
Бэлтгэсэн: Г.Баярцэцэг, Г.Ариунцацрал, Г.Равжаа, З.Амгалан
“Урд хөршийнхөн бидэнд мөн ч их гай болох юм даа” гээд буруугаа тэдэн рүү чихээд, “тархигүй” нутаг нэгтнүүдээ өмөөрмөөр, өрөвдмөөр ч юм шиг. Нүдээ ухаж, бөөрөө сугалахад түүнийг нь авах хэн нэгэн олддог болохоор амьд хүнээс эхлээд юу хүссэнээ худалдаж болдог зах зээл тэнд бий. Гэвч хөлдөө углах оймсноос эхлээд хэрэглэж буй бүтээгдэхүүнээ ихэвчлэн гадаадаас авдаг бидэнд тэндхийн данжаадад санал болгох бараа бараг л үгүй.
Манай улсын иргэд хамгийн унацтай наймаа болох хар тамхийг хил дамнуулан худалдахаар зөөвөрлөж эхэлсэн нь саяхан. Уг бизнесийн уршгаар өдгөө 33 хүн харь оронд ял эдэлж байна. Тэдний 32 нь урд хөршид хоригдож буй. Удахгүй тэдэн дээр ОХУ, Казахстанаас Хятад руу хар тамхи тээвэрлэсэн арав гаруй хүн нэмэгдэнэ.
Энэ удаад “Яах гэж ийм болчимгүй үйлдэл хийв дээ” гээд худлаа өмөөрсөн дүр үзүүлэлгүй тэднийг түр мартъя. Хориотой гэдгийг нь мэдсээр байж тээвэрлэгч болсон тэднийг эх орныхоо хориход авчрахын тулд төр хангалттай гарз гаргадаг юм. Түүний оронд мансууруулах бодист донтож буй залуустаа анхаарах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал боллоо.
1995 онд анх мансууруулах бодистой танилцан, эхний хэргээ бүртгэснээс хойш манайхыг дамжуулагч орон гэх болсон. Гэтэл 20-иод жилийн дараачаас “зэрэг дэвшиж” бид хэрэглэгч орны тоонд оров. Түүнийг нь баталж байна уу гэмээр өсвөр насны охид, хөвгүүд ахуйн хий үнэрлэж, арай ахимагууд нь өвс, насанд хүрсэн нь хар тамхи татан мансуурдаг боллоо.
1900-гаад оны үеэс манай улсад амьдарч байсан хятад иргэд тариан талбайдаа зэрлэг өвс ургуулахгүйн тулд нэгэн ургамал авчирч суулгасан нь залуусын хэрэглэж буй өнөөх каннабис. Хөрсний үржил шимийг ховх сордог энэ өвс өөрөө шарилжны төрөлд багтдаг ч ойр орчимд ижил төрөл нь ургадаггүй. Гэтэл залуучууд ийм хортой ургамал биед нь ямар сөрөг нөлөө үзүүлэхийг огт тоолгүй хэрэглэх явдал замбараагаа алдлаа.
Өнгөрсөн онд 17-хон настай охин үүнийг хэрэглэн, мансуурч байгаад баригдсан бол өнөө жил ахлах ангийн сурагч охид, хөвгүүд каннабисыг хууль бусаар олж аваад, хэрэглэж байсан нь тогтоогдсон. Мөн мансууруулах бодис хэрэглэдэг, худалддаг хэд хэдэн бүлгийг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн зэргээс мансууруулах бодис үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг мэдэж болохоор.
Хууль, хяналтын байгууллагын алба хаагчид каннабисыг өөрсдийн хүч хөрөнгө, нөөц бололцоогоор устгадаг боловч манайд “харласан” түүнийг үндсээр нь үгүй хийхгүй л бол нэмэргүй. Бүрмөсөн устгахын тулд түүнийг тариалсан хэсгийн хөрсийг хуулах шаардлагатайг албаны хүн хэлнэ лээ. Харамсалтай нь, манай Засгийн газарт тийм мөнгө байхгүй аж.
