
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 компанийн өр төлбөр 10.8 их наяд төгрөгт хүрсэн талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэхүү өрийн 95 орчим хувийг (есөн их наяд төгрөг) 29 компани бүрдүүлж буй талаар тус газрын дарга Ц.Ням-Осор өчигдөр мэдээлэв. Тэдгээрийн дунд Хөгжлийн банк 6.3, Төрийн банк 1.3 их наяд төгрөгийн өртэйгөөр толгой цохиж явна.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” 633.9, “Төрийн орон сууцны корпорац” 351 тэрбум төгрөгийн өр төлбөртэйгөөр удаалж буй. Гэтэл ийм өртэй компаниудын захирлууд өндөр хэмжээний цалин авч байжээ. Хамгийн их өртэй 29 компанийн захирал өнгөрсөн оны дөрөв, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар сард хэдэн төгрөгийн цалин авч байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нээлттэй зарласан юм. Жишээлбэл, 8.1 тэрбум төгрөгийн өртэй “Монголын цахилгаан холбоо” компанийн захирал хамгийн их буюу сард 4600 ам.долларын цалин авдаг байсан нь анхаарал татахаас аргагүй.

Тус газрын зүгээс төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн менежментийг ханган, ашиг орлогыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр ажиллаж буйгаа дуулгалаа.
Тэд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын 2012-2015 болон 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийж, алдагдал, өр төлбөр, авлагыг бууруулах төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж буй аж. Энэхүү ажлын хүрээнд 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд тусгагдсан зээлийг барагдуулах, зардал бууруулах, ажилчдын тоог 5000-аар цөөрүүлэн, 2012 оны түвшинд хүргэхээр төлөвлөжээ.
Дээрх газрын зүгээс өр төлбөрийг системтэйгээр барагдуулах чиглэлийг компаниудад өгч буй юм байна. Өөрөөр хэлбэл, компаниудын ТУЗ, захирлуудад албан даалгавар өгч байгаа аж. Албан даалгаврын гол агуулга нь УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхэд чиглэж байгааг Ц.Ням-Осор тодотголоо.
Үүн дотроо нэгдүгээрт, компанийн удирдлагууд үр ашгийг нь дээшлүүлэх, хоёрдугаарт, өр төлбөр барагдуулах, гуравдугаарт, дотоодын үйлдвэрүүдийг дэмжих бодлого баримтлах, дөрөвдүгээрт, хэт өндөр цалин хөлс, урамшуулал авахыг хязгаарлах, тавдугаарт, хагас жил тутам захирлууд, ТУЗ-ийн дарга, гишүүдийн ажлыг дүгнэх гэнэ. Ингэснээр компанийн захирлууд, ТУЗ-ийн дарга, гишүүдийн ажлын үзүүлэлт хангалтгүй байвал хөдөлмөрийн гэрээг нь цуцлах, хариуцлага тооцох аж.
Товчхондоо, өөрсдөө цалин урамшуулал авдаг атлаа компаниа зөв удирдахгүй, дампуурахад хүргэвэл хариуцлага тооцох, ТУЗ-ийн хараат бус гишүүдийг ч эргүүлэн татах чиглэл баримтлах гэнэ. Мөн ажилчдын аюулгүй ажиллах нөхцөлийг сайжруулахад тодорхой бодлого баримтлахыг компанийн захирлууд, ТУЗ-ийн гишүүдэд даалгаж буй аж. Ер нь төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөр, авлагыг барагдуулах төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг сар тутам үнэлэн дүгнэж, нэг үгээр хэлбэл хариуцлага, хяналтын горимд шилжин ажиллахыг Ц.Ням-Осор тэмдэглэв.
Тодруулбал, компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын цалин, тэдгээрийн ажлыг дүгнэх асуудлыг нээлттэй, ил тод болгох замаар хариуцлагын тогтолцоог компанийн засаглалын бүх түвшинд бий болгожээ.
Засгийн газраас гаргасан тогтоолд үндэслэн төрийн өмчийн компаниуд үйл ажиллагааны зайлшгүйгээс бусад тансаг хэрэглээний зардлыг (автомашин, тавилга авах зэрэг) хасан, зориулалт, гүйцэтгэлд нь хяналт тавих, ТУЗ-ийн гишүүд, удирдлагын цалин, урамшууллыг оновчтой тогтоосныг дурдав. Жишээлбэл, 10 сая төгрөгөөс дээш авдаг захирлуудынхыг 50, таван саяас дээш цалинтай бол 30 хувиар бууруулан, үр дүнд нь жилд нэг тэрбум гаруй төгрөг хэмнэх боломж бүрдүүлжээ.
