
Мэдээллийн технологийн “Монгол АйДи” компанийн гүйцэтгэх захирал, “Торгоны зам” сан, Улаанбаатарын эдийн засгийн клубийг үүсгэн байгуулагч М.Халиунбат манай сонины “Уншигч-сурвалжлагч” буланд зочноор уригдав.
Дэлхийд эх орноо таниулж яваа монгол залуусаа дэмжих, авьяас, мэдлэг боловсрол, оюун ухаанаараа дэлхийд үнэлэгдсэн тэдний амжилтыг нийгэмд таниулах зорилготой “Монгол хүн-Монголын баялаг” хэмээх үзэгчдийн танил болсон нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь түүнийг хүмүүс андахгүй.
Ямар ч сэдвээр ярилцахад нээлттэй гэж тодорхойлж болох түүнийг “GZ Capital” компанийн захирал З.Ган-Очир “шалгаан”, уншигч-сурвалжлагчаар ажиллалаа.
-Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед залуучуудыг юу хийгээсэй гэж бодож байна вэ. Тэд нийгэмд урт хугацаанд ажиллаж, амьдрах хүмүүс шүү дээ.
-Монголд хийж болох зүйл хязгаартай. Хэдхэн бизнесийн хүрээнд л “эргэлдээд” явахаас өөр аргагүй. Төрийн оролцоо багатай салбарууд нь өрсөлдөөн ихтэй ч ашигт ажиллагаа нь тун муу. Кафе, баар, фитнес, супермаркет, шатахуун түгээх станц руу л бүгд шуураад байгаа нь бусад чиглэлээр ажиллахын тулд заавал улстөрчтэй нүүр тулах болдогтой холбоотой.
Нийт эдийн засгийн бараг 70 хувьтай тэнцэх хэсгийг улстөрчид болон тэдний хамсаатнууд удирдаж байгаа үед залууст боломж их биш ээ. Ийм нөхцөлд тийм зүйл хийвэл зүгээр гэсэн санаа өгөхөд хэцүү байна.
З.ГАН-ОЧИР
-Тэгвэл бизнес хийх гэхээс илүүтэйгээр хувийн карьертаа хэрхэн анхаарах ёстой вэ?
-Юу ч хийсэн эзэн нь байх зан чанар монгол залууст дутагдалтай харагддаг. Хүн хаана ч ажиллаж байсан хамаагүй, тэр тусмаа тухайн хүний өөрийнх нь бизнес биш ч гэлээ өөрийн хийж буй ажлаа “Энэ бол миний замнал. Карьерын, амжилтын минь түүх шүү” гэсэн өнцгөөс харж чаддаг чанар олонх залууст байхгүй нь харамсалтай. Гэсэн атлаа сүүлийн үеийн залуучууд их амбийцтай болчихсон.
“Том юм”-нд хүрнэ, би чинь ийм л хүн шүү дээ гээд өөрийн давуу тал, боломжоо хэт үнэлдэг ч гавьтай бүтээл гаргадаггүй нийтлэг дүр төрхийг аль ч шатанд удирдах албан тушаал хашиж буй бүх хүн хэлэх байх.
-Бизнес хийдэг гэдгээрээ бид нэг нэгнээ мэднэ. Нийслэлийн ИТХ-д Та нэр дэвшин, сонгогдсон. Ер нь улс төр рүү орж байна гэж ойлгож болох уу?
-Яагаад улс төрд орох болов гэж хүмүүс байнга асууж байгаа. Итгэл үнэмшил либерал талдаа, төрийг үгүйсгэдэг, буруутгадаг байсан хүн түүнийхээ нэг хэсэг нь болчихлоо гэж. Хэд хэдэн шалтгаан бий. Гол нь нийгмийн суурь итгэл үнэмшил, ойлголт, ёс суртахуун буруу байна. Өнөөдрийн тогтсон ёс суртахуун биднийг хөгжилд хүргэхгүй.
Тэр дунд хамгийн их буруу үр дагавар авчирч буй хэсэг бол төрийн удирдлага, улс төрийн орчны ёс суртахуун. Үүнийг бага ч гэсэн өөрчилж болох байх. Тэр нь цааш түгэх боломжтой эсэхийг тандаж, харъя гэсэн бодол төрсөн.
