Гоо сайхны маш их асуудалтай байгаагаа гайхсаар “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан бидэнтэй уулзлаа. Тайзан дээр байдгаасаа ялnгүй намхан, харааны шил зүүсэн хэзээний танил нөхөр их л хэгжүүхэн бөгөөд хээгүй нэгэн аж.
-Та нар ингэж суудаг юм бий?
-Яасан хө. Ажил эхлээгүй, чөлөөт цагаараа тоглож л сууна.
-Покерт танай продакшныхан нэвт оржээ?
-Нэвт юу байхав дээ хө. Нэгийгээ хүлээнгээ тоглож байхгүй юу.
-Их борложээ. Хөдөө их явж, сайхан амарч байгаа юм байна даа?
-Тэгсээн. Яг одоо чинь монголчуудын амралтын хугацаа биз дээ. Манайхан бүгд л амраад одоо л нэг цугларч байна даа. Магнай, Эрдэнэзаан хоёр хараахан хөдөөнөөс ирээгүй байна.
-Удахгүй амралтын сар дууслаа. Та нар ч ажлаа эхлэх байлгүй?
-Ажлаа эхэлчихсээн. Бид чинь амрах нэрээр ажлаа хийгээд л явдаг хүмүүс шүү дээ. Ирэх сарын 16-нд шинэ тоглолттой. Одооноос бэлтгэлээ хийж байгаа.
-Санаа гэдэг хошин урлагт хамгийн чухал байх. Ингэхэд та нар хэний зохиолыг ихэвчлэн ашигладаг вэ. Дан ганц өөрсдийн санаагаар олонд хүрсэн бүтээл гаргана гэвэл амаргүй байлгүй?
-Биднийг хүүхэд байх үед Ж.Барамсай, Ш.Цэнд-Аюуш, Б.Цэнддоо гээд хошин шог зохиол бичдэг хүмүүс цөөнгүй байж. Гэтэл одоо энэ төрлөөр бичих хүн байхгүй болж. Тэгэхээр бид өөрсдөө эрэн хайж, амьдрал дундаас л гаргах болдог. Инээд гэдэг амьдралаас үүдэлтэй зүйл. Олон түмэнтэй уулзаж, ярилцан өвгөд хөгшдөөс сонин сайхан зүйл сонсож санаа аваад тайзан дээр тоглох тохиолдол бий.
-Жүжигчний ур чадвар хошин урлагийн төрөлд илүү шаардлагатай мэт санагддаг. Хоёр цагийн тоглолтод нэг хүн хэд хэдэн дүр бүтээдэг. Энэ хооронд хувирна гэдэг тийм ч амар биш байх?
-Маш үнэн асуулт байна. Дүрдээ орох гэдэг жүжигчин хүнд маш чухал асуудал. Бид нэг тоглолтод 4-5 дүр бүтээх тохиолдол олон. Хувцас солих, будалтыг богино хугацаанд хийж болно. Харин сэтгэл зүрхээ, тархиа маш богино хугацаанд эргүүлнэ гэдэг тийм ч амар биш. Маш их ур чадвар, хурд шаарддаг. Таны хэлдэг үнэн. Хүнийг инээлгэнэ гэдэг амар зүйл биш шүү. Манай продакшныхан үзэгчдэдээ цагаан инээд бэлэглэхээс гадна юм бодуулахыг хичээдэг. Аливаа зүйл утга учиртай байх ёстой биз дээ.
-Танай хамт олны муу болсон бүтээлийг хэлчихвэл уурлахгүй биз дээ?
-Яалаа гэж, харин ч бид үзэгчид, сэтгүүлчдээс үүнийг л хүсэж, хүлээж байдаг. Тиймээс эхний тоглолтоо сэтгүүлчдэд урилгаар үзүүлдэг.
-Хөдөөний хамтлаг хотын нэрд гарсан хамтлагтай уулзаж байгаа тухай үзүүлбэр байдаг. Энэ үнэхээр муу болсон. Жүжиглэлт муу, хиймэл байсан. Аав, ээж, хүү гурав нэг ангид сурдаг тухай үзүүлбэрт би үзэгчийнхээ хувьд бас муу дүн тавьсан.
-Тийм үү. Бид үзэгчдийн үнэлэлт дүгнэлтээс дараагийн ажлаа хийх эрч хүч авдаг юм шүү дээ.
