
Цахилгаан станцуудаас гарсан үнсийг ангилж, боловсруулаад зам, барилгын материалын түүхий эд бэлтгэх шинэ технологи нэвтрүүлэхээр геологи, уул уурхайн инженер А.Хүрэлбаатар сүүлийн арав гаруй жил судалгаа хийжээ.
“Монголчууд чанар муутай нүүрс түлдэг. Тэгвэл түүнээс ялгарч буй хорын ердөө 20 хувь нь агаарт дэгдэж, та биднийг хордуулаад байгаа бол үлдсэн 80 хувь нь үнсэндээ үлдэж, байгаль орчныг асар ихээр бохирдуулж байна” хэмээн тэрбээр яриагаа эхэлсэн.
-Та судалгаагаа хэзээнээс эхлүүлсэн бэ?
-2005 оноос эхэлсэн. Би насаараа уул уурхайн салбарт ажилласан инженер хүн. Хувь, хувьсгалын салбарт ажиллаж явсаар жаахан зав чөлөө гараад цахилгаан станцын үнсийг судалж үзсэн юм. Монгол Улсад найман том цахилгаан станц байдгийн дөрөв нь нийслэлд бий. Жижиг уурын зуухнуудыг тооцоогүй шүү. Энэ найман станцын үнсэнд судалгаа хийсэн.
“ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4”-өөс гарч буй үнсний хаягдал нь металлын хүдэр болж хувирснаар Туул голын сав газар, Улаанбаатар хотын агаарын бохирдолд ноцтой нөлөө үзүүлж байгааг өнгөрсөн 10 жил хийсэн миний судалгааны үр дүн харуулж байна. Дээрх цахилгаан станцууд жилд дунджаар 700 мянган тонн үнс үүсгэдэг. Эдгээр станцаас гарч буй үнсэн хаягдалд тоосонцор, цацраг идэвхт бодис, хүнд металлууд ихээр үүсэж байдаг.
Гэтэл олон улсын түвшинд цахилгаан станцаас гарч буй үнс нь хаягдал материал гэж тооцогдохоо хэдийнэ больсон. Барилгын материалын үйлдвэрлэлийн чухал түүхий эдээр үүнийг ашиглаж байна. “Цахилгаан станцуудын хаягдал үнсийг бүрэн ашиглах нь” төслийг 2006 оноос боловсруулж, оюуны өмчийн гэрчилгээгээр баталгаажуулсан.
Цахилгаан станцуудаас ялгарч буй хаягдал үнсэн дэх эрдсийн агууламж болох шохойн чулуу, муллит, гематит, магмит, шохой, кальц, ангидрид, ортиглаз зэрэг эрдсийг ялгаж, үнсний хаягдлыг ялгах үйлдвэрийн геологийн болон лабораторийн судалгаа, ТЭЗҮ-ийг өнгөрсөн 10 жилийн хугацаанд би хийж гүйцэтгэсэн.
-Яагаад заавал цахилгаан станцыг сонгосон юм бэ?
-Хамгийн их үнс хаяж байгаа газар бол мэдээж цахилгаан станц. Өдөрт л 300 вагон нүүрс Монголд орж ирж байна. Түүний 100 вагон нь буцаад үнс болдог. Гэр хорооллын айлуудынх ч ялгаагүй, түлсэн нүүрснийх нь 20-40 хувь нь үнс болдог.
Цахилгаан станцуудаас дээж авч судлахын өмнө уул уурхайн зөвшөөрөл авдаг тэр зарчмаар, бүх шат дарааллаар нь явсан. Тэгээд лабораторийн дүгнэлтүүдээ хийгээд, техникийн судалгаагаа эхлүүлсэн.
Эрчим хүчний эрдмийн зөвлөлийн хурлаар орж, эрдэмтдийн өмнө судалгаагаа баталсан.

-Нүүрсний 20-40 хувь нь үнс болдог гэж байна. Станцууд энэ их үнс хаягдлаа яг хаана шингээдэг юм бэ?
-Цахилгаан станцууд нуур гэж нэрлэдэг, үнсэн сандаа хаядаг. Өөрөөр хэлбэл, үнсийг хоолойгоор устай цуг урсгаж цахилгаан станцаасаа 2-3 км-ийн зайтай аваачиж асгадаг гэсэн үг. 110 га газарт өнөөдөр албан бусаар 17 сая тонн үнс байна.