Үүнээс гадна хар тамхи худалддаг бүлэглэлүүд манай улсаар дамжуулсан барааныхаа 20 хувийг манай улсад худалддаг гэсэн статистикт анхаарахгүй байхын аргагүй. Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, баян, ядуу гээд нийгмийн бүхий л давхаргын хүн түүнийг худалдан авахад бэлэн байдаг учир хилээр оруулахад нь тусалдаг төрийн албан хаагч ч байдаг гэх.
Хар тамхи татсан үед тархины үйл ажиллагаа зогсдог учир хүн юу хийснээ ч санадаггүй, донтсон бол үхэж байж л “эдгэдэг” гэж хэлж болохоор юм билээ. Үүнтэй тэмцдэг төрийн болон төрийн бус байгууллага манайд цөөнгүй бий.
Тэд урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэж буй ч хар тамхи бэлтгэсэн, худалдсан, хэрэглэх орон байраар хангасан хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Залуу нас, гоо сайхнаа золиосолж, амьдралынхаа найман жилийг торны ард өнгөрөөнө гэдэг эмгэнэл шүү дээ, залуус минь. Хар тамхи амьдралыг үхэл, хоосролоор төгсгөдөг юм.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Мансуурлын эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна
Сүүлийн үед залуус элдэв төрлийн бодист мансуурч, донтох үзэгдэл нэмэгдэх болсон. Тэгвэл ийм өвчнөөр эмчлүүлж буй хэчнээн хүн байгааг сурвалжлахаар Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд өчигдөр очсон юм. Юуны түрүүнд Хүлээн авах тасгаар нь орлоо. Өвчтөн, тэдний ар гэрийнхэн нийлсэн 20-иод хүн үүдний танхимд сууж байв.
Архи, тамхи, сэтгэцийн эмчилгээ хийлгэх хүн тэдэн дунд олон байсан ч сурвалжилгын маань сэдэв биш учраас тус төвийн Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч Б.Энхчимэгтэй уулзсан юм. Тус тасаг нэг дор 30 хүн хүлээн авах боломжтой бөгөөд таван эмчтэй гэнэ. Архи, тамхи, мансууруулах бодис, компьютер тоглоомонд донтсон томчууд энд эмчлүүлдэг аж.
Гэвч өчигдрийн байдлаар тус тасагт мансууруулах бодисын эмчилгээ хийлгэж буй хүн байсангүй. Бүгд архинаас хамааралтай хүн гэдгийг тус тасгийн эрхлэгч Б.Энхчимэг хэллээ. Гэвч Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвийн бусад зургаан тасагт мансууруулах бодис хэрэглэгчдийг хүлээж авдаг гэнэ.
Тэдгээрт хар тамхи, мансууруулах бодисын нөлөөнд хэт автсан, сэтгэцийн өөрчлөлт ихтэй, өөртөө буюу бусдад гэмтэл учруулж болзошгүй зан төрхийн өөрчлөлттэй хүмүүс хэвтэж, эмчлүүлдэг аж. Энэ оны эхний арван сарын байдлаар нийт 42 хүн тус эмнэлэгт мансууруулах бодисын улмаас эмчилгээ хийлгэжээ. Тэдний олонх нь эрэгтэй, 17-62 настай хар тамхи хэрэглэгч байсан аж.
Ийм хүмүүст ямар эмчилгээ хийдэг, тэр нь хэр үр дүнтэйг Б.Энхчимэгээс тодруулахад “Ямар төрлийн бодис хэрэглэж буйгаас шалтгаалж эмчилгээ нь өөр байна. Гэвч хордлого тайлах, витаминжуулах, тархинд тэжээл өгөх эмчилгээг хүн бүрт зайлшгүй хийдэг. Үүний дараагаар сургалт, сэтгэл заслын эмчилгээ чухал. Хүмүүс хар тамхи муу гэдгийг мэддэг хэрнээ хэрэглэхээ зогсоодоггүй.
