
Бэлтгэсэн Ж.Сувдмаа З.Амгалан
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагынхан манай улсыг “Жуулчдыг нэн өндөр өртгөөр аялуулдаг, өвлийн аяллыг хөгжүүлэх боломжтой орон” гэж дүгнэсэн байдаг. Мэргэжлийн судлаачид ч “Дэлхийн аялал жуулчлалын гол урсгал Ази, Номхон далайн орнууд руу чиглэж буй өнөө цагт Монголыг өвлийн аялал жуулчлалын төв бүс болговол нэн тохиромжтой” хэмээх болов. Харин бид энэ боломжийг хэзээ ашиглах юм бэ. Жилд зочилдог жуулчдынхаа 40-50 хувийг зургаа, долдугаар сард хүлээж авчихаад, бусад үед нь “унтсаар” байх уу. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбооноос хамтран хийсэн судалгаагаар манай улсад 613 тур оператор, 349 жуулчны бааз бий гэж бүртгэгджээ.
Ийм хэмжээний тоотой байгууллага энэ салбарт хүчин зүтгэж байна гэдэг бас ч гэж боломжийн үзүүлэлт. Гэтэл тэдгээрийн ердөө 20 гаруй нь хүйтний улиралд аялал зохион байгуулж, өвөлд хамгийн ихдээ 50-80 мянган жуулчин хүлээж авдаг гэхээр дэндүү чамлалттай сонсогдохгүй байна гэж үү. Угтаа бол жилийн талаас илүүд нь эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалд аж төрдөг бидний хувьд өвлийн улирал, цас, мөс жуулчдыг татах маш том давуу тал юм.
Өдгөө манай улсад өвлийн цагт зохиодог арга хэмжээ нь Хөвсгөлийн “Мөсний баяр”, Өмнөговийн “Тэмээний баяр”, Баян-Өлгий аймаг, “Тэрэлж”, “Нүхт”, “Чингисийн хүрээ” жуулчны баазад болдог “Бүргэдийн баяр” төдийхнөөр хязгаарлагдаж байна гэхэд хилсдэхгүй. Нохой болон морин чарганы, ан агнуурын гэхчилэн тусгай сонирхлын цөөн төрлөөр аялал жуулчлал эрхэлдэг компани мэр сэр бий гэх ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг нь ховор аж. Тиймээс аялал жуулчлалын компаниуд баярын арга хэмжээнүүдээс ашиг олохын тулд бараг л “зодолддог”. Гэвч эдгээрийг сонирхож, зорьж очих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд буурч байгааг салбарынхан нь ярьж байна.
“Монголиан вэйс тур” компанийн захирал Ч.Буянтогтох “Төрийн захиргааны байгууллагууд “Жуулчны тоо өсөж байна. “Бүргэдийн баяр”-ыг гадаадын мянга мянган хүн үздэг гэх боловч хэрэг дээрээ 100 хүрэхгүй жуулчин ирдэг” гэсэн бол Хатгал тосгонд мөсний баяр зохион байгуулдаг “Хөвсгөл Мон трэйвэл” компанийн ажилтан Э.Балжинням “Бид жуулчдыг татах зорилгоор жил бүр хөтөлбөрөө шинэчилж, мөсөн шагай харвуулж, морин чаргаар уралдуулан, цаа бугатай үзүүлбэр толилуулдаг ч гадаад, дотоодын жуулчдын тоо буурсаар байгаа. Харин нутгийн иргэд идэвхтэй оролцдог” гэлээ.
Жуулчдын тоо цөөрсөн шалтгааныг тэд “Нийслэлээс алслагдсан зайд зохион байгуулдагтай холбоотой. Туул, Өгий, Орхон зэрэг гол, нуурууддаа түшиглэж, төвийн бүсэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй” гэв. Хямд өртгөөр аялахыг эрмэлздэг, нийслэлээс холдохыг хүсдэггүй жуулчдад боломж олгох зорилгоор бид “Бүргэдийн баяр”-ыг сүүлийн жилүүдэд хотын ойролцоох жуулчны баазуудад зохион байгуулдаг болсон ч байдал сайжирсангүй.
