
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн офицер, ахмад Н.Барбаатартай ярилцлаа. Тэрбээр олон хүнийг галаас аварсан ачтай нэгэн. Уг гавьяаг нь үнэлж Хүүхдийн төлөө үндэсний газар болон Онцгой байдлын ерөнхий газар Хүндэт тэмдэгээрээ шагнасан бол өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медаль хүртжээ.
-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?
-Анх 2003 онд Багахангай дүүргийн Цагдаагийн тасагт эргүүлийн цагдаа болж, ажлын гараагаа эхэлж байлаа. Цагдаагийн байгууллагад ажилласан 14 жилийнхээ 13-ыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өнгөрөөжээ. Энд ирснээс хойш хороо, эргүүл, жижүүрийн цагдаа гэсэн албан тушаал хашиж явсан. Одоо дүүргийн Цагдаагийн II хэлтэст эргүүлийн офицероор ажиллаж байна.
-Та галын аюулаас олон хүн аварсан юм билээ. Орон сууцны нэг орцонд амьдардаг иргэдийг угаартахаас аварсан гэж байсан. Тухайн үед юу болов?
-Одоогоос жилийн өмнө манай хэлтсийн хариуцдаг хорооны нэгэн байрны орцонд гал гарсан юм. Орцонд байсан хогийг хэн нэгэн шатаачихсан хэрэг л дээ. Тухайн үед орц бүхэлдээ утаа болчихсон, зарим хүн тагтан дээрээ гараад зогсчихсон, тусламж хүсэж байлаа.
Тухайн орцны цонхыг онгойлгох боломжгүй байсан учраас би хагалаад, галыг унтраасан юм. Хэрэв тэр үед хүмүүс гал гарсныг мэдэлгүй унтаж байсан бол ярвигтай байдал үүсэх байсан болов уу. Галыг унтраасны дараа тэд “Гэрт утаа орж ирээд, амьсгалах аргагүй болсон. Цонх онгойлгохоор утаа бүр их орж ирсэн” гэж ярьж байв.
-Энэ онд бас шатаж байсан барилгаас хүний амь нас аварсан гэл үү?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-31-нд шилжих шөнө ажлын хамтрагч, цагдаагийн ахлагч Чингистэйгээ эргүүлд гарч байсан юм. Биднийг Ханын материалын комбинат орчмоос XXI хороолол руу уруудаж явтал нэг байшин шатаж байв. Тэр объектын эзэн нэгдүгээр давхартаа найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж, дээд давхартаа гэр бүлээрээ амьдардаг байсан юм билээ.
Шөнийн 03.00 цаг болж байсан болохоор дээд давхарт хүн байж магадгүй гээд би дэлгүүрийн хаалган дээр гарч цонхыг нь хагалан хүн байгаа, эсэхийг шалгасан юм. Гэтэл байшин дотроос хүний сулхан дуу сонсогдсон. Тэгээд бид шууд л байшин руу орж нэг гэр бүлийн таван хүнийг гаргаж ирсэн.
Тэднийг гаргах явцдаа Яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн. Хүний амь эрсдээгүйд баярлаад, хүмүүсээ эмчид үзүүлж байтал тэр айлын эзэгтэй “Нэг хүүхэд маань байхгүй байна” гэдэг байгаа.
-Дотор үлдчихсэн гэсэн үг үү?
-Тийм. Байшин нь олон өрөөтэй, 15 настай хүү нь тусдаа өрөөнд унтаж байсан юм билээ. Дотор хүн байгааг мэдээд, ээж нь уйлж, тусламж гуйж байхад хүн өөрийгөө боддоггүй юм билээ. Шууд л яваад орчихсон. Гал нэгдүгээр давхраас гарсан болохоор шалнаас нь халуу төөнөөд, завсраар нь оч цухалзаад, битүү утаан дунд явах тийм ч амаргүй байсан.
Утаан дунд хаана, юу байгааг мэдэхгүй болохоор хүүг таамгаар хайхаас өөр арга байгаагүй. Өрөө рүү ороод л хэдэн секунд хайгаад буцаж гарна. Ээжээс нь хүүг хаана унтдагийг лавлаж байгаад олсон. Гэвч гаргах гэсэн чинь ганцаараа дийлдэггүй, Чингисийг дуудаж, хөнжилд нь ороогоод л тэврээд гарсан даа.
-Хайхад хугацаа зарцуулсан болохоор хүү утаанд гүн хордсон байх даа?
-Уг нь бид очоод 10 орчим минутын дараа болсон явдал шүү дээ. Тэгсэн ч хүү ухаангүй байсан. Бид түүнийг гаргаад нэг минут 20 секундийн дотор эмнэлэгт хүргэсэн байдаг. Хэрэв тэгж хурдан очоогүй бол юу болох байсныг хэлэхэд бэрх. Хүү 25 хоног ухаангүй байсан шүү дээ.
Эмч нар эмчилгээг нь зогсоох талаар ч ярьж байсан гэсэн. Эмнэлэгт гурван сар эмчилгээ хийлгээд эдгэрсэн. Одоо болтол тэр хүмүүсийн баярласан харц, талархсан үг санаанаас гардаггүй юм.
