
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхан, цэцэрлэгийн хүүхдүүдэд “Үдийн цай” өгдөг болоод өдгөө 10 дахь жилтэйгээ золгож байна.
28 дугаар сургуульд үдээс хойш очсон тул V ангийнхан хичээллэж байв. 14.40 цагт их завсарлагааны хонх жингэнэж, алчуур, шингэн саван барьсан багачууд сургуулийн хонгилоор ариун цэврийн өрөө рүү гүйлдэх нь цайндаа орохоор бэлтгэж буй хэрэг аж. Ариун цэврийн өрөөнийхөө үүдэнд цэгцтэй гэгч нь дараалан зогсож, гараа угаачихаад ангидаа орох М.Батзаяа багштай 5а бүлгийнхнийг сонгосон юм. Хүүхдүүд ширээн дээрээ алчуур гарган дэвсэж, хоёр гараа зөрүүлэн, томоотой гэгч нь суугаад хоолоо хүлээнэ.
Дөрвөн хүүхэд салааны дундуур явж, аяга, халбага тараав. Тэд ийнхүү өдөр өдрөөр ээлжлэн жижүүр хийдэг юм билээ. Харин сургуулийн цайны газрынхан нь хувинтай хоол, данхтай цайг анги бүрт хүргэж, багш нь бүх хүүхдэд аягалж өгдөг юм байна. Бие биетэйгээ мөргөлдөж, халуун хоол, цайнд түлэгдэхээс сэргийлэн, тэдний ангийнхан I, II салааныхаа голоор зөвхөн арагш, II, III салааны дундуур урагш явдаг нь их дэгтэй харагдсан. Энэ өдрийн цэсэнд гоймонтой шөл, чацарганы шүүс байв. Хүүхдүүд хоолоо хурдан, нэмж идэж байв. Хоол амттай байсан, эсэхийг асуухад бүгд нэгэн дуугаар “Амттай байна” гэж хариулав.
Ангийн багш М.Батзаяа “Манай анги 40 хүүхэдтэй. Тэд I ангиасаа эхлээд үдийн хоолны дэглэмээ сайн барьж ирсэн. Ангид ямар ч идэх юм авчирч болохгүй гэж хэлдэг учраас хоолоо идэхгүй байх, хаях асуудал гардаггүй. Чихэрлэг зүйл, элдэв амттан хүүхдийн гэдсийг дүүргэдэг. Хөц, гурвалжин будаа идэхгүй хүүхэд байдаггүй. Хүний биед сайн, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг гэж хэлэхээр хүүхдүүд ойлгоод, иддэг” гэв. Харин хүүхдүүдээс хөц, гурвалжин будаа идэх дуртай юу гэхэд таван хүүхэд дургүй гэж хариулсан юм.
Тэд “Дургүй байсан ч иддэг. Хүний биед сайн шүү дээ” гээд инээлдэв. Өдөр бүр юу иддэг талаар асуухад сурагч Б.Содтуяа “Сургуулиас өгдөг бүх хоол амттай, гоё. Би их сэтгэл хангалуун байдаг. Идэж чадахгүй хоол байхгүй. Гэртээ бол ихэвчлэн байцаатай хуурга иддэг” гэсэн бол Б.Амартүвшин “Гэртээ янз бүрийн хоол идээд сурчихсан болохоор сургуулийнхаа бүх хоолыг иддэг. Заримдаа давс нь ихэдсэн байдаг болохоор идэж чаддаггүй. Хөц будаа гэж юу байдгийг сайн мэдэхгүй байна” гэв. Хоолондоо сэтгэл хангалуун байдаг энэ ангийнхныг орхиод, сургуулийн цайны газарт нь орлоо.
Өдгөө гурав дахь жилдээ тус сургуульд ажиллаж буй “Анар стар” ХХК-ийн захирал Б.Мөнх-Эрдэнэ “Манайх “Талх чихэр”, “Өгөөж” ХХК-иас боов боорцог, “Улаанбаатар мах экспо” компаниас мах, “Дүүхээ” худалдааны төвөөс сүү, цагаан идээ, “Тансаг жүрж” ХХК-иас нарийн ногоогоо авахаас гадна “Эрдэнэ эх”, “Ганга түүчээ” зэрэг газруудтай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. “Үдийн цай” хөтөлбөр хэрэгждэг ч бид “Үдийн хоол” болгож, долоо хоногийн дөрвөн өдөр нь махтай хоол, нэг өдөр нь цагаан хоол өгдөг. Ингэхдээ аль болох хүүхдэд шим тэжээлтэй хоол, хүнс өгөхийг зорьдог. Ер нь манайх сайн хоолтой гэдгээрээ ялгарах цөөхөн компанийн нэг. Хамт олон минь хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс” хэмээв.
“Анар стар” ХХК-ийн ерөнхий тогооч Б.Гантуяа “Өдөрт нэг хүүхдэд 600 төгрөгний хоол өгөх ёстой. Бид долоо хоног бүр хоолны цэсээ шинэчилж, сургуулийн эмч, захирал зэрэг 20 хүнээр амталгаа хийлгэн, эцэг эхчүүдээс санал авдаг. Цэсэнд бууз, мантуун бууз, пирошки, тефтель, төмсний хучмал, туузан, дун гоймонтой шөл, ногооны зутан, нухаш, бууцайтай бантан зэрэг олон нэр, төрлийн хоолноос гадна янз бүрийн жимстэй цай, чацаргана, аарц, аньс, нэрсний шүүс ордог. Давснаас өөр амтлагч хийдэггүй. Нарийн ногоо голдуу ашигладаг.
