
Сарын өмнө цаг нэлээд орой болсон хойно гадаа салхилж байтал сүүдрэвчинд шар айраг ууж суусан хоёр залуугийн нэг нь хүүхдийн талбайн голд сарьчихлаа... “Ямар ичдэггүй юм бэ. Наана чинь хүүхдүүд тоглодог шүү дээ” хэмээн шаардлага тавихад “Миний яах чамд хамаагүй .....минь амаа татахгүй бол чи л хохирно шүү” гээд айлгачихлаа. Уг нь соёлт энэ зуунд ганц хүний эрх чөлөө нөгөөгийнхөө хамрын үзүүрээр хязгаарлагддаг ч бид өөрсдийгөө эн тэргүүнд тавьж, нийгэмд хүлээх үүргээ умартчих юм.
Хотын соёлын талаар бичих даалгавар авснаасаа хойш гурав хоног улаанбаатарчуудаа ажиглалаа. Өмнө нь надад тийм ч их тээртэй санагддаггүй байсан нийслэлчүүдийн маань үйлдэл энэ удаа хачин этгээд санагдсан. Бид сайн ч муу ч ямарваа нэгэн зүйлд амархан дасчихдаг нь өөрсдийнхөө дутагдлыг олж харахгүй болгочихдог аж. Шөнө болсон хойно дээд айлынхан хана өрөмдөж, хэн нэгэн паар нүднэ. Их хотын хөл хөдөлгөөн тасарч, арайхийн унтахаар хэвтэхэд халамцуу залуус шуугилдана.
Зарим нь хар үүрээр дуут дохиогоо хангинуулна. Анзаарах нь ээ, машиныг нь хэн нэгэн хааж тэргээ тавьснаас болж ийн хүүхэд хөгшид нийлсэн хэдэн зуун хүний амар тайван байдлыг алдагдуулдаг аж. Ууталсан хог орцонд хөглөрч, үүд таглачих шахам тавьсан машинаас болж иргэд бухимдаж, хаанаас ч юм бэ шивтэр, муудсан хүнс ханхалж, “Саяхан угаалгасан шүү дээ” хэмээн халаглаж цайны дээжинд будагдсан машинаа арчин зогсох хүнтэй таарах нь энүүхэнд.
Автобусны мөнгө хураах хайрцагт 1000 төгрөг шургуулчихаад хариултандаа дараагийн хүний хийх ёстойг автал 350 төгрөг байх жишээтэй. Шинжлэх ухааны нэгэн хүрээлэнгийн ариун цэврийн өрөөг хэрэглэхэд урьд орсон хүн усаа татаагүй байлаа. Оюунаараа нийгмээ манлайлдаг эрдэмтэд хүртэл жорлонгийн усаа татаж хэвшихгүй байхад жирийн иргэд суултуур дээр гишгэж, гадуур нь бие засан, хэрэглэсэн цаасаа шалаар хөглөрүүлэхэд нэг их гайхах хэрэггүй бололтой.
Улаанбаатар хотыг анх 500 мянган хүн суурьшах тооцоотойгоор төлөвлөсөн ч өдгөө хоёр дахин нэмэгджээ. Хот гэдэг бол хамтын нийгэм. Хүн амын хэт төвлөрлөөс болж байгаль орчин доройтож, замын хөдөлгөөний түгжрэл ихсээд шийдвэрлэх ёстой олон чухал асуудал нэмэгдсээр буй.
Уг нь бид хэн хэндээ түвэг удахгүй, биенээ хүндлээд л хэвшчих хэрэгтэй юм билээ. Гэхдээ хотынхоо иргэдийн эрүүл аюулгүй орчинд оршин суух нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эрх ашигт нь нийцүүлсэн, хамтын амьдралыг зохицуулах дүрэмтэй болох зайлшгүй шаардлагатай байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Дүрэмтэй Улаанбаатар-дэлхийн хот” төсөл хэрэгжүүлж буй талаараа гурван жилийн өмнө мэдээлж, Хууль эрх зүйн хэлтсийнх нь ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл “2015 он гэхэд Улаанбаатар хотод 107 дүрэм хэрэгжиж эхэлнэ” гэсэн гарчигтай ярилцлага хүртэл өгч байжээ. Хэрэв түүний хэлсэн нь цагтаа биелсэн бол ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалт, иргэдийн эрүүл мэнд, нийтийн болон хувийн эд хөрөнгийн хамгаалалт, мал, тэжээвэр амьтан, нийтийн тээвэр, галын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт зэргийг заасан багц дүрэм өдгөө хэрэгжих байжээ.