-Цаанаа нэг юм хэлсэн, сайн үзүүлбэр бас байна. Телевизийн сэтгүүлч Т.Эрдэнэзаан, М.Баярмагнай нар нинжа нарыг сурвалжлах гэж очоод ямар болж байгааг харуулсан хэсэг асуудал хөндсөн, сайн тоглолттой байсан. Монголд тийм давхарга үүссэнийг харуулж чадсан. Худ ураг болох гэж байгаа хоёр ”Үхэртийн хөндий манайх” гээд нутгаа булаацалддаг үзүүлбэр үнэхээр сайн шүү.
-Баярлалаа. Хүнээс сайн, муугаа сонсох нь сайхан байна.
- Дээд сургуулийн багш шөнийн клубт бүжиглэж, буудалд орж байгаа тухай танайхан тоглодог. Энэ хүн бодит хүн, цаашлаад МУИСийн нэг багш гэнэ лээ гэсэн яриа гадуур байдаг. Энэ үнэн үү?
- Хэн тэгж байгаа юм бэ. Би л лав мэдэхгүй юм байна. Иргэн А-д тохиолдсон явдал л гэж дуулсан. Тэгээд ч бид хэн нэгний бодит амьдралаас сэдэвлээгүй гэдгээ хэлсэн.
Чи тэр хүнийг мэддэг юм уу?
-Үгүй ээ. Танай үзүүлбэрээс хойш л тийм яриа гараад байсан болохоор асууж байгаа юм.
Тайзан дээр зохиолоос тэс өөр дүр гаргах, түүнээсээ болж тэсгэл алдан инээх явдал гардаг уу?
-Тайзны жүжиглэлтийг байнга баяжуулж, үзэгчдээс авсан эрч хүчээ нэмж болдог. Кино бол яаж ч өөрчлөх боломж байхгүй. Хамтран тоглогчоосоо хамаарч инээх, ямар нэгэн зан авир гаргах нь бий. Нөгөө хүн маань шинэ зүйл тайзан дээр туршиж, баяжуулж байгааг мэдэрч хамтарч тоглох нь чухал. Хамгийн гол нь түүнийгээ үзэгчдэд мэдэгдэхгүй байх нь хууль юм.
-Найз нөхөд, танилаас илүү хүүхэд хамгийн үнэнч байдаг. Танай хүүхдүүд тоглолтыг чинь үздэг биз дээ? 
-Үзэлгүй яахав. Би хоёр хүү, нэг охинтой. Бид тоглолт бүрийнхээ эхнийхийг ар гэрийнхэндээ үзүүлдэг. Тэд маань бараг муухан урлаг судлаач болж байх шиг байна. Тэр үзүүлбэр дээр чанга ярьсан, үгээ буруу хэлсэн гээд л. Өмдөө индүүдээгүй байсан, гутлаа дутуу үдсэн гээд нарийн зүйлийг хараад хэлж өгдөг юм. -
Жүжигчний цалин тийм ч өндөр биш. Таны авдаг цалин ар гэрийнхээ хэрэгцээг хангадаг уу?
-Хошин урлагийн продакшнууд жилдээ 3-4 тоглолт хийдэг. Тайзны түрээс өдөрт сая гаруй төгрөг өгөөд, тоглолтынхоо хэрэгцээтэй зүйлээ аваад болдог л юм. Цалин амьдралд хангалттай хүрнэ ээ.
-Монголд стандартад нийцсэн тайз үнэхээр цөөн юм аа. Соёлын төв өргөө, МҮЭСТО-оос өөр та нарт тайзаа ашиглуулах газар байхгүй. Хошин урлаг аль ч нийгмийн үед байсан, байсаар ч байх болов уу. Яг энэ төрөлд зориулсан театр байж болохгүй гэж үү?
-Тийм шүү, таны нэрлэсэн хоёр газар л байна. Улаанбаатар паласын тайз зориулалтын бус болохоор тиймхэн л байдаг. Маск нэртэй театртай болох нь миний алтан мөрөөдөл. Бид заавал театр байгуулах болно.
-Зарим нэг хүн хошин төрөл урлаг биш гэж үзэх нь бий. Юу ч чадахгүй хэсэг ххүний хийж буй ажил гэж ярьдаг нь ч байдаг. Тухайлбал “Буян”-гийн Д.Жаргалсайхан. Та энэ ярианд ямар хариу хэлэх вэ?
