

“Боломжгүй, бүтэхгүй гэж бусдад хэлэх нь байтугай тэгж бодохыг ч хүсдэггүй” гээд инээмсэглэх Ц.Сувд-Эрдэнийг хүмүүс “Бөмбөгөр” худалдааны төвд цай зардаг Хорлоо эмээгийн “охин” гэдгээр нь андахгүй дээ.
Амьддаа бие биенээ хайрлаж, алив бүхнээрээ бусдад харамгүй туслахыг амьдралынхаа гол зарчим болгосон энэ бүсгүйг жаахан байхад ээж аав нь “Ядарсан нэгний мод түлээг хагалаад өгч бай” гэж сургаж илүү гарсан сүүгээ хөршийндөө өгдөг сэтгэлтэй болгон төлөвшүүлжээ. Ингээд ярихаар түүнийг чинээлэг нэгэн, эсвэл “Ядарсан нэгнээр шоу хийж, нэрд гарах гэсэн юм болов уу” гэж уншигч та хардаж мэдэх юм. Гэхдээ хэцүү бэрхийг туулсан хүн л бусдын зовлонг илүү ойлгодог бололтой.
Үнэндээ түүний амьдрал үрг элж шулуун дардан байгаагүй. Оюутан байхад ээж нь, таван жилийн өмнө аав нь түүнийг орхиж, нэг насыг хамт туулахаар сонгосон хүнээсээ ч салаад “Хорвоо чи миний зовлонд цадах болоогүй юу” гээд сөхөрч явсан удаа бий.
Ямар ирээдүй угтаж буйг ч мэдэлгүй аавынхаа гэрийг ачаад хоёр нялх үртэйгээ Увсаас хотод зориглон нүүж ирсэн нь одоогоос таван жилийн өмнө. Улаан нялзрай үрсээ хоосон хонуулахгүйн тулд тэрбээр арьс угаагч, цэвэрлэгчээс авахуулаад хийж болох бүхий л ажилд борви бохисхийлгүй зүтгэжээ. Уг нь Ц.Сувд-Эрдэнэ банкны эдийн засагч мэргэжилтэй ч ажил олдохгүйн зовлон түүнийг тойрсонгүй. Тэр үед идэх хоол, түлэх түлээгүй, гачигдаж хонохын зовлон ганц нэг удаагаар тогтохгүй тохиолдож.

Гэвч бүсгүй амьдралын хатуу бэрхэд бууж өгч, сөхрөлгүй зүтгэж явахдаа тэр нэгэн өдөр Хорлоо эмээтэйгээ учирсан нь түүний амьдралыг эрс өөрчилжээ. Энэ тухайгаа тэрбээр “Хорлоо гэдэг сайхан сэтгэлтэй, ядарсан эмээ бий. Хөл муутай, өндөр настай хэрнээ “Бөмбөгөр” захад цай зарж, амьдралаа залгуулдаг. Их өрөвдөх юм аа” хэмээн нэг найз маань надад ярьсан юм.

Тэр өдрөөс хойш өнөөх эмээтэй уулзаж, хоолоор ч болтугай дайлах юмсан гэх бодол төрөөд, шөнө ч унтаж чаддаггүй ээ. Эрж, сурсаар ашгүй нэг өдөр Хорлоо эмээтэй автобусны буудал дээр таарсан юм. Таяг тулсан, хөл муутай тэр эмээг гэрт нь хүргэж өгөхөөр хамт явлаа. Орой болчихсон тул дараа хоолонд оруулахаар шийдсэн хэрэг. Замдаа бид сэтгэлийн үгсээ ярилцаж амжсан. Хашааных нь үүдэнд хүргэж өгөөд буцах гэтэл намайг гэртээ урьсан юм. Гэтэл нүд хальтрам, өрөвдмөөр дүр зураг угтаж билээ.

Боломжтойхон айлын нүүрсний амбаараас ч умгар газарт түлэх түлээ ч үгүй зутруу амьдарч буйг нь хараад сэтгэл их өвдсөн. Тэгээд л ийм сайхан эмээд тусалж, орох оронтой болгоё гээд энэ тухай фэйсбүүк хуудсандаа бичиж, бусдаас тусламж хүссэн юм.
Хүмүүс ч миний санаачилгыг их сайхан хүлээн авч, дэмжсэн. Долоохон хоногийн дотор надтай 2000 гаруй хүн нэгдэж, Хорлоо эмээд байшин барьж өгсөн дөө” хэмээн ярихдаа нүд нь очтон гэрэлтэж байлаа.

