
“Сэтгүүл зүйгээр эрдмийн зэрэг, цол хамгаалдаг хүн маш олон байдаг хэрнээ Монголд өнөөдөр сэтгүүл зүйн шүүмж судлалын орон зай хоосон байна” хэмээн СУИС-ийн Театр, урлагийн сургуулийн багш, судлаач П.Батхуяг өнгөрсөн баасан гаригт болсон “Сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээл” сэдэвт онол, практикийн бага хурлын үеэр онцолсон юм. Энэ үг, энэ санаа тэр өдрийн хэлэлцүүлгийн мэтгэлцээний гол “бай” байсан гэхэд болно. Орчин цагт сэтгүүлчийн хөдөлмөр юу болж хувирсан бэ, хэнийг сэтгүүлч гэх вэ, юуг сэтгүүл зүйн бүтээл гэж нэрлэх вэ, мэргэжлийн сэтгүүл зүй яагаад чухал юм бэ, энэ салбарын цаашдын чиг хандлага хаашаа явж байна вэ гэдэг асуултад бодитой хариулт эрэлхийлдэг ийм онол, практикийн бага хурлыг “Балдорж” сан, СУИС хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй.
Цахим сэтгүүл зүй, иргэний сэтгүүл зүй гэх мэт шинэ нэр томъёо хүссэн, хүсээгүй улам бүр хүчээ авч буй энэ цаг үед мэргэжлийн сэтгүүл зүйн орон зайг мэргэжлийн түвшинд нь хадгалж үлдэхэд, энэ салбарын хөгжил, ололт амжилт, алдаа дутагдлыг нь шүүн тунгаахад судлаачдын үүрэг оролцоо асар их билээ. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын найм дахь удаагийн шалгаруулалтад бүтэн жилийн турш дээгүүр “давхисан” залуу сэтгүүлчдийн тодорхой бүтээлийг судлаачид задлан шинжилснээ илтгэл тавьж, хэлэлцүүлсэн нь өнөө жилийн гол онцлог байлаа.
Монголд мэргэжлийн сэтгүүл зүйн босгыг тогтоож, зүг чиг, баримжаа нь болж буй энэхүү уралдааныг өнгөлсөн шилдэг бүтээлүүдийг мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид хэрхэн үнэлж, дүгнэснийг сонсохсон гэдэг хүсэл танхимд цугласан сэтгүүлчдэд их байсан болов уу. Жишээ нь, “GoGo” мэдээллийн агентлагийн сэтгүүлч Г.Одгаравын “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж” цуврал сурвалжилгад шүүмж бичсэн доктор Б.Наранбаатарын илтгэл “Сэтгүүл зүйн шүүмж ийм байдаг болов уу” гэсэн багцааг олон хүнд өгөх шиг болсон.
Б.Наранбаатар шүүмждээ “...Түүний төв цэвэрлэх байгууламжийн талаарх цуврал нийтлэл нь баримт, судалгаа сайтайн дээр мэдээллийн технологийн шинэлэг арга хэлбэрийг бүх талаар ашиглан, уншигчдын анхаарлыг татаж чадсан, Туул голын экологийн байдалд шийдвэр гаргах түвшнийхнийг хандуулж, тодорхой үр дүнд хүрсэн...” хэмээн сэтгүүлчийн ур чадвар, хөдөлмөрийг үнэлсний хажуугаар мөн “Удаан хугацаанд нэг сэдвийн хойноос уйгагүй хөөцөлдөн бичих явцдаа зарим зүйлийг өөрийнхөөрөө нотлохын тулд үе үе сэдвийнхээ фанат болж төөрөлдөх шахсаныг залуу сэтгүүлчид анхааруулахад илүүдэхгүй болов уу” гэж сануулсан юм. Энэ бол “Цахим сэтгүүл зүй” гэсэн сэдвийн хүрээнд тавьсан илтгэл байлаа.