Өдөрт 100 тонноор нэмэгддэг гээд бодохоор замбараагүй юм болж байгаа биз дээ? Цахилгаан станцуудаас гарч буй үнсэн сангийн дүүргэлт их өндөр байгаа.
Цаашид Улаанбаатарт байгаа цахилгаан станцууд үнс ний хаягдлаа байрлуулах нөөц хомсдож байгаа. ДЦС-ын нэг үнсэн санг 5-6 тэрбум төгрөгөөр байгуулдаг гэсэн тооцоо байдаг.
-Станц болгон дэргэдээ нууртай гэсэн үг үү?
-Тийм ээ. Манайхан энэ үнсийг огт ашигладаггүй. Зарим хүн үүгээр үнсэн блок хийдэг. Үнсээр блок хийгээд хашаагаа барьчих юм бол үхлээ өөр дээрээ авчирч байна гэсэн үг. Байшин барьчихвал бүр аюултай. Шивээ-Овоо, Багануурын нүүрсийг улаанбаатарчууд түлж байна, сүүлийн 30 гаруй жил.
Энэ олон жилийн овоорсон үнс цацраг идэвхт бодис маш ихээр ялгаруулдаг. Хүрэн нүүрс хамгийн бага боловсрогдсон, металл ихтэй. Шивээ-Овоо, Багануур хоёр чинь угтаа нэг бүсийнх шүү дээ.
Ойролцоо нь жонш, алтны орд бий. Цагаан алт, цайр бий. Нүүрсний орд газар л хойно, тэднийг бүгдийг нь тодорхой хэмжээгээр өөртөө цуглуулчихдаг.
-Нүүрсэн дэх агууламж үнсэнд нь ч үлддэг гэсэн үг үү?
-Яг тийм. Та бид утаандаа хордож байна гээд сүйд болж байгаа биз дээ. Утаа тэгвэл хорны зөвхөн 20-хон хувь нь. Цаад 80 хувь нь үнсэндээ үлдэж байгаа юм. Байгаль орчныг бохирдуулаад зогсохгүй биднийг өвөл, зунгүй хордуулна. Утааг 80 хувь бууруулна гэж амлалт аваад байгаа минь энэ л дээ. Чехүүд “Үнсэн орцтой ногоон бүтээгдэхүүн” гээд судалгаа хийсэн.
-Танд ямар гарц байна?
-Үнснээс дээж авч, би Герман руу явуулсан. Монгол Улсад хийсэн лабораторийн дүгнэлт, Германыхтай яг адилхан гарсан. Үнсэнд 46 хувийн цэвэр төмөр агуулагдаж байсан. Дарханы Төмөртэйн ордын төмрийн агууламжаас ч өндөр байгаа юм. Би ТЭЗҮ хийсэн. Үүнийг монгол аргаар яаж олборлож болох вэ гэж судлахад хамгийн өндөр түвшний тоног төхөөрөмжтэй нь Герман улс байгаа юм.
Германчууд “Одоо таны төсөлд ийм технологи хэрэгтэй. Танд зургийг нь өгч явуулъя. Яг ийм тоног төхөөрөмж ав” гэсэн хариу ирүүлсэн. Үнсийг хоёр гурван хэсэг ялгаж ангилах тоног төхөөрөмж л дөө. Нэг хэсэгт нь том хүнд металлуудаа авна. Нэгэнд нь хөнгөн металлууд, нөгөөгөөр нь шороо элс нь ангилагдаж гарах юм. Эхний ээлжинд зөвхөн ингэж ангилж ялгахад техник хэрэгтэй. Маш үнэтэй болчихоод байгаа юм.
Азийн хөгжлийн банкинд хандахад санхүүжүүлэх мөнгийг нь өгье гэсэн. Бүх зөвшөөрөл нь гарсан. Тэгтэл Азийн хөгжлийн банк, Хасбанк болохоор “Энэ чинь манайд байхгүй шинэ технологи. Тийм учраас та эхлээд ийм машин оруулж ирээд 10 вагоныг газар дээр нь ялгаад харуулчих” гэсэн.
Гэтэл би жирийн инженер хүн шүү дээ. Германчуудын хийсэн юмыг хятадууд сайн хуулбарладаг болсон. Эрээнд ийм төхөөрөмж угсруулах гээд захиалгаа өгчихсөн байгаа. Гэтэл энэ маань 200 сая төгрөг болчихоод байгаа юм.