-Та бизнесийн салбарын нэлээд нээлттэй дуу хоолой болдог. Улс төр рүү орохоор тань санаа зовж байна л даа. Залуучууд бүтээлч биш, нөгөө тал руу явчих вий дээ гэсэн зовнилын үүднээс асуусан юм. Ер нь эдийн засаг дахь төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо ямар байх ёстой вэ?
-Таны хэлсэн нийгмийн бүрэлдэхүүн хэсгүүдийн баланс манайд их сонин тогтчихсон. Маш цөөн хэсэг нь том эрх мэдэлтэй төдийгүй бүх зүйлийг шийддэг, эзэмшдэг, хуваарилдаг тогтолцоотой болчихсон. Үүнийг нь дагаад бизнес ч бас тодорхой бүтцэд орчихсон. Давамгайлагч цөөнх хэсэг нь иргэдийн сонголтод нөлөөлөх тогтолцоог төгс утгаар нь бий болгосон нийгэмд бид амьдарч байна. Манайхан баялаг гэсэн үгийг хэлэх их дуртай.
Тэр утгаар нь тайлбарлавал баялгийг цөөн хүн захирч байгаа. Үүний тулд банкны тогтолцоо, улс төрийн нам гээд олон зүйлийг ашиглаж сурчээ. Ёс зүйн, хууль зүйн хил заагийг завхруулж, бүгдийг өөрийн эрх ашгийн төлөө хийж чаддаг болсон. Цөөнх хэт давамгайлдаг тогтолцоо ямар нөхцөлд хүргэдгийг Малайз, Филиппинээс харж болно.
Үнэтэй машинаа гудамжаар унаж чаддаггүй, иргэдээсээ нуугддаг, цөөнх бүлэгтэй улс бол Филиппин. Бид тийм байдалд хүрч болзошгүй гэдгийг зарим улстөрч бодох л хэрэгтэй.
-Шийдвэр гаргах, баялгийн хуваарилалтыг цөөн хүн мэддэг гэлээ. Нийгэм дэх иргэдийн дуу хоолойг нэмэгдүүлэх, шийдвэрт нөлөөлөх оролцоог хангахын тулд юу хийх ёстой вэ?
-Иргэдийн амьжиргааны түвшин доогуур үед олон нийт шийдвэр гаргах, шийдэл боловсруулахад оролцдог соёлыг бий болгох нь түвэгтэй. Хүн төрөлхтөн ч энэ асуудлыг шийдэж чадсан юм уу, үгүй юм уу, бүү мэд. Community буюу хүмүүсийн нэгдэл манайд дутмаг байдаг. Наад захын эмгэнэлт жишээ гэвэл монгол хүмүүс хаалганаасаа цаашихыг ер нь анзаардаггүй. Гэр дотроо сайхан, цэвэрхэн ч хаалгаа онгойлгоод л үүдэн дээрээ хогоо хаячихдаг.
Хүмүүс асуудлаа хамтраад шийддэг болбол нийгэмд өөрчлөлт гарах найдлага бий. Хоёрдугаарт, өмнө хэлсэнчлэн юуг зөв, буруу гэж хэлэх ёс суртахууны хэмжүүр нь учир дутагдалтай. Жишээлбэл, хэдэн сая, тэрбум ам.долларын авлига авсан эрх мэдэлтнийг “Энэ чинь харин ёндоотой нөхөр үү” гэсэн маягтай бид ярьцгаадаг. Нийгмийн энэ суурь нь цөөн хүн засаглах, асуудлыг өөрсдөдөө хэрэгтэй байдлаар шийдэх боломж олгож байгаа.
Мөн Монголд хууль хэрэгждэггүйд хамгийн их харамсдаг. Миний бодлоор хууль бүх хүнд тэгш байх ёстой. Халиунбатад нэг, Доржид өөр байдлаар тусдаг зүйлийг хууль гэж хэлэхгүй. Хууль зөрчвөл 100 хувь буруу гэдэгт санал нэгдэж чадахгүй бол нийгэм хөгжих потенциал байхгүй. Хөгжлийн суурь нь ямар нэг том хөтөлбөр, төсөлд биш, хүмүүсийн ойлголт, төсөөлөл, ёс суртахуун, хэмжүүрт байдаг гэж боддог.