-Ирээд үз гэдэг үгийг хүмүүст хэлдэг. Үзээгүй, мэдээгүй, энэ урлагийн талаар ямар ч мэдлэггүй байж ам мэдэн ярих нь утгагүй. Манайхан бүгд СУИС-ийг төгссөн, Драмын театрт доод тал нь долоон жил ажилласан хүмүүс. Жагаа юу хийсэн хүн юм бэ, эх орондоо юу бүтээж гийгүүлэв гээд л яривал хэн ч л ярина. Гэхдээ хүн чанар гэж нэг зүйл байдаг учир би ярихгүй.
-Монголд цөөн тооны хошин урлагийн хамтлаг байна. Та бүхний дунд өрсөлдөөн их байх. Бусад хамтлагууд кино хийгээд эхэлсэн. Танайхан анхныхаа киног хэзээ “өлгийдөж” авах гэж байна даа?
-Удахгүй “тасархай” кино та бүхэн үзэх болно. Энэ удаад нэрийг нь нууцалчихъя. Хүмүүс бидний хийж буй киног Дөрвөн улирал гээд нэрлэсэн байна лээ. Аргагүй л дээ, манайхан дөрвөн улирал дамнан энэ киногоо хийж байгаа юм. Одоо навч шарлахыг л хүлээж байна даа. Хошин төрлийн жүжигчид чадваргүй гэдэг үгэнд бид цэг тавих болно. Өрсөлдөөнгүй амьдрал гэж үгүй. Бид чөлөөт цагаараа хошин урлагийн бусад хамтлагийнхантайгаа ах дүү, найз нөхөд л байдаг. Харин тоглолтоороо өрсөлдөж байгаа нь үнэн. Тоглолтоо харилцан үзнэ. Бие биенээсээ их зүйл сурч мэддэг юм. Хүн насан туршдаа амьдралаас суралцаж дуусдаггүй учир бусдын ур чадвар, мэдлэгээс байнга олж авахыг хичээдэг.
-Хошин урлагийн жүжигчдээс хамгийн анхны гавьяатыг Д.Одончимэг гардлаа. Жүжигчдээс хамгийн их хүндэлж явдаг хүн чинь хэн бэ?
-Гавьяат жүжигчин Д.Одончимэг. Энэ эмэгтэй зөвхөн хошин урлаг ч биш жүжигчнийхээ хувьд агуу авьяастай нэгэн.
-Танай хамтлагийнхан одоо туршлагатай, дунд үеийнхэн болжээ. Залуу үеэ бэлтгэх нь аль ч салбарынхны хүлээсэн үүрэг. Та бүхэн залуу үеэ хэр бэлдэж байна даа. СУИС-ийн драмын ангийн оюутнууд хошин урлагийн төрлийг хэр сонирхож байна вэ?
-Манай хаалга үргэлж л нээлттэй байдаг. Манайхан тоглолт бүртээ хэд хэдэн залуу хүүхэд оролцуулдаг. Одооны хүүхдүүд их шантрамтгай, хөдөлмөрлөхөөс зайлсхийдэг болж. Танай хамтлагт оръё гэж ирээд удалгүй явчихдаг. Зарим нь үнэхээр болоогүй, түүхий байдаг болохоор явуулах нь бий. Хүн уйгагүй хөдөлмөрлөснөөр амжилтад хүрдэг гэдгийг хүүхдүүд ойлгохгүй байх шиг байна.
-Та өнөөдөр юунд хамгийн их эмзэглэж байна вэ?
-Уулзсан сэтгүүлч бүхэн биднийг “хошин” нүдээр хараад байдаг. Өөр ямар ч хамаагүй сэдвээр ярилцаж, тэдний асуултад унаж үзмээр байх юм. Тэгж ярилцах боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Би байгаль дэлхийгээ хайрлаач гэж хэлмээр санагддаг. Голын эрэг дээр бид амралгүй л яахав. Гэхдээ хоолны үлдэгдэл, хаягдлаа уутанд хийгээд хогийн цэг дээр хаях тийм хэцүү гэж үү. Байгаль биднээс хэзээ нэгэн цагт хариугаа авна шүү дээ. Бид амьдраад л энэ дэлхий үгүй болохгүй, бидний үр сад амьдарна. Тэдэндээ бид юу үлдээх гэж байгаагаа бодох хэрэгтэй.
-Танд болон танай хамт олонд уран бүтээлийн амжилт хүсье.
Х. Оюунсүрэн