
Иргэний дайнаас холдон эх орноосоо дүрвэсэн Сирийн иргэдэд дөрөв дэх жилдээ тусалж яваа Монгол Улсын иргэн Б.Батжаргалтай ярилцлаа.
Түүнийг Туркийн Истанбул хотод ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа хамтран тус улсад ирсэн дүрвэгсдэд халуун хоол, цай, хувцас тараах гэж бэлтгэлээ хийж байхад нь таарч ярилцсан юм.
-Та нутгаасаа хэзээ гарсан бэ. Хаагуур явав. Истанбулд байгаа сиричүүдэд туслах гэж байгаа тухай сонслоо.
-Арав хоногийн өмнө (Нэгдүгээр сарын 29-нд уулзаж ярилцсан) Монголоос гарсан. Турк, Сирийн хилийн бүс Антакиа буюу Антиох хотод байрлах дүрвэгсдийн хуаранд очиж, тав хоног ажиллаад ирлээ. Одоо Грек рүү нисэх гэж байна.
Тэнд байгаа дүрвэгсдийн хуаранд очиж ажиллана. Энэ сарын 3-нд Истанбулд байгаа Сирийн иргэдэд халуун хоол, цай, хувцас тараах юм. Энд ажиллаж, сурч буй монголчуудтайгаа хамтран будаатай хуурга хийж хүргэж өгөхөөр болсон.
Адилхан хүний нутагт байгаа юм чинь өөр зүйлийг хардаг болоосой, монгол залуус алсын хараагаа өөрчлөөсэй гэж боддог.

-Хэзээнээс дүрвэгсдэд тусалж эхэлсэн бэ. “Hope international” гэж таны ажилладаг байгууллага уу?
-Байгууллага биш ээ. Найзуудын хамтрал гэх юм уу даа. Надад тусалдаг, энэ ажлыг минь дэмждэг олон найз, төрийн бус байгууллагынхан бий. Оюутан байхаасаа л сайн дурын ажил хийдэг байлаа. Хөдөөгийн ядарсан иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалж, гадаадынханд орчуулга хийж, зохион байгуулагчаар ажилладаг байв.
Харин сүүлийн дөрвөн жил хилийн чанадад ажиллаж байна. Газар оронд нь очиж ажиллаж буй монгол хүн ховор. Дэлхийн өнцөг буланд байгаа зовлон амссан хүмүүс ялангуяа дүрвэгсэд, эрх нь зөрчигдөж буй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд монгол залуус хүрч ажиллах хэрэгтэй гэж би боддог.
Африкийн Руанда, Конго болон Зүүн өмнөд Ази, Лаос, Вьетнам руу явж сайн дурын ажил хийлээ. Мөн Өмнөд Солонгост усан онгоцноос тос асгарахад очиж, цэвэрлэж байлаа.
Энэ бүхэн залууст “Дэлхийг харъя” гэсэн мессеж өгөх зорилготой юм. Тогоон дотроо л байгаад байх биш, дэлхийн хүмүүс болцгооё л доо.

-Та энэ зорилгоо юунаас олж авав?
-Би эхээс олуулаа, есөн хүүхэдтэй айлын зургаа дахь нь. Чингэлтэйн эцсийн гэр хороололд ядуу тарчиг амьдарч үзсэн. Монголчууд картын бараанд шилжихэд ходоод хоосон хонож байсан.
Одоо цаг сайхан болсон ч монголчууд ядуу л амьдарч байна шүү дээ. Би орчуулагч мэргэжилтэй, баян хүн биш. Гэхдээ би амьдралаас хүссэнээ бүгдийг нь авчихсан. Одоо өгье гэж боддог.
-Та сая “Монголд ядуу хүн олон байна” гэлээ. Тэгээд яагаад тэдэнд биш, харь элгийн хүмүүст туслаад байгаа юм бэ гэх хүн цөөнгүй байх. Зарим нь танд дургүйцдэг болов уу?
-Монголд сайн үйлс хийдэг хүн, байгууллага олон бий. Тэд хийж л байг. Ядаж ганц хүн хилийн чанадад очоод монголчууддаа үлгэр дуурайл болъё.
