
Одоогоос гурван жилийн өмнө төр иргэддээ чирэгдэлгүй үйлчлэх технологи нэвтрүүлж, бид түүнийг нь алга ташин хүлээн авч байв. Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машиныг том худалдааны төв, зах, эмнэлэг гэх зэрэг газарт байршуулж, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг хурууныхаа хээг уншуулаад л авах болсон нь үнэхээр холыг ойртуулсан дэвшил байсан юм.
2013 оны зургадугаар сард эхний 17 машиныг нээх үеэр “Төрийн үйлчилгээний цахим машины үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашигладаг өндөр нууцлалтай кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэнэ. Тиймээс ямар нэгэн байдлаар дуурайж, хуулбарлах боломжгүй.
Ямар ч байгууллагаар үйлчлүүлсэн хүчинтэй баримт бичгийг орлож чадна. Машинаас гарсан иргэний үнэмлэхний лавлагаа нь цахим үнэмлэхийг орлоно” гэж санаачлагчид нь чихэн дээр цэцэг ургуулж байв. Гэвч өнөөдөр уг машинаас лавлагаа авах нь хэрэггүй зүйлд мөнгөө зарлагадаж, хайран цагаа үрдэг ажил болжээ.
ЛАВЛАГААГ ТАМГАЛУУЛАХ ШААРДЛАГА АРИЛААГҮЙ БАЙНА
Архангай аймгийн иргэн Д.Зулгэрэл дансандаа найман сая төгрөгтэй атлаа автобусанд суух мөнгөгүй болж, 10 орчим километр алхжээ. Тэрбээр долдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод ирж, “Нарантуул” худалдааны төвд явж байхдаа хэтэвчээ хулгайчид алдсан аж. Цахим үнэмлэхээ хэтэвчтэйгээ алдсан тэрбээр ТҮЦ машинаас лавлагаа авч банкинд очжээ.
Гэтэл банкныхан “Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж тамгалуулаад ир. Тэгж байж л данснаасаа мөнгөө ав. Манайх лавлагаагаар үйлчлэхгүй гэсэн дотоод журамтай” гээд буцаасан аж. Үүнээс нь болж Д.Зулцэцэг УБЕГ-т хоёр хоног дугаарлан зогсож, “шидэт” машинаас 1000 төгрөгөөр худалдаж авсан хуудас цаасаа хүчинтэй болгуулсан байна.
Уг машиныг үйлчилгээнд “зогсоосон” цагаас л арилжааны банкууд лавлагаагаар үйлчлэхгүй гэдэг дотоод журамтай болсон гэнэ. Үүнд бухимдсан иргэд УБЕГ-т гомдол гаргаж, банкуудыг лавлагаагаар үйлчилдэг болгох тохиролцоонд 2014 онд хүрчээ. Гэвч уг тохиролцоо өнөөдрийг хүртэл 100 хувь эцэслээгүй байна.
УБЕГ-ын мэргэжилтэн “Бид энэ асуудлыг шийдэж өгөхийг Засгийн газраас хүссэн. Уг нь ТҮЦ машинаас гарч буй лавлагаа нь тусгай нууцлалтай учир албан ёсны бичиг баримт юм. Бидний хүсэлтийн дагуу зарим банк лавлагаагаар үйлчилдэг болсон” гэв. Түүний өгсөн мэдээллийн мөрөөр арилжааны банкуудаас лавлагаагаар үйлчлэх, эсэхийг тодруулсан юм.
“Хас” болон Төрийн банк иргэний үнэмлэхний лавлагаагаар үйлчилдэг бол ХААН, “Голомт” банк огт үйлчилдэггүй гэнэ. Тус хоёр банкинд карт захиалсан бол түүнийгээ авахдаа ч тамгатай лавлагаатай байх ёстой аж. Энэ талаар “Голомт” банкны мэргэжилтнээс тодруулахад “Бид хувьцаа худалдсан мөнгийг л лавлагаагаар өгч байгаа. Бусад үйлчилгээ авах бол заавал иргэний цахим үнэмлэхээ авч ирэх шаардлагатай. Энэ бол манай банкны дотоод журам” гэснээс өөр тайлбар хэлсэнгүй.
Харин “Ариг”, “Худалдаа хөгжил” зэрэг банк зарим үйлчилгээгээ лавлагаанд үндэслэн үзүүлдэг ажээ. Лавлагааг үл тоодог банкуудын жишгийг ББСБ-ууд ч дуурайж, тамгалуулж очихыг шаарддаг юм байна. Иргэний цахим үнэмлэхнээс уг машинаас гарч буй үл хөдлөх хөрөнгийн лавлагааг банкууд хүчингүйд тооцдог аж.