Шинэ байшингаа эмээд бэлэглэнэ, маргааш хурдан болоосой гэж догдлоод тэрбээр өмнөх шөнө нь ер унтаж чадаагүй боловч Хорлоо эмээ аль хэдийнэ телевизийн мэдээгээр олоод мэдчихсэн байжээ. “Байшингийнхаа түлхүүрийг гардуулж өгөх гэж байхад миний гарыг атган, баярын нулимс унаган зогссон эмээгийн төрх миний сэтгэлээс ер гардаггүй юм” хэмээн дурссан Ц.Сувд-Эрдэнийн сайхан сэтгэлийн үүднээс санамсаргүй эхлүүлсэн ажил нь тийнхүү бүтэхэд их урам авчээ.
Улмаар Хорлоо эмээд байшин барьж өгөх аянд нь тусалсан 50-иад хүн түүнтэй нэгдэж, “Итгэл, сэтгэлийн гүүр” санг ердөө ганцхан сарын дараа буюу 2015 оны нэгдүгээр сард албан ёсоор байгуулсан байна. 10-аад аж ахуй нэгжтэй хамтран ажилладаг тус сан өдгөө 10.000 гаруй дэмжигч гишүүнтэй болж.
Бусдад туслах, аз жаргал бэлэглэх оргилуун хүслээр жигүүрлэн яваа түүнд амьдралаас өгсөн хамгийн том шагнал нь Хорлоо эмээ гэнэ. Оюутан ахуй үеэсээ хойш эхийн хайрыг мэдрээгүй бүсгүйн сэтгэл доторх хоосон зайг “шинэ ээж” нь нөхжээ. “Зөвхөн намайг гэлтгүй, гурван охиныг минь эмээтэй болгосон амьдралдаа би хайртай. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг үнэн юм.

Бид дөрөв эмээтэйгээ уулзалгүй жаахан удахад л их санадаг даа. Гэрт нь очихоор төрүүлсэн ээжтэйгээ хамт байгаа юм шиг сэтгэл тайвшраад их сайхан болдог. Бага охин минь бүр гэртээ харихгүй гээд эмээг дагаж уйлаад сүйд болдог юм.

Хорлоо эмээ бид хоёрын хооронд эх, үрийн нандин холбоо тогтсон гэж би боддог” хэмээн Ц.Сувд-Эрдэнэ туулж өнгөрүүлсэн амьдралынхаа зовлон, жаргалыг нулимстай дэнслэн ярилаа.

Одоогоос найман сарын өмнө гурав дахь охиноо төрүүлээд эмнэлгээс дөнгөж гараад байж. Хаа холоос “Сувд аа” гэх дуу хадаан, мах, сүү бариад гүйх шахам ирсэн хүн бол Хорлоо эмээ нь байв. Буянтай энэ буурай 10 гаруй хоногийн турш хүүхдийн даавуу угааж, нялх биетэй эхийг асарч тойглон, ээж хүний элгэн халуун сэтгэлийг мэдрүүлсэн нь түүнд их сайхан дурсамж үлдээжээ.

“Өөрийн гэсэн байртай болчихвол гэртээ хамгийн түрүүнд эмээгээ авч ирнэ” гэсэн Ц.Сувд-Эрдэнэ өдгөө айлын хажуу өрөө түрээсэлдэг.