-Та өөрөө зүгээр үү?
-Би ч бас хордсон байсан. Ямар ч хамгаалалтгүйгээр утаан дунд орсон учраас тэгдэг юм билээ. Эмч нараас тусламж аваад л гайгүй болчихсон. Хүний амь нас аюулд орсон үед өөрийгөө ч анзаардаггүй юм билээ. Тийм утаа руу яаж орсноо хэзээ хойно нь гайхсан шүү.
-Танай хэлтэс ачаалал ихтэй биз дээ?
-Манай хэлтэс ЦЕГ-ын даргын тушаалаар 2012 оны арваннэгдүгээр сарын 2-нд байгуулагдсан. Сонгинохайрхан дүүргийн VI-XI, XXV, XXVIII хорооны иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Хүн ам ихтэй, ихэвчлэн гэр хороолол байдаг учир хулгай, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг гэмт хэрэг их гардаг.
Гэхдээ бид бүхий л нөөц, бололцоогоо дайчилж ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сард анх удаа агаарын эргүүл ажиллуулж эхэлсэн юм. Энгийнээр хэлбэл, нисдэг камераар гудамжуудаа ажигладаг гэсэн үг. Ингэснээр гэмт хэрэг буурсан.
Мөн удирдлагууд маань албан хаагчдынхаа нийгмийн асуудал болон ажилдаа амжилт гаргах нөхцөлийг гойд их анхаардаг. Түүнийх нь үр дүнд би хэсгийн аварга байцаагч болж байсан. Гадаадад очиж, тэдний туршлагыг судлахаар өөрийнхөө ажилд нэвтрүүлэх шинэ зүйл их сурдаг юм билээ.
-Гэр бүлийн хүчирхийлэл багасахгүй юм. Та бүхэн хэрхэн тэмцэж байна вэ?
-Манай дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл их гардаг. Ялангуяа, миний ажиллаж байсан VII хороонд. 2011-2012 онд би тус хорооны хэсгийн байцаагч байсан юм. Тэр үед Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг санаачилсан багт орж ажилласан. Гэр бүлийн гишүүдээ хүчирхийлж буй дуудлагын дагуу очиж, хүчирхийлэгчид хариуцлага тооцох үед цагдаагийн албан хаагч эргээд гүтгүүлэх нь элбэг.
Тиймээс надаас хүчирхийлэл үйлдсэн хүнийг хэрхэн саатуулах вэ, эргээд гүтгэвэл өнөөх цагдаагийн эрхийг яаж хамгаалах вэ гэдэг талаар санал авсан. Учир нь, би өөрөө ч ийм гүтгэлэгт өртөж байсан юм. Эхнэр, хүүхдээ гэртээ хорьж, зоддог байсан эрийг шалгаж, дахиж тэгэхгүй гэсэн баталгаа бичүүлсний дараа намайг өөрийг нь зодсон гээд ЦЕГ-ын Ёс журмын албанд гомдол гаргасан байв.
Баталгаа бичүүлэх үед түүний эхнэр болон нийгмийн ажилтан дэргэд минь байгаагүй бол би хэрэгт орох дөхсөн шүү. Тиймээс би хуулийн төсөлд иргэн, цагдаагийн алба хаагчид хамтарч ажиллах ёстой, мөн хамтарсан багийн аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэдэг санал оруулсан.
-Үр дүн гарсан л биз дээ?
-Ийм дуудлагад очиход дан ганц цагдаа бус, нийгмийн ажилтан зэрэг хүн очих нь зүйтэй. Мөн камертай очиж, бүгдийг баримтжуулах ёстой гэсэн санал оруулсан юм. Одоо бол яг л энэ маягаар ажилладаг болсон.
-Яагаад цагдаа гэдэг мэргэжлийг сонгох болсон юм бэ?
-Миний аав Архангай аймгийн Цагдаагийн газарт сум хариуцсан эрүүгийн болон хэсгийн төлөөлөгч хийдэг байлаа. Би багаасаа л аавыгаа дагаж явдаг байсан болохоор цагдаа болохыг мөрөөддөг, Цэргийн их сургуульд сурдаг байхдаа оргож гараад, цагдаа болох шалгалт өгөөд явж байлаа. Ах минь бас Цагдаагийн академи төгссөн.
-Ийм ажилтай хүн гэр бүлдээ төдийлөн анхаарч чаддаггүй гэдэг. Бэрхшээл их биз?
-Би ханьтайгаа нэг гэрт ороод 14 жил болж байна. Удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөж авна. Цагдаа хүн ажлаа хийхэд гэр бүл маш чухал. Ээж минь цагдаа хүний гэргий болохоор миний ханьд зааж зөвлөдөг болов уу гэж боддог. Тиймээс л эхнэр, хүүхдүүд минь намайг ойлгож, бүхий л талаар дэмждэг байх.
Хийсэн ажил, байгуулсан гавьяатай Н.Барбаатар их даруухан юм билээ. Өнөө жил цагдаагийн байгууллага үүссэний 95, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 90, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дөрвөн жилийн ой тохиож буй. Тэрбээр мэргэжил нэгт нөхөд, цагдаагийн нийт албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлснийг нь энэ дашрамд уламжилъя.