Бүр зарим хүн ажлын эрч хүчээ нэмэгдүүлэх, турах зорилгоор хэрэглэдэг. Гэтэл мансуурснаараа тэр сайхан мэдрэмжүүдийг авч байгаа юм биш. Харин ч мэдрэлийн эд эсээ үхүүлдэг. Үүнийг хүмүүс ойлгодоггүй учраас мансууруулах бодис өөрийнх нь амьдралд яаж нөлөөлж байгаа, тархинд ямар өөрчлөлт өгдөг вэ гэдгийг мэдүүлэх хэрэгтэй.
Хүний тархинд өөрчлөлт орсноороо амьтнаас ялгарах ухаант чанараа гээж, адгуус шинжтэй болж, бусдыг хайрлахаа больдог. Ийм хүн гэрийнхээ эд хогшлыг зарах зэргээр тухайн бодисоо л авах гэж улайрч, санаанд багтамгүй зүйл хийдэг.
Нэг удаа эмнэлэгт хэвтсэн бол тэр үедээ асуудал, бэрхшээлээ яаж ийгээд даван туулах хэрэгтэй. Дараагийн удаа гэж хойшлуулах тусам өвчний шинж тэмдэг хүндэрч, улам их тэвчээр шаардахаас гадна эдгэрэх магадлал багасна. Тэгэхээр анхнаасаа хэрэлэхгүй байх нь чухал гэдгийг ойлгуулах нь сургалтын зорилго юм. Мансууруулах бодист донтогчдод хэр удаан эмчилгээ хийнэ төдий чинээ үр дүнтэй.
Хамгийн багадаа хоёр сар, цаашлаад зургаан сар шаардлагатай. Гэтэл эмчлүүлье гээд ирэх хүн тун ховор. Олонх нь ар гэрийнхний шахалтаар маш дургүй ирдэг. Ингэж ирсэн нь хэдэн сар хэвтэж, эмчлүүлэх нь битгий хэл сургалтад суугаад ч үг сонсохыг хүсдэггүй.
Ер нь мансууруулах бодист донтсон хүн эмчилгээ хийлгээд эдгэрэх ,эсэх нь өөрөөс нь шалтгаалдаг. Зарим нь хоёр сар болохдоо эдгэрч, ухаараад гардаг бол яаж ч хэлж яриад ойлгохгүй хүн ч байна. Үнэхээр мансууруулах бодисоос гаръя гэж бодож байгаа бол маш их сэтгэлийн хат, чин хүсэл тэмүүлэл, зорилготой байх хэрэгтэй.
Хар тамхи орлуулах эмчилгээ Монголд орж ирэхгүй байгаагаас энэ хүмүүс эдгэрэхгүй байна гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд бий. Зөвхөн морфины төрлийн бодис хэрэглэгчдэд орлуулах эмчилгээ хийдэг. Гэтэл маш олон төрлийн мансууруулагч бодис байдаг. Түүнчлэн тамхинаас гаргах бохь, наалт зэрэг байна” гэв.
“Мансууруулах бодис үнэтэй учраас баячууд л хэрэглэдэг” гэсэн ойлголт үнэнд хэр нийцэж буйг асуухад “Янз бүр. Гол нь тухайн хүний туйлшрамтгай, буруу зуршилтай л холбоотой. Гэр орон нь үгээгүй хоосон, эцэг эх нь амьдралаа арай гэж болгож буй айлын хүүхдүүд мансуурах тохиолдол багагүй байдаг. Энэ нь тэр хүн олон эх сурвалжаас авсан мэдээллээ буруу ашиглаж буйн илрэл” гэж хариулав.
Мөн Стратеги, төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал О.Баатаржавтай уулзахад “Мансууруулах бодисын асуудал нийгэмд үнэхээр тулгамдаж байна. НҮБ-ынхан эл асуудалтай холбоотойгоор манай эмч нарын дунд “Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх арга хэмжээ” сэдэвт сургалт явуулж байна.
Ер нь уг асуудалд үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Дан ганц манай эмнэлэг биш төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал. “Мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр” болон хуулиа хэрэгжүүлж эхлэх шаардлагатай” хэмээн учирлав.