Энэ ч агуулгаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудалд хандвал, хууль байгаа юу, хуулийн дагуу хийсэн үү гээд хариулт авахад хэрэгтэй мэт. Нэгэнт хууль байгаа бол тэнд дээгүүр эрх ашиг, тэрнээс чухал нөхцөл яриад ч нэмэргүй байдаг тийм л хэм хэмжээг хүсдэг дээ.
Тиймээс нийгэм сонсдог, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс, бизнес эрхлэгчид үйлдлээ тодорхой хэмжээнд өөрчилбөл зүйтэй санагддаг. “Монголын эдийн засгийн форум” дээр “Бизнесмэнүүд өөрсдөө буруутай” гэж хэлээд байгаа шалтгаан маань ч үүнтэй холбоотой. Заавал төрөөр дамжуулан монополь болж байж өөрийн бизнесээ хийж ирсэн нь өнгөрсөн 20 хэдэн жилийн түүх. Тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд олон жишээг энд дурдаж болно.
М.ХАЛИУНБАТ
-Нийгмийн ёс суртахууны түвшнээс хамаараад бид тэмцэх ёстой зүйлтэйгээ тэмцэж чадахгүй байна гэж Таны ярианаас ойлголоо. Тэгвэл нийгмээ яаж хөгжүүлэх вэ. Энэ нь олон жилийн цаг хугацааны асуудал биш үү?
-Тийм ээ. Суурь боловсрол, хүмүүжлийн асуудлыг ярих хэрэг гарна. Гурван ээлжээр хичээллэдэг дунд сургуулиудтай, улсын хэмжээнд 44 сургуульд л байгалийн шинжлэх ухааны зориулалтын лабораторитай буюу 23.000 хүүхдэд нэг лаборатори ногддог гээд үзвэл манай боловсролын тогтолцоо наад зах нь тооны хувьд хэрэгцээ хангахгүй байна. Тэгэхээр чанарын тухайд дутагдалтай нь ойлгомжтой. Боловсрол гэдгийг ойлгох хэмжүүр өөр болсон цаг.
Түүнд гэр бүл, эцэг, эх, сургууль, нийгэм ямар үүрэгтэй, боловсролын контент, хэвлэл мэдээлэл нь ямар байх ёстой юм гээд ерөнхий хүрээлэл, хил зааг нь тодорхой биш нөхцөлд Монголын хүүхэд багачууд дархлаатай, ёс зүйтэй иргэн болж чадах уу гэдэгт маш том асуултын тэмдэг байгаа. Өөрийн тань хэлснээр маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаардана. Тэгэхээр өнөөдрөөс эхлэх ёстой юу гэвэл тийм.
-Сонгуулийн дараа нэг намын хийсэн ажлыг өөр нэг нь өөрчлөх гэж оролддог. Нэг нь нэг зүйл яриад, нөгөөх нь өөр зүйл яриад байхаар ард түмний толгой нь эргээд байх шиг. Бид хөгжлийн тухай их ярьдаг. Яг хаашаа яваад байна гэхээр хариулт алга. Таны хувьд бид хөгжихийн тулд яах ёстой вэ?
-Ер нь хөгжил гэдэг зүйлд энгийн тодорхойлолт хэрэгтэй юм шиг ээ. Нэг их том зүйлийг хөгжил гэж хараад буй нь буруу байж магад. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ төдөд хүрсэн байх гэх мэт олон үзүүлэлт ярьдаг. Энэ нь хүний амьдралд буудаггүй. Хөгжлийг хүний амьдрал дээр буулгаж яривал амархан ойлгогдоно. Нэгдүгээрт, би тогтвортой ажил, орлоготой байх ёстой. Үүний тулд эдийн засаг нь идэвхтэй, хөдөлгүүр шиг ажиллаж байх шаардлагатай.
Иргэд байнгын орлоготой байвал тулгамдсан асуудлаа (орон сууцтай болох, эрүүл мэнддээ анхаарах) шийдэх боломж бүрдэнэ. Хүүхдээ заавал гадаадын үнэтэй сургуульд оруулах, гадагш явж эмчлүүлэх шаардлагагүй болсон үед л түүнийг хөгжил хэмээн хэлнэ гэж боддог. Эдийн засгийн суурь хэрэгцээнүүд хангагдчихлаа гэхэд үгээ хэлчихдэг, улс төрийн үйл ажиллагаа явуулмаар байвал хэнээс ч айхгүй, хэрэгжүүлчихдэг, өөрийгөө илэрхийлэх боломж нээлттэй байх дараагийн хэрэгцээнүүд бас гарч ирнэ.