Биднийг ийн мунгинаж суутал Казахстан улс “Бүргэдийн баяр”-ыг “хулгайлчихлаа”. Сая сая жуулчин энэ арга хэмжээг үзэх гэж тус улсыг зорьдог болов. Харбин Мөсний баяраар, Япон халуун рашаанаар, Хойд Солонгос “Мейсикронж” гэх цанын баазаараа жуулчдыг “соронздож”, нэрийн хуудсаа болгохыг хичээж байна. Харин бид юугаараа танигдах вэ. Өвлийн аялал жуулчлалын брэнд гээд буй, бүгдийг нь нэг сарын дотор (гуравдугаар сард) “бөөндчихдөг” дээрх баяруудаас өөр гайхуулах зүйл бидэнд бий юү.
Хөгжүүлж, сурталчилж чадвал Монголд өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн “үйлдвэрлэх” өчнөөн боломж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Бид морин болон нохой чарганы, цана тэшүүрийн, мөсөнд авирах, цаа бугын, цаатны урцанд хоноглох, нар мандахыг харах, Шинэ жил, Цагаан сарын баяр үзэж, малчны амьдралтай танилцуулах, харзны усанд орох, мөсөн шагайгаар наадах гэхчилэн сонирхолтой олон төрлийн аяллыг зохион байгуулах боломжтой ч дэд бүтэц, тээврийн үйлчилгээ, чадварлаг боловсон хүчин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөнгөлөлт, урамшуулал, менежменттэй холбоотой олон бэрхшээл бий.
Аялал жуулчлалын салбарын бодлогыг зангиддаг төрийн захиргааны гол байгууллага нь БОАЖЯ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэсэн асуултад хариулт авахаар тус байгууллагын мэргэжилтэнтэй уулзахад “Энэ их утаанд жуулчнаар яах гэсэн юм бэ” хэмээн егөөдөв. Салбарын хөгжил, чиглэлийг тодорхойлогчид нь ийм бодолтой байхад Монголын аялал жуулчлал зуны гуравхан сарын “настай” байх нь аргагүй юм уу даа. Харин нэгэн компанийн захирал, судлаач хүн дээрх асуултад хариулахаас татгалзсангүй. Тэрбээр “Өвөл ямар арга хэмжээг хэрхэн зохион байгуулж, жуулчдыг татаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох вэ гэдэг нь хамгийн чухал.
Бид жуулчдыг татаж чаддаггүйн шалтгаан нь өвлийн аялал жуулчлалын сурталчилгаа, менежмент муу хөгжсөнтэй холбоотой. “Монголд ийм сайхан үйл ажиллагаа болох гэж байна шүү” гэж дэлхий нийтэд зарлах хэрэгтэй байна. Аялал жуулчлал хөгжинө, хөгжихгүй гэж талцахын оронд нэгдэж, санаачилгатай ажиллах хэрэгтэй” гэлээ. Түүний хэлсэнтэй холбоотой нэгэн сонирхолтой баримт сөхье.
Хойд туйлд ойрхон оршдог Аляск, Шлицберг, Иосифын арлын өвлийг үзэхийн тулд 10-20 мянган доллар төлж аялдаг жуулчдын олонх нь Хятад, Япон, Америкийн иргэд гэнэ. Хаяа дэрлэн байгаа Хятад, Японы иргэд манай орныг алгасаж, өөр тийш аялж буй нь Монголд өвлийн аялал жуулчлал хэр хөгжсөнийг илтгэж байна. ITB, WTM, JATA, Бээжин, Хонконгийн гэх мэт олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсоноо гайхуулан ярьдаг дарга нар минь өвлийн аялал жуулчлалаа сурталчилж, цас, мөсөө “худалдвал” яасан юм бэ.
ИНФОГРАФИК

БАЙР СУУРЬ
Манай улсад өвлийн аялал жуулчлал хөгжиж байгаа юу. Цаашид энэ чиглэлд хэрхэн анхаарах шаардлагатай талаар тус салбарынхны байр суурийг сонирхлоо.
