
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.
Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван сүм хийдийн түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна.
1. Дамбадаржаа хийдийн цогцолбор
2. Гандантэгчинлэн хийдийн цогцолбор
3. Богд хааны ногоон ордон музейн цогцолбор
4. Чойжин ламын сүм музейн цогцолбор
5. Гэр хэлбэрт модон дуганууд
ДАМБАДАРЖАА ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР

Товч түүх:
Дамбадаржаа буюу Шашныг бадруулагч сүмийг Манжийн хааны зарлигаар хоёрдугаарБогд Жавзундамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. Энэ үйл явдалтай холбогдуулж 1765 онд манжийн хааны зарлигийг тэмдэглэн, мөн Шашныг бадруулагч сүмийн тухай холбогдох зүйлийг гэрэлт хөшөөнд монгол, төвөд, манж, хятад хэлээр сийлж, сүмийн гол хаалганы баруун, зүүн талд байрлуулсан бөгөөд байгалийн элэгдлээс хамгаалах зорилгоор дээр нь асар босгожээ. 1774 онд хийдийн хэрмийн баруун хойд өнцөгт хоёрдугаар Богдын шарилын суваргыг босгож, улмаар уг шарилын сүмийг тахих болсон байна. 1778 онд тус хийдэд хоёрдугаар Богдын шарилыг шилжүүлэн авчиржээ. Хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд боржин чулуу, хөх тоосго, хөх ваар, мод зэрэг нь барилгын үндсэн материал болжээ.
Дамбадаржаа хийд нь цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байв.
1938 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг хааж, бурхан тахил, ном судруудыг устгаж, модон барилгуудыг буулган зөөж, Махранзийн сүм, хашааны гадна дотно байсан дөрвөн суварга, хөх тоосгон хэрмэн хашааны заримыг буулгажээ.
1940-1941 онд Дамбадаржаа хийдийн зарим дуганыг буулгаж, Монголын үйлдвэрчний эвлэлийн харъяа Улсын амралтын газрын том дөрвөлжин цагаан байшинг барьсан нь тухайн үед Сэлбийн амралтын газар гэж нэрлэгдэж байв.
1944-1945 оны үед Дамбадаржаа хийдийн дэргэд зургаан цагаан байшинтай Улсын өдрийн амралтын газрыг байгуулж, Улаанбаатар хотын үйлдвэрийн ажилчид өдрөөр ирж амарцгаадаг байв.1947 онд Япон цэргийн олзлогсдын хэрэг эрхлэх газрын эмнэлэг, 1950 онд сүрьеэ өвчний эмнэлэг, 1987 оноос өндөр настныг сувилах эмнэлгийн зориулалтаар ашиглаж байжээ.

1990 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд өдгөө нийт 50 гаруй лам хуврагтайгаар өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байна.
Өдгөө тус хийдийн цогцолбороос цогчин дуган (хийц төлөвлөлтийг нэлээд өөрчилсөн), жин хонх, жин хэнгэрэгийн сүм, түүхийн баруун, зүүн сүм, сэрүүн лаврин, зүүн, баруун сэмчин, гүрмийн дуган, модон гэр дуган хадгалагдан үлдсэн.
Хамгаалалтын зэрэглэл:
Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад бүртгэн авсан байна.
Байршил:
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжны баруун талд байдаг.Улаанбаатар хотын төв цэгээс зүүн хойш 9 км зайтай.

Солбилцол:
N47 58 57.8
E106 56 10.4
Онцлог:
Монголын гурван том хийдийн нэг. Улаанбаатар хотод баригдсан анхны архитектурын дурсгал.
ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР

Товч түүх:
Гандантэгчилэн хийд (Төгс баясгалант их хүлгэн хийд)-ийн анхны сүмийг 1809 онд Талхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулж, дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгожээ. 1824 онд Ламрим дуган, 1838 онд тавдугаарБогд Жавзундамба хутагтад зориулж Гандантэгчилэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгайчойлин зэргийг байгуулжээ. Цаашид хийдийг улам өргөжүүлж 1839 онд Цогчин дуган, 1844 онд Бадмаёго, 1848 онд Жүдийн сүм, 1909 онд Гунгаачойлин, 1913 онд наймдугаарБогд Жавзундамба хутагтад зориулж Мэгжид Жанрайсэгийн сүмийг байгуулжээ.
Мөн 1841 онд тавдугаарБогдын шарилын сүм, 1869 онд долдугаарБогдын шарилын сүм, 1925 онд наймдугаарБогдын шарилын сүмийг барьжээ. Хийдийн хойд талд 20 суварга байв. Талхын дэнж дээр Гандантэгчилэн хийдийг байгуулсан цагаас хойш тус дэнжийг Гандангийн дэнж хэмээн нэрлэх болжээ. 1938 онд хийдийн үйл ажиллагаа зогссон боловч 1944 оноос хурал номын ажлыг сэргээсэн байна.
Өдгөө тус хийдээс зургаан сүм хадгалагдан үлдсэн бөгөөд бусад сүмийг хожим сэргээн барьсан байна.

Хамгаалалтын зэрэглэл:
Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтанд авсан.
Байршил:
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамжны хойд талын төгсгөлд, Гандангийн дэнжид байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс баруун тийш 3 км зайтай.

Солбилцол:
N47 55 23
E106 53 41.9
Онцлог:
Монголын бурхны шашны төв хийд
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЦОГЦОЛБОР

Товч түүх:
VIII Богд Жавзундамба хутагтад зориулан 1893-1905 ондНогоон ордны уран барилгын цогцолборыг Туул голын ар хөвөөнд байгуулжээ. 1907 онд Манжийн хаанаас тус ордонд “Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм” хэмээх нэр хайрласан байна.
Ногоон ордон нь Ямпай хаалга (Халхавч хаалга гэсэн утгатай хятад үг), Асарт гурван хаалга, Шөргөн хайс, Тугны мод, Андинмэн буюу Амгалан энхийн хаалга, Махранзын сүм (Дөрвөн их хааны сүм), Жин хонх, Жин хэнгэрэгний сүүдрэвч, Эрдэм итгэмжит (Найдан) сүм болон хоёр талын Жотхан сүм (Тахилын сүм гэсэн утгатай төвд үг), Ногоон лаврин (Ордон гэсэн утгатай төвд үг) болон түүний өмнө талын хоёр Жотхан сүм, Хувцасны сангийн байшин зэргээс бүрдэж байсан ба зарим жижиг сүм, Дарь эхийн сүм, аж ахуйн үйлчилгээний барилгууд, амьтдын байр зэрэг нь хадгалагдаж үлдээгүй. Ногоон лаврин нь VIII Богдын гол шүтээний сүм бөгөөд Богд өөрөө зуны цагт өдөр бүр ном бясалгаж нямба хийдэг байв. Лаврин сүмийн хамгийн дээд жижиг оройн сүмд хааны гол шүтээн Очирдарь бурхныг залж байжээ.
Оросын II Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1903-1905 онд өвлийн ордон хэмээх европ маягийн хоёр давхар цагаан байшинг барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил амьдаржээ.
Ногоон ордон төлөвлөлтийн хувьд гол тэнхлэг дээр “Цогчин дуган” буюу гол сүм орших бөгөөд тэнхлэгийн дагуу буюу тэгш хэмийн байрлалаар урдаас хойш сүм дугануудыг зориулалтаар нь эрэмбэ дараатай байрлуулдаг ёсыг баримталжээ. Ордны барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод, чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна.

Энэ ордон нь Монгол улсын хамгийн сүүлчийн хааны дөрвөн ордны нэг бөгөөд Богд хааныг нас барсны дараа 1926 онд музей болгосон байна.
Хамгаалалтын зэрэглэл:
Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоорулсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад авчээ.

Байршил:
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзундамбын гудамж, Зайсангийн гудамжны уулзварын баруун хойд талд байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс баруун урагш 3 км зайтай.
Солбилцол:
N47 53 49.9
E106 54 27.4
Онцлог:
Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзундамбын амьдарч байсан ордон
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ЦОГЦОЛБОР

Товч түүх:
VIII Богд Жавзундамба хутагт өөрийн төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар, монголын 300 гаруй шилдэг урчуудаар Чойжин ламын сүмийн цогцолборыг бариулжээ. Энэхүү сүмийн барилгын ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ.
Лувсанхайдав нь 1872 онд Төвөдэд төрж, 1876 онд монголд иржээ. Тэрээр 1905онд Манж дайчин улсын Бадаргуулт хаанд өөрийн сүмд нэр хайрлан шагнахыг гуйж айлтгасанд “Өршөөлийг хөгжүүлсэн сүм” хэмээн нэр олгосон байна.
Сүмийн нэг онцлог нь түүний адар туурганд шашны дайсны толгой, уушиг, зүрхийг дүрсэлж зурсан. Энэ нь шашны дайсан тэрсүүдийг дарагч чойжин сахиусын сүм хэмээсэн санааг илэрхийлсэн хэрэг ажээ.
Чойжин ламын сүмийн хурал номын үйл ажиллагааг 1938 онд хааж, 1942 оноос шашны музей болгон, тусгай зочид, гадаадын төлөөлөгчдөд үзүүлж байгаад 1962 оноос олон нийтэд нээлттэй үзүүлэх болжээ.
Өдгөө Чойжин ламын сүм музей нь Ямпай хаалга, Махранзын сүм, Хүндэтгэлийн асарт хаалга, Гол сүм, Занхан сүм, Зуугийн сүм, Ядамын сүм, Мөргөлийн буюу Өндөр гэгээний сүм гэсэн цогцолбороос бүрдэж байна.

Хамгаалалтын зэрэглэл:
Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад бүртгэн авсан.

Байршил:
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, О.Жамъян гүний гудамжны урд хэсэгт, Гэндэнгийн гудамжны хойд хэсэгт байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс урагш 350 метр зайтай.
Солбилцол:
N47 54 54.2
E106 55 5.9
Онцлог:
Монголын сүүлчийн хааны төрсөн дүү Лувсанхайдавт зориулсан сүм
ГЭР ХЭЛБЭРТ МОДОН ДУГАНУУД

Товч түүх:
Гэр хэлбэрт модон дуганууд нь Монголын үндэсний архитектурын дурсгал бөгөөд хуучин Их хүрээ (одоогийн Улаанбаатар хот)-ний зүүн хүрээ 30 аймгаас хадгалагдан үлдсэн гурван дуган юм. Аймаг гэдэг нь Их хүрээнд шавилан суусан лам нарын шашны захиргааны үндсэн нэгж бөгөөд аймаг тус бүр өөрийн дуган шүтээнтэй, түүндээ өдөр бүр хурал хурдаг байжээ.
Нэг. Эрхэм тойны аймаг нь 1740-өөд оны үед байгуулагдаж, одоогийн дуганы модон барилга нь 1778 онд баригджээ. Өдгөө тус дуганд Дашчойлин хийдийн Сахиусны дуган байрлаж байна.
Хоёр. Вангай аймаг нь 1757 онд байгуулагдаж, одоогийн модон дуганы барилга нь 1790 оны орчим баригджээ. Өдгөө энэ дуганд Дашчойлин хийдийн Цогчин дуган байрлаж байна.
Гурав. Их хүрээний сүүлчийн 30 дахь аймгийг дуганы хамт 1903 онд VIII Богд Жавзундамба хутагтын хатан Дондогдуламд зориулан байгуулж, Эх дагины аймаг хэмээн нэрлэжээ. Эх дагины дуганыг 1940 онд зураач Л.Намхайцэрэнгийн зураг төсөл, удирдлагын дагуу циркийн зориулалтаар өөрчлөн засварлаж, түүнээс хойш 2015 онд доторх хэсэг нь шатах хүртэл Ж.Раднаабазарын нэрэмжит цирк байрлаж байв. Энэ дуган нь Монголын орчин үеийн циркийн анхны барилга юм.

Хамгаалалтын зэрэглэл:
Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад бүртгэн авсан.
Байршил:
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Н.Содномын гудамжны баруун талд, Чингис хаан дээд сургуулийн баруун талд байдаг. Улаанбаатар хотын төв цэгээс зүүн хойд зүгт 500 метр зайтай.
Солбилцол:
N47 55 37.4
E106 55 14.5
Онцлог:
Монголын үндэсний архитектурын дурсгал
