
“Сэрэмжлүүлэг! Манай зургийг (бүтээгдэхүүний) ашиглан захиалга аваад хүмүүсийн мөнгө залилдаг хүн байна шүү. Бүтээгдэхүүн бэлэн болсны дараа манайх төлбөрөө авдаг” хэмээн фэйсбүүк дэх нэгэн группийн админ бичжээ. Манайд 10-181 мянган гишүүнтэй “On sale”, “Монгол панз”, бас “Хуучин эд зүйлийн худалдаа”, “Хуучин машины зах” гэхчилэн фэйсбүүк дэх групп олон байдгаас гадна хуудаснууд бий. Товчхондоо, тэдгээрт хүссэн хэн ч зар байршуулж, бараа бүтээгдэхүүнээ худалдаж, солилцож болно. Технологи хөгжихийн хэрээр хүмүүс цаг заваа хэмнэх үүднээс онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авах нь сүүлийн үед ихсэж буй.
Онлайнаар худалдаа хийхэд түрээсийн байрны төлбөр гэхгүй учраас бараа бүтээгдэхүүнийг арай хямд борлуулдаг тал бий аж. Түүнчлэн гадуур дэлгүүр хэсэлгүйгээр бүтээгдэхүүнүүдийн үнийг харьцуулах гээд давуу тал цөөнгүй. Шил толь болсон томоохон их дэлгүүрүүдийн түрээсийн төлбөр өндөр байх нь мэдээж. Гэхдээ онлайнаар бүтээгдэхүүн захиад хулхидуулсан, зурагнаасаа зөрүүтэй ирсэн гээд эрсдэл бийг дурдах нь зүйтэй.
Ямар ч хараа хяналтгүй тул тэдгээрт луйвардуулсан тохиолдол олон гарч байжээ. Фэйсбүүкт “Захиалснаас 7-10 хоногийн дараа авчирна, төдөн хувийг нь урьдчилж өг” гэж бичсэнийг Та харж байсан биз ээ. Манайд Хятад, Япон, Өмнөд Солонгосоос бүтээгдэхүүн оруулж ирж борлуулдаг хувь хүн, фэйсбүүкийн хуудас олон бий ч үйл ажиллагаа нь албан ёсны, бүртгэлтэй эсэх нь мэдэгддэггүй байна. Хэн ч аккаунт нээчихэж болох учраас тэр. Гэтэл хэрэглэгчид фэйсбүүк дэх хуудас, группүүдээс мэдээлэл авах нь харьцангуй нэмэгдчихээд байдаг! Нөгөөтэйгүүр, найдвартай бараа бүтээгдэхүүн оруулж ирдэгт нь хүмүүс итгэхгүй байх тал гарч буй тул тэд цахим худалдааны вэбсайтад нэгдэх болжээ.

Манайд онлайн худалдааны хөгжил муу гэхэд болно. Төлбөр хийх систем, программ хангамж, ложистик гээд дэд бүтцийг цогц систем байдлаар шийдэж чадаагүй байна. Манайд аpm.mn, mmarket.mn, rio.mn зэрэг платформ болж хөгжихөөр зорьж буй цөөн цахим хуудас бий. Старт-ап компани гэж хэлж болох тэд энгийнээр хэлбэл, онлайн зах хэлбэрээр хөгжихийг зорьж буй. Тэдний нэг apm.mn гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Анх цахим хуудсаа нээхдээ гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулж ирэн, зарж байсан бол өдгөө 200 орчим харилцагчтай болоод буйн дотор оюутан, том группүүд ч багтаж байгаа гэнэ лээ.
Гурван жилийн өмнө хүмүүс онлайн худалдааны талаар нэг их ойлголтгүй байсан нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөнийг тэд хэлж байна. Гэвч цахим худалдааны платформыг дэлгүүртэй андуурч, “Танайх хаана юм, очиж үзье” гэдэг хүн цөөнгүй аж. Манайхан гадаадын цахим хуудсыг ашигладаг ч дотоодынхыгоо төдийлөн сонирхохгүй байх тал ажиглагддаг гэнэ. Гэрээсээ цухуйлгүй хэрэгцээтэй 10 эд зүйл захиалбал тухайн айлын хаалгыг 10 хүн тогшихгүй байхад л платформ цахим хуудсаар үйлчлүүлсний хэрэг гарна. Цахим дэлгүүрээс захиалсан бүх барааг нэг л “зөөгч” “хамж” аваад хүргэж өгнө гэсэн үг.