Тэгвэл Балдорж шагналт сэтгүүлч О.Бат-Ундрахын нийтлэлийн жишээн дээр шүүмж бичиж, “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” сэдвээр илтгэл тавьсан МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Т.Өнөрсайхан “Сэтгүүлч асуудлыг тал бүрээс нь гаргаж ирэх, цаашлаад төрийн зохицуулалт, нэгдсэн бодлого дутмаг байгааг нарийн тоо баримтад тулгуурлан бодитой гаргаж өгч чадсан. Нэг чиглэлээр дагаж, тууштай ажиллаж буй сэтгүүлчийн энэ цувралууд цаашид шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх нь гарцаагүй юм” хэмээгээд эцэст нь “Сэтгүүл зүйн ямар ч бүтээлд сэтгүүлчийн оролцоо мэдрэгдэж байх ёстой. Жишээ нь, сэтгүүлч аль нэг аймгийн Оношилгооны нэгдсэн төв, эмнэлгүүдэд очиж, газар дээрх бодит байдлыг асуудлын төлөөлөл болгон харуулж, ерөнхийлөн тоочих бус нэгжээс ерөнхий рүү гаргасан бол илүү хүртээмжтэй болох байлаа” гэдэг саналаа хэлсэн юм.
Мэргэжлийн сэтгүүл зүй хэмээх их айлын өрхийг татаж, галыг манах хүндтэй үүрэг хүлээж буй залуу сэтгүүлчдийн хувьд энэ мэтчилэн судлаач, шүүмжлэгдчээр бүтээлээ хэлэлцүүлэн, алдаа, оноогоо дэнслүүлэх нь азтай хэрэг гэдгийг оролцогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байв. Тэгж байж бид иргэний сэтгүүл зүйгээс ялгарах учиртай. “Сэтгүүлч” дээд сургуулийн зөвлөх багш А.Оюунгэрэлийн илтгэлд дурдсанчлан иргэний сэтгүүл зүй бол нийгэмд байх ёстой нэг үзэгдэл гарцаагүй мөн л дөө. Иргэний сэтгүүл зүй хөгжиж, ухаалаг утастай хүн болгон үзсэн, дуулсан, бодсон санасан бүхнээ олон нийтэд шуурхай түгээж, үзэл санаагаа нээлттэй илэрхийлэх болсон нь нэг талаар сэтгүүлчдэд эх сурвалж болох нь бий.
“Эх сурвалжийн нээлттэй сүлжээг иргэний сэтгүүл зүй бий болгож байна. Харин анхны сэтгэгдлээрээ хүлээж авсан, баттай бус мэдээлэл тархаж буйг олон нийт хүлээж авахдаа хувь хүний түгээсэн мэдээлэл гэхээсээ илүү сэтгүүл зүйн талаас ойлгодог. Иргэний сэтгүүл зүй хөгжиж, төлөвшсөн оронд мэргэжлийн бус хүмүүс сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь томоохон өрсөлдөгч боллоо. Тиймээс иргэдээс хэрхэн хоцрохгүй байх вэ, яаж ялгарах вэ гэдгээ сэтгүүлчид өөрсдөө бодох ёстой” хэмээн А.Оюунгэрэл багш илтгэлдээ онцолсон.
Өөрөөр хэлбэл, ард иргэдэд мэргэжлийн сэтгүүл зүй болон хувь иргэний түгээж байгаа мэдээллийн ялгааг ойлгуулахад сэтгүүлчид, судлаачдын үүрэг асар их байх нь. Энэ үүргийг нь ойлгуулахад дээрх онол, практикийн хурал багагүй ач холбогдолтой байсан болов уу. Ингээд уг хуралд оролцсон, илтгэл тавьсан, модиратороор ажилласан зарим хүний сэтгэгдлийг хүргэе.
СУИС-ийн багш, доктор П.Батхуяг: СУДЛААЧИД ҮГЭЭ ХЭЛЭХ НЬ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖЛИЙН ГОЛ АСУУДАЛ
-Тогтмол гардаг хэвлэлийн нийтлэл, нэвтрүүлгийн талаар мэргэжлийн судлаачид дуугардаггүй. Тиймээс сэтгүүлчид миний бичлэгийн ур чадвар ямар түвшинд байна вэ, бүтээлийг маань хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ гэж судлаачийн үгийг хүлээж байдаг. Судлаачид үгээ хэлэх нь сэтгүүл зүйн хөгжлийн гол асуудал юм. Харин нийгэм, эдийн засгийн асуудлыг хурц шүүмжилсэн шүүмжлэлт сэтгүүл зүй манайд түлхүү хөгжлөө. Гэтэл сэтгүүл зүйн шүүмж судлал нь үүнээс хоцорсон. Энэ нь хоёр шалтгаантай.
