
Баар, цэнгээний газар хамгийн олон байдаг Сансар, XIII хороолол орчмоор хэсэг явлаа. “Дуудлагын жолооч” гэсэн зарлал энд тэндгүй наалттай байх юм. Хэд хэдэн зарлал дээрх утсаар нь холбогдоход “Нэг цагийн хөлс нь 10 мянган төгрөг” гээд “Хаана байгаа, ямар машин бэ. Хаашаа хүргүүлэх вэ” гэх ижил асуулт тавив.
Хотын төвд байвал 20-30, захад байгаа бол нэг цаг орчим явж очдог гэнэ. Гэхдээ тэд ямар нэгэн даатгалгүй нь түгшүүр төрүүллээ. Миний өмчийг эвдчихгүй, намайг эсэн мэнд очих газарт минь хүргэж өгч чадах, мөн даатгалтай, эсэхийг нь лавлахад “Та өөрөө даатгалтай биз дээ. Тэгээд ч ойрхон газар яалаа гэж осол гаргадаг юм. Яг ямар зорилгоор үүнийг асууж байгаа юм бэ” хэмээн уцаарлав.
“Дуудлагын жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн атлаа үйлчилгээнд явдаг зөрчил гаргах боллоо” гэх Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээлэл болон зарим хүний гомдлын мөрөөр сурвалжилга хийсэн нь энэ. Өдөрт хэдэн арваараа осол гаргаж, баригдаад, хэдэн арван хүн гэмтэж байсан үеийг бодвол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарах нь харьцангуй багассан.
“Машинтай яваа, уухгүй” гэж хэлэх хүн олширч, сархад хүртсэн нь дуудлагын жолооч дууддаг соёлд суралцаж байна, манайхан. Гэтэл “Хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” гэдэг шиг явдал болж байна. Ялангуяа дуудлагын жолоочийн албан тушаалд өөрийгөө томилсон хувь хүмүүс зөрчил цөөнгүй гаргах болж. Согтууруулах ундаа хэрэглэсэн атлаа жолоо барьсан, машиныг нь эвдлэх, дотроос нь эд зүйлийг нь хулгайлах гээд таагүй мэдээ ар араасаа хөвөрч байна.
2016 оны сүүлийн сард дуудлагын жолоочтой холбоотой 20 гаруй дуудлага, мэдээлэл замын цагдаагийнханд бүртгэгджээ. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард дуудлагын нэгэн жолооч иргэн С-ийн машиныг жолоодож очоод, гараашид нь оруулахдаа урд хормойг нь хананд нидэрчээ. Мөн иргэн Ч машинаасаа МР тоглуулагч, зөөврийн зай хураагуур, салон өнгөлөгчөө алдсан байна. Тухайн үед түүний машинд дуудлагын жолоочоос өөр хүн суугаагүй гэнэ.
Оройн 21.00 цагаас хойш дуудлагын жолооч нар ажилдаа ордог юм байна. Сансар дахь “Банана” баарны хамгаалагч “Машины урд шил, хаалга гээд наад хүмүүс чинь хаа сайгүй зарлалаа наадаг. Орцонд ч наана шүү дээ. Эрхээ хасуулж, торгуулж байснаас таксины мөнгөөр гэртээ хүргүүлэхийг хүмүүс илүүд үздэг болсон. Манай энд хэд хэдэн хүн дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг юм. Жолооны үнэмлэхтэй хэн ч хийж болох ажил шүү дээ” гэж ярив.
Харин “Миракли” уушийн газрын ажилтан “Зарим цэнгээний газрууд дэргэдээ дуудлагын жолоочтой болсон гэж сонссогддог. Хүмүүс дуудлагын жолооч байна гэхээр л “За тийшээ хүргээд өгчих” гээд л дагуулаад явчихдаг юм. Тэр хүнийхээ бичиг баримтыг ч шалгадаггүй” гэлээ.
Дуудлагын жолооч ингэхэд ямар шалгуур хангасан байх шаардлагатай юм бол оо? Хамгийн багадаа 5-8 жил жолоо барьсан туршлагатай, аль нэг хуулийн этгээдийн ажилтан байхаас гадна сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэж байгаагүй хүн дуудлагаар жолоо барьж болох аж. Дээрээс нь Замын хөдөлгөөний дүрмээ мэдэх ёстой.