Улс төр, эдийн засгийн эдгээр нөхцөлийг бүрдүүлэх гээд ажиллавал хийх ажлууд ойлгомжтой, цэгцтэй санагдана. Эрүүл мэндийн тогтолцоог яавал иргэдэд ачаалал багатай, үр ашигтай байхуйц шийдэх вэ гэдэгт ч юм уу төвлөрөөд явчихна. Гэтэл өнөөдрийг харвал Тавантолгой, Оюутолгой гээд баахан том төсөл л ярьдаг болж. Бидний хүсээд байгаа ахуйгаас хальчихсан, хэт дээгүүр түвшний юм ярьдаг нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжгүй байдаг. Яг хэрэгтэй чухал зүйлээ ярихгүй бултаад байгаа ч юм шиг.
-Тавантолгой, Оюутолгой гэхээр хувь авах гэдэг ойлголт хамгийн түрүүнд иргэдийн санаанд буугаад байх шиг. Тэр нь асуудлыг шийдэж байгаа хэрэг огт биш. Саяхан би Жо Стадвелийн “Ази хэрхэн хөгжсөн бэ” номыг уншлаа. Эхлээд боловсролд их мөнгө зарах ёстой юу, эсвэл мөнгөө олох нь зөв үү гэдэг талаар зохиолч бичсэн байна лээ.
Судалгаанаас харахад амжилттай яваа орнууд эхлээд мөнгөө олж л дээ. Дараа нь боловсролдоо хөрөнгө оруулсан гэнэ. Эдийн засаг маань сул байгаа үед боловсрол, нийгмийн салбарууд руу яаж мөнгө хийх вэ?
-Ийм асуудал дээр миний үзэл бодлын ялгаа гардаг. Төрийн оролцооны тухай л ярина. Төсөв, түүний бүтэц, халамжийн талаар ярих хэрэгтэй болно. Төсвийн бүтцийг “ухаад” үзвэл их потенциалтай. Бид концесс, тендерт, эсвэл гоё нэртэй хөтөлбөрүүдэд багагүй мөнгө зарцуулдаг. Дээрээс нь халамжид өгдөг хөрөнгө бага биш. Саяхны тооллогоор манай төр бараг 10 их наяд ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгөтэй гэсэн дүн гарсан. Хамгийн их хөрөнгөтэй этгээд нь төр байгаа хэрэг.
Гэтэл төрийн компаниудын 90 хувь нь алдагдалтай ажилладаг, өр нь хэдийнэ 10 их наяд төгрөгт хүрчихсэн. Монгол Улсын эдийн засгийг том сав гэж харвал хамгийн үр бүтээлгүй хэсэгтээ хамгийн их хөрөнгөө овоолчихсон. Тэр их хөрөнгийг илүү үр бүтээлтэй ашиглаж чадах газарт нь өгчихмөөр юм шиг. Хоёрдугаарт, улстөрчдийн эзэмшиж байгаа мөнгө их байна.
Энэ тухай “Монголын эдийн засгийн форум”-ын үеэр илтгэхдээ хэлж байсан. Улстөрчдийн хамгийн түрүүнд барьж авдаг бизнес нь барилга байдаг. Нэгэнт бизнесийн “утга агуулгатай” мөнгө бага байгаа учраас бүтээмж муу байна. Манайх хоёр төгрөг зарцуулж байж нэг төгрөг үйлдвэрлэдэг, бүтээмжгүй эдийн засагтай улс. Үүнийг нь өөрчилчихвөл одоогийн суурь нөхцөлийг муу гэж боддоггүй. 1990 онд одоогийнх шиг хуримтлал бүхий хадгаламж байгаагүй.
Одоо цөөн хүн эзэмшиж байгаа гээд муулдаг ч банкныхаа балансыг харвал хадгаламжтай болчихсон улс. Хорин хэдэн жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүд их хөрөнгө оруулж, олон үйлдвэр барилаа. Зөв бүтэцтэй болгочихвол эдийн засагт маневр хийх боломж харьцангуй дээрдсэн.
-Улаанбаатарыг ямар хот болоосой гэж хүсэж байна. Ирэх дөрвөн жилд юу хийе гэж төлөвлөж байна вэ?