Эхнийх нь судлаачид сэтгэлгээ болон боловсролын хувьд гологддог. Мөн тэд сэтгүүлчийн ажил хөдөлмөрийн хүнд бэрхийг туулаагүй, онолын мэдлэгтэй хүмүүс давамгайлж байна. Мэргэжлийн шүүмж нь онолын мэдлэгээс гадна тухайн салбарын зүй тогтол, мөн чанарыг нь мэддэг хүний ажил юм. Хангалттай олон судлаач байгаа ч цөөн шүүмжлэгч төрсний шалтгаан нь үүнтэй л холбоотой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн цахим сүлжээний орчинд хангалттай мониторинг хийх боломжтой. Үзэгч, уншигчдын сэтгэгдлийг шүүмж гэж үзэх юм бол хамгийн их шүүмжлэл өрнөж байгаа орчим бол цахим сэтгүүл зүй юм.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал: СЭТГҮҮЛ ЗҮЙ НИЙГМИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ БАЙНА
-Энэ жил сэтгүүлчийн бүтээл нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадаж байна уу гэдэг хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Төр шийдвэрлэж чадахгүй, шийдсэн дүр эсгэдэг сэдвийг уудалж, нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө сэтгүүлчид ажиллаж байна. Төр иргэдээс хураасан татвараараа юу хийдэг вэ, иргэдийн амьдрал дээшлэхгүй байгаагийн шалтгааныг сурвалжилж, угт нь хүрэх гэж оролдох нь сэтгүүл зүй мэргэжлийнхээ замаар явж буйг харуулна.
Энэ жил бүтээлийг нь хэлэлцсэн гурван сэтгүүлчийн ажил олон нийтийн хүртээл болж, дэвшүүлсэн асуудал нь тодорхой үр дүнд хүрсэн. Энэ нь сэтгүүл зүй нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгааг харуулж буй юм.
ХУИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Дагиймаа: МОНГОЛЫН ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ УЛАМЖЛАЛТ ХЭЛБЭРТ БАРИГДМАЛ
-Сэтгүүл зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ нь сэтгүүл зүйн судлаач, шүүмжлэгчдэд боломж олгодог. Мөн сэтгүүлчид эндээс өөрсдийгөө тольдож байна. Монголын сэтгүүл зүйн онолын судалгаа 1990-ээд оноос эрчимтэй хөгжсөн. Шүүмж судлал ч энэ үеэс эхтэй. Өнгөрсөн хугацаанд шүүмж судлалын цөөн хэдэн бүтээл гарсан. Сэтгүүл зүйн судалгаа шүүмжээс ахисан түвшинд байгаа. Шүүмж нь тухайн салбарыг эрүүлжүүлэхэд хамгийн ач холбогдолтой юм.
Сэтгүүл зүйн салбар технологийн нөлөөллийн дор өөрчлөгдлөө. Дижитал болон мультмедиа сэтгүүл зүй хурдтай хөгжиж байна. Харин Монголын цахим сэтгүүл зүй уламжлалт хэлбэрт баригдмал. Тухайлбал, мультмедиа сэтгүүл зүйд зураг, текст, аудио, анимейшн, гэсэн олон элемент нэг нэгэнтэйгээ нөхцөлдөн хосолж байх ёстой. Гэтэл манайд текст голлож, аудио, видеог зэрэгцүүлэх байдлаар дэглэдэг. Телевиз, сонины уншигч, үзэгчийн тоо цөөрсөн. Тиймээс хүссэн хүсээгүй дижитал сэтгүүл зүйг хөгжүүлэх шаардлагатай болно.
Тэр дундаа мультмедиа бүтээл хийж сурах хэрэгтэй болж буй юм. Сэтгүүл зүйн дээд сургуулиуд ч энэ чиглэлээр хөтөлбөрөө шинэчилж байна.
Хэвлэлийн хүрээлэнгийн менежментийн албаны дарга Ц.Чимэддондог: ИЙМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЖ БАЙГАА НЬ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛД ТУСТАЙ
-Манай багш, судлаач, сэтгүүлчдийн ойлголт нэг биш байна. Тухайлбал, манай улсад шалгуур болон арга зүйг одоог хүртэл боловсруулаагүй учир эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийг шүүмжлэхэд бэрхшээлтэй байна гэсэн санал гарсан. Гэтэл энэ нь зөвхөн бидний өмч биш. 1972-2007 онд дэлхийн хэмжээнд гарсан эрэн сурвалжлах шилдэг бүтээлүүдийг цуглуулан ямар арга зүйг ашигласан байна вэ гэдгийг нь судалсан. Үүнд тулгуурлан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга зүйг боловсруулсан. Энэ нь 2013 оноос манай улсад орж ирсэн.
