
Өвлийн хүйтэн тачигнаж эхэлмэгц гэр, байшингаа галд алдахаас эхлүүлээд машинаа халааж байгаад шатаах, эсвэл нэмэлт тоноглол, гэрлийн утсыг буруу холбосноос үүдэлтэйгээр хөл дүүжлэх унаагаа галын бурханд өргөх тохиолдол олширдог.
Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, машиндаа гал унтраагуур, эмийн сан, ослын гурвалжин зэргийг авч явах ёстой. Ихэнх жолооч үүнийг мөрддөггүй тул замын цагдаа нар шалгалт хийж, эдгээрийг машиндаа байлгадаггүй жолоочийг торгож байсан үе саяхан.
Энэ дуулианаар техникийн захын наймаачид эмийн сан, гал унтраагуур, ослын гурвалжингийнхаа үнийг хэд дахин нэмж, жолооч нар түүнийг нь худалдаж авахаас өөр аргагүй болсон. Гэвч тэд эмийн санд юу багтах, гал унтраагуур нь ямар байх ёстойг огт нягтлалгүй авчээ. “Өгөөмөр” захаар үйлчлүүлж байсан 10 жолоочоос худалдаж авсан зүйл нь стандартад нийцэж буй, эсэхийг лавлахад цөм “Мэдэхгүй. Цагдаа нар торгож байсан учраас л авлаа” гэж хариулсан юм.
Тэгвэл тэдэнтэй адил нэг жолооч энэ сарын 10-нд машиныхаа талыг шатааж, толгойгоо хуйхлах дөхсөнийг олон нийтийн цахим сүлжээ, хэвлэлээс харсан биз. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг, “Сэлэнгэ” зочид буудлын дэргэд явж байсан машинд гал авалцахад унтраагуураа ашигласан ч тусыг эс олсон юм.
Ойр орчимд нь явж байсан жолооч нар ч гал унтраагуураа барьж очсон ч мөн л бүтэлгүйтсэн. Шатаж буй машинаас хэдхэн метрийн зайд ШТС байсан учир арга ядсан жолооч гал унтраах ангид дуудлага өгч байж даруулсан.
Жолооч бүр тээшиндээ 500 гр-аар савласан “Fire stop” гэх гал унтраагуур сүүлийн хоёр сараас дээш хугацаагаар авч явсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй. “Өгөөмөр”, “Да хүрээ” зах болон сэлбэгийн дэлгүүрүүд уг унтраагуурыг л худалддаг. Өнгөрсөн есдүгээр сард уг унтраагуурыг 12.000-15.000 төгрөгөөр зарж байсан бол өдгөө хямдарч 7000-12.000 төгрөг болжээ.
Харамсалтай нь, энэ унтраагуур стандартад нийцдэггүй, замын цагдаагийн нүдийг хуурах үзүүлэн төдий зүйл гэдгийг тарыг нь таньсан олон хүн хэлж байна. Тухайлбал, “Өгөөмөр” захаар үйлчлүүлж явсан, Дорноговь аймгийн иргэн Д.Доржсүрэн “Би өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт хэд хонох болсон учраас л ийм багц авсан.
Гэтэл тээшнээс гаргаагүй байхад галын хорных нь таг эвдэрчихсэн байна лээ. Манай аймгийн замын цагдаа нар галын хор, эмийн сан, ослын гурвалжин байгаа, эсэхийг тэр бүр шалгадаггүй. Шалгавал ийм хэврэг зүйлээр яаж гал унтраахыг лавламаар л байгаа юм” гэлээ.
Уг унтраагуур нь жижиг савлагаатай учир хүссэн хүн БНХАУ-аас оруулж ирэн, зарж болох нь. Гаалийнхан ийм бүтээгдэхүүнийг Монгол Улсын стандартад нийцэж буй, эсэхийг нь ч шалгадаггүй.
Техникийн захуудад үүнийг худалдаж буй хүмүүсийн зарим нь “Уг унтраагуурыг ОХУ-аас оруулж ирдэг. Баталгаатай” хэмээн “рекламддаг” бол шударга нэг нь “БНХАУ-аас оруулж ирдэг. Үнэ хямд болохоор жолооч нар үүнийг л авдаг. Хилээр зүгээр л оруулдаг шүү дээ” гэсэн юм.
Гал унтраагуурын гадна цэнэг, хадгалах хугацаа нь дуусаагүй гэдгийг харуулах төхөөрөмж болох монометр байх ёстой аж. Харин уг унтраагуурт тийм зүйл байдаггүй.
Хэрэглэх зааврыг нь ч мэдэх боломжгүйг жолооч та унтраагуураа хараад л ойлгоно. Машины сэлбэг, хэрэгсэл худалддаг иргэн Ганзоригоос худалдаж буй унтраагуурыг нь яаж хэрэглэхийг лавлахад “Ядах юмгүй, бэхэлгээг нь аваад л шүршинэ” гэв.
Тэгвэл Стандартчилал, хэмжил зүйн газрын мэргэжилтнээс гал унтраагуурт тавьдаг анхан шатны шаардлагын талаар лавлахад “Гал унтраагуурт цэнэглэсэн бодисын хэмжээ нь тодорхой байх ёстой. Зааврыг монгол хэлээр бичнэ. Харин нэмэлт нөхцөлүүдийг заавал бичих шаардлагагүй. Шаардлагатай тохиолдолд “Т” гэж тээврийн хэрэгслийн, “Г” хэмээн газрын гүний гэх мэтээр тэмдэглэж болно.
Манайх үүнд тавих стандартыг тогтоож өгөх учиртай. Харин гаалийнхан хилээр оруулж ирж буй унтраагуурын стандартыг шалгах үүрэгтэй. Мөн ЗЦГ-ынхан жолооч нарт ямар хор хэрэглэвэл эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нь сурталчлах ёстой” гэсэн юм.
Харамсалтай нь, тээврийн хэрэгсэлд ямар гал унтраагуур хэрэглэх ёстойг холбогдох албаныхан шалгадаггүй аж. ЗЦГ-ын эх сурвалжаас жолооч нар ямар унтраагуур авах ёстойг тодруулахад “Улсын хилээр стандартад нийцсэн унтраагуур л оруулж ирэх ёстой.
Тиймээс худалдаж буй унтраагуур цөм нийцэх болов уу. Бид хэмжээ, савлагааг нь нарийвчлан заах ёсгүй” гэлээ. Үүнээс үзэхэд жолооч нар найдваргүй унтраагуурт амь, эд хөрөнгөө даатгачихаад явж буй нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч л болж байна.