Алдагдалтай ажиллаж буй компаниудын гүйцэтгэх захирлуудын цалин
|
“Монголын цахилгаан холбоо” (2015.IV улирал) |
Т.БАТМАГНАЙ | 4600 $ |
|
“Эрдэнэт үйлдвэр” (2016.II улирал) |
Ц.ДАВААЦЭРЭН | 10 сая ¥ |
|
Хөгжлийн банк (2016.II улирал) |
С.МӨНХБАТ | 10 сая |
|
Төрийн банк (2016.II улирал) |
А.БАТСАЙХАН | 9.8 сая |
|
“Хөдөө аж ахуйн бирж” (2016.II улирал) |
Ж.ЭРДЭНЭБАТ | 6.6 сая |
|
МИАТ (2016.II улирал) |
Б.ТАМИР | 4.9 сая |
|
“Төрийн орон сууцны корпорац” (2016.II улирал) |
А.ГАНТУЛГА | 4.2 сая |
|
“ДЦС-4” (2015.IV улирал) |
Ж.ОСГОНБААТАР | 4 сая |
|
“Монголын төмөр зам” (2015.IV улирал) |
Ч.ГАНБАТ | 3.5 сая |
|
“Мэдээлэл холбооны сүлжээ” (2016.II улирал) |
П.МАРГАД-ЭРДЭНЭ | 3.2 сая |
Түүнчлэн Засгийн газраас Төрийн өмчийн оролцоотой компаниудын төлөөлөл хэрэгжүүлэх журмыг батлан мөрдсөнөөр нэг хүн олон компанийн ТУЗ-д орох, ТУЗ-ийн дарга, гишүүдийн цалин хэт өндөр байсныг цэгцэлжээ. Тус журмаар нэг хүн хоёроос илүүгүй компанийн ТУЗ-д орж болно гэж хязгаарласан байна. Өмнө нь нэг хүн 4-5 компанийн ТУЗ-д багтан, цалин, урамшуулал авдаг атлаа сайн ажилладаггүй гэх шүүмжлэл гардаг байжээ.
ТУЗ-ийн гишүүн сард дээд тал нь компанийн онцлогоос хамааран 300 мянган төгрөгөөс дээш цалин авахыг хориглох чиглэлийг аж ахуйн нэгжүүдэд өгчээ. Хуулийн дагуу энэхүү дүнг компанийн ТУЗ шийдэх юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан статистикаас харвал компаниудын ТУЗ-ийн дарга болон гишүүд сард 300-380 мянган төгрөгийн ажлын хөлс авдаг аж. Харин зарим компанийнх 430, хамгийн их нь 600 мянган (“Монгол шуудан” компанийн ТУЗ-ийн дарга) төгрөгийн ажлын хөлс авдаг байна.
Тэгвэл дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, тухайн тайланг улирал бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нягтлах ажлыг хэвшүүлсэн гэдгийг Ц.Ням-Осор онцолсон юм. Тэрбээр “Зарим компанийн захирал хэдэн төгрөгийн цалин авдаг нь сайн мэдэгдэхгүй байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”, Хөгжлийн банкийг энд дурдаж болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал 10.000 евро буюу 25 сая төгрөгийн цалин авдаг тухай мэдээлэл цацагдсан. Зарим компанийн захирал 4800 ам.долларын цалин авдаг тухай мэдээлэл бий” гэлээ.
Тус газраас цаашид хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, компанийн засаглалыг хөгжүүлэх талаарх холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ирэх онд компанийн үйл ажиллагаанд сайн засаглалын зарчим нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарах нь.
Үүний тулд ТУЗ-өөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон энэ онд хийсэн ажлын тайлан, зөвлөлүүдэд өгсөн удирдамжийн хэрэгжилт, хурлаас гарсан шийдвэрийн биелэлт, ТУЗ-ийн дэргэдэх аудитын болон нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооноос 2016 онд үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх тайланг нэгтгэн, үр дүнг нь үнэлэх аж.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас цаашид нийт ажиллагсдаас тухайн байгууллагын удирдлагын мэдлэг, туршлага, ур чадвар, зан харьцаа, ёс суртахуун, шударга байдлын талаарх судалгааг зургаан сар тутам авах, хэрэв хамт олныхоо талаас нь (50 хувь) доогуур үнэлгээ авбал хариуцлага тооцох, компанийн машин техник хэрэгсэл, эд хогшлыг хувийн зорилгоор амралтын өдөр, амрах, аялахад ашиглахыг хориглох чиглэл баримтлахаа дуулгав. Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн талаарх үнэлгээ, ажилчдын санал, дүгнэлтийг үндэслэн компанийн ТУЗ-ийн үйл ажиллагаа болон гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэхээр зэхжээ.
Төрийн өмчийн бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ “Компаниудын өр төлбөрийн нийт дүнг хараад учиргүй алдагдалтай ажилладаг гэж үзэхэд бас анхаарах зүйл бий. Жишээлбэл, МИАТ компанийн өр өндөр байгаад онгоц худалдан авсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
“Монросцветмет нэгдэл”-ийн тухайд гэхэд зах зээл дэх жоншны үнэ хоёр дахин хямдарснаас улбаатай. “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн хувьд урт хугацааны зээл авч, бүх сумдыг шилэн кабелиар холбосон” хэмээн ярилаа. Тус компанийн хувьд 68.2 тэрбум төгрөгийн өртэй байгаагаас урт хугацаат өр төлбөрийнх нь дүн энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 67 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ хуралдаж, Х.Бадамсүрэнг захирлаар томилохоор болсон. Энэ талаар Ц.Ням-Осор “Х.Бадамсүрэн нь уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай, хангалттай боловсролтой хүн гэж хувьдаа дүгнэж байгаа.
Тэрбээр Уул уурхайн дэд сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Энэ албан тушаалд 3-4 хүн өрсөлдсөн” гэлээ. Түүнчлэн тэрбээр “Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлнэ. Компаниудын бүх төлбөр тооцоо нээлттэй байх системийг баримтална. Компаниудыг нэгтгэх, татан буулгах, өөрчлөх саналаа урьдчилсан байдлаар Засгийн газарт өгсөн” хэмээн өгүүлэв.