Хорлоо эмээ ч бас “охин” шигээ сайхан сэтгэлтэй нэгэн аж. Олон залуугийн харцыг булаасан сайхан бүсгүй явахдаа ядарсан эмэгтэйн хүүг өргөн авчээ. Харамсалтай нь, ганц хүү нь сэтгэцийн өвчтэй тул эмчийн хяналтад байдаг гэнэ. Хүүгээ эмчлүүлэх гээд хотын төв дэх байраа зарж, олон жил эмнэлгээр явсан ч тусыг эс олжээ.
Эцэст нь орон гэргүй болж, нүүрсний жижиг амбаарт толгой хоргодохоос өөр аргагүйд хүрсэн хэрэг. Буурай өдгөө 94 настай ч “Бөмбөгөр”-ийнхнийг аагтай цайгаараа дайлсаар яваа. Энэ хоёр эмэгтэйн дунд нээрэн л хувь заяаны, тийм гэхийн аргагүй нарийн нандин холбоо, учрал ерөөл байсан мэт.
“Би гурван өнчин хүүхэдтэй, борог бааздуухан амьдралтай болохоор бусдын зовлонг илүү сайн ойлгодог байх. Тиймдээ ч олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хараад зүрх эмтэрдэг юм.
Тэдэнд юу хэрэгтэйг сайн мэднэ. Тусалсныхаа дараа сайхан гүнзгий амьсгаа авмаар болж, сэтгэл онгойдог” гэх Ц.Сувд-Эрдэнийн тэргүүлж буй “Итгэл, сэтгэлийн гүүр” сангийнхан одоогоор 20 айлд гэр бэлэглэж, 4000 гаруй иргэнд тусламжийн гараа сунгаад буй.
Зүгээр нэг “Тэг, ингэ” гэж зааварлаж, дүрэмдээд байлгүй бүх ажилд сэтгэл зүрхээрээ, гар бие оролцдог болохоор хүмүүс түүнийг их хүндэлдэг юм билээ. Хэн нэгэнд нүүрс аваачиж өгөх хэрэг гарвал өөрөө хүрз бариад буулгаж зогсоно, ганцхан кг мах хүргэх байсан ч оройн хоолны цагаас нь өмнө дөхүүлээд өгчихье гээд гүйж явна.
Бусдад туслах хүсэлтэй эх орондоо төдийгүй гадаадад амьдарч буй монголчууд “Итгэл сэтгэлийн гүүр” рүү хандивын зүйлсээ илгээдэг. Тэдэнд нэг кг мах, 500 гр сүү хандивласан ч багаддаггүй гэнэ. Тус байгууллагынхан нийслэлийн дүүрэг, хороодод өрхийн амьжиргааны түвшний судалгааг түүврийн аргаар хийж, зайлшгүй тусламж үзүүлэх шаардлагатай иргэдэд хандиваа тараадаг юм билээ.
“Манайхаан, энэ ядруу хүнд бүгдээрээ тусалъя”, “Тэр маань бидэнд ийм зүйлс хандивлажээ”, “Ийм хүмүүст туслах гэсэн юм, унаа тэргээр туслаач” гэх мэтээр фэйсбүүктээ бичиж, бусдыг сайн үйлсэд уриалахаас Ц.Сувд-Эрдэнийн нэг өдрийн ажил эхэлнэ. “Итгэл, сэтгэлийн гүүр” сан албан ёсны ажлын байр, өөрийн гэсэн машингүй болохоор сайн үйлсийн ажлаа хийхэд чамгүй хүндрэл тулгардаг гэсэн.
Мөн бага охин нь найман сартай болохоор хүүхдийг нь харах хүн олдохгүй, дагуулж явахаас өөр аргагүй гэнэ. Гэвч хогийн цэгийнхэн, “өвгөнтийн хөндийнхөн” гээд хаана л тусламж үзүүлэх шаардлагатай, ядруу амьдралтай хүн байна, тэдэнд хандивын гараа сунгах нь Ц.Сувд-Эрдэнийн эрхэм зорилго. Энэ хооронд бяцхан охин нь ханиад хүрч, хатгаа тусан сандаргасан нь ч цөөнгүй.
Түүнд баяр, наадмын үеэр ч зав тун хомс байдаг аж. Өнгөрсөн шинэ жилийн баяраар л гэхэд АНУ-аас нэгэн эмэгтэй “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч, ачигч залууд өгөөрэй хэмээн шилжүүлсэн 50 ам.долларыг эзэнд нь хүргэж өгөөд, замаараа “шинэ ээжийнхээрээ” орон, гэр рүүгээ түгжирч явсаар машинд он гаргах шахжээ.
“Үнэнийг хэлэхэд хэн нэгэнд санасан хэмжээндээ туслах боломж надад байхгүй. Гэхдээ хийе, болгоё гээд явахад ажил аяндаа бүтдэг. Хүн сэтгэлээрээ баян байх хамгийн сайхан. Хүний итгэлийг алдахгүй байхыг эрхэмлэж явдаг” хэмээсэн тэрбээр тусалсан хүмүүсийнх нь амьдрал дээшлэн, дэвжихэд хамгийн их урам авдаг гэнэ.