Гэтэл манайд уг шаардлагыг хангаж буй хүн тун цөөн гэнэ. Хувь хүмүүс ч гэлтгүй дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ажилтнууд ч даатгалгүй байх тохиолдол байна. “1900-1950” тусгай дугаараар дамжуулан дуудлагын жолоочийн компанитай холбогдож, энэ талаар тодруулахад “Шинээр орж, туршилтаар ажиллаж байгаа жолооч нар даатгалгүй байж магадгүй. Түүнээс биш манай жолооч нар цөм даатгалтай. Зарим нь таксины жолооч” гэв.
Гэтэл даатгалтай гээд тус төвөөс явуулсан жолооч нь осол гаргачихаад байхад компани нь ч, жолооч нь ч “Хариуцахгүй” гэсээр иргэнийг хохироосон тохиолдол байна. Мөн тохирсон цагаасаа хоцорч ирдэг, хариулт өгөх боломжгүй, халаас хоосон жолоочтой “Yes” гэх дуудлагын жолоочийн компани ч үүнтэй ижил хариулт өгсөн юм.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Энэ үйлчилгээг зохицуулах журам ч байхгүй
Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Бөхбатаас энэ талаар тодрууллаа.
-Дуудлагын жолоочийн үйлчилгээ иргэдийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гэтэл дуудлагын жолооч нар бусдад хохирол учруулах боллоо. Танай албанд ийм гомдол хэр олон ирж байна вэ?
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд орох зөрчил их байна. Үүнийг багасгахад нөлөөлөх нэг арга нь дуудлагын жолоочийн үйлчилгээ гэдэг нь үнэн. Нийгэмд тэдний хэрэгцээ, шаардлага бий учраас нэгдсэн зохион байгуулалтад орчихсон “Улаанбаатар сервис”, “Ноён зууч 1950” зэрэг дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд эхнээсээ гарч ирж байна.
Ямар нэг аваар гарсан үед хариуцлага хүлээх чадамжтай гэсэн үг шүү дээ. Гэтэл үүний хажуугаар гаргасан зөрчилдөө хариуцлага хүлээх чадамжгүй, жолооны сургуулиа дөнгөж төгссөн хувь хүмүүс дуудлагын жолооч хийх нь олширлоо. Ядаж гурван жил жолоо барьсан туршлагагүй тэд бусдад хохирол учруулж байна. Тэд голдуу баар, цэнгээний газруудын үүдэнд зогсож үйлчлүүлэгч олдог. Тэдэнтэй холбоотой гомдол олон байна.
-Ямар гомдол их гарч байна вэ?
-Дуудлагын жолооч нь тухайн хүний эд хөрөнгийг хариуцдаг учир шаардлага, шалгуур өндөртэй ажил. Жолоо барьсан олон жилийн туршлагатай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, замын хөдөлгөөний дүрмээ сайн мэддэг гэх энгийн шаардлагыг хангасан байх учиртай. Гэвч тэдэнд ийм мэдлэг, чадавх байдаггүй. Хүний машинаар хайс, хашлага шүргэх нь энгийн үзэгдэл. Дуудсан хүнийхээ машиныг жолоодож явахдаа хүн мөргөчихөөд хэргийн газраас зугтсан тохиолдол ч байна.
-Дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын жолооч нар ч ийм зөрчил гаргадаг юм билээ. Танай албанаас жолооч нарыг нь шалгадаггүй юм уу?
-Одоогийн байдлаар Замын цагдаагийн алба болон цагдаагийн байгууллагатай гэрээ байгуулсан дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага нэг ч байхгүй. Тэднийг байж болно, болохгүй гэсэн өгүүлбэр ямар ч хууль, дүрэм, журам байдаггүй. Монгол Улсад хуулийн этгээд бүртгүүлэхэд авдаг журмаараа л зөвшөөрөл авдаг.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тухайн байгууллагыг шалгах ёстой. Цагдаагийн байгууллага иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажилладаг болохоор зөрчил гаргадаггүй байгууллагаар үйлчлүүлэхийг иргэддээ зөвлөдөг юм. Харин ямар хүн авч ажиллуулах вэ гэдэг нь тухайн компанийн хариуцах асуудал болж байгаа юм.