Ямартай ч ЭМЯ өчигдөр СЭМҮТ-ийн мэргэжилтнүүдтэй энэ асуудлаар уулзалт зохион байгуулсан юм билээ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.МӨНХЖИН: Жил бүр нэмэгдэж буй хэргийг 4-5-хан байцаагч шалгаж байна
ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч С.Мөнхжинтэй мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг сүүлийн жилүүдэд улам л нэмэгдэх боллоо. Энэ сарын байдлаар танай хэлтэст хэчнээн хүнд холбогдох хэрэг шалгаж байна вэ?
-Манай хэлтэст өнгөрсөн онд 169 хүнд холбогдох 79 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байв. Уг тоо энэ онд нэмэгдэж, 240 хүнд холбогдох 93 хэрэг бүртгэгдэн шалгаж байна. Энэ төрлийн хэрэгт 20-35 насны залуус, охид бүсгүйчүүд олноороо холбогдож байгаа нь түгшүүр төрүүлэх боллоо. Хэрэгт холбогдсон залуусын хэрэглэсэн бодисын дийлэнх нь манайд ургадаг олсны төрлийн каннабис.
Уг ургамлыг олж авч, бэлтгэн хэрэглэж байна. Зарим тохиолдолд түүнийгээ боловсруулан илүү хүчтэй үйлчилгээтэй “шавар” буюу гашиш хэмээх бодис болгон ашиглах болжээ. Мөн хилийн чанадаас, тэр дундаа өмнөд хөршөөс “мөс” тээвэрлэн авчирч, борлуулдаг, хэрэглэдэг явдал сүүлийн үед эрс нэмэгдсэн. Мөн сэтгэцэд нөлөөлөх эмийг ч хууль бусаар оруулан ирж борлуулах хэрэг гарсаар байна.
-Сэтгэцэд нөлөөтэй “Анданте” гэдэг эмийг худалдахыг болиулсан биз дээ, уг нь.
-Тийм ээ. Манай улсад хориглосон хэдий ч хөрш ОХУ-д түүнийг ямар ч жоргүйгээр олгодог юм билээ. Тус улс руу зорчсон иргэд хямд үнээр худалдан авч тээшиндээ нууцаар оруулж ирээд хэд дахин өндөр үнээр борлуулах явдал байгаа. Тийшээ захих нь ч бий гэдэг.
-Танай хэлтсийнхэн орон нутгуудад ажиллаж, каннабис устгах ажил хийдэг байсан шүү дээ. Тэр ажил зогссон уу?
-Манай улсын хэмжээнд 14 аймгийн нутагт 15 мянган га газарт уг ургамал ургадаг. Манайхан нэг хэсэг орон нутгийн Цагдаагийн газар хэлтсийнхэнтэй хамтран энэ төрлийн ургамлыг устгах ажил хийдэг байсан ч сүүлийн 1-2 жилд төсөв хүрэлцээгүйгээс зогссон. Түүнтэй холбоотойгоор каннабис түүж, боловсруулан хэрэглэх явдал огтхон ч буурсангүй гэж бид үзэж байгаа юм.
-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг жил бүр өсөж байгааг дээр доргүй хүлээн зөвшөөрсөн. Харин энэ чиглэлээр ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс л ганцаараа тэмцэж байна гэхэд хилсдэхгүй. Хүн хүч хүрэлцэхгүй байгаа биз дээ?
-Хүн хүч хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Улсын хэмжээнд гарч буй хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг ганц манай хэлтэс л шалгадаг шүү дээ. Энэ төрлийн хэрэг хулгай, дээрэм, танхайг бодвол хийх ажиллагаа ихтэй. Олон зүйлийг шалгаж тодруулдаг юм. Бусад хэргийг бодвол нууц, далд аргаар үйлддэг. Илрүүлэх, нотлох баримт цуглуулахын тулд маш олон шинжилгээ хийлгэж, байж сэжигтэн, яллагдагчийн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор прокурор, шүүхэд шилжүүлдэг.
