
Одоогоос жил хүрэхгүй хугацааны өмнө “АСЕМ-ын зочдыг алмайруулахгүй ч айлгаж, ичээлгүй буцаая” хэмээн бичиж байж. Тэгвэл өнгөрөгч өдрүүдэд монголчууд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Үүнийг бид өөрсдөө ч, гадаадынхан ч хүлээн зөвшөөрч байна. “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвийн дор чуулсан хоёр тивийн удирдагчид АСЕМ гэх энэхүү үйл явцын 20 жилийн ойг дүгнэн тэмдэглэж, гурав дахь арван жилд баримтлах чиг шугамаа тодорхойлсон нь энэ удаагийн уулзалтын нэгэн онцлог байлаа.
20 жилийн өмнө буюу 1996 онд 26 улсыг эгнээндээ нэгтгэснээр түүхээ эхлүүлж байсан Ази, Европын яриа хэлэлцээний энэхүү чуулган эдүгээ 51 орон, олон улсын хоёр байгууллагатай болж өргөжин, цаашлаад түүний гишүүн болох хүсэлтэй улс орон нэгээр тогтохгүй буй нь тэд өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласныг илэрхийлэх биз. Өөрөөр хэлбэл, АСЕМ нь бүс нутаг, тив, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, улс төрийн гээд тулгарч буй нийтлэг сорилт, бэрхшээл бүхнийг даван туулах чухал хөшүүрэг, механизм байж чадсан, байсаар ч байх болно гэдэгтэй Ази, Европын удирдагчид санал нэгдлээ.
Түүнийгээ АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичиг болох “Улаанбаатарын тунхаглал”-д шигтгэжээ. Ер нь АСЕМ гэлтгүй бүс нутаг, тивийн хамтын ажиллагааны механизм, үйл явц, байгууллага зайлшгүй байх ёстой гэж дуу нэгтэй хэлэхэд хүргэсэн харамсалтай үйл явдлууд дээд хэмжээний уулзалтын үеэр болсон. “Бид ямар гээч аюултай дэлхий ертөнцөд амьдраад байна вэ” гэж эрхгүй бодуулахад хүргэсэн Францад болсон халдлага, Туркт төрийн эргэлт хийх гэсэн оролдлого зэрэг нь Ази, Европт төдийгүй даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг хэрхэн тогтоох вэ гэсэн чухал сэдвийг хэлэлцүүлгийн төвд илүү чухлаар тавихад хүргэж, терроризмын эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлсэн юм.
ЦААШИД ЯАХ ВЭ
Энэ тухайд “Улаанбаатарын тунхаглал”-д “Хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Ази, Европын хооронд илүү нягт уялдаа холбоо, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар АСЕМ-ын үйл явцыг нээлттэй, хувьсан хөгжих байдлаар урагшлуулахад шийдвэр төгс байна. Нийтийн зөвшилцлийн үзэл санааны дагуу эрх тэгш түншлэл, харилцан бие биенээ хүндэтгэх болон харилцан ашигтай байх зарчмуудын үндсэн дээр цааш хөгжих ёстой” хэмээн тэмдэглэжээ. Албан бус, төгсгөлийн баримт бичгийг нь улс орнууд заавал дагаж биелүүлэх үүрэг хүлээдэггүй АСЕМ-ын үйл ажиллагаанд цаашид анхаарах зүйлсийн талаар энэ удаагийн уулзалтад оролцсон төлөөлөгч бүрийн саналыг хүндэтгэлтэйгээр сонсож, тусгахын хичээсэн гэдгийг чуулганыг даргалагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлагатайгаар мэдэгдсэн.
Дагалдах уулзалтуудаас дэвшүүлсэн санал, санаачилга, зарим улс оронтой шууд холбоотой, зөрчилтэй асуудлуудыг тойрч талууд санал зөрөлдөж байсан ч энэ удаа Монгол Улс харьцангуй төвийг сахих байр сууринаас хурлыг зохион байгуулсан гэдгийг оролцогчид хэлж байсан юм. Юутай ч тэд хаалттай хаалганы цаана дуугаа өндөрсгөж, бас найр тавин байж дүрвэгсдийн асуудал, цаг уурын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хүний эрх, хуулийн засаглал, эрчим хүч, хүнс тэжээл, цэвэр ус, хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг цаг үеийн халуун сэдвүүдийг хөндөн ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдсэн аж.
ЧИН СЭТГЭЛ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ
Харин Монгол Улс БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2008 онд чуулсан долоо дахь удаагийн чуулга уулзалтаар АСЕМ-ын гишүүнээр элсэж, ердөө гурван уулзалтын дараа буюу 2014 онд Италид болсон чуулганаар энэхүү эрхийг авч, ийнхүү зохион байгуулсан нь бидний хөгжил, хамтын хүчин чармайлтын илрэл гэдэгтэй маргах хүн үгүй биз. Хуралд оролцогчдод түүх, соёл, ёс заншлаа сурталчлан таниулахыг зорьсноо Төрийн тэргүүн хэдэнтээ тэмдэглэж байсан. Түүнийгээ ч таниулж чадсан. Тал дүүрэн бэлчих таван хошуу малыг гадаадынхан байтугай төв, суурин газрын монголчууд ч нэг дор харах нь юу л бол.