“Монголчууд та бүхэнд анхаарал хандуулж байгаа шүү, монгол хүний халуун сэтгэлийг дамжуулж байна” гэж хэлдэг.
-Та монгол дээлээ байнга өмсөж явдаг юм билээ. Гаднынхан хэрхэн хүлээж авдаг вэ?
-Маш их сонирхоно, гайхна, хамт зургаа авахуулна. Монголын тухай Чингис хаанаар л төсөөлдөг. Хядад уу, солонгос уу, япон уу гэж асуухаар нь “Монгол” гэхээр “Ангол” гээд гайхаад байдаг юм.
Бид ийм түүхтэй, ийм ёс заншилтай гэж дэлхийд таниулж, үндэсний хувцсаа сурталчлах хэрэгтэй.

-Өлсгөлөн, өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдийг хараад адилхан хүүхэдтэй хүний хувьд таны сэтгэл өвддөг байх. Үүнээс болж хямардаг уу?
-Сэтгэл өвддөг. Чадвал би юу хийж өгөх вэ гэж боддог. Сая нэгэн сири эмэгтэй нялх хүүхдээ гудамжинд хуурайлж байна. Алгын чинээ даавуунд өлгийдөөд гуйлга гуйгаад сууж байлаа.
Таксимын гудамжаар явахад дуу дуулж суугаа хүүхдүүд, гудамжинд унтаж буй хүмүүс зөндөө таарна. Энэ бүхнийг хараад зүгээр халаглаад өнгөрөх биш, тэр хүнд мөнгө өгч чаддаггүй юм аа гэхэд гарыг нь атгаад тайтгаруулах нь сэтгэлийн дэм болдог.
-Та эрсдэлтэй газруудаар явах юм. Аминд халтай явдал тохиолдож байв уу?
-Африкт нэг эвгүй явдал болсон. Гэхдээ үүнийг яриад дэмий байх. Нэг турк хүнд 200 ам.доллараа луйвардуулж байлаа. Анх ирэхдээ дээл, гутлаа 12 удаа тайлж, нэгжүүлж байв. Ер нь жаахан айдастай явдаг. Гэхдээ зөв зүйл хийдэг, дээрээс нь өөрийн аюулгүй байдлаа байнга хангадаг учраас аюулд өртөх нь гайгүй.
Сая Сирийн дүрвэгсдийн хуаранд майхнаа бариад цуг хонох гэтэл Туркийн “Улаан загалмай”, “Улаан хавирган сар” нийгэмлэгийнхэн “Манай дотоод журамд дүрвэгсэдтэй хамт байрлаж болохгүй, тусдаа буудалд байх ёстой” гээд зөвшөөрөөгүй. Тиймээс дүрвэгсдийн хуаран, зочид буудлын хооронд 30 км газар ирж, очиж байв. Тэнд хүүхдүүд уранхай, ноорхой хувцастай, хөл нүцгэн, хоолгүй байхад би дулаахан оронд унтаж буйдаа сэтгэл өвдсөн.
-Энэ бүхний эцэст юуны төлөө ингэж яваа билээ хэмээн шантрах үе гарч байсан уу?
-Би энэ амьдралаас хүссэнээ авсан. Одоо хангалттай. Би хөөрхөн хүү, эхнэр, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ажилтай хүн. Хүн үхэхдээ бүгдийг нь аваад явахгүй шүү дээ.
Нүцгэн биеэрээ л шороон дор орно. Тиймээс би амьддаа хүмүүст юу хийж өгч чадах вэ, тэр бүхнийг хийхийг хүсэж байна.
-Тань шиг ийм бодолтой хүн олон байвал улс орон маань амархан хөгжинө дөө. Гэтэл олонх нь улам л шунаад эцэстээ бусдыг хохироохыг юман чинээ бодохоо больж.
-Монголчууд чинь халуун сэтгэлтэй шүү дээ. Би ганцаараа баатарлаг, буянтай, хүмүүнлэг хүн биш. Африк явахад найз нар маань гар хоосон явуулахгүй гээд нярайн шинэ малгай 900 гаруйг цуглуулж өгсөн.
Африк хэдий халуун орон ч хоёрхон хэм буурахад л нярай зулайгаараа дулаанаа алдаж эндэх нь маш их юм билээ.
