
Дунд сургуульд байхад зуны амралт эхлэхийг тэсэн ядан хүлээдэг байж билээ. Шинэ жил, Цагаан сар, Хүүхдийн баяраас ч дутахгүй догдолно. Нар, салхинд борлож, сайртталаа үеийнхэнтэйгээ тоглож, хүүхдийн зуслан, өвөө, эмээгийндээ очих томилолтоо энэ үед л авдаг байсан учраас тэр байх. Намар хичээлийн шинэ жил эхлэхэд хэн, хаана хэрхэн амарч, зуны гурван сарыг яаж өнгөрөөснөө ам уралдан ярьж, бусдадаа гайхуулдагсан. Хүүхэд бүр л үүнийг мэдэрдэг, зуныг хүсэн хүлээдэг гэж бодсон минь эндүүрэл байж. Заримынх нь хувьд зуны амралт бол хар ажилд нухлуулж, хүнд ачаа үүрүүлдэг хар дарсан зүүд аж.
15 настай Т (нэрээ нууцлахыг хүссэн) “Өглөөнөөс орой болтол ажилладаг болохоор чөлөөт цаг гардаггүй. Нэг л мэдэхэд зуны амралт өнгөрчихдөг. Хичээлтэй үед ажил хийхгүй, ангийнхантайгаа сайхан байдаг юм. Зусланд амарч, сагс тоглож байгаа хүүхдүүдэд атаархдаг. Эцэг, эх нь бүх зүйлийг нь бэлдчихдэг болохоор бид нар шиг зовдоггүй байх” гэв. Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд сурдаг тэрбээр “Барс” зах дээр ачаа зөөдөг. Өглөө эрт зах дээр ачаа олддоггүй учир Төмөр замын төв буудалд очин зорчигчдыг царайчилдаг ч өдөрт олдог хэд нь 15 мянгаас хэтэрдэггүй аж. Хүүгийн ээж чанамалын үйлдвэрт шил угаагчаар ажилладаг. Ганц хүний цалин амьдралд нь хүрэлцдэггүй учир ээждээ нэмэр болох гэж энэ хүү зун бүр ажилладаг гэнэ. “Хичээл эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн болохоор сайн ажиллах хэрэгтэй” хэмээн ярьсан түүнээс мөрөөдлийг нь асуухад “Аав минь (хүүг есөн настай байхад аав нь орхиод явсан) гэртээ ирээсэй. Хоёр дүүгээ ийм ажил хийлгэмээргүй байна” гэсэн юм.

Хүнд ажилд дарлуулж буйгаа “амьдралын шаардлагаар” гэх үгээр цайруулж, өөдрөг хүсэл тэмүүллээр сайхан ирээдүй зурахаар тэмүүлж буй түүн шиг “томчууд” манай улсад олон бий. Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд хийсэн судалгаагаар манай улсад 100 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдгээс 10 мянга нь энэ хүүтэй адил хүнд, хортой нөхцөлд ажиллаж буйг тогтоожээ. Энэ үзүүлэлт одоо хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй. Учир нь жил бүрийн зун энэ тоо хэд дахин нэмэгдэж, насанд хүрээгүй “томчуудаар” бүл нэмдэг ч сүүлийн гурван жилд үүнийг нарийвчлан судлаагүйг мэргэжилтнүүд хэлсэн юм.
Насанд хүрээгүй “томчуудад” хамгийн “ээлтэй” ажлын байр бол хогийн цэг, зах, худалдааны төв, барилгын компаниуд. Хүнд, хортой хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн олонх нь эдгээрт ажилладаг. Тэдгээрийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд орших Улаанчулуутын хогийн цэгийг өнгөрсөн бямба гаригт зорив. Зуны амралтаа “үр дүнтэй” өнгөрөөж буй 20 гаруй хүүхэд тэнд байв. Хог түүгээд тав гаруй жил болж буй Сүхбатын хэлснээр тэндхийнхэн зун болмогц хүүхдүүдээ дагуулж ирээд хамт ажилладаг гэнэ. Тэрбээр “Энд өвөл, зунгүй ажилладаг 10-аад хүүхэд байдаг. Зун болмогц Сонгинохайрхан гэлтгүй бусад дүүргээс ч хүүхдүүд ирдэг” гэсэн юм. Тэнд ажилладаг сурагчидтай үг солих амаргүй гэдгийг манай сурвалжлах багийнхан тооцоолсон учир ундаа, бялуу зэрэг бага сага зүйл авч очсон ч хүүхдүүд ам нээх бүртээ “Хэдэн төгрөг өгөх вэ. Тохиролцохгүй бол ярихгүй” гэж нэлээд “үнэрхэв”. Эцэст нь хүссэн зүйлийг нь өгч байж ярилцлаа.
Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Батаанаа (хогийн цэгийнхний түүнд өгсөн хоч) “Ээж, аав, хоёр дүүтэйгээ энд ажиллаж байна. Өдөрт 10-20 мянган төгрөг олдог. Олсон мөнгөө ихэнхдээ гэрийнхэндээ зарцуулдаг. Одооноос мөнгөө хуримтлуулж байгаад хичээлийн хэрэгсэл, хувцас авна. Энд ажиллах нь уйтгартай ч хүссэн үедээ унтаж, идэж, амардаг. Зүгээр суулаа гэж загнах хүн байхгүй” гэхэд түүний хажууд зогссон Э “Энд байгаа хүүхдүүд бүгд л гэртээ нэмэр болох гэж ажилладаг. Би энд зуны амралтаараа ажиллаад дөрвөн жил болж байна. Хичээлтэй үед ч хагас, бүтэн сайнд ирдэг” гэсэн юм.
Тэнд очсон цагаас л эмэгтэйчүүд “Хүний муу хайсан юмнууд яах гэж ирсэн юм бэ” гэж зандчиж, хүүхдүүд ч гэрийнхнээсээ эмээж байсан учир бидний яриа удаан үргэлжлээгүй юм. Асран хамгаалагчгүй өнчин хүүхдүүд л хогийн цэг дээр ажилладаг гэж бодсон минь эндүүрэл байв. Тэнд ажиллаж байсан хүүхдүүдийн олонх нь эцэг, эхтэй. Сурч боловсроход анхаарч, үеийнхээ жаалуудтай тоглож наадаад явж байх ёстой тэд “Гэрийнхнээ хоосон хонуулчих вий” гэж зовнин, таван цаас олохын төлөө ажиллаж буйг харахад дэндүү харамсалтай. Эдийн засгийн хямрал айл өрх, албан байгууллага бүрт урилгагүй айлчлаад буй энэ үед тэдний нуруун дээрх ачаа хүндэрсэн үү гэхээс хөнгөрөөгүй нь лавтай.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага хүүхдийн хөдөлмөрийн асуудалд онцгой анхаарч, жил бүрийн зургадугаар сарын 12-ныг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэх болсон. Үүний хүрээнд Монголд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг ч хүүхдүүд энэ талаар мэдэхгүй байлаа. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хэрхэн ажилладаг нь эндээс илт. Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн сэтгэл зүйч Т.Мөнхгэрэлээс энэ талаар тодруулахад “Манай дүүргийн хэмжээнд хүнд, тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй 43 хүүхэд байдгаас 15 нь Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг. Бид өнгөрсөн хоёрдугаар сард тэднийг эцэг, эхийнх нь тусламжтайгаар цуглуулж, судалгаа авсан. Олонх нь 65, 83 дугаар сургуульд сурдаг, 14-өөс дээш насныхан байсан. 70 орчим хувь нь эцэг, эхийнхээ шахалтаар тэнд ажиллаж байсан нь илэрсэн. Хогийн цэг дээр ажилладгийг ангийнхан нь мэдчихнэ гэж санаа зовдог биз, нэр, хаягаа нууцалж, ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохоос татгалздаг учир тэдэнтэй харилцахад бэрхшээлтэй” гэсэн юм.
