
Монгол хэлний дархлааг сулруулдаг хүчин зүйл гэгддэг цахим орчин дахь хандлагыг өөрчилж, эх хэлээрээ алдаагүй, соёлтой харилцаж сурах дадлыг иргэдэд төлөвшүүлэх зорилгоор БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Болор софт” компани хамтран “Эх хэлний цахим хөгжил 2016” анхдугаар чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Улс орон тусгаар тогтнохын үндэс болсон хэл, соёлоо хадгалан авч үлдэхийн төлөө тэмцэж, даяаршлын сүүдэрт балартчих вий гэж санаа зовнидог хэл шинжлэлийн салбарын үе үеийн эрдэмтэн судлаач, оюутнууд энд чуулж, цахим хэл шинжлэлийн өнөөгийн хөгжил, судалгаа, тулгамдсан асуудал, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Техник технологийн өндөр хөгжилтэй золгож, даяаршиж буй энэ цагт бид цахим орчинд эх хэлээрээ зөв бичиж, ярьж, үгийн сангаа арвижуулан баяжуулахгүйгээр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх аргагүйд хүрээд буйг цөөнгүй судлаач илтгэлдээ дурдав. Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор Ш.Чоймаа “Эх хэлээ хамгаалан, дэлхий нийтэд сурталчлахад улс орнууд анхаарч, олон улсын оюуны өмч, стандартын байгууллагуудад бүртгүүлэхийн төлөө мэрийж байна. Бид 1000 жилийн түүхтэй монгол бичиг болоод кирилл үсгээ хамгаалан авч үлдэхийн тулд технологийн хөгжлийг ашиглах хэрэгтэй” гэсэн юм.
Эрдэмтэн судлаачдын хөндсөн бас нэг чухал асуудал нь бичихэд эргэлзээтэй, маргаан дагуулдаг үгсийг цэгцэлж, зөв бичих дүрмийг боловсронгуй болгох тухай байв. БСШУЯ (хуучнаар) хэдэн жилийн өмнө энэ асуудлыг шийдэх зорилгоор эрдэмтдийн дунд зөвлөгөөн зохион байгуулж, олон хувилбараар бичдэг, эргэлзээтэй 700 үгийг журамласан. Гэсэн ч тэдгээр үгийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс байсаар байна.
Зарим нь тэдгээр үгийг хэрхэн бичих болсныг ч мэдэхгүй, учраа олохгүй яваа. Тэгвэл Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл энэ асуудлыг тун удахгүй нэг мөр цэгцлэхээр болсон тухай дуулгав. Тэрбээр “Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн өчигдөр (уржигдар) баталсан 05 тоот тогтоолд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд хэвлүүлсэн “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг баталгаажуулан, дагаж мөрдөхөөр болсон.
Зургаан сарын дотор баталгаажуулна” гэв. Түүний хэлснээр бол Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс баталсан, бичихэд эргэлзээтэй 700 үгийг журам батлагдах хүртэл хүчин төгөлдөр хэвээр нь хэрэглэх юм байна.
Хурлын үеэр МУИС, ШУТИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Болор софт” зэрэг байгууллага хэл шинжлэлийн салбарт ашигладаг, цаашид нэвтрүүлэхээр судалж буй аппликэйшн, программуудыг иргэдэд танилцуулж, үзэсгэлэнд дэлгэсэн юм. 60 мянга гаруй толгой, 80 мянган холбоо үг бүхий “Монгол хэлний их тайлбар толь”, алдаа засдаг “Болор дуран”, өгүүлбэрийн утгыг ойлгож, үг нэг бүрийг ямар утгатай болохыг таньдаг ухаалаг аппликэйшн гээд олон, сонирхолтой бүтээлийг залуус зохион бүтээжээ.
МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Өнөрбаяр дээрх цахим бүтээлүүдийн талаар “Бүх салбарт ашиглаж, үр ашгаа өгч буй цахим хэрэглээ хэл шинжлэлд зайлшгүй шаардлагатай. Гэхдээ эхлээд хэрхэн бичих тухай тогтсон шийдэлд хүрч, журамлачихаад бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх нь зүйтэй. Цахим толь, алдаа шалгадаг программтай болсноор эх хэлээрээ зөв бичиж сурна. Мөн үүнийг хэрхэн бичдэг юм бол гэж хайх шаардлагагүй болж, хөдөлмөр хөнгөвчилж буй юм” гэв.