Энэ талаар Б.Ганзориг “Би өнгөрсөн хоёрдугаар сард үл хөдлөх хөрөнгөө банкинд барьцаалах болсон юм. Тэгээд лавлагааг нь ТҮЦ машинаас авчихсан юм. Тэгсэн “Голомт” банк хүлээж аваагүй. Заавал мэргэжилтний тодорхойлсон лавлагааг авна гэсэн.
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэж л энэ машинуудыг ашиглаж эхэлсэн. Гарч буй лавлагаа нь хүчингүй юм бол иргэдийг хэнд ч хэрэггүй хуудас цаасанд мөнгөө үрэхээс өмнө мэдээлж байх хэрэгтэй” гэсэн юм.
МЭДЭЭЛЭЛ НЬ ШИНЭЧЛЭГДДЭГГҮЙ УЧИР...
Тэгвэл уг машинаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт ч мөн хүчингүй байдаг юм байна. Арилжааны банкуудаас гадна зарим байгууллага заавал хорооны Засаг даргын баталгаажуулсан тодорхойлолт авчрахыг шаарддаг юм байна.
Тухайлбал, “Мобиком” корпорац ТҮЦ машиныхыг авдаггүй гэнэ. Уг мэдээллийн мөрөөр чухам яагаад ийм шаардлага тавьдгийг ажилтнаас нь тодруулахад “Машинаас гарсан тодорхойлолтод ам бүлийн гишүүдийн тоо зэрэг мэдээлэл дутуу байдаг. Мөн тухайн иргэний оршин суугаа хаяг буруу байх нь элбэг.
Тиймээс бид оршин суугаа хорооноосоо тодорхойлолт авахыг зөвлөдөг” гэсэн юм. Үүнтэй ижил цагдаагийн байгууллага ч заавал хорооны Засаг даргын гарын үсэгтэй тодорхойлолтыг иргэдээс шаарддаг байна. УБЕГ иргэний шилжилт хөдөлгөөнийг тухай бүрт нь программдаа оруулдаггүй учир ямар нэг хэрэгт холбогдсон хүний албан ёсны хаягийг мэдэх зорилгоор ийм шаардлага тавьдаг ажээ.
УБЕГ-ЫНХНЫ БУРУУ ГЭВ ҮҮ
Өнөөдрийн байдлаар иргэд ТҮЦ машинаас есөн төрлийн лавлагааг 500-1000 төгрөгөөр авч байна. Гэвч энэ нь ихэвчлэн сүүлийн хоёр жилийн өмнөх мэдээлэл байдаг гэнэ. Мөн зарим хүн лавлагаа авахаар хурууны хээгээ уншуулахад “Таны мэдээлэл олдсонгүй” гэсэн бичиг гардаг аж.
Энэ тохиолдолд хэрхэх талаар ТҮЦ машин дээр наасан утсаар лавлахад “Бид машины хэвийн ажиллаж буйг л хянадаг. Машины баазад орж буй мэдээллийг УБЕГ-аас өгдөг. Мэдээлэл нь гарч ирэхгүй болон хуучин мэдээлэл нь байвал тухайн хүн тус газарт хандаж шинэчлүүлэх ёстой. Үүний дараа баазад шинэчлэгдсэн мэдээлэл орно” гэв.
Тэгвэл УБЕГ-ынхан шилжилт хөдөлгөөн, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн өөрчлөлт зэргийг мэдээллийн баазад оруулахад тодорхой хугацаа хэрэгтэй байдаг тул ийм зөрчил хааяа гардаг хэмээн тайлбарлалаа. Энэ машины нэг бүр нь 11 сая төгрөгийн үнэтэй. Нийслэл болон 21 аймагт уг машиныг суурилуулахад хоёр тэрбум төгрөг зарцуулжээ.
Сүүлийн жил гаруйн хугацаанд 300.000 гаруй иргэн уг машинаар үйлчлүүлж 300 орчим сая төгрөгөөр лавлагаа авсан аж. Уг машинаас гарсан лавлагаа иргэдэд хэрэг болоогүй бол энэ хэмжээний мөнгийг хэдэн хуудас цаас болгосон гэсэн үг.
“ТҮЦ машиныг ажиллуулж эхэлснээс УБЕГ-ын ачаалал 51 хувиар буурч, иргэд тодорхойлолт, лавлагаа авахад зарцуулдаг цагаа 59 минутаар хэмнэж байна” гэх судлаачдын дүгнэлт ч ташаа болж таарах нь.
Лавлагааны 1000, зорьсон газраа хүрэх автобусны 500 төгрөг, буцаж хороо, эсвэл УБЕГ руу очих унааны хөлс гээд иргэдийн цаг, мөнгийг ТҮЦ машин залгиж байна. Эрж хайж олоод, худалдаж авч байгаа лавлагаа нь ломбарданд л хүчинтэй байдаг нь харамсалтай.