Платформ цахим хуудсанд байршуулж, борлуулсан харилцагчид бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг хариуцдаг талаар APM компанийн ерөнхий менежер Ё.Бямбагэрэл өгүүлэв. Сайн чанартай биш бол үйлчлүүлэгчийг лавлахад хэлдэг байна. Жишээлбэл, “Энэ “Swarovski” бал ориг биш. Хятадаас оруулж ирж зарж байгаа нь” хэмээн операторууд хэлдэг гэсэн үг. Хэрэглэгчдээс чанартай холбоотой гомдол ирвэл цахим хуудаснаас устгадаг аж. Монголчууд барьж үзэж байж л сонголтоо хийхийг зорьдог.
Тэгвэл хэдий онлайнаар авч байгаа ч барьж үзээд шийдвэрээ гаргах давуу тал олгох ёстой гэж платформ цахим хуудасныхан үздэг байна. Хүргэлтээр авчруулсан бараа нь худалдан авагчид таалагдахгүй бол тэр дор нь, эсвэл 24-48 цагийн дотор буцаах боломжийг тэд олгодог аж. Мэдээж буцааж болохгүй бараанууд гэж бий. Төлбөрөө бэлнээр, дансаар, картаар хийх боломжтой. Худалдан авагчдын дийлэнх нь төлбөрөө бэлнээр хийх сонирхолтой байдаг бол сүүлийн үед картнаасаа “суутгуулах” нь арай нэмэгдэж буй гэнэ лээ.
Хэрэглэгчдээс онлайнаар болон утсаар захиалга авахад регистрийн дугаар, хаяг байршлыг нь бүртгэж авдаг. Иймээс ч систем дэх мэдээллийг чандлан, аюулгүй байдалд анхаарах нь чухал. Хэрэглэгчийн нууцлалын журмын дагуу мэдээллийг (регистрийн дугаар, банкны дансны зэрэг) нь алдахгүй байх хариуцлага хүлээдэг юм байна. Регистрийн дугаар бүртгэх нь насанд хүрээгүй хүүхэд нэвтрэхээс сэргийлэх ач холбогдолтой гэнэ. Одоохондоо хоч, хуурамч аккаунт, регистрийн дугаараар ч бүртгүүлж, бүтээгдэхүүн худалдан авч болж байгаа аж. Түүнийг нь мэдсэн ч одоогоор “Та үүнийгээ зас” гэж хэлэхгүй байгаа агаад 2-3 жилийн дараа бүртгэлээ сайжруулах ажил өрнүүлэхийг үгүйсгэхгүй юм билээ.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ
Нэг үеэ бодвол Интернэт худалдааны конференц зохион байгуулдаг болсон гээд манайд энэ тал дээр анхаарал тавьж буй. Гагцхүү цахим худалдаатай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй юм. Хэрэглэгч хохирлоо гэхэд цахим худалдааны вэбсайтууд өөрсдийн гаргасан журмаар зохицуулдаг байна. Хувь хүний нууцлал нь Иргэний, Хувь хүний нууцын тухай гээд холбогдох хуульд тусгагдсан байдаг тул тэдгээрээс “ашигладаг” аж. Ямартай ч “Цахим бизнесийг дэмжих төв” ТББ байгуулах сураг байна лээ.
Азийн орнуудын цахим худалдааны вэбсайтууд Европынхоос өөр, онцлогтой. Amazon. com-оос бараа захиалбал яг л зурган дээрх шигээ ирдэг. Харин Азийн орнуудын хувьд бүтээгдэхүүн зурагнаасаа загвар, дизайн нь бүр 80 хүртэлх хувь өөр ирэх тохиолдол бишгүй. Үүнийг азичууд эергээр гэж хэлж болохоор буюу “Сонирхолтой юм бэ” хэмээн хүлээж авдаг талаарх судалгаа гарчээ. Тэгэхээр Японы “Rakuten”, Сингапурын “Lazada”, Хятадын “Alibaba”-гаас бүтээгдэхүүн захивал сайн судалж, лавлах нь илүүдэхгүй бололтой. Мэдээж тэдний үйл ажиллагаа, стандарт гээд бүх зүйл нь өөр. Монголын хэрэглэгчдийн тухайд энэ талаарх судалгаа байхгүй юм.
Цахим худалдааны вэбсайтад бүтээгдэхүүнээ хамгийн өндөр үнээр байршуулж болохгүй гэх шаардлагыг харилцагчдадаа тавьдаг байна. Энэ нь ч цахим худалдааг сонгох байнгын хэрэглэгчийн тоо нэмэгдэхэд нөлөөлж буй биз. Арай өндөр үнэтэй байлаа гэхэд хүргэлт нь үнэгүй, дагалдах бэлгүүдтэй байх ч юм уу, хэрэглэгчид ямар нэгэн давуу тал олго гэдэг шаардлага тавьдаг аж.