Түүнчлэн үхрийн мах манай гол бүтээгдэхүүн. Яс чанасан шөлөндөө ихэнх хоолоо хийдэг тул амттай болдог. Хүүхдүүд 250 гр-ын аягаар дүүрэн идэхэд ч хоол хангалттай хүрдэг. Зарим нь бүр нэмнэ шүү дээ. Манай компани бүх хүүхдийн аяга, халбагыг өгч явуулдаггүй. Нэгдсэн журмаар ангиудад тарааж өгөөд, дуусахаар нь хурааж, тусгай ариутгах төхөөрөмжид бүгдийг нь угаадаг. Ингэснээр хүүхдийг элдэв өвчнөөс бага ч болов сэргийлж байна. Ер нь ариун цэвэртээ дээд зэргээр анхаарна.
Тухайлбал, ажилчид угаалгын өрөө рүү явахдаа ажлын хувцас, малгайгаа тайлдаг. Өглөө 04.00, 05.00 цагт ирж хоолоо бэлдэнэ. Ямар ч хоол хонуулахгүй, шинэ дээжийг 24 цаг хөргөгчинд байлгаад хаядаг” хэмээв. Тэдэнтэй ийнхүү ярилцах зуур хичээл завсарлаж, уг цайны газар бум бужигнаж, түм түжигнэсэн газар болчихлоо. Завсарлагааны хэдхэн минутаа ашиглан ходоодоо баярлуулах гэсэн хүүхдүүд энийг ч авъя, тэрийг ч идье хэмээн шуугилдав.
Энэ үеэр хүүхдээ дагуулсан нэгэн аав орж ирэв. Түүнтэй уулзаж, хүүхдийнхээ “Үдийн цай”-нд сэтгэл хангалуун байдаг, эсэхийг асуухад “Манай хүүхэд III анги. Гэртээ бол хэр баргийн хоол идэхгүй шүү дээ. Их голж, шилдэг. Гэтэл сургуулийнхаа хоолыг идээгүй гэж хэлдэггүй л юм. Бүгдийг нь идсэн, цадаагүй гэдэг. Амттай байдаг болохоор тэгдэг юм болов уу” гэв.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн II сургуульд лхагва гаригийн 13.30 цагийн үед очлоо. Хичээл нь хэдийнэ эхэлсэн ч үдийн цайндаа хараахан ороогүй байв. Тус сургууль бага ангидаа 1500 гаруй хүүхэдтэй бөгөөд үдээс хойш I, II анги бүгд, III, IV-ийн хэдхэн бүлэг л хичээллэдэг аж. Дээрх хүүхдүүдийн үдийн цайг “Алтай голдэн стар” ХХК-ийн 10 ажилчин хоёр гал тогоонд бэлтгэдэг юм билээ. Тус компанийн захирал Д.Мөнхтуяа “Бид энэ сургуульд гурван жил үйл ажиллагаа явуулж байна. Улсаас нэг хүүхдийн хоолонд өгдөг 600 төгрөгийн тал нь буюу 300 нь урсгал зардал, ажилчдын цалин хөлсөнд зарцуулагддаг.
Харин үлдсэнээр нь хүүхдүүдээ хооллодог. Гэхдээ үдийн хоол биш цай хөтөлбөр учраас хүрдэг л юм. Ер нь өдөр бүр л юмны үнэ өсөөд байна шүү дээ. Улс даяар Хэнтий, Баянхонгор аймгийн нэг, нэг, нийслэлийн 57 бил үү дээ нийт гурван сургуульд л “Үдийн хоол” хөтөлбөр туршиж байна гэж ноднин ярьж байсан. Энэ жил чухам юу болсныг сайн мэдэхгүй. Тиймээс үдийн хоол гэж ойлгож болохгүй. Гэхдээ хүүхдүүдэд аль болох амттай, чанартай, тэжээллэг зүйл өгөх зорилгоор долоо хоногийн гурван өдөр нь махан хоол, хоёр өдөр нь гурилан бүтээгдэхүүн өгдөг. Боов боорцгоо өөрсдөө хийж, ихэвчлэн хонины мах хэрэглэдэг. Хүүхдүүд аяга, халбагаа гэрээсээ авчирдаг. Хоолны материалаа гэрээтэй газруудаасаа авна” хэмээв.
Цайны газартай танилцаж байх хооронд үдийн завсарлага ч боллоо. Энэ ээлжийн 3г бүлэгт тогооч мантуун бууз, хар цай тарааж байв. Хүүхэд бүрт нэг мантуун бууз, аяга цай хийж өглөө. Хүүхдүүд хоолныхоо өмнө гараа нойтон салфеткаар цэвэрлэж, ширээн дээрээ алчуур дэлгэжээ.
20 литрийн хувинд хоёр ангийн хоол хийсэн тул цайны газрын ажилчин үлдсэнийг нь нөгөө ангид өгөхөөр гарч явлаа. Хүүхдүүд дор бүрнээ чимээ гаргалгүй, цэвэрхэн гэгч нь хооллож дуусаад, аягаа цүнхэлсэн тул тэдний хэн нь идсэн, идээгүйг мэдэх аргагүй. Нэг охин хоолоо идэхгүй суугаад байв. Түүнээс яагаад идэхгүй байгааг нь асуухад “Миний гэдэс өлсөхгүй байна” гэв. Харин А.Амин-Эрдэнэ “Би боорцогноос бусдыг нь иддэг. Тэр нь амтгүй, муухай байдаг болохоор идэж чаддаггүй” гэлээ. Ангийн багш Сарантуяа “Бүх хүүхэд хоолоо иднэ. Бие нь өвдсөн ч юм уу, цагаан хоол иддэг хүүхдүүд л орхих нь бий. Өнөөдөр манай ангид 43 хүүхэд байна. Гадуур ханиад их байгаа учраас ес нь өвчтэй гээд ирээгүй” гэв.