Сураг алдарсан дүрмийн талаар лавлахаар тус хэлтсийн мэргэжилтэнтэй холбогдоход “Засгийн газар шинээр байгуулагдсанаас хойш бидэнд чиглэл өгөөгүй байна. Энэ тухай аравдугаар сард тодорхой мэдээлэл өгөх боломжтой” гэлээ. Гэхдээ дүрэмтэй боллоо ч үүнд найдаж болох, эсэх нь эргэлзээтэй.
XI хорооллоос Чингисийн талбай хүрэх замд шүлс, тамхины ишээ хаясан 20 гаруй хүнтэй таарснаасаа нийтийн эзэмшлийн газар ийм үйлдэл хийхийг хориглосон хууль батлагдсаныг мэдсэн, эсэхийг лавлахад 12 нь “Энэ тухай огт сонсоогүй юм байна, дуулсан ч хангалттай мэдээлэлгүй” гэсэн бол үлдсэн нь мэдсэн хэрнээ зөрчжээ.
Харин тэдний хэн нь ч шүлс, тамхины ишээ хаяснаас болж торгуульж байгаагүй гэнэ. Уг нь “Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдал ил задгай хаях, шатаах хориотой бөгөөд зөрчсөн иргэнийг 5000-20000 төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно” гэх заалт Эрүүл ахуйн тухай хуульд байдаг. Энэ заалтыг хаа сайгүй нааж, зөрчсөн хүнийг цагдаа нар торгоод л эхэлбэл нэг мэдэх нь ээ, ил задгай бие засаж, шүлс, нус, цэрээ хаях нь энгийн үзэгдэл байхаа больж мэдэх юм.
Газарзүйн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарынхан 2014 онд Улаанбаатар хотын хөрсийг шинжлэхэд авсан дээжний 88 хувь нянгийн бохирдолтой гарчээ. Үүнээс дөнгөж 12 хувь нь бохирдолгүй байж. “Органик хаягдал буюу хоол, хүнсний үлдэгдэл, хүнээс гарч буй бүхий л төрлийн шингэн нь нянгийн бохирдол үүсгэдэг. Гэр хороолол болон хүн ам их төвлөрдөг газар буюу захууд, автобусны буудал хамгийн их нянгийн бохирдолтой байдаг. Бороо орсноос болж нян хөрсөнд нэвчиж газрын доорх усыг бохирдуулдаг” хэмээн тус салбарын эрхлэгч, доктор О.Батхишиг хэлсэн.
(2).jpg)
Түүнчлэн элдэв халдвартай хүний хаясан шүлс тухайн орчныхоо агаарт нян цацаж, тэр нь хөрсөнд тархан сүрьеэ, улаан бурхан зэрэг олон өвчин бусдад халдаадаг байна. Соёлгүйгээсээ болж улаанбаатарчуудаа хордуулж мэдэх ганц жишээ үүнийг дурдсан ч бусдад их бага хэмжээгээр хохирол учруулах бүдүүлэг үйлдэл бидний амьдралд өдий төдий бий. Нэг нь нөгөөдөө шаардлага тавихаар хүлээж авдаггүй иргэдтэй манайх шиг улсад буруу зүйл хийсэн хүнийг бусдаар нь жигшүүлэх буюу үйлдлийг нь баримтжуулснаа орчин үеийн “хэллэгээр” бол олон нийтийн сүлжээгээр ичтэл нь шэйр хийх илүү тохиромжтой мэт. Парис хотын удирдлагууд зорчигчид буугаагүй байхад дайрч ордог хүнийг дөргүй бухтай, бусдын замд тээр болж, удаан алхдагийг нь яст мэлхийтэй зүйрлэсэн зурагт хуудсууд метроны буудлуудад наасан нь үр дүнтэй арга байжээ.
Дэлхийн олон улс суурьшмал соёл иргэншилтэй учир иргэдэд нь хотын соёл эртнээс хэвшсэн байдаг. Гэхдээ иргэнээ багаас нь зөв хүмүүжүүлэхийн тулд соёлын тухай хичээл дунд ангид нь зааж, хэрхэн бусдыг хүндлэхэд сургадаг аж. Манайд цэцэрлэгийн багачуудад хог, шүлсээ хаяхгүй байх тухай заадаг ч эцэг эх, таарсан хүн бүр нь буруу үлгэр үзүүлдэг учир багш нарын хичээл зүтгэл талаар өнгөрдөг юм билээ. Тиймээс бид улс, нийгмийн эрээн барааныг шүүмжлэхээсээ урьтаж алдаагаа өөрөөсөө хайж, ичих булчирхай “суулгаад” биенээ хүндлэхэд суралцах хэрэгтэй байна. Дараа нь үр хүүхэд, дүү нартаа зөв үлгэр дуурайл үзүүлбэл хотын соёл аяндаа хэвших биз ээ.• • • • • • • • • • • • • • • •