-Олон орноор явж нүд тайлсны хувьд таны амьдралыг үзэх үзэл өөрчлөгдсөн үү?
-Монголчууд бид алсын хараагаа өөрчлөх ёстой. Африкт явж байхдаа нэг залуутай танилцсан юм. Тэр англи, герман, францаар их сайн ярина. Даанч мөнгөгүй учраас гадаадад сурч чадахгүй байна.
Манайхан гадаад хэлийг мундаг сайн сурдаг, тэгсэн хэдий ч амьдралын тэмүүлэл байдаггүй. Олонх нь баар хэсэж, тамхи татаж, архи уун зугаа цэнгэл хөөж, хялбар аргаар мөнгө олохыг хүсэж байна. Дэлхий рүү гараад хар л даа.
Зунжин ажиллаад олсон мөнгөөрөө онгоцонд сууж, визгүй орнуудаар яваад үз гэж хэлмээр санагддаг.
-Та дэлхийн 27 орноор явсан юм билээ. Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд байдаг гэдэг. Хэцүү байдалд орсон монгол хүндээ тусалж байв уу?
-Монгол хүн харахад андашгүй. Гэтэл “Сайн байна уу” гээд мэндлэхээр өөдөөс өөр хэлээр яриад байдаг. Бие биенээсээ цэрвэдэг, болгоомжилдог. Элэг нэгтэй байж сайхан яриад мэндлээд өнгөрч чаддаггүй хүн олон таарсан.
Солонгост би магистрт сурч төгссөн юм. Тэнд байхдаа хохирсон монголчуудад тусалж, цагдаагийн газарт хамт очоод орчуулга хийж байлаа. Гадаадад анх удаа ажил хийх гэж очоод захиралдаа хулхидуулсан, зодуулсан, хүчиндүүлсэн олон хүнтэй таарсан.
Хараар ажиллаж байгаад нас барсан хүний цогцос таниулахаар очиж, орчуулга хийж байлаа. Цалингаа тавихгүй байгаа удирдлагуудтай нь хэрүүл хийж, шүүх хуралд нь оролцож байв.
-“Дэлхий рүү харъя” гэсэн таны уриалга надад их таалагдлаа. Гэхдээ даяаршлаас авч үлдэх Монголын үнэт зүйл таныхаар юу вэ?
-Оюун санааны тусгаар тогтнол. Хаана ч явсан “Би монгол хүн шүү” гэдгээ байнга санаарай. Эх орон ямар үнэтэйг зүрх сэтгэлдээ хадгалж үлдэх нь чухал.
Дээрээс нь түүх, хэл, халуун сэтгэл, мөн чанараа авч үлдсэн цагт бид дэлхийн хаана ч, юу ч хийж чадна. Одоогийн байдлаар Сирийн 4.5 сая иргэн улсаасаа дүрвээд байна. Харин бид тайван оронд амьдарч байгаадаа баярлах хэрэгтэй.
-Та хэзээ нутаг буцах вэ?
-Энэ сарын 5-нд эх орон руугаа буцах төлөвлөгөөтэй. Ирэх долдугаар сард Монголын шүдний эмч нартай хамтран дүрвэгсдэд очиж эмчилгээ хийх бодолтой байгаа. Солонгосын эмч нар мэдээ алдуулах тариа, ломбоны материал өгнө гэсэн. Тэр үеэр Туркт амьдарч байгаа монголчуудынхаа шүдийг үзэж, чулууг нь ч болов түүгээд өгчих санаатай байна.
Миний энэ ажлыг дэмжиж буй олон хүнд баярлаж явдгаа танай сониноор дамжуулан хэлье. Дундговь аймгийн Адаацаг сумаас борц, ааруул, ариун цэврийн хэрэглэл явуулж байсан. Дорнодоос нэг залуу утсаар холбогдон “Таныг би зурагтаар харлаа, тантай уулзъя” гээд гар хоосон ч гэсэн хүрээд ирсэн.
Тэгээд бараа хийсэн цаасан хайрцгуудыг минь скочдож өгөөд явсан. Энэ ч гэсэн том тус шүү дээ.