Эдгээр ажлыг тавхан мөрдөн байцаагч нугалж байна гэхээр хүн хүчний нөөц бололцоо ямар байгаа нь харагдана. Нэг мөрдөн байцаагч хар тамхины 8-10 хэрэг шалгаж байна. Манайхан амрах ч завгүй, сэлгэн ажиллах ч боломжгүй байгаа. Нэг маань Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд явчихлаа. Одоо дөрвөн мөрдөн байцаагч ажиллаж буйгийн нэг нь ээлжийн амралтаа авчихад нөгөөдүүлийн маань ачаалал эрс нэмэгддэг.
Сургалтад явах, амьдралд тохиох янз бүрийн зүйлээс шалтгаалан чөлөө авахад үлдсэн хоёр нь цаг наргүй, толгой өндийх завгүй ажиллах болдог. Зарим тохиолдолд гэртээ ч харих завгүй байх нь бий. Мансууруулах бодис хэрэглэгчид баар, цэнгээний газраар шөнө, орой л голдуу үйлчлүүлж, хэрэглэдэг.
Түүнийг нь дагаад бид ч шөнө орой болсон хойно их ажилладаг. Цөөхүүлээ учраас нэг нь амарч өнжөөд, нөгөө нь байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, нотлох баримтыг бэхжүүлэх, цуглуулан авах хойшлуулшгүй ажиллагаа явуулах боломжгүй байдаг.
-Хар тамхи, мансууруулах бодисоос хүүхэд залуусыг урьдчилан сэргийлэх ажил нэг л ахицгүй байх шиг санагддаг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Манайд хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх ажил хариуцсан баг байдаггүй шүү дээ. Манай хэлтсийнхэн хэргээ шалгахын зэрэгцээ сургалт зохион байгуулдаг. Ингэж урьдчилан сэргийлэх ажил хийж буй ч үр дүнд төдийлөн хүрэхгүй байна. Уг нь хүүхэд залуусыг багаас нь энэ төрлийн бодисоос урьдчилан сэргийлэх, жигших сэтгэхүйг ухамсарт нь суулгаж өгвөл ирээдүйд нь хэрэгтэй, үр дүнтэй байх болов уу.
Уг нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11.2-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрт тусгайлан тусгана” гэж заасан ч энэ нь амьдрал дээр хэрэгждэггүйгээс хүүхэд залуус энэ төрлийн хэрэгт холбогдох нь их болж байх шиг.
-Хар тамхичдыг эмчлэх боломж манай улсад байхгүй нь залуусыг давтан хэрэгтэн болгоод байна даа, тийм үү?
-Мансууруулах бодист донтоно гэдэг бол нэг төрлийн өвчин гэж мэргэжлийн эмч нар хэлдэг ч манай улсад түүнийг эмчилдэг тогтолцоо, туршлага өнөөдөр алга. Үүнийг хамгийн түрүүнд бүрдүүлэх хэрэгтэй байна. Монголд өнөөдөр ямар эмчилгээ хийж байна вэ гэхээр ердөө л хордлого тайлах арга хэмжээ авдаг. Уг нь тусгай арга технологиор эмчлэх арга олон улсад нэвтрээд буй ч манайд орж ирээгүй.
Өнөөдөр манайхан хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, хууль бусаар олж авсан гээд ял шийтгэн шоронд хэсэг хугацаанд хорьдог. Тэнд огт эмчилгээ хийдэггүй болохоор суллагдаад л мансууруулах бодис дахин хэрэглэж, давтан гэмт хэрэгт холбогдох явдал бий.
Энэ төрлийн хэрэгт шалгуулж буй олон залуу “донтох эмгэгээ эмчлүүлэх юм сан гэж боддог ч баригдаж хоригдохоос айгаад сайн дураараа эмчлүүлэхээс зайлсхийдэг” гэж мэдүүлж байгаад холбогдох байгууллагууд нь дүгнэлт хийх цаг болсон болов уу.