-Хийж байгаа зүйлд шинжлэх ухаанч уур амьсгал оруулахыг хүсэж байгаа. Үндсэн асуудал нь хот төлөвлөлт. Замын түгжрэл, утаа зэрэг бэрхшээл хотын төлөвлөлттэй холбоотой. Үүнийг архитектурын суурь боловсрол эзэмшсэн нэг нөхөр, эсвэл нэг хэлтэс хийдэггүй болчихсон байна. Жишээ нь, автобусаар зорчихдоо карт ашигладаг боллоо. Уг картны мэдээллийг цуглуулж, боловсруулалт хийвэл хүмүүсийн үндсэн урсгал хаагуур төвлөрч байгааг мэднэ.
Ер нь орчин үеийн хот төлөвлөлт нь технологийн дэд бүтцээсээ авах датан дээр суурилдаг болчихсон. Түгжрэлд хамгийн их нөлөөлдөг зүйл нь төрийн үйлчилгээ. Манайд төрийн үйлчилгээний нэгдсэн төв гурвыг байгуулсан нь шийдэл биш гэж харж байгаа. Төрийн 600 гаруй үйлчилгээ бий гэдэг. Түүнийг нь 600 хүнд суртал гэсэн ч буруудахгүй. Үнэндээ энэ үйлчилгээний 50 хувь нь лавлагаа шүү дээ. Нэг төрийн байгууллага нь нөгөөгийнхөө лавлагааг шаарддаг нь маш том ачаалал үүсгэдэг.
Төрийн иймэрхүү хүнд суртлыг багасгаад, онлайн болгоод заримыг нь огт шаарддаггүй болгочихвол түгжрэл, хүмүүсийн урсгалыг бууруулна. Замын түгжрэлд хамгийн их нөлөөлдөг хоёр дахь хүчин зүйл нь боловсролын салбартай холбоотой. Эцэг, эхчүүд хүүхдээ сайн сургуульд л сургахыг зорьдог. Тиймдээ ч зарим эцэг, эх гэрийнхээ ойрын сургууль, цэцэрлэгт хүүхдээ явуулалгүй, өөр дүүргийнхэд сургадаг. Энэ нь Улаанбаатарын замын түгжрэлд их нөлөөлдөг нь анзаарагдана.
Энэ мэтээр дата цуглуулж, боловсруулж, мэдээлэлд суурилан хөгжлийн талаар яривал шинжлэх ухаанчаар хандаж байна гэж хэлнэ. Түүнээс бус ухаалаг, найрсаг Улаанбаатар гэж гоё нэр өгөөд баахан ажлын жагсаалт баталбал хол явахгүй. Жишээ нь “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрт гэхэд 44 тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүн нь хэр вэ гэдгийг иргэд өөрсдөө мэдэж байгаа. Энэ арга барилыг өөрчилж, асуудлыг шинжлэх ухаанчаар, тоо судалгаанд үндэслэн шийддэг болох нь миний зорилт.
-Сүүлийн үед банкны салбарын талаар их ярих боллоо. Яг үнэндээ банкуудын монополь байдлын талаар анх зоригтой дуугарсан хүн нь Та.
-Манайд цөөхөн улстөрч асуудлыг өөрийнхөө эрх ашигт нийцүүлж шийддэгийг өмнө нь хэлсэн. Ийм тогтолцооны чухал хэрэгсэл нь банк болчихоод байгаа. Суурь нь 1990-ээд оноос эхлэлтэй. Монголбанкны тухай хуульд зөвхөн арилжааны банктай ажиллана гээд заагаад өгчихсөн, нэр нь хүртэл Төвбанк. Цөөхөн улсад л Төвбанк гэж нэрлэдэг. Банк нь томордог, бусад нь өөрчлөгддөггүй, бусад этгээдэд давуу тал олгодоггүй тогтолцоог бий болгосон.
2010 онд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулан, арилжааны банкинд хөрөнгийн зах зээлд нээлттэй оролцох эрх олгож, дэргэдээ аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг охин компани байгуулж болох заалтыг тусгасан. Тиймдээ ч “Эрдэнэт үйлдвэр”-ийг авсан нь зөв, буруу гээд суух нөхцөлд хүрсэн. Энэ нөхцөлийг өөрчлөхгүй бол банк суурьтай, улс төрийн тодорхой этгээдүүдэд үйлчилдэг тогтолцоо цаашид улам л сөрөг үр дагавар авчирна уу гэхээс сайн зүйлд хүргэхгүй. Гадаадын банк оруулна, оруулахгүй гэдгийг жижигхэн зүйл гэж боддог.
