглолтын бас нэг супер онцлог нь лэд дэлгэцийн “давалгаа” байх аж. Н.Наранбаатарын хэлдгээр яагаа ч үгүй байж долоон булчирхайг нь тоочих хэрэггүй болов уу. Юутай ч энэ жилийн наадам техник технологийн нэгэн дэвшлийг үзэгчдэд мэдрүүлэх нь.
18.50 цаг
Төрийн шагналт найруулагч Н. Наранбаатар УДЭТ-ын гурван давхарт байрлах өрөөндөө ирлээ. Д.Нацагдоржийн нэрэмжит жүжгийн зохиолын уралдааны 11 бүтээл түүнийг хүлээгээд “хэвтэж” байгаа. Өнөө шөнийн дотор тэдгээрийг уншиж, дүгнэж дуусгах даалгавартай. Мөн нэг цаг гаруйн дараа Чинбаатай уулзах ёстой. Тэр болтол хэдэн жүжигтэй “ноцолдохоор” тэрбээр өрөөндөө үлдлээ.