БАЙР СУУРЬ
Бие эрхтэн, зан байдалд гарсан өөрчлөлтийг засах үйлчилгээтэй эм, бодис байхгүй
Д.ЧУЛУУНБОЛОР (Наркологийн эмнэлгийн Тусламж, үйлчилгээний албаны дарга)
-Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодис нь архинаас 50-60 дахин илүү хүчтэй донтуулах, дасал үүсгэх, хамааралтай болгох, дахин дахин хэрэглэмээр санагдах маш хүчтэй эмгэг, дур сонирхолтой болгодог. Богино хугацаанд донтох эмгэг үүсгэдэг учраас удаа дараа хэрэглэсэн хүмүүс мансуурахгүйгээр биеэ авч явж чаддаггүй. Бие эрхтэн, нийгмийн байдал, эдийн засаг, сэтгэл зүй, эрүүл мэндэд нь эргэшгүй өөрчлөлт оруулдаг.
Ийм байдалд орсон хүн тухайн бодисоо олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй болж, нандин чанар, үнэт зүйлээ алддаг. 2-3 жилийн өмнө бид “Манай улс хар тамхи хэрэглэгч орон биш” гэдэг байлаа. Харин одоо хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ бүгдэд ил тод болчихсон. Гэвч ингэж донтсон хүмүүс эмнэлгийн байгууллагад хандах нь маш цөөн.
“Манай гэр бүлийн хүн нэг л биш байна. Архи, тамхи үнэртэхгүй хэрнээ элдэв зан гаргаж, гэрээсээ хулгай хийж, бусадтай харилцаагүй болчихлоо” гэх зэргээр мансуурагчийн ар гэрийнхэн, ойр дотны хүмүүс нь манай эмнэлэгт ханддаг. “Сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хэрэглэдэг гэдгийг нь хүмүүс мэдчихнэ, хууль хяналтынханд баригдана” гэсэн айдсаасаа болж хэрэглэгч хүмүүс эмнэлэгт бараг ханддаггүй юм билээ.
Тухайн бодисоос шалтгаалан бие эрхтэнд гарч буй өөрчлөлт, зан байдлыг нь засах үйлчилгээтэй эм, бодис манай улсад байдаггүй. Нэгэнт донтсон хүнийг хүчээр албадан эмчлэх, нийгмээс тусгаарлана гэдэг бүтэшгүй. Гол нь хар тамхи, мансууруулах бодист донтсон хүн сайн дурын үндсэн дээр муу зуршлаа орхих хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал.
Манай улс архины асуудалдаа хүчин мөхөстөж буй. Тиймээс хар тамхитай тэмцэхэд хууль, журмаас эхлээд эмнэлгийн нөхцөл байдлыг өөрчлөх зэрэг олон ажил хийх хэрэгтэй. Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэлт хангалтгүй байгаа учраас үнэндээ сэтгэцэд нөлөөт эм бодис, хэрэглэж буй хүмүүсийг эмчлэх боломж тун тааруу. Манайд эмнэлэгт тайвшруулах, нойрсуулах эм бодисоос хамааралтай болсон хүн олноор ирж, эмчлүүлдэг.
Хүүхдүүд ангиараа мансуурах боллоо
Ш.ЛХАГВАСҮРЭН (Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал)
-Мансууруулах бодис хэрэглэгчид жил ирэх тусам нэмэгдэж байна. Жилд 30 гаруй мянган хүн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэдэг гэсэн судалгааг манай төв гаргасан. Гэхдээ энэ нь баталгаатай тоо биш. Учир нь манай улсад энэ талаар хийсэн үндэсний хэмжээний судалгаа байхгүй. Өдөр тутмын зарим сонинд 50, 70 мянган хүн хэрэглэдэг гэж бичсэн байна лээ.
Өнгөрсөн долоо хоногт манай төвөөс мансууруулах бодис хэрэглэдэг хүүхдүүдэд сургалт явууллаа. Тэд “Залуусын 50 гаруй хувь нь мансууруулах бодис хэрэглэдэг” гэж ярьж байв. Анги хамт олноороо хэрэглэх тохиолдол ч гарч байна. Героин, кокайн, морфин, мөс зэрэг бүх төрлийн мансууруулах бодисыг манайхан хэрэглэх болж.