-Энэ мөнгийг та хэрхэн босгоё гэж бодож байгаа вэ?
-Энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулснаар үнсний хэрэглээг улсын стандартад нийцүүлэн боловсруулж, үнснээс ялгарсан эрдсээр барилгын материал түүхий эдийг хямд зардлаар нийлүүлэх бүрэн боломж нээгдэх юм.
Би энэ төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзах цаг авах гээд хөөцөлдөөд чадахгүй сууж байна.
-Үнснээс болж бохирдол үүсэж буй хамгийн наад захын жишээг та хэлээч?
-80 хувийн хор нь үнсэнд үлддэг гэж би дээр хэлсэн. Тэгвэл үүнийг нэг дор бөөгнөрүүлчихээр үзүүлэх сөрөг нөлөө нь маш их болдог. Хамгийн эхний аюулыг нь ярья. Яармагийн гүүрний хажуугаар Туул голын далан байдаг. Нэг талаар нь “ДЦС-3” 47 га газар нуур байгуулаад булчихсан.
Дээр нь мод тарьдаг л гэдэг. Бороо ороод ус гоожихоор зэв урсана. Тэр зэв Туул голд шууд нөлөөлдөг. Энэ үнс чинь шохой цементний үндсэн материал шүү дээ. Туул голыг ёроолоор нь очоод цементэлчихдэг. Гол өөрөө өөрийгөө эмчилдэг, чулуу, шавраараа бохирдлоо цэвэрлэдэг.
Гэтэл үнсэн сан нуураас болоод гол доогуураа цемент болчихоор хөрсний сийрэгжилтээр амьсгалж байх ёстой загаснууд хаачих вэ. Тэр амьсгалыг нь боочихдог учир хавар баахан загас үхдэг.
Тэгэхээр би утааны 80 хувьтай тэмцэх гээд байгаа биз. Европт үнсийг тэгж ингэж ангилаад тийм юм хийж болно гээд стандарт тогтоочихсон.
-Та цахилгаан станцын үнсний тухай ярьж байна. Гэтэл гэр хорооллын 189 мянган өрхөөс гарч буй үнсийг яах вэ?
-Гэр хорооллынхны үнсийг авахад их амархан. Металл цуглуулагч машин гарсан. Яах вэ гэхээр гэр хорооллын айлуудын үнсийг хоёрхон машинаар цуглуулчихна. Айл айлын гадаа зогсоод сороод авчихна.
Өдөрт 100 тонноор нэмэгдэнэ гэдэг чинь аюул биз дээ. Цахилгаан станцуудад л хамгийн их бөөгнөрөл байгаа биз дээ. Орхон, Дархан-Уул аймагт ялгаагүй. Үүнийг олон улсад хэдийнэ шийдчихсэн, стандарт тогтоогоод өгчихсөн байна.
-Үнснээс ямар түүхий эд ялгаж авах вэ?
-Төмрийн хүдэр, цементний түүхий эд шохой, мөн хөнгөн цагаан гарна. Эднийг ялгаж авахаар цаана нь цэвэр их гоё элс үлдэнэ. Тэрийг солонгосчууд барилгад хэрэглэж байна. Далай руу хаяж байна. Тэгэхээр энэ бол эко технологи.
-Барилгын материалд ашиглах бүтээгдэхүүн гарна гэсэн үг үү?
-Тийм ээ. Зам, барилга, үерийн далан хийж болно. Үлдэх юм ер байхгүй. Манайх ангилж л чадахгүй байсан юм. Ангилах технологи нь байхгүй байлаа. Бид цаашдаа хордохгүй болно. Цахилгаан станцуудын хажууд нийт 110 га газар чөлөөлөгдөнө шүү дээ. Улаанбаатарт газар олдохгүй байна гэдэг.
Үүнийг чөлөөлчихвөл хэд хэдэн хороолол барих боломжтой. Миний энэ төсөл хэрэгжвэл би жилд 230 тэрбум төгрөгийн ашиг улсад оруулна. Энэ бүх тооцоог саяхан хийсэн юм. Энэ бол миний 10 хэдэн жилийн хөдөлмөр.
Цалингаар бодоход би сард 10 гаруй сая төгрөгийн судалгаа шинжилгээний ажил хийжээ.