
Иракт “Исламын улс”-ын байрлал руу давшихаар бэлтгэж байна. Мосул руу хийх давшилтыг өрнөдийн хэвлэлүүдэд муу муухайгийн үүр уурхайн эсрэг шийдвэрлэх тулаан болно хэмээн бичих болжээ. Үнэн хэрэгтээ “Исламын улс” байгуулагдсан нь ч, энэ халифат улсын эсрэг явуулж буй хачин жигтэй дайн ч АНУ болон түүний Ойрхи Дорнод дахь холбоотнуудын ашиг хонжоо харсан зорилготой л холбоотой.
САЙТАР ТӨЛӨВЛӨСӨН “АЛДАА”
Зохиомол террорист бүлэглэлүүд болон харгис дэглэмүүдийг бий болгож, тэдгээрийг өөрсдийн зорилгодоо ашиглаж, дараа нь хэрэггүй болмогц ардчиллыг сэргээн тогтоодог нь Америкийн гадаад бодлогын эртний бөгөөд удаа дараа туршсан хэв загвар юм. 1980-аад оны Панамын удирдагч Мануэль Норьегийн хувь заяа үүний тод жишээ болдог.
АНУ-ын Тагнуулын төв газрын үнэнч мэдээлэгч тэрбээр Вашингтоны дэмжлэгтэйгээр төрийн эрхэнд гарсан. Гэвч түүний бие даан хэд хэдэн алхам хийсний дараа Америкийн хэдэн арван мянган цэрэг дарангуйлагчийг түлхэн унагана хэмээсэн сүржин лоозонгийн дор Панамыг эзлэн түрэмгийлсэн.
Гэхдээ энэ нь эхний болгоомжтой хийсэн алхам байв. Яваандаа илүү нарийн ажиллагаа явуулдаг болж, Америкийн тусгай албаны “тэжээсэн” исламын шашинтнууд “Аль-Каида”-г байгуулан, Вашингтоноос санхүүгийн болон цэргийн тусламж авдаг “Сирийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид” “Исламын улс”-ын түшиг тулгуур болсон байна. Ингэхдээ хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдтэй “зузаан” харилцаатай байдаг Саудын Араб болон Катараас АНУ бүх талын тусламж дэмжлэг авдаг.
Өнөөдөр Вашингтон дуртай дургүй Сири болон Иракт гаргасан “алдаагаа” хүлээн зөвшөөрч байна. Ийм илэн далангүй болсон шалтгаан нь Америкийн эрх баригчид ичих нүүртэй болсонд бус, сонгуулийн кампанит ажлыг дагасан улс төрийн өрсөлдөөнтэй холбоотой юм. Трампын багийн шүүмжлэл Цагаан ордныг үлгэр жишээч, маш нигүүлсэнгүй байхыг шаардаж байгаа. Гэвч зөвхөн алдаанд бүх учир байв уу?
Саддам Хусейныг түлхэн унагаж, Иракийг булаан эзэлсний дараа тус улсын армийг тарааж, исламын заналхийллийг амжилттай сөрж байсан аюулаас хамгаалах бүх байгууллагыг устгасан. Ингээд л шинэ байгууллагууд нь Вашингтоны бүрэн хяналтан дор үйл ажиллагаагаа эхэлжээ. Гэхдээ Ирак руу “Исламын улс”-ын дайчид халдан довтлохоос хоёр жилийн өмнө Төрийн департамент Иракийн хүчний байгууллагуудад үзүүлдэг тусламжийн хөтөлбөрөө эрс багасгасан байдаг.
Энэ нь Цагаан ордонд шууд дарамт шахалт болсныг саяхан “Вашингтон пост” сонинд нийтлэгдсэн, сэтгүүлчийн эрэн сурвалжилгад онцлон тэмдэглэжээ. Мосул болон бусад хотын тагнуулын мэдээлэл цуглуулах штабыг тараасан, Америкийн сургагч нарын бэлтгэсэн Иракийн шинэ армийнхан хүн хүч, байлдааны хүчний хувьд давуу хэрнээ хэт давруу үзэлтнүүдийн отрядуудаас зугтсан гээд АНУ-ын арга ажиллагааны үр дагавар хэдийнэ ил болсон байна.
ШИЙТҮҮДИЙН ХҮРЭЭНИЙ СУЛ ТАЛ
Америкийн болон олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг Иракийг хямралаас ангижруулах нь бүү хэл, эмх замбараагүй байдалд оруулж, улс орон таран бутрахад хүргэж буй. Гэхдээ үйл явдлаас харвал өрнөдийнхөн чухам үүнийг л хүсэж байна. Нэгдмэл, хүчтэй Ирак улс Вашингтон болон түүний дагуулуудад хэрэггүй.
Өөрөөр хэлбэл, баялгаа өөрөө хянадаг, гадаад бодлогоо бие даан явуулдаг Ирак хэрэггүй. АНУ, Израиль, Саудын Арабыг айлгасан Тегеран, Багдад, Дамаск, Бейрутийг нэгтгэсэн шийтийн хүчтэй хүрээ бий болж болзошгүй учир Иракийг албаар Ойрхи Дорнодын сул тал болгож буй. Америкийн гадаад бодлогын дээр дурдсан онцлогт нийцүүлэхийн тулд гадаад таатай нөхцөлүүдийг ч ашиглаж байна.
Мосулыг чөлөөлөх ажиллагаа аравдугаар сарын эцсээр эхэлж магадгүй хэмээн Сири, Ирак дахь АНУ-ын цэргийн командлагч Стивен Таунсенд саяхан мэдэгдсэн. Дэлхийн олон нийтэд АНУ чөлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж буйг харуулах ээлжит жүжиг ийнхүү тавигдах гэж байна.