Суурь шалтгаан нь өөр зүйл атал гадаадын банк орж ирсэн ч, орж ирээгүй ч асуудал нь шийдэгдэхгүй, ялгаа бараг байхгүй. Төлбөр тооцоо хийдэг үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар Төвбанкны дэргэд авчраад “тавьчихсан”. Уг нь энэ бол Төвбанкны хийх ажил биш. Бусад оронд тусдаа байдаг. Анхнаасаа л санхүүгийн бүх үйл ажиллагааг банкин дээр “нялах” гэсэнтэй холбоотой юм шиг байгаа юм.
Үүнийг задлаад, Монголбанкны чиг үүргийг дахин харж, өөрөөсөө зарим нэг функцээ зоригтой “авч шидээд”, арилжааны банкнаас бусад этгээд санхүүгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг нээж, банкууд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг болиулах нь зүйтэй.
Төвбанкны тухай, Төлбөр тооцооны тухай, Хөрөнгө оруулалтын банкны гээд шинэ хуулийн төслүүд боловсруулж байна. Харамсалтай нь, Төвбанк арилжааны банкуудаас санал авах маягаар ажил нь явдаг уламжлалт цикл эвдэгдэхгүй байна шүү дээ. Банкууд бүх зүйлийг хянадаг, хэнийг ч оруулдаггүй, дүрмийн сангийн хэмжээгээр өөрсдийгөө хамгаалдгийг өөрчилж чадах уу гэдэг түүхэн эгзэгтэй цаг үе дээр явж байна гэж харж байгаа. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барих юм билээ.
Хэрэв зарчмын шинэчлэл хийж чадахгүй бол Монголын эдийн засгийн бүтцэд том өөрчлөлт орохгүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, одоогийн хүчин төгөлдөр хуулийн хүрээнд ч Монголбанкны ерөнхийлөгч энэ системийг өөрчлөх боломж нээлттэй. Жишээлбэл, банкны дүрмийн санг ялгавартай тогтоох боломжтой. Яагаад бүх банкийг дүрмийн сангаа 50, ББСБ-ыг 2.5 тэрбум төгрөгт хүргэ гээд байгаа юм бэ. Энэ босгыг дээшлүүлэх тусам өрсөлдөөн багасна. Үүнийг уян хатан болгох хэрэгтэй.
Хадгаламж авахгүй, тодорхой эрсдэл үүрэхгүй байгаа этгээд заавал тийм хэмжээний дүрмийн сантай байх хэрэгтэй юм уу гээд асуудлыг өөр өнцгөөс хараад, ялгавартай байдлаар шийдэх боломж бий. Манайхны бодлогын гэж хэлэх дуртай иймэрхүү өөрчлөлтүүдийг шат дараатай хийвэл үр дүн нь 2-3 жилийн дараа гарах байх.
-Нийгэмд олон асуудал байгааг, өөрчлөх хэрэгтэйг ярилаа. Заавал улс төрийн албанд очиж байж үүнийг өөрчлөх ёстой юу?
-Туг тойрох үзэгдэл гэж менежментийн ойлголт бий. Монголд энэ үзэгдэл хавтгайрчихсан. Албан тушаалтай, эрх мэдэлтэй хүнийг бүгд тойрч эргэлддэг. Тэр агуулгаараа улс төрд ордог. Нийгэмд юм хийе гэсэн натур байгаа нь надад эерэг цэнэг өгдөг. Иймээс ч шинэ уур амьсгал, өнцөг авчрахад үлгэрлэе гээд “Wonderland” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
Энэ нь филантроп буюу сайн дурын үндсэн дээр том зүйл бүтээж болдгийг харуулах юм. Нийгмийн оролцоонд суурилаад, сүүлийн 30 жилд анх удаа хүүхдэд зориулсан томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа. Үүний тулд засаглал, арга механизм, хяналтын хувьд ямар байх ёстойг олон улсын байгууллагуудын туршлагаас судалж байна.