
Өсвөрийн даамчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс үндсэн төрлөөр алтан медаль хүртэж, Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол хангасан энэ хүү долоон настайдаа анхныхаа томоохон тэмцээнд оролцохдоо ес дараалан хожигдож байсан гэдэг.
Гэсэн ч хоёр жилийн дараа мөн тэмцээнд ес дараалан хожиж, өсвөр үеийн улсын аварга болж байсан түүхтэй. Энэ бол улсын тэргүүний I сургуулийн 12д ангийн сурагч, “Монгол Коосэн” сургуулийн харьяа “Алтан хүү” даамын клубийн тамирчин Мөнхбаатарын Шийравжамц юм. Түүнийг “Шинэ танил” буландаа урьж ярилцлаа.
-Юуны өмнө дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Алтан медаль энгэртээ зүүх тэр агшинд ямар сэтгэгдэл төрж байв?
-Баярлалаа. Дэлхийн аваргын шагналын тавцан дээр гарчихаад намайг дэмжиж байсан хүмүүсийн талаар бодсон доо. Аав ээж, гэр бүл, найз нөхөд, багш Т.Пүрэвдорж, Р.Манлай, сая намайг дэлхийн аваргад авч явж дасгалжуулсан “Алтан хүү” клубийн багш Ц.Алтанхуяг ахдаа, надад итгэж намайг ивээн тэтгэсэн бүх хүнд энэ дашрамд баярлалаа гэж хэлье.
-ДАШТ-д өмнө нь хэдэн удаа орж байв?
-2010 онд Бельгид болсон ДАШТ-ээс хойш жил бүр тасралтгүй оролцсон. Өмнөх тэмцээнүүдэд санасандаа хүртэл амжилт гаргаж байгаагүй. 2014 онд наймдугаар байранд орсон нь бараг хамгийн том амжилт маань гэж болно. Уг нь тэгэхэд сүүлийн өрөгт хожсон бол хүрэл медаль авах байсан юм. Тэр тэмцээнд түрүүлсэн Голландын тамирчин Ян Гронендейкт хожигдсон.
.jpg)
-Саяын тэмцээнд өрсөлдөгчид хэр ширүүн байсан бэ?
-Энэ жил Оросын тамирчид их сайн байлаа. Өнгөрсөн жил түрүүлсэн Голландын тамирчин өнөө жилээс залуучуудын ангилалд шилжсэн. Би ес тоглохдоо гурван оростой таарсан. Бусад зургаан орны тамирчныг зургууланг нь хожоод хоёр оростой тэнцсэн. Харин Уфагийн Марсель Шарафутдиновтой сүүлийн гурван тэмцээнд гурвууланд нь хожигдчихлоо. Түүнтэй хийсэн тоглолт хамгийн хэцүү нь байв. Нэгдүгээрт явж байгаад долдугаар тойрог дээр түүнтэй таараад хожигдсон.
-Анх яаж даам сурч байв. Хэдтэйгээсээ тоглож эхэлсэн бэ?
-Зургаан настайгаасаа тоглож эхэлсэн. Аав надад анх зааж өгсөн. Бэлтгэл жаахан хийлгэж байгаад Спортын төв ордонд Т.Пүрэвдорж багш дээр дагуулж очсон. Тэр үеэс л даамаар хичээллэж эхэлсэн дээ.
-Анхны тэмцээнээ санадаг уу, ямар амжилт гаргаж байв?
-Яг анхны тэмцээнээ сайн санахгүй байна. Харин долоон настай байхдаа анхны томоохон тэмцээн болох өсвөрийн УАШТ-д оролцоод ес тоглоод ес хожигдсоноо ерөөсөө мартдаггүй. Ес хожигдож л гараагаа эхэлж байлаа./Инээв/
-Эгч чинь даамын олон улсын их мастер. Сая чи Дэлхийн даамын холбооны мастерын болзол хангалаа. Та хоёроос өөр даам тоглодог хүн танайд бий юү?
-Өвөө маань даам, шатар аль алиных нь спортын мастер. Манай өвөө хүүхдүүддээ бүгдэд нь даам, шатар заасан. Хамгийн том цолтой нь аниа, олон улсын их мастер. Надаас гадна манайд спортын мастер, дэд мастер цолтой тав, зургаан хүн бий.
-Бүгд цуглахаараа гэр бүлийн тэмцээн зохионо биз?
-Өвөөг ирсэн үед гэр бүлийн тэмцээн хийдэг байсан. Аниа 11-12 удаа түрүүлсэн байх аа. Тэгээд түүнээс хойш хэн түрүүлэх нь ойлгомжтой гээд тэмцээн хийхээ больсон. Тэр надад их том бэлтгэл хангалт болдог байсан байх. 7-8 настайдаа шатар их тоглодог байлаа. Наймтайдаа шатар, даам аль алиных нь УАШТ-д орж байсан. Тэр жилийнхээ орсон бүх тэмцээнд зургадугаар байр эзэлсэн.