“Итгэл, сэтгэлийн гүүр” сангаас тусламж авч хоёр идэхгүй ч товхийсэн амьдралтай болсон хүн цөөнгүй. Тэдний жилийн өмнө гэр бэлэглэсэн, долоон хүүхэдтэй Солонго гэдэг эмэгтэй өдгөө эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол цалинтай хэнээс ч дутахгүй амьдарч яваа.
“Сайн үйлсийн аян зохиож, бусдад туслах гэсэн юм” хэмээн санаачилга гаргахад “Ихэнх мөнгийг нь хувьдаа зувчуулах байлгүй” гэж хардах хүн олон. Иймэрхүү хандлага Ц.Сувд-Эрдэнэ төдийгүй “Итгэл, сэтгэлийн гүүр” санг тойроод өнгөрдөггүйг учирласан. Тиймээс өөрийнхөө болон сангийнхаа цахим хаягаар дамжуулж, санхүүгийн тайлангаа сар бүр гаргадаг юм байна.
Хоёр сартай ачтайгаа тавуулаа амьдардаг, 63 настай Н.Цэцэгээ эмээд гэр бэлэглэснийхээ маргааш нь Ц.Сувд-Эрдэнэ цахим хаягтаа “Цэцэгээ эмээд туслах зорилгоор цуглуулсан хандивын мөнгөнөөс нэг сая төгрөг илүү гарлаа.
Өвөрмонголчууд гэр бэлэглэсний ачаар мөнгө нэлээд хэмнэлээ. Бүгдээрээ мөнгө нэмж байгаад, хоёр нялх хүүхэдтэйгээ гараашид амьдардаг бүсгүйд тусалбал ямар вэ. Санал, бодлоо хуваалцаарай” хэмээн нийтэлснээс нь түүнийг хэр шударга гэдгийг харж болмоор.
Тэрбээр энэ санаачилгаа ч ажил хэрэг болгож, өнөөх бүсгүйд гэр бэлэглэсэн юм.
“Итгэл сэтгэлийн гүүр” санг машинтай болгох зорилготой “Тусалдаг хүнд тусалъя” аян өрнөөд удаж буй. Хэрвээ тус сангийнхан өөрийн гэсэн машинтай болчихвол сайн үйлсийн ажлаа хийхэд их нэмэр болох нь лав.

Жижиг дунд, үндэсний үйлдвэрлэл дээр тулгуурлаж, ядуу иргэдийг тогтмол ажлын байраар хангах нь түүний хамгийн том зорилго. “Хэн нэгэнд өнөөдөр кг мах өглөө гэхэд маргааш дахиад л өлсөнө. Тиймээс хүнээс дутахгүй сайхан амьдрах баталгааг бүрдүүлэх нь чухал.
Би сангийнхаа үйл ажиллагааг улам тэлж, цар хүрээтэй, боломжтой болмогцоо энэ ажлаа таван жилийн дараа эхлүүлнэ ээ” хэмээн тэрбээр даруухан өгүүлэв. Бусдад туслах хүсэлтэй хүмүүсийг хооронд нь холбох гүүр болж, хамтдаа нэгдэн, зүтгэвэл юу ч хийж чаддагийн амьд жишээ болж яваа нь түүний хамгийн том гавьяа.
Уншигч та “Би туслахгүй байлаа гээд алдах биш. За иймхэн юмаар л дутав гэж” хэмээн андуу бодож суугаа юм биш биз. Боломж, бололцоогүйгээ өмнөө барьвал гурван хүүхэдтэй, хажуу өрөө түрээслэн амьдардаг бүсгүйд бусдад туслах шиг хүнд даваа байхгүй нь мэдээж. Бидэнд мөнгө бус сэтгэл л дутаж байгаа биз ээ.