Хүүхдийг өөртөө ахадсан ажил хийхэд хүргэдэг шалтгаан юу вэ гэсэн асуултад мэргэжилтнүүд ядуу тарчиг амьдрал, эцэг, эхийн ухамсар дорой байдал, өөрийн хүсэл сонирхол гэсэн хүчин зүйлийг нэрлэжээ. Хамгийн гол нь хүүхдүүд хүнд хүчир ажилд нухлуулснаар эрүүл мэндээрээ хохирч, сургуулиасаа хөндийрдөг нь харамсалтай. Дэлхий дахинд хөдөлмөр эрхэлж буй 185 сая хүүхдийн 60 орчим хувь нь хичээлийн хажуугаар болон зуны амралтаар ажиллаж байгаад сургуулиасаа “урвачихсан” гэдгийг Олон улсын хүүхдийн байгууллагын судалгаанд дурджээ. Тэгвэл тэдгээр хүүхдийн эцэг, эхчүүд юу боддог бол. Насанд хүрээгүй хүүхдээ ажилчин ангид оруулснаар юу хожиж, бас алддагийг тэд ядаж ухаардаг болов уу.
Тор, будаа, тамхи ширхэглэн зардаг багачууд “Гандантэгчэнлин” хийдэд цөөнгүй. Тэнд очих бүртээ дайралдсаар, эчнээ танил болсон Д (охины ээж нэр, сургуулийг нь нууцлахыг хүсэв) тэдний нэг. Охин зуны амралтаар ээжтэйгээ хамт будаа зарж буй. Тэр 14 настай. Охиноо яагаад ийм ажил хийлгэж буйг ээжээс нь асуухад “Хэд хэдэн газарт ажилд оруулсан ч тохирохгүй, заримыг нь хийж чадахгүй юм. Сүүлд нэгэн цайны газарт угаагчаар сүрхий ажиллаж байтал эзэн нь цалингаа өгөхгүй “унжаад” байхаар нь гаргачихсан. Энд надад бараатай, хүмүүст дээрэлхүүлэхгүй амар байдаг юм. Тагтаа хооллохыг хориглосноос хойш хүмүүс будаа авах нь багасчихсан болохоор хэцүүхэн байна” гэсэн юм.
Тэрбээр үүнийг охиндоо тохирсон, хялбар ажил гэж үздэг аж. 2016 оны эхээр шинэчлэн баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д “хөдөлгөөнт худалдаа эрхлэх” гэдэг төрөл багтсаныг түүнд хэлэхэд “Ёстой дуулаагүй юм байна” гээд толгой сэгсрэв. Ер нь эцэг, эхчүүд хүүхдийн эрх, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хууль, тогтоомжийг төдийлөн мэддэггүйгээс тэднийг хохироосоор байна. Хамаатны эгч маань энэ намар аравдугаар ангид орох хүүгээ “Ажлын дөртэй болог. Айлын хүүхдүүд тэр байтугай ажил хийдэг юм байна лээ” гээд барилгын компанид ажиллуулж буй. Хүүгээс нь гадна дөрвөн сурагч тэр барилга дээр хөдөлмөрлөж байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ энэ мэтчилэн ажилтай болгохыг зорьдгоос биш, эрүүл мэнд, аюулгүй байдал, амь насанд нь ямар хор хөнөөлтэйг ер боддоггүй аж.
“Хүүхдээрээ хэцүү ажил хийлгэлээ” гэж эцэг, эхчүүдийг буруутгаж, зэмлэхийн оронд насанд хүрээгүй хүн хөдөлмөр эрхлэх нь ямар хор уршигтай, тэднээр юу хийлгэж болохгүй вэ гэдгийг ойлгуулах нь л чухал. Энэ нь зөвхөн эцэг, эхчүүд бус, сургуулийн нийгмийн ажилтнууд, ажил олгогчид ч хамаатай. Хүүхдээр муудсан жимс ногоо арилгуулах, эмнэг сургуулах, хөдөлгөөнт худалдаа эрхлүүлэх, тэр ч бүү хэл цаг агаарын байдал муу үед малд явуулах хориотой гэдгийг хэчнээн хүн мэддэг бол. Цаг нь болохоор хүссэн хүсээгүй хөдөлмөр эрхлэх учир хүүхдийг хүнд хүчир ажилтай зууралдуулж, хохироохоо больчихвол яасан юм бэ. 2020 он гэхэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгаж, нуруун дээрх ачааг хөнгөлөх нь нэн тэргүүний зорилго хэмээн тунхагласан манай улсын хувьд хүүхдийн асуудалд энэ янзаар хандвал эерэг үр дүн горьдоод ч нэмэргүй бүрхэг ирээдүй хүлээж байна.