Гэтэл манай зарим их, дээд сургуулийн багш нар үүнийг мэдэхгүй байна. Нөгөө талаас шүүмж судлал нь тухайн салбараас хамааран юу руу чиглэх вэ гэдэг нь шалтгаална. Тухайлбал, уран зохиолд субъектив байдлаар шүүмжилдэг. Гэтэл сэтгүүл зүйн баримтад тулгуурлан шүүмжлэхийн тулд объектив байх ёстой юм. Тиймээс зарчмын ялгаа бий. Ямартай ч ийм хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь Монголын сэтгүүл зүйн хөгжилд тустай.
МУИС-ийн багш, доктор Б.Наранбаатар: СЭТГҮҮЛЧ, СУДЛААЧИД САНАЛ, ШҮҮМЖЭЭ НЭГЭНДЭЭ ХЭЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Монголын сэтгүүл зүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн системд өнөөдөр бүтээлийн шүүмж судлал дутагдаж байгаа. Сэтгүүлчийн ажлыг мэргэжлийн түвшинд үнэлж, санал зөвлөгөө өгч буйгаараа өнөөдрийн арга хэмжээ ач холбогдол, цар хүрээний хувьд маш чухал. Манай зарим судлаач шүүмжлэлт нийтлэлийг сэтгүүл зүйн шүүмж судлалтай хольсноос болж хүмүүсийн санал зөрж буй мэт харагдаж байна.
Сэтгүүл зүйн шүүмж судлалаар бие биедээ зөвлөгөө өгч, гарц хайдаг болохоос биш бичлэгийн төрөл зүйл биш. Сэтгүүл зүйн шүүмж судлалын хөгжил сул байна. Тиимээс нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн томоохон судлаач төрөхгүй байна. Гэвч сэтгүүлч, судлаач бүр санал, шүүмжээ нэгэндээ хэлж байх хэрэгтэй. Энэ үйл явц манайд дөнгөж эхэлж байна.
“Өнөөдөр” сонины сэтгүүлч О.Бат-Ундрах: АРД ИРГЭДИЙГ АЛИВАА ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД СЭТГҮҮЛЧДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО ИХ
-Эрүүл мэндийн салбар бол амин чухал хэрнээ, хэзээ ч шавхагдахгүй томоохон сэдэв болдог. Сэтгүүлчид аль нэг салбараар мэргэших ёстой. Үүнийг нь редакцаас дэмжих хэрэгтэй гэж боддог. Эрүүл мэндийн салбар нь хаалттай, мэдээлэл олж авахад хүндрэлтэй тал бий. Мөн энэ салбар нь иргэдийн дунд нэр хүнд муутай. Сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл мэнд дордож байна. Халдварт өвчин, эндэгдэл ихэссэн.
Үүний бурууг эмч нар, эрүүл мэндийн салбарынханд тохохоос илүү ард иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бүх нийтээрээ анхаарах нь чухал. Үүнд сэтгүүлчдийн үүрэг оролцоо их юм. Халдварт өвчин их байна гэхээс илүү үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ямар арга зам байна гэдэгт анхаарлаа хандуулах нь гол юм.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхзаяа: МИНИЙ БҮТЭЭЛД МЭРГЭЖЛИЙН ҮҮДНЭЭС ҮНЭЛГЭЭ ӨГЧ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
-Би Увс аймаг дахь газрын тосны хайгуулын үйл ажиллагааг тойрсон эрэн сурвалжлах цуврал нийтлэл бэлтгэсэн. Увс аймгийн нийт нутгийн 30 орчим хувьтай тэнцэх талбай дээр хайгуулын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Засгийн газар олгосон. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү, тухайн компани орон нутагт хууль хэрэгжүүлж ажиллаж байна уу гэдгийг эрэн сурвалжилсан юм. Энэ явцдаа олон баримт дэлгэсэн.
Үүний үр дүнд тухайн хайгуулын компани манай улс дахь үйл ажиллагаагаа зогсоосон. Миний бүтээлд мэргэжлийн үүднээс үнэлгээ өгч байгаад баяртай байна. Манай улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжил сул байгаа ч залуу хүний хувьд нэг шат ахиулах ёстой юм байна гэсэн сэдэлтэй боллоо.