БНСУ-д цахим худалдаагаар бүтээгдэхүүн захихад бэлгээр булдаг гэдэг шүү дээ. Манай “ITZone” компанийн интернэт дэлгүүрээс аппарат, компьютер авбал таван хувийн хөнгөлөлт эдэлж, НӨАТ-ын баримтыг и-мэйл хаягаараа авч болохыг цахим хуудаснаас нь харж болохоор байв. Платформ цахим хуудаснууд бэлэгнээс гадна хүү цуглуулж, дараагийн худалдан авалтдаа зарцуулах гэх зэргээр үйлчлүүлэгчдэдээ давуу тал олгохыг хичээдэг нь анзаарагдана.
Дашрамд дурдахад, гадаадын орнуудад хэрэглэгчид онлайнаар бүтээгдэхүүн худалдан авбал үнэхээр хямд авах боломж байгаа юм уу, үгүй юү гэдгийг мэддэг, “хар баасан гариг”-ийг хүлээдэг. BBC-д мэдээлснээр энэ жилийн “хар баасан гариг”-ийн үеэр америкчууд гар утаснаасаа гэхэд нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдан авсан байна. Мөн нийт худалдааны 50 хувиас илүүг нь онлайнаар хийсэн тухай хэвлэлүүд онцолж байсан юм. “Bloomberg intelligence”-ийн мэдээлснээр ирэх онд онлайн худалдааны орлого 26 хувиар өсөх тооцоо ч гарсан байна.
ЭКСПОРТОД ДЭМТЭЙ
Монголын зарим платформ цахим хуудасны хувьд захиалгаа хятад, орос, англи, солонгос хэл дээр мэдээлдэг байна. Бас операторууд нь дээрх хэлээр мэдээлэл өгдөг аж. Энэ нь гадаад орнуудаас захиалга авахад дэмтэй тул экспортод нөлөөтэй. Цахим худалдааны вэбсайтуудын нэг нь гэхэд бүртгэлтэй 50-иад мянган хэрэглэгчтэй болжээ. Мэдээж идэвхтэй үйлчлүүлдэг нь дээрхээс харьцангуй цөөн гэнэ. Тэдний хувьд зарим төрлийн барааны сонголт маш цөөн, мэдээлэл нь хангалттай биш гээд цаашид анхаармаар зүйлс бий нь анзаарагдаж байлаа.
Онлайнаар бүтээгдэхүүн авахад мэдээж хүргэлтээр үйлчилнэ. Ер нь онлайн худалдааг дагаад агуулах, хүргэлтийн гээд дагалдах үйлчилгээ хөгждөг. Манайд “Монгол шуудан”, “KGB Tegbe” зэрэг хүргэлтийн цөөн компани бий. Үүнээс гадна платформ цахим хуудасныхан өөрсдийн унаагаар хүргэж өгдөг байна. Тэгэхдээ байршлаа оруулахад хэдэн төгрөгөөр хүргэх нь аль дүүрэг, хороо гэдгээс шалтгаалан автоматаар харагддаг гэнэ. Нийслэлээс гадна бүх аймаг руу шуудангийн үйлчилгээгээр хүргэдэг.
Худалдан авагчид бүтээгдэхүүн захиалчихаад, “Төдөн минутын дараа очъё” гээд таг болчихдог, эсвэл авах байршлаа гэнэт сольчихдог нь бэрхшээл учруулдаг аж. Энэ нь сайн ойлголттой болж чадаагүйтэй холбоотой. Манайд гэр хороололд байтугай орон сууцны “шавааралдсан” хотхонуудаас айл олоход ч түвэг учрах нь энүүхэнд гэнэ. Гадаадын орнуудад айлуудын шуудангийн хайрцагт нь үлдээчихдэг, аль хүргэлтийг сонгон үйлчлүүлбэл ямар төлбөр төлөх нь цахим хуудаснаас харагддаг. Мөн захиалсан өдрөө, эсвэл гурав хоногийн дотор хүргүүлэхээс сонгож, түүндээ тохирох төлбөрөө хийдэг байна.
“.... сонирхъё” гэсэн фэйсбүүк дэх хэн нэгний постны дор тэр дороо өч төчнөөн бараа бүтээгдэхүүний зураг нь үнэтэйгээ “гарч ирдгийг” Та анзаарсан биз ээ. Цагаа хэмнэх хүсэлтэй хүмүүст онлайн худалдаа хэрэгтэй. Гагцхүү компани бүрийн цахим хуудсыг шагайж суухыг тэр бүр хүсэхгүй. Тиймээс ч цахим худалдаа хөгжих шаардлага, орон зай бий юм.