
Парк байгуулах газар
“Өнөөдөр” сонин жил гаруйн өмнө Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк байгуулах ажил багагүй хугацаанд сунжирч байгаа талаар “Эмээлтийн парк ба хүлээлгийн танхим” нийтлэлээрээ хөндсөн. Тэгвэл энэ удаа ажил урагшилсан уу, юу хийгээд байна вэ гэдгийг газар дээрээс нь сурвалжиллаа.
Хан-Уул дүүрэг дэх үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх тогтоолыг 2012 онд УИХ-аас гаргаснаас хойш хөнгөн үйлдвэрийн парк байгуулах тухай ярьж эхэлсэн байдаг. Тэгвэл 2014 онд Засгийн газраас 356 дугаар тогтоол гаргаж, паркийн байршлыг эцэслэн тогтоож, бидний сурвалжилга хийж буй Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр дэх 160 га газрыг сонгож байв.
Үүнээс хойш парк байгуулахыг хүлээсэн иргэд, аж ахуйн нэгжүүд “хүлээлгийн танхим”-д багагүй хугацааг өнгөрөөж буй. Гэвч газар нь одоо ч хоосон хэвээр байна. Гэхдээ жилийн өмнөхийг бодвол цахилгаанаа татаж, барилгын ажил эхлэхэд бэлэн болгожээ.
Мөн паркийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ундны болон технологийн усан, үндсэн цахилгаан хангамж, үерийн барилга байгууламж зэрэг зураг төслийн есөн ажлыг боловсруулж дууссан байна. Бүтээн байгуулалт нь эдийн засгийн үр ашигтай, байгальд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашигласан байхыг дээрх зураг төслүүдэд тусгаснаараа онцлог гэнэ. Ажил бага боловч урагшилсан гэсэн үг.
Засгийн газар, нийслэлийн ЗДТГ-ынхан энэ ажлыг дэмжиж, урагшлуулах талаар мэдэгдэж буй нь парк байгуулах найдвар тасраагүйг илэрхийлж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Арьс ширний боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны доголдол Төв цэвэрлэх байгууламжийн технологид сөрөг нөлөө үзүүлэхээс гадна байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж буй.
УИХ-ын шийдвэрээр 2017 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд арьс ширний үйлдвэрүүдийг хотын төвөөс нүүлгэхээр болсон. Ингээд нийслэлийн ИТХ-аас шийдвэр гаргаж, Хан-Уул дүүргийн XIII хороо, Эмээлт, Аргалантын суурьшлын бүстэй хил залгасан Шар хэцийн хоолойн 160 га газарт хөнгөн үйлдвэрийн парк байгуулахаар ажиллаж байгаа.

Барилгын ажлын үеийн түр цахилгаан хангамжийн төхөөрөмжүүд
Энэ хүрээнд нийслэлийн хөрөнгө оруулалтаар нэлээд хэдэн ажил гүйцэтгэлээ. Уг төслийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд 350 сая ам.доллар шаардлагатай нь ТЭЗҮ-ээр тодорхой болсон. Нийт хөрөнгө оруулалтын 39 хувийг улс, нийслэлийн төсөв болон дотоодын бусад эх үүсвэрээс гаргаж, дэд бүтцийг шийдвэрлэхээр төлөвлөсөн. Үлдсэн хэсэгт хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна” гэв.

Парк байгуулахын тулд хамгийн түрүүнд үерийн байгууламж барих ёстой гэнэ. Тус газарт олон жилийн дунджаас ахиу хур тунадас унадаг юм байна. Үер их бууж байсан бололтой, нэлээд гүнзгий ан цав цөөнгүй үүсчээ. Үерийн байгууламжийг шийдэхгүйгээр барилгын ажлаа эхэлчихвэл үр дүнгүй болох уршигтайг паркийнхан онцоллоо.
Иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах нь ямар ч бүтээн байгуулалтын нэн тэргүүний асуудал учраас хамгийн түрүүнд уг ажлыг гүйцэтгэх аж. Зүгээр ч нэг байгууламж бариад зогсохгүй, эдийн засгийн үр өгөөж байх ёстой учир үерийн усыг хоёр цөөрөмд цуглуулж, тэндээ загас үржүүлэх, паркийг түшиглэн, тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлж, загасчид цуглах бүс байгуулахаар тусгажээ.
Уг газар хотын төвөөс алслагдсан учир ундны усаа нэлээд холоос татах болжээ. Хамгийн ойрын эх үүсвэр нь 19 км зайтай, Хүй долоон худаг орчимд бий. Тиймээс зөвхөн парк биш, Хүй долоон худгаас Эмээлт хүртэлх суурьшлын бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийг усаар хангах томоохон шугам тавих юм байна. Харин үйлдвэрийн усыг паркаас таван км-ийн зайнаас буюу Туул голын сав газраас татахаар төлөвлөжээ.
Байгаль орчныг бохирдуулагч гол хүчин зүйл болдог анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг тухайн бүс нутагт байгуулах учир өндөр хүчин чадал бүхий, химийн бохирдол арилгадаг цэвэрлэх байгууламж барих шаардлагатай гэдэг. Тэгвэл хоногт 20.000 шоо метр ус цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөжээ.
Цэвэрлэх байгууламж нь үйлдвэрийн, ахуйн бохирыг цэвэрлэх гэсэн хоёр хэсэгтэй байх юм. Үүнээс гадна байгальд ээлтэй болгохын тулд цэвэрлээд гаргасан усыг дахин ашиглаж, тунаж үлдсэн лагийг булшлахгүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах боломжтойгоор барих аж.
Өдгөө хоосон байгаа газар дээр цэвэрлэх байгууламжаас гадна 100 мВт-ын хүчин чадалтай, цагт 70 тонн уур гаргах дулааны станц барихаар төлөвлөсөн юм. 2020-2030 онд паркийн орчим Эмээлт, Аргалантын дагуул хот байгуулахаар өнгөрсөн онд ТЭЗҮ-ийг нь хийсэн байдаг. Өдгөө батлах түвшинд яваа гэнэ. Хөнгөн үйлдвэрийн паркийг ирээдүйн дагуул хотын дэд бүтцийн төв болгоно. Мөн хотын иргэд, аж ахуйн нэгжийн бохир усыг паркийн цэвэрлэх байгууламж хүлээн авч, дулаан хангамж, хэрэгцээний халуун усыг нь уг станцаасаа түгээхээр болжээ.
Монгол Улсад олон үйлдвэр бий ч шинжлэх ухаанч хандлагатай, эрдэмтдээ дэмжиж, шинэ нээлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санал, санаачилга гаргадаг нь тун цөөн. Тийм ч учраас шинжлэх ухааны байгууллага, үйлдвэр хоёр тус тусдаа ажилладаг, харьяалагддаг байгууллага нь ч өөр.
Тэгвэл паркийнхны зорилго нь экспортын баримжаатай, импортыг орлох, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийг төгс хангасан цогцолбор байгуулах аж. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны байгууллага, үйлдвэрүүдийг нэг газарт төвлөрүүлж, Монголын шилдэг технологийг боловсруулж, туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлдэг газар болгох юм байна.
Паркийн дарга М.Гончигжав “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрыг байгуулснаас хойших хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтаа эхлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг дуусгалаа. Бүх ажлын зураг төслийг боловсруулснаас гадна хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахын тулд нэлээд ажиллалаа.
Ганц жишээ дурдахад, Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай бид өнгөрсөн гуравдугаар сараас хойш хэд хэдэн удаа уулзаж, манай улсад экспортын чиглэлийн гутлын үйлдвэр байгуулахаар тохирсон. Өнгөрсөн долдугаар сард болсон АСЕМ-ын үеэр тус улсын Ерөнхий сайд хоёр амлалт өгөөд явсны нэг нь Монгол Улсад Вьетнамын хөрөнгө оруулалтаар арьс ширний үйлдвэр байгуулах юм.
