
Иранд олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа бараг л долоо хоног тутам болж байна гэж 2011 оны эхээр хэвлэлүүд идэвхтэй бичдэг байсан. “Арабын хавар”-ын давалгаа Иранд хүрчээ хэмээн өрнөдийн шинжээчид таамаглаж эхэлсэн тухай “The Independent” сонинд сэтгүүлч Патрик Кокберн бичжээ.
Түүнийг Иранд очиход олныг хамарсан эсэргүүцлийн ямар ч ажиллагаа болоогүй байв. Хилийн чанадад байдаг сөрөг хүчний мэдээлэл хуурамч аж. Эсэргүүцлийн ажиллагаа хоёрдугаар сарын эхээр болоод дууссан байлаа. Сөрөг хүчний явуулдаг дүрс бичлэгүүд урьд нь болсон жагсаал цуглааных гэнэ. Үүнийг Иранд ажилладаг нэг сэтгүүлч нотолсон байна.
Гадаадын олон сэтгүүлчид ажиллах зөвшөөрөл олгодоггүй Ираны эрх баригчид үүнд зарим талаар буруутай. Гэтэл бие даасан сэтгүүлчдийн тэмдэглэснээс үзвэл тэдний мэдээлэл сөрөг хүчний мэдээнээс зөрвөл өрнөдийн редакторууд авдаггүй, “Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болоогүй гэвэл Ираны Засгийн газарт худалдагдсан хэмээн дарга нар нь бодно” гэсэн хариулт өгдөг аж.
Энэ жишээ Ливи, Сирийн өнөөгийн байдлын талаарх мэдээллүүдээс ч харагдаж буйг П.Кокберн тэмдэглэжээ. 2011 онд эдгээр улсын сөрөг хүчин эрх баригч дэглэмийнхээ талаар хэвлэлд мэдээлдэг байв. Үүний үр дүнд Ливийн удирдагч Муаммар Каддафийг эрх чөлөөний төлөө тэмцэгчид түлхэн унагажээ. Эцэст нь ардчиллын оронд хүнд суртал ноёрхсон тус улсын байдал ойрын хугацаанд хэвийн болох шинжгүй байна.
Сирид ч мөн тийм үйл явдал болж буй. Сирийн Алеппо, Иракийн Мосул хотын байдлыг харьцуулахад ч хэвлэл мэдээллийн нөлөө маш тодорхой харагддаг болохыг П.Кокберн тэмдэглэжээ. Энэ хоёр том хотод суннитүүд голдуу аж төрдөг. Хоёулаа тус тусын улсын Засгийн газрын хүчний бүслэлтэд байгаа хэр нь гадаадын нисэх хүчин агаараас цохилт өгч байна.
Алеппод энгийн номхон 250 мянган иргэн, 8000 орчим босогч байгаа бөгөөд Сирийн арми Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр тус хот руу давшиж буй. Тэгэхдээ зөвхөн Алеппод өгч буй агаарын цохилт дэлхийн хамтын нийгэмлэгийн дургүйцлийг хүргэдэг.
Мосулд ч мөн тийм байдал ажиглагджээ. Тэнд нэг сая орчим оршин суугч, “Исламын улс”-ын 5000 босогч бий бөгөөд хотыг АНУ тэргүүтэй хэд хэдэн улсын Агаарын цэргийн хүчин дэмждэг Иракийн арми болон Курдийн цэргийнхэн бүсэлсэн байгаа. Гэхдээ Алеппогоос ялгаатай нь Мосулд үүссэн байдалд босогчид буруутай. Тэд жирийн иргэдийг амьд бамбай болгон ашигладаг. Алеппогийн энгийн иргэдийнх нь тал хувь хотоос гарахыг хүсдэг хэмээн НҮБ мэдээлдэг ч тэнд ямар нэг бамбай байхгүй. Алеппочуудыг “зэрлэг” Оросын гэм зэмгүй хохирогчид мэтээр бичдэг.
Оросын агаарын цохилтод Алеппо сүйдэж буйг 16 жилийн өмнө Грозный хотыг сүйтгэсэнтэй хэвлэлд харьцуулсан байдаг. Гэтэл 2015 онд Эр-Рамади хотын 80 хувийг Америкийн Агаарын цэргийн хүчин устгасан байхад Мосулыг түүнтэй харьцуулдаггүй. Хэрвээ тус хотыг “Исламын улс” тогтоон барихыг оролдвол Эль-Халдия суурингийн байдал давтагдаж магадгүйг П.Кокберн тэмдэглэв. Тэнд байлдааны дараа ердөө дөрөвхөн байшин нураагүй үлдсэн аж.
Америк, Британийн цэргүүдийг иракчууд найрсгаар хүлээн авна хэмээн гадаадын Засгийн газрууд болон хэвлэлийнхэнд Иракийн сөрөг хүчин нотолж байсан 2003 оноос хойш байдал өөрчлөгдөөгүйг П.Кокберн тэмдэглэжээ. Иракийг “чөлөөлсөн” Америк, Британийн цэргүүд нэг жилийн дараа өөрсдийн амь насыг хамгаалахын төлөө тэмцэхэд хүрсэн байна. Сөрөг хүчний суртал ухуулгад төөрөлдсөн гадаадын Засгийн газрууд болон сэтгүүлчид үнэн мөний оронд өөрсдийн хүссэн мэдээллийг өгдөг болсон гэдэгт П.Кокберн итгэлтэй байна.
Ирак, Сирид болж буй төстэй үйл явдлын талаарх мэдээлэл нь янз бүрийн цаг хугацаанд суртал ухуулгыг хэрхэн урвуулан ашигладаг тухай эрдмийн ажил бичих таатай сэдэв болно гэж тэрбээр үзэж байна.