Сүүлийн үед хөдөө орон нутагт уул уурхайн компанид ажилладаг жолооч нар, гар аргаар алт олборлогчид сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэх тохиолдол цөөнгүй гарах болжээ. Хэрэглээ өсөхөөс гадна мансууруулах бодистой холбоотой хэрэг, зөрчил нэмэгдэж байна. 2015 онд хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн, дамжуулсан зэрэг 69 гэмт хэрэгт 169 хүн холбогдсон.
Харин энэ оны зургаан сарын байдлаар энэ үзүүлэлт 75 хувиар өсчээ. Сүүлийн таван жилийн байдлаар ийм төрлийн 234 гэмт хэрэгт 636 хүн холбогдсон байна. Энэ бүхнээс харахад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ.
Мансууруулах бодисын эрэлт, хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, хилийн хяналт, шалгалтыг чангатгах зэргээр цогц арга хэмжээ авах шаардлагатай байна.
Залуучууд үүнийг хэрэглэх нь их байна
Ш.ЭРДЭНЭЧИМЭГ (МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, дэд профессор)
-Эрүүл мэнд, сэтгэл судлал хичээлээрээ мансууруулах бодистой холбоотой сэдвийн талаар оюутнуудтайгаа ярилцдаг. Учир нь сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодисын хэрэглээ залуучуудын дунд их байна. Найз нөхдөө дуурайн сонирхож үзэх нэгэн байхад зарим нь зовлонгоо мартах, өвчнөө намдаах, түр зуурын жаргал эдлэх гэж хэрэглэсээр сүүлдээ донтогч болж хувирч байна.
Интернэт, мөрийтэй тоглоомтой адил хар тамхи, мансууруулах бодис нь залуусыг донтуулж буйг судлаачид тандалт судалгаагаар гаргасан байдаг. Манайх шиг хөгжил буурай оронд ядуурал, ажилгүйдэл, гэр бүл салалт, бүтэлгүйтэл зэргээс болж цавуу, ахуйн хий үнэрлэсээр сүүлдээ хар тамхи, мансууруулах бодист донтох нь түгээмэл байдаг бол баян айлын хүүхдүүд өдөр хоногийг зугаацан өнгөрүүлэх зорилгоор хэрэглэж буйг судлаачид тэмдэглэсэн байдаг.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Энэ төрлийн төслүүд санхүүжилт авч чаддаггүй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тодорхойлсноор мансууруулах бодис гэдэгт өвчин намдаагч химийн бодисууд ордог. Хууль зүйн үүднээс бол тухайн улсад хориглосон бодисуудыг мансууруулагчид тооцдог байна.
Жишээлбэл, согтууруулах ундаа анагаах ухааны бүх үзүүлэлтээр жинхэнэ мансууруулагч боловч олон улсад тийм биш. Илүү нийтлэг утгаар мансууруулдаг бодис гэдэгт хүнийг эрүүл биш болгодог, зан байдлыг өөрчилдөг, сэтгэл хөөрөлд оруулдаг, улмаар донтуулдаг зүйлсийг хамааруулдаг.
ҮХЛИЙН САЛХИ ХААНААС ҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
Мансууруулах бодисын үйлдвэрлэл дэлхийн олон орны эдийн засгийн нэг хэсгийг бүрдүүлдэг. Гол үйлдвэрлэгч нь Өмнөд Америкийн орнууд, Афганистан, Зүүн өмнөд Ази байсаар иржээ. Зөвхөн Өмнөд Америк, Афганистанд хоёр том лаборатори байдаг бөгөөд тэнд тус бүр дөрвөн сая хүн ажиллаж, жилд 2.5 тэрбум долларын орлого олдог байна. “Исламын улс” бүлэглэлийн хувьд мансууруулах бодис нь нефть, зэвсэгтэй эн зэрэгцэх орлогын гол эх сурвалж байдаг аж.