ЖУУЛЧДААС АВДАГ ТАТВАРЫГ СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАЯ
Д.ГАНТӨМӨР (Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч)
-Өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэх нь чухал. Аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд баруун, зүүн, төв, говийн бүсийн байгаль, цаг уурын онцлогт тохирсон тусгай сонирхлын, өвлийн брэнд бий болгох шаардлагатай. Тухайн газрыг сонгохдоо дэд бүтэц, газар зүйн байрлал, цаг агаар зэргийг харгалзахаас гадна арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой, эсэхийг ч анхаарах ёстой юм. Өвлийн аялал жуулчлал хөгжихгүй байна гэж олон жил ярьж буй боловч хөгжих нөхцөл, боломж бүхий бүс нутгаа тодорхойлоогүй өдий хүрлээ. Энэ асуудалд анхаарах цаг нь болсон. Өөр нэг чухал зүйл нь төр, хувийн хэвшлийнхэн уялдаатай ажиллах. Аялал жуулчлалын салбарт тууштай ажилладаг байгууллагуудыг дэмжих, урамшуулах тогтолцоо дутагдаж байна. Жуулчны баазууд руу зам тавьж, халуун, хүйтэн усаар хангаж, худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж бүрдүүлчихвэл өвлийн аялал хөгжих таатай хөрс бий болно. Мөн сайн сурталчлах хэрэгтэй. Монголд ирсэн жуулчдаас хот татвар авдаг. Өөрөөр хэлбэл, тэд зочид буудал, зоогийн газраар үйлчлүүлэхдээ шимтгэл төлдөг. Энэ мөнгийг ядаж сурталчилгаанд ашиглая л даа.
ДУЛААН ОРНЫ ЖУУЛЧДЫГ ТАТАХ ХӨТӨЛБӨР САНААЧИЛНА
Д.Батсүх (Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга)
-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Зүүн хойд Азийн аялал жуулчлал бизнес, соёлын төв болох томоохон зорилт тавьсан. Аялал жуулчлалын салбар манайд улирлын чанартай үйл ажиллагаа явуулж буй. Зун Үндэсний их баяр наадмын үеэр л олон жуулчин ирдэг. Үүнээс гадна хавар, намар, өвөл ирэх жуулчдын тоог нэмэгдүүлж, аяллын компани, үйлчилгээний байгууллага, зочид буудлуудын ашиг орлогыг нэмэгдүүлэхээр бүх шатанд анхаарч, хамтран ажиллахаар төлөвлөж байна. Улаанбаатарын өвлийн наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод буйг иргэд мэднэ. Уг арга хэмжээг ирэх хоёрдугаар сарын эхээр нэлээд өргөн хүрээтэй хийхээр төлөвлөж байна. Хамгийн түрүүнд өвөл ирэх жуулчдад үзүүлж харуулах арга хэмжээний тоог нэмэх хэрэгтэй.
Жуулчид зөвхөн Улаанбаатар хотыг үзээд зогсохгүй, сонирхолтой олон хөтөлбөрт хамрагдахыг хүснэ. Тиймээс бид эхний ээлжинд дулаан бүсийн орны иргэдэд зориулж, Монголын өвлийг үзүүлэх хөтөлбөр бий болгохоор хувийн хэвшлийнхэнтэй зөвшилцөж байгаа. Хүйтэрдэггүй, цас ордоггүй газраас ирэх жуулчдын сонирхлыг татахуйц хөтөлбөрүүд санаачлах юм. Дээр нь хурал, бизнесийн уулзалт, спортын тэмцээн, олон улсын чанартай соёлын арга хэмжээнүүдийг өвлийн улиралд хотдоо тогтмол зохион байгуулах зорилт тавьсан. Хамгийн гол нь манайд ирэх жуулчдад бид чанартай үйлчилгээ үзүүлж, ард иргэд найрсаг хандах хэрэгтэй. Жуулчид сэтгэл хангалуун аялаад буцах нөхцөл бүрдүүлэх нь иргэдийн үүрэг.
ТУСГАЙ СОНИРХЛЫН АЯЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Д.Чулуунбилиг (“Их засаг” олон улсын их сургуулийн аялал жуулчлалын хөтөлбөрийн удирдагч, дэд профессор)
-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд эрдэмтэн судлаачид, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллах ёстой. Жилийн дөрвөн улиралд жуулчин хүлээн авах нөөц Монгол Улсад бий. Үүний тулд нүүдлийн соёл иргэншил, байгалийн томоохон нөөц боломж дээрээ тулгуурлаад, тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулж чадвал дэлхийд гайхагдаж чадна. Одоо тулгарч буй гол бэрхшээл нь үйлчилгээний чанар байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад мэргэжлийн боловсон хүчин, чадавхижсан хүний нөөц дутмаг байгаа нь үүнд нөлөөлж буй.