Ингэснээр Европ, АНУ-ын зах зээлд гаргадаг гутлуудыг монгол ширээр, Монголын үйлдвэрт хийх боломж бүрдэнэ. Энэ нь бидний яриа хэлэлцээрийн үр дүн гэж харж байгаа. Хэлэлцээр одоо ч үргэлжилж буй” гэж хэллээ.
Эмээлтийн паркийг байгуулчихвал зөвхөн үйлдвэрүүдэд 10.000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. Паркийн нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд нь үйлдвэр байгуулахаар ерөнхий төлөвлөгөөнд дурджээ. М.Гончигжав дарга “Олон хүнийг ажилтай байлгахын тулд кластерийн үйлдвэрт нэлээд ач холбогдол өгнө. Тухайн бүтээгдэхүүнийг “жижиглэж”, хэсэг тус бүрийг нь хийх хэд хэдэн
үйлдвэр байх юм. Арьс ширний үйлдвэр олон бий ч нэгдсэн бодлогогүйгээс эдийн засгийн үр өгөөж багатай байдаг. Улаанбаатар хотод жилд 10 орчим сая арьс шир цугладаг. Гэтэл ажиллаж байгаа үйлдвэрүүд нь 20 сая арьс боловсруулах хүчин чадалтай болохоор аргагүй биз дээ.
Харин парк байгуулахаар үйлдвэрүүд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, түүхий эдийнхээ хэмжээнд тохирсон хүчин чадлаар ажиллана. Ингэхдээ хамгийн шилдэг, шинэ технологиудыг ашиглах учиртай. Бүтээгдэхүүн бүр өөр өөрийн онцлог технологитой байдаг. Жишээ нь, цүнх, гутал хийх арьс шир боловсруулах технологи өөр өөр гэсэн үг.
Дэвшилт технологи бүхий, үйлдвэрлэх гэж буй бүтээгдэхүүндээ тохирсон техник, технологи нэвтрүүлэх үүрэг даалгавар үйлдвэрүүдэд өгнө. Ингэж байж экспортын бараа бүтээгдэхүүн зонхилсон, импортыг орлосон үйлдвэрүүдийн нэгдэл бий болно. Энэ зорилгынхоо хүрээнд парк байгуулж эхэлж буй” гэж тэмдэглэв.
2020 он гэхэд үйлдвэрүүдээ барьчихаад, анхны бүтээгдэхүүнээ гаргана гэж паркийнхан тооцжээ. Засгийн газар, нийслэлийн ЗДТГ-ынхан Эмээлт паркийн бүтээн байгуулалтыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, дэмжлэг үзүүлэхээр болсонд талархаж буйгаа ч тэд дурдсан. Гэсэн ч шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй. Тухайлбал, тус газрынхан үйл ажиллагаа эхлүүлэх тусгай зөвшөөрлөө ч авч чадаагүй гэнэ.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд “Хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох санал боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг юм байна.
Өмнө нь тэд энэ асуудлаа Аж үйлдвэрийн яаманд тавьж байсан ч шийдэж өгөлгүй хойшлуулсаар өдий хүрсэн аж. Тэгвэл өдгөө уг зөвшөөрлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны чухам алинаас авах нь тодорхойгүй байгаа юм билээ.
Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг үйлдвэрүүдийн хүнд металл бүхий бохир нэмэгдүүлж байгаа талаар цөөнгүй жил ярьж буй. Энэ талаар хийх дорвитой, томоохон ажлын нэг нь Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк байгуулах гэж олон жил ярилаа.
Ямар ч төлөвлөгөөгүй, тойм төдий ярьж ирсэн парк байгуулах ажлын ерөнхий дүр зураг, төлөвлөлт өдгөө цаасан дээр бүрэн бүтнээрээ буучихаад байгаа нь энэ. Ярьж эхэлж байсныг бодвол ажил эхлэх нөхцөл бүрдчихсэн байгаа нь сайн хэрэг. Гэсэн ч Эмээлтийн парк байгуулахыг харсан хүмүүсийг “хүлээлгийн танхим”-д суулгасаар байхгүйн тулд илүү сайн ажиллах цаг иржээ.