ЯАГААД ДОРВИТОЙ ҮР ДҮН ГАРДАГГҮЙ ВЭ
Урсгал чиглэл нь тодорхой байхад олон улсын түвшинд тавьсан зорилго байхгүй аж. НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганаар мансууруулах бодисын асуудлыг 1998 онд хэлэлцсэн боловч 18 жил дахин хөндөөгүй байна. Дараагийн чуулган нь 2016 оны дөрөвдүгээр сарын 19-20-нд Нью-Йоркт болж, мансууруулах бодистой зарласан дайныг зогсоох, тийм бодис хэрэглэхийг зөвшөөрөх, донтсон хүмүүсийг эмчлэхэд төвлөрөх санал дэвшүүлжээ.
Мансуурагчдыг энэ зуршлаас нь ангижруулах ажил хийх, мансууруулах бодисын эрэлтийг бууруулах арга хэмжээг тусгасан дүнгийн баримт бичиг тус чуулганаас гаргасан аж. “Мансууруулах бодистой холбоотой төсөл, хөтөлбөрүүд улс төрийн талаас дэмжлэг авдаг ч зохих санхүүжилт авч чаддаггүй” хэмээн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал хариуцсан газар (UNODC)-ын тэргүүн Юрий Федотов уг чуулганы өмнө мэдэгдэж байжээ.
НҮБ-ын албан ёсны баримт бичгүүдэд мансууруулах бодисын үйлдвэрлэл, үндэстэн дамнасан наймаа нь дэлхий нийтэд аюул заналхийлэх болсныг өнөө болтол цохон заагаагүй бөгөөд цаашид энэ тухай дурдахгүй бололтой. Зөвхөн эрүүл мэнд, нийгмийн салбарт л энэ тухай яриа өрнөж байна.
Хүчтэй лообий, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндсөн асуудал бололтой гэж ОХУ-ын судлаач Надежда Хвыля-Олинтер мэдээлжээ. Тус улсын Мансууруулах бодисын наймаанд хяналт тавих албыг хэдийнэ татан буулгасан гэнэ.
СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
Манай гаригт мансуурдаг хүний тоо, хууль бус наймаа, мансууруулах бодис, түүний төрөл зүйл, хор нь улам бүр нэмэгдэж байна. 2013 онд дэлхий даяар 15-64 насны 246 сая хүн буюу манай гаригийн насанд хүрсэн 20 хүний нэг нь мансууруулах бодис хэрэглэсэн. Тэгэхдээ гурван хэрэглэгч тутмын нэг нь эмэгтэй хүн байсан гэсэн тооцоог НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал хариуцсан газар (UNODC)-аас 2016 оны зургадугаар сард гаргасан илтгэлд дурджээ.
Мөн онд мансууруулах бодистой холбоотойгоор 187.100 хүн амьсгал хураасан байна. Сүүлийн 10 жилд “сонирхогчид“-ын тоо бараг өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа бол байнга хэрэглэгчдийн тоо өссөөр буй аж. 2010-2013 онд тариур хэрэглэн мансуурдаг хүмүүсийн дунд ДОХ-ын халдвар авсан хүний тоо 10 орчим хувиар буурч, 110-аас 98 мянга болжээ.
Мансуурдаг хүний тоог бодитоор гаргах боломжгүйг ДЭМБ хүлээн зөвшөөрчээ. Үүнд олон шалтгаан байдаг ч гол нь уг өвчний эхний шатанд тусламж хүсдэггүйтэй холбоотой аж. Дэлхийн олон улсад эрүүгийн гэмт хэргийн 40-90 хувийг мансуурах донтой хүн, эсвэл тохиолдлоор мансуурсан этгээд үйлдсэн байдаг.
Хэргийг хаана үйлдсэн зэргээс шалтгаалаад оноох ял ч харилцан адилгүй. Нидерландад 50 кг мансууруулах бодис илрүүлбэл хугацаанаас өмнө суллагдах боломжтойгоор найман жил хорих ял оноодог бол Хятадад 50 граммыг авч явсан тохиолдолд цаазаар авах ял оноодог байх жишээтэй.
Интерполын мэдээнээс үзвэл, жил бүр дэлхий даяар 500-600, манай хойд хөрш ОХУ-д 11 тэрбум долларын мансууруулах бодис эргэлддэг байна.