Манай төр засаг, хувийн хэвшлийн байгууллагууд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд цөөнгүй арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Гэсэн ч үүнийг өргөжүүлэх, тоог нь нэмэх шаардлага бий. Энэ талаар салбарынхан нэгдэн хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч, хэрэгжүүлэх ёстой. Эрс тэс уур амьсгалтай манай оронд өвөл адал явдал эрэлхийлсэн, тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл.
ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИЖ БАЙНА
У.Мөнхбилэг (“Nomadic discovery Mongolia” компанийн үүсгэн байгуулагч)
-Хоёр жилийн өмнө Хөвсгөлд өвөл ажилладаг 1-2-хон бааз байсан бол одоо нэмэгдсэн. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эхлэл тавигдаж байгааг эндээс харж болно. Гэхдээ манайд нэг том асуудал байгаа нь цаг агаарын нөхцөл. Хүйтэн гэдгийг сонсоод жуулчид ирэхээ больж, таатай уур амьсгалтай Зүүн өмнөд Азийн орнууд руу явж байна. Зардал нь ч арай бага. Монголд ирэх зардлынхаа хагасаар нь Зүүн өмнөд Ази руу аялах боломжтой юм. Манай компаниар дамжуулж Монголыг үзэхээр өвөлдөө 1-2 групп аялагч ирдэг. Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард тус бүр 7-8 аялагч хүлээн авлаа. Энэ сард гэхэд бас төдий тооны хүнтэй хоёр групп ирэх гэж байснаа “Танай оронд гэнэт хүйтэрчихэж. Цасан шуурга шуурч байгаа юм байна. Ирэх зунаас очъё” гэсэн.
Хамгийн гол нь дэд бүтцээ сайжруулах ёстой. Зам, цахилгааны асуудлыг нэн даруй шийдэх шаардлага бий. Хувиасаа хөрөнгө гаргаад цахилгаан татахад зардал маш их гарна. Тиймээс жуулчдаас авах төлбөр нь өндөр болж, тэр хэрээр ирэх хүмүүсийн тоо багасаж, орлого буурч байгаа юм. Энэ тал дээр төр засгаас дэмжвэл цаашид жуулчдаас авах өртөг багасах боломжтой. Тэгээд ч аялал жуулчлалын ихэнх байгууллага өвөл амарчихдаг, эсвэл цагийн хуваарь нь богиносдог. Архангай, Өвөрхангайд гэхэд нээлттэй газар ховор. Интернэтээс харахад ихэнх бааз зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын дунд үе хүртэл юм уу, аравдугаар сарын 30 хүртэл ажиллана гээд биччихсэн байгаа нь Монголд өвөл аялж болохгүй гэсэн мэдээллийг түгээж буйгаас ялгаагүй. Өнгөрсөн жил өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж нэлээд ярьж, Бүргэд, Мөс, Тэмээний баяр хийхээр болсон. Гэтэл тэр бүх баяраа гуравдугаар сард, цөөхөн хоногийн зайтай төлөвлөчихдөг. Энэ мэтээр зохион байгуулалтгүй, төр засаг анхаарахгүй байгаагаас үүсдэг асуудал олон байна. Цаашид өвлийн аяллыг хөгжүүлье гэвэл арга хэмжээнүүдээ ядаж долоо хоногийн зайтай төлөвлөх ёстой.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Аялал жуулчлалын оновчтой маркетинг орлого дагуулдаг

Олон улсад аялал жуулчлал нь бүс нутгийг хөгжүүлэх бодитой хүчин зүйл болжээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээгээр, энэ оны эхний есөн сарын хугацаанд 956 сая жуулчин олон улсад аялсан байна. Энэ нь 2015 оны мөн үеийнхээс 34 саяар буюу дөрвөн хувиар илүү үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулсан газрын эрэлт, чөлөөтэй хөрвөдөг валютаар орлого олдог байдал энэ салбарыг эдийн засгийн хувьд сонирхох үндэслэл болдог байна. Аялал жуулчлалын бизнес нь барилга, худалдаа, хөдөө аж ахуй, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэл, холбоо харилцааг хөгжүүлэхэд түлхэц өгдөг.
Эл салбарыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэрчлэн клубүүд болон жуулчны арга хэмжээний үеэр олон хүн цугласан үед сурталчилдаг. Мөн урлаг, тухайлбал, зохиолын дуугаар дамжуулан сурталчилж болдог байна.
Өвлийн аялал жуулчлалыг амралтын өдрүүдээр байгальд зохион байгуулалттайгаар аялах, спорт аялал жуулчлал, тухайлбал, экстрим спортын төрөлд хамаардаг өндөр уулын оргилд авирах, сноуборд, цана, чарганы маршрут нээх замаар хөгжүүлж буй. Зарим улсад нутаг орны онцлогийн дагуу өвлийн аялал жуулчлалаас чамгүй ашиг олдог аж. Тухайлбал, Финландад цаа бугатай чаргаар аялахыг хүсэгчид дэлхийн өнцөг булан бүрээс очдог байна. Тус улсын Лапланд мужид өвлийн аялал жуулчлалаас 1.5 тэрбум орчим еврогийн орлого олохоор төлөвлөжээ. Цаа бугатай 1000 метр давхихад 100 еврогийн төлбөр авдаг. Энэ өвлийн аялал эрт эхэлж, Итали, Япон, Их Британи, бүр Австралиас олон жуулчин ирсэн байна. Туйлын тойрогт байрладаг Рованиеми хотын зочид буудлуудад жуулчин хоноглох 500 мянган ор бэлтгэжээ. Тус хотын ойролцоо Санта Клаусын агуй, хажууханд нь “Санта” парк ажилладаг аж. Одоо Лапландын аялал жуулчлалын салбарт 700 сая евро эргэлдэж байна. Аялал жуулчлалын орлого тус мужийн ажилгүйдлийн түвшинд нөлөөлдөг гэнэ. Олон улсын хүчтэй маркетингтай Лапландад төсвөөс нь ч их хэмжээний хөрөнгө оруулдаг аж. Энэ сард Европ даяар хувийн нислэгээр жуулчин тээвэрлэж байна. Рованиеми хотын ойролцоох агуйд Санта Клаустай уулзаж, нэг өдрийг өнгөрүүлээд буцдаг жуулчид тийм нислэгийг 1998 оноос хойш ашиглаж буй гэнэ. Лапланд орчимд амралт сувиллын газрууд олон бөгөөд нохой чарга, цаснаа явагчаар үйлчилж буй.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.МАРГАД: Нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орвол жуулчдын урсгал нэмэгдэнэ
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргадтай ярилцлаа.
-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар БОАЖЯ-наас ямар бодлого баримталж байна вэ. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажил бий юү?
-Бид юуны түрүүнд улирлын хамаарлыг бууруулахад анхаарч байгаа. Жилийн дөрвөн улиралд жуулчин тогтмол хүлээж авдаг болчихвол өвлийн аялал жуулчлал хөгжих нь гарцаагүй. Энэ төрлийн аяллыг өндөр хөгжүүлсэн орнуудын туршлагаас судалж үзэхэд, бизнес уулзалт, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн яармагийг эх орондоо тогтмол зохион байгуулах замаар жуулчдыг татаж байна. Бид ч энэ туршлагыг хэрэгжүүлж, Ази, Европыг холбосон томоохон арга хэмжээг хавар, намар, өвлийн улиралд зохион байгуулах хэрэгтэй. Монголчууд зургаа, долдугаар сард маш олон арга хэмжээг нэг дор зохион байгуулдаг учир богино хугацаанд жуулчдын хөлд дарагдаад, бусад цагт эзгүйрчихдэг.
Энэ төвлөрлийг сааруулж, улирлын хамаарлыг бууруулах зорилготой нэгэн тогтоолын төслийг БОАЖЯ өнөө маргаашгүй УИХ-д өргөн барих гэж байна. Монгол Улсад болох олон улсын хурал зөвлөгөөнийг өвөл, хавар, намрын улиралд зохион байгуулах, зочид буудлуудын өртгийг хямдруулах тухай асуудлыг уг төсөлд тусгасан. 2016-2018 онд олон улсын 95 хурал Монголд болно гэж Засгийн газрын 124 дүгээр тогтоолд тусгасан байна лээ. Эдгээр үйл ажиллагааны ядаж 50 хувийг нь наадмын бус үеэр зохион байгуулъя гэсэн саналыг бид тавьсан.
-Монголд өвлийн улиралд болдог цөөн хэдэн арга хэмжээ бий. Гэвч үүнийг сонирхдог гадаад, дотоодын жуулчдын тоо буурсаар байгаа гэх юм. Үүнд юу нөлөөлж байна вэ. Жуулчдыг татахын тулд шинэ брэнд бий болгох шаардлагатай юу?
-Бид тоог биш чанарыг чухалчилж байгаа. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын шинэ брэнд гаргая гэж зүтгэхээс илүүтэй жил бүр тогтмол болдог цөөн хэдэн арга хэмжээгээ өндөр түвшинд зохион байгуулахыг хичээж байна. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой, онцлог төрлийг сонгож, хөгжүүлнэ гэсэн үг. Тухайлбал, Бүргэдийн баяр байна. Энэ наадмаар олонд танигдсан Н.Айшолпан охин өдгөө дэлхийд гайхагдаж байна шүү дээ.
Манай орныг зорих жуулчдын тоог өсгөхийн тулд дэд бүтцийн асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй. Хоёр том гүрний дунд оршдог, газар зүйн байршлын хувьд ихээхэн онцлогтой манай оронд жуулчид онгоцоор л ирнэ. Тиймээс бид зорчигчдын урсгалыг ихэсгэж, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн таван жилийн хугацаанд бид жилд 400 мянгаас хэтрэхгүй жуулчин хүлээн авсан. Харин ирэх оноос энэ тоо хэд дахин өсөх магадлалтай. Учир нь, Хөшигтийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орох учиртай. Жилд дунджаар 3.5 сая жуулчин хүлээж авах хүчин чадалтай.
Энэ бүтээн байгуулалт манай орныг зорих жуулчдын урсгалд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс бид жуулчдаа хүлээж авах бэлтгэлээ базаах хэрэгтэй. Үйлчилгээгээ сайжруулж, жуулчин хүлээн авах нөөц боломжоо нэмэх шаардлага бий болно. Аялал жуулчлалын салбарын хөгжилд 11 салбар дам нөлөө үзүүлдэг. Худалдааны төв, зочид буудал, зоогийн газар, үзвэр үйлчилгээний төвөөс эхлээд жуулчны бааз, тур оператор гээд олон байгууллага энэ салбартай уялдаатай ажилладаг. Тиймээс жуулчдын эрэлт, хэрэгцээг хангаж, сэтгэл хангалуун аялуулахад эдгээр байгууллага ч чухал нөлөөтэй.
-Дэлхийн аялал жуулчлалын холбооноос гаргасан судалгаагаар “Нэн өндөр өртгөөр аялуулдаг орон” гэсэн ангилалд манай улс багтсан байна лээ. Онгоцны зардал нь ч бусад орныхоос өндөр өртөгтэй гэдэг.
-Монголд аялахад зарцуулж буй мөнгөөр Тайланд, Бангкок ч юм уу, Зүүн өмнөд Азийн орнуудад 14 хоног маш сайхан аялах боломжтой. Өртөг өндөртэй учраас л жуулчид халгаад байгаа юм. Аль ч улсын хувьд визийн хөнгөлөлтийн асуудал чухал. Бид хоёр жилийн хугацаанд 42 орны иргэдийг Монголд визгүй зорчих нөхцөлөөр хангасан ч жуулчдын тоо төдийлөн өсөөгүй.
Шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, зорилтот зах зээлийн орнуудыг тодорхойлох ёстой гэж бодож байна. Аялал жуулчлалаар тэргүүлэгч орнууд цахим визээр үйлчилдэг. Визгүйгээр 72 цаг аялуулж, үйлчилдэг орон ч бий. Гэтэл манай орныг зоригсод Дипломат төлөөлөгчийн газарт заавал өөрийн биеэр очиж байж визээ авдаг. Бид технологийн хөгжилтэй хөл нийлүүлж, шинэ технологи нэвтрүүлэхээр зорьж байгаа. Хоёр жилийн дараа цахим визийн үйлчилгээнд шилжчих байх.