Нүүдэлчний хөсөг, цуваа, бэсрэг наадам, ардын урлагийн тоглолтоос эхлээд АСЕМ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүдийн хөрөг зургийн үзэсгэлэнгээс хүртэл чин сэтгэл, хичээл зүтгэл, зочломтой зан мэдрэгдэж байсныг зориуд тэмдэглэе. Тэрхүү чин сэтгэл нь Төрийн тэргүүнээс авахуулаад жирийн монгол хүн бүрийнх байсныг мэдэрснээ зочид, төлөөлөгчид нуугаагүй, “Монголчууд агуу ард түмэн юм” хэмээн дуу алдахад хүргэсэн.
Үүгээр бид дэлхий дахинд Монгол Улс олон улсын, өндөр дээд хэмжээний хурал, чуулган зохион байгуулах чадвартай гэдгээ харууллаа. Үүндээ тулгуурлан ойрын жилүүдэд Монгол Улсад зохион байгуулах бүхий л төрлийн арга хэмжээ, хурал, наадмуудыг жагсааж, бэлтгэл базааж буйгаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дуулгасан. Ерөнхийлөгч маань ч 2050 он гэхэд олимп зохион байгуулах мөрөөдөл нь илүү ойртсон мэт мэдрэмж төрж буйгаа олон улсын төлөөлөгчдөд шулуухан хэлчихсэн. Тухайлбал, ирэх сард олон улсын 400 гаруй монголч эрдэмтдийг оролцуулсан Монголч эрдэмтдийн олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгуулна.
Үүний дараа нь Стокгольмд төвтэй Ардчилал-сонгуулийн туслалцааны байгууллагын Ардчиллын форум, ЮНЕСКО болон Парист төвтэй Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран Нүүдлийн соёл иргэншлийн олон улсын форумыг зохион байгуулахаар төлөвлөөд буй юм. Улс төрийн олимп гэгддэг АСЕМ-ыг амжилттай зохион байгуулчихсан хүмүүст энэ дайны амбийц байж яагаад болохгүй гэж.
Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюссельд болно. АСЕМ-ын гишүүд хүссэн ч, эс хүссэн ч түншлэлээ бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна. Ингэхдээ хамтын ажиллагааны бодит өгөөжийг уялдаа холбоотойгоор дээшлүүлэх, ажлын арга барилаа эргэн харахыг “Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл”-д тусгасан. 2018 он хүртэл Ази, Европын хамтын ажиллагааны хөтөч болох “Улаанбаатарын тунхаглал” урагшаа.
ХЭН ЮУ ХЭЛЭВ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хоёр тивийн удирдагчид нэгдэж чадлаа. Бид маш олон асуудал хэлэлцсэн, төгсгөлийн баримт бичигт аль болох олон байр суурь тусгахыг хичээсэн. Бүх асуудлаар зөвшилцөлд хүрээгүй ч бүгд санал бодлоо илэрхийлсэн нь маш чухал байлаа.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ: -Европын холбоотой хамтарч цаашид ч алан хядах ажиллагааны эсрэг тэмцэнэ. Мөн Их Британи Европын холбооноос гарах шийдвэрт хүрсэн нь дэлхий нийтэд нэн ойлгомжгүй байдал үүсгэсэн. Хойд Солонгос ч бидний санааг зовоож байна. Япон улс, Европын холбоо нь дэлхийн эдийн засгийн гол тоглогчид, тэргүүлэгчид хэвээр байх болно. Манай улс Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрээг энэ онд багтаан байгуулахаар ажиллаж байгаа болно.
Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск: -Ээлж дараалан гарч буй террорист халдлага манай хоёр тивд аюултай, хамтран тэмцэх шаардлагатайг сануулсан үйл явдал боллоо. Ер нь ард иргэдийн аюулгүй байдалд чухал шийд гаргах ёстой талаар бид төвлөрч ярилцлаа. Ирэх есдүгээр сард БНХАУ-д болох “Их 20”-ийн уулзалтын үеэр Европ болон Азийн хамтын ажиллагааны нэг чухал зүйл нь аюулгүй байдал юм гэдэгт санал нэгдсэн. Мөн Их Британи Европын холбооны гишүүнчлэлээс татгалзсан нь бидний гадаад бодлогод, Япон улстай байгуулсан харилцаанд огтхон ч нөлөөлөхгүй. Их Британи Европын холбооноос гарах шийдвэрт хүрсэн ч Европын холбооны гишүүн хэвээр, эрх үүргээ эдэлсээр байгаа.
Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер: -Миний оролцсон АСЕМ-ын уулзалтуудаас энэ удаагийнх хамгийн онцлогтой, давтагдашгүй нь байлаа. Монгол Улс хурлыг маш сайн зохион байгууллаа.
Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу: -АСЕМ-ын үр дүнд гарсан хамтын ажиллагаа зөвхөн хоёр тивийн иргэдэд бус, дэлхий нийтэд үр ашиг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: -ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер зэрэг зочид энэ удаагийн уулзалтыг их гүрнүүдийн “G20”, “G7”-гийн уулзалттай зүйрлэсэн.