Дүүргийн аварга, нийслэлийн сургуулиудын аварга, улсын аваргад гурвууланд нь зургадугаар байранд орж байв. Харин есөн настайдаа өсвөрийн УАШТ-д ес тоглож, нэг ч тэнцэлгүйгээр ес хожин түрүүлсэн. Пүүжээ багш тэгэхэд “Шийрав хоёрхон жилийн өмнө ес хожигдож хамгийн сүүлийн байранд орсон бол ес хожиж тасархай түрүүллээ” гээд инээж байсан. 10 настайдаа дахиад улсын аварга болсон.
-Энэ онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль авсан байх аа. Сая дэлхийн аварга боллоо. Бэлтгэл сургуулилалт сайн байв уу, өөр ямар нэгэн зүйл нөлөөлөв уу?
-Энэ амжилтад олон зүйл нөлөөлсөн гэж бодож байна. Бэлтгэл сургуулилалт ч сайн хийсэн. Онолын бэлтгэл их чухал. Миний анзаарснаар нэгдүгээрт манай “Алтан хүү” клубээс зохиодог тэмцээнүүд маш их нөлөөлсөн. Урьд нь улсын аваргын шигшээ тэмцээнд орвол их мастеруудтай тоглох боломжтой, Депогийн тэмцээнд хааяа таарч тоглоно.
Түүнээс бусдаар бол томчуудтай нүүх боломж бараг гардаггүй байсан. “Алтан хүү” клубээс долоо хоног болгон зохиодог тэмцээнүүд үнэхээр их нөлөөлсөн. Эгч ч бас хэлж байсан. Тоглолт үнэхээр их дутагддаг байжээ гэж. Тийм болохоор байнгын үйл ажиллагаатай клубийн тэмцээн өсвөр, залуу тамирчдын ур чадварт нөлөөлсөн гэдгийг онцолмоор байна. Энэ жил эгч маань бас Азийн хошой аварга болсон л доо.
-Ирэх хавар сургуулиа төгсөх юм байна, мэргэжлээ сонгосон уу?
-Бодсон юм бий. IT инженерийн чиглэлээр сурахаар төлөвлөж байгаа.
-Тэмцээн уралдаанд байнга орохоор хичээлээс хоцрох тал бий юү?
-Тэгэлгүй яах вэ. Долдугаар ангиасаа хойш байнга л гадагшаа тэмцээн уралдаанд оролцож байна. Нөхөх гэж жаахан гүрийнэ. Нөхчихөөр гайгүй болчихно оо.
-Даамнаас өөр юу сонирхдог вэ?
-Сагс л жаахан тоглоно доо.
-Энэ олон тэмцээн уралдаанд хүүхдүүдээ байнга оролцуулдаг, танай аав ээж хоёр их мундаг хүмүүс юм аа. Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Аав “Улааанбаатар эрдэм” их сургуульд нягтлан бодох чиглэлээр багшилдаг. Ээж “Хамаг Монгол” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал. Манайх ам бүл тавуул. Эгч маань МУИС-ийн дөрөвдүгээр курс, дүү Нарангоо нийслэлийн 66 дугаар цэцэрлэгт явдаг. Энэ амжилтад хүрэхэд хөдөлмөр нь миний өөрийнх боловч ард нь олон хүний сэтгэл зүтгэл, дэмжлэг бий. Надад тусалж дэмжиж байсан бүх хүнд баярлалаа гэж хэлье. Мөн ангийнхан маань онгоцны буудал дээр маш гоё сюрприз барьж угтсан. Найзууддаа баярлалаа.
Ээж Б.Ариунбаяр нь хүүгийнхээ талаар “Миний хүү маш их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Айлд орохоор бүх юмыг нь татаж онгойлгож үздэг, хэрэгт дуртай, ер зүгээр суудаггүй байлаа. Дэлхийн аварга болгоё гэхээсээ илүү суулгаж сургая гээд анх даам тоглуулсан.
Зарим даамчид ч мэддэг. Шийрав их хэцүү хүүхэд байж билээ гэдэг. Сүүлд хөдөөнөөс ирсэн хүмүүс “Шийрав ямар их томоожоо вэ, намбатай болсон байна. Тоглолтоо ч нямбай хийдэг болж” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.
Эхлээд дааманд дуртай болгохын тулд тэмцээнд ороход нь заавал дуртай юмыг нь авч өгдөг байсан. Жижиг ундаа, мөхөөлдөснөөс төрөл төрлөөр нь аваад өрөөд тавьчихдаг. Тоглолт болгон дээр нэг ундаа ууна. Өнөөдөр гурав тоглоно гэвэл гурван ундаа, чихэр шоколад цүнхлээд явдаг, тэр нь өөрт нь их кайфтай. Эхлээд манай хүнд тоглох биш, тэр нь их чухал байсан.
Тоглолтон дээрээ гоё юм идээд, гоё ундаа уугаад, дараа нь гуанзанд орох нь сайхан байж л дээ. Дандаа өндөгтэй бифштекс авч иднэ гэдэг байсан. Тийм хөшүүрэг хүүхдэд их хэрэгтэй байдаг